Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2024/00014

 

Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 

2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 208/МА2023/00044 дүгээр магадлалтай,                                                                                                    

Т ийн нэхэмжлэлтэй,

“Ц ” ТӨХК-д холбогдох

“Ц ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П , хариуцагчийн өмгөөлөгч М  /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т  нь хариуцагч “Ц ” ТӨХК-д холбогдуулан “Ц ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т ийг “Ц ” ТӨХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,269,432 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ц ” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 294,497 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 208/МА2023/00044 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар гомдол гаргагч Т ийг “Ц ” ТӨХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,269,432 төгрөгийг, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч Т т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгасугай” гэж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн ижил зохицуулалт баримталсан боловч хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тул энэхүү гомдлыг гаргаж буй болно.

Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал" хэсгийн 5.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар “Ц ” ТӨХК- ийн 2023.04.21-ний өдрийн А/191 тоот тушаал, урамшуулал олгох журам, тооцож олгох аргачлал буюу тушаалын хавсралтад заагдсанаар гаргуулж, гомдол гаргагч Т т олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй" гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өртөгт суурилсан урамшуулалд 17,926,416 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхээ хэрэгжүүлж давж заалдах гомдол гаргаагүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхдээ нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын "Тайлбарлах нь” хэсгийн 4-т ”... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах үндсэн зарчим иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашиг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдана.", "... Давж заалдах шатны шүүх хянан үзэх үүргээ бүхэлд нь хэрэгжүүлж анхан шатны шүүхийн алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд захирагдана." гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн “гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Иймээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэгт зааснаар "хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос өөрөөр хэрэглэсэн” байна.

Хоёр. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү алдааг зөрчил биш гэж үзсэнд гомдолтой байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагаа хийлгүй, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн тухайд: Хариуцагч “Ц ” ТӨХК нь 2023.05.25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П , М  нарыг томилсон ба П  нь ээлжийн амралтаа биеэр эдэлж байсны улмаас хэргийн материалтай танилцах боломжгүй байсаар 2023.07.31-ний өдөр М аас шүүх хуралдааны товыг мэдэж, шүүх хуралдаанд оролцсон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэх үүргийг шүүх хүлээдэг. Гэтэл анхан шатны шүүх энэхүү үүргээ биелүүлээгүй. Ингээд шүүх хуралдааныг нээсний дараа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын нэг болох өртөгт суурилсан урамшуулалд 17,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 17,926,416 төгрөг болгон нэмэгдүүлж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П  нь хэргийн материалтай танилцах, гэрчийн мэдүүлэг авхуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нэмэгдсэн хэсэгт, хариу тайлбар, тооцоолол гаргах, тооцооллыг компанийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн эдийн засагч нараар тооцоолол хийлгүүлэх ээрэг шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023.07.31-ний өдрийн 00570 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ зохигчдын гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч өртөгт суурилсан урамшуулалд 17,000,000 төгрөг нэхэмжилж, анхан шатын шүүх хуралдаан дээр 17,926,416 төгрөг болгон нэмэгдүүлсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт, холбогдох тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй, баримтаар нотолж чадаагүй. Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой аль ч шатны шүүхэд мэтгэлцээгүй, мэтгэлцэх тэгш боломжийг шүүхээс олгоогүй болно. Монгол Улсын дээд шүүхийн 2017.06.09-ний өдрийн 01 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, цаашид анхаарах асуудал" зөвлөмжид “Нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авбал эсрэг талд гардуулж, хариу тайлбар гаргах боломжийг хангана. Энэ нь нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэйн адил эсрэг талын хариу тайлбар өгөх, нотлох баримт гаргах эрхийг хангаж, талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжоор хангаж байгаа явдал юм" гэж зөвлөсөн байтал анхан шатны шүүх

нэгд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй шаардлагыг хүлээн авсан,

хоёрт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан гардуулах ажиллагаа хийгээгүй, улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалтыг баримтлан хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт Шүүхээс хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй" гэж дүгнэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2017.06.09-ний өдрийн 01 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, цаашид анхаарах асуудал” зөвлөмжид “Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөнөөс тухайн баримт нотлох чадвараа алдах тохиолдолд талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчим зөрчигдөхийг анхаарвал зохино. Эрхийг нь хязгаарласан, боломж олгохгүй атлаа нотлох баримтаа гаргаагүй, нотлоогүй гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасантай нийцэхгүй” гэж тайлбарласан. Хариуцагч "Ц ” ТӨХК нь 2023.04.14-ний өдрийн Б/368 дугаар тушаалаар Т т сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа иргэн Т ийг хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил тасалсан гэх үндэслэлийг заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 2023.04.11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ээжийгээ шинжилгээ өгүүлэх, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр илүү цагаа биеэр эдлэх хүсэлтийг “Ц " ТӨХК-ийн Ерөнхий инженер Н д цахим шуудангаар илгээснийг Н  хүлээн аваад чөлөө олгохыг зөвшөөрсөн гэх хариу өгсөн тул албан ёсоор чөлөө авсан гэж тайлбарладаг. Гэтэл “Ц " ТӨХК-ийн "Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.9-д “Ажлын 1 хүртэл өдрийн цалингүй чөлөөг нэгжийн дарга, ажлын 3 хүртэл өдрийн цалингүй чөлөөг нэгжийн даргын саналыг харгалзан холбогдох газрын дарга тус тус чөлөөний хуудсаар түүнээс дээш өдрийн цалингүй чөлөө, мөн цалинтай чөлөөг Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно” гэж заасан ба нэхэмжлэгчийн илүү цагаа биеэр эдлэх хүсэлт гаргасан, эсхүл чөлөө авсан гэх үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй байна. Ийнхүү нэхэмжлэгч нь холбогдох газрын даргаас чөлөөний хуудсаар чөлөө олгоогүй байхад ажлын байрыг орхиж, улмаар өртөгт суурилсан урамшууллыг ажилтнуудад олгох удирдлагын шийдвэр гарсан гэдгийг мэдсээр атлаа ажил тасалсан үедээ ажилтнуудад худал цуу тараан, албаны даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн шууд удирдлагад хамаарах ажилтнуудад уриа лоозон бариулж, тэднийг хууль бус үйлдэлд өдөөн турхирч, байгууллагын нэр хүндийг гутаасан, унагаасан, худал мэдээллийг санаатайгаар тараан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэн нь Т ийг “Хөдөлмөрийн гэрээ”-ний 7.3.4, 7.3.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй. Харин Т ийн хувьд дээрх зөрчлийнхөө талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажилтнуудынхаа шахалтаар очсон, албаны даргын эрх мэдлээ урвуулан ашиглаагүй зөвхөн үзэл бодлоо илэрхийлсэн гэх зэргээр тайлбарлан маргадаг тул хариуцагчийн зүгээс түүний гаргасан ноцтой зөрчлийг нотлох зорилгоор гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүй. Улмаар давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв мэтээр дүгнэж, 2023.04.11-ний өдөр хамт олныхоо хүсэлт мэдэгдлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт очиж өгсөн байна” энэ нь хуульд заасан эрхээ эдэлсэн гэж үзэхээр байх тул ажил олгогчоос дээрх үйлдлийг ес зүйн зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэж илтэд нэхэмжлэгч талын эрх ашигт нийцсэн дүгнэлтийг хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн маргаж буй энэхүү үндэслэлийг татгалзаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлээ нотлохоор гэрч асуулгах хүсэлтийг гаргасан боловч энэхүү хүсэлтийг хангахгүй орхисноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдөж, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр, магадлал гарахад нөлөөллөө. Иймээс Монгол Улсын дээд шүүхийн 2018.10.29-ний өдрийн 01 дугаартай “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах ажиллагааны эрх зүйн үндэслэл” зөвлөмжид зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд шүүхийн алдаа жижиг гэж тооцогдохгүйгээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болдог. Энэхүү хэрэг маргааны хүрээнд талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох шууд үндэслэл үүссэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.31-ний өдрийн 00192 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.07-ны өдрийн 208/МА2023/00044 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.01.04-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00073 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Т  нь хариуцагч “Ц ” ТӨХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2023.04.14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “... ээжийгээ Хавдар судлалын эмнэлэгт нарийн шинжилгээ өгч хэвтэн эмчлүүлэхээр урьд ажилласан илүү цагаа 2023 оны 04 сарын 11-12-ны өдрийн хооронд биеэр эдлэх тухай  хүсэлтийг мэйлээр гаргаж, байгууллагын зүгээс хүсэлтийг хүлээн авч, чөлөө олгосон тул ажил тасалсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ямар нэг үйлдэл гаргаагүй” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Т  хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж, чөлөө, тэтгэмж авсан, эмнэлгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, ...хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, компанийн инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон” гэж маргасан.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар нэхэмжлэгч Т  нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “Ц ” ТӨХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч хуульд заасан хугацааны дотор маргааныг шийдвэрлээгүй тул шүүхэд ханджээ.

8. Хэргийн баримтаас үзэхэд “Ц ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.14-ний өдрийн Б/368 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.7 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн дүрмийн 8.1, 8.9.8, 8.9.9, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.5.12, 12.7.3, 12.7.6, 12.7.10, 12.7.19, 12.7.23, 12.7.24, 12.7.27, ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.5, 4.1.7, 4.2.5, 4.2.6, 4.3.1, 5.4 заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж, ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Т  нь хувийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг 2023.04.10-ны өдөр цахимаар гаргаж, байгууллагын удирдлага чөлөө олгохыг зөвшөөрсөн, түүнчлэн чөлөөний хугацаанд эмнэлэгт байсан тухай баримт хэрэгт авагджээ.          

9. Анхан шатны шүүх “...ажил олгогчийн гаргасан тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон ажилтны гаргасан зөрчлийг “ажил тасалсан” гэж тодорхойлсон ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам,  ажилчны ёс зүйн дүрмийн заалтыг баримталсан ч хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон бусад зөрчлийг тодорхой нэрлэн заагаагүй, түүнчлэн...хуульд зааснаар ажилтан зохих журмын дагуу хувийн чөлөө авах эрхтэй, нэхэмжлэгчийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг байгууллагын удирдлагаас зөвшөөрсөн байх тул түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй, ... нэхэмжлэгчийг чөлөөтэй байх хугацаандаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж ...гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэсэн хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй” буюу “...баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч хэзээ, ямар зөрчил гаргасан, ажил олгогчид ямар хохирол учруулсан эсэхийг хариуцагч нотлоогүй бөгөөд ажилтны гаргасан гэх зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй тодорхой байх ёстой ба үйлдэл үр дагавар шалтгаант холбоо нотлогдсон байх учиртай” гэсэн агуулгаар дүгнэлт хийж, Т ийг “Ц ” ТӨХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн  “Ц ” ТӨХК-ийн 2023.04.14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг “... нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох эрх зүйн үр дагаврыг бий болгож байх тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж, “өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах” шаардлагын тухайд “...энэ нэхэмжлэлээ хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гарган шийдвэрлүүлэх эрхтэй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж тус тус дүгнэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөв” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн.

Харин “...шүүх ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж ажилтныг ажилд нь эгүүлэн томилсон атлаа гомдлын эрх зүйн үр дагавар болох 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшууллыг шийдвэрлэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх эрхтэй гэж хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжтой буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, шийдвэрийн үр дагавар болох цалин хөлс, урамшуулал зэргийг ажилтанд олгох ажил олгогчийн хүлээх хариуцлагыг давхар шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнээд, урамшуулалд  17,926,416 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, Т т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай.

Нэхэмжлэгч Т ийг “Ц ” ТӨХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалд заасан үндэслэлд хамаарах зөрчлийг Т  гаргасан нь баримтаар тогтоогдоогүй буюу гэрээг цуцлах үндэслэл болсон ажилтны гаргасан зөрчлийг “ажил тасалсан” гэж тодорхойлсон байх ба ажилтны гаргасан зөрчилд хамаарах хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам,  ажилчны ёс зүйн дүрмийн заалтыг баримтлахдаа гэрээг цуцлах үндэслэл болсон бусад зөрчлийг тодорхой нэрлэн заагаагүй байх тул хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагаа хийлгүй, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн гомдлыг хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хүлээн аваагүй тул энэ талаар дүгнэлт хийхгүй.

13. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т  нь “урамшуулал гаргуулах шаардлага”-ын тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, харин хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хэлэлцэхдээ нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ... урамшуулалд 17,926,416 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, Т т олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэгт зааснаар "хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос өөрөөр хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн “... гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэсэн зохицуулалтыг ”... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах үндсэн зарчим иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашиг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдана.", "... Давж заалдах шатны шүүх хянан үзэх үүргээ бүхэлд нь хэрэгжүүлж анхан шатны шүүхийн алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд захирагдана." гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоос дээрх урамшууллын шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруу гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулсан буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим болох “талуудын зарчим”-ыг зөрчсөн байна.

14. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь урамшуулал нь цалин хөлс гэсэн ойлголтод хамаарах бөгөөд тухайн урамшууллыг ямар тохиолдолд, хэрхэн тооцож, хэний шийдвэрээр олгох нь тодорхой нөхцөл тогтоогдсон үед олгогдох учиртай. Өөрөөр хэлбэл, “2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг шүүхээс шууд шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байх тул “...нэхэмжлэгч нь ...урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гарган шийдвэрлүүлэх эрхтэй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 

Гэхдээ дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль хэрэглээний алдаа гэж үзнэ. Иймээс хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн “2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулна.

15. Энэ тогтоолын 13-д заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, 14-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 208/МА2023/00044 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т ийг “Ц ” ТӨХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,269,432 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 314,280.24 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                             Д.ЦОЛМОН