Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар  2024/ШЦТ/23

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Э-н Эт холбогдох эрүүгийн 2340000410053 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны ... дугаар сарын ...-ны өдөр .....-д төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Улаанбаатар хотын ... дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  8 сар 1 хоногийн хорих ялаар,

Мөн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай Ш овогт Э-н Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь Хэнтий аймагт хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Н.*******ийн зөвшөөрөлгүй түүний интернэт банкны нууц кодыг хийж, өөрийн ********** дугаартай утсыг интернэт банканд холбож өөрийн дансаар дамжуулан 420,000 төгрөгийг,

- Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Н.*******ийн зөвшөөрөлгүй банкны нууц кодыг хийж, өөрийн ********** дугаартай утсыг түүний интернэт банканд холбож 550.000 төгрөгийг тус тус авч, хохирогч Н.*******эд нийт 970,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би мэдүүлэг өгөхгүй. ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 6 хүүхэдтэй байж ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Ар гэрээ тэжээх байтал ийм болчимгүй алхам хийсэндээ өөрийгөө буруутгаж байна” гэв.

 

2340000410053 дугаартай эрүүгийн хэргээс

 

1.Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хот буюу Хэрлэн суманд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн хойд талд засвар хийж байгаа 2 давхар барилгын хажууд явж байгаад өдөр 15 цагийн үед тэнд засвар хийж байгаа гэх 1 залуутай таараад би өөрийн Хаан банкны интернэт банкаар тэтгэврийн зээл авах гээд утсаа ашиглаж чадахгүй болохоор нь тэр залуугаар миний интернэт банкаар зээл аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би өөрийн интернэт банкны кодоо хэлж өгөөд тэтгэврийн зээл 500.000 төгрөгийг өөрийн ***************** данс руугаа авхуулсан. Би виза картгүй байсан тул хүнсний дэлгүүрийн данс руу мөнгөө хийлгээд 400.000 төгрөгийг би өөрөө бэлнээр аваад нөгөө залууд 100.000 төгрөгийг нь өгөөд тэгээд би салаад явсан. Дахин тэр залуутай таараагүй. Тэгээд би Бор-Өндөр суманд ирсэн. Тэр өдрөөс хойш би өөрийн интернэт банкийг огт ашиглаагүй. Мөн ямар нэгэн зээл авч, гүйлгээ хийгээгүй. Тэгээд би 2023 оны 08 дугаар сарын сүүлээр тэтгэврийн зээл авахаар банк ороод уулзтал миний интернэт банкны утасны дугаарыг ********** гэсэн дугаараар солиод миний өмнөөс тэтгэврийн зээл аваад зарцуулсан байсан. Би 07 сарын 21-ний өдрөөс хойш өөрөө ямар нэгэн зээл аваагүй, интернэт банкаа ашиглаагүй байхад миний өмнөөс авсан байсан. Би тэр залууг авсан байх гэж бодож байна. Би утсаа өгөөд интернэт банкныхаа кодыг хэлэхэд өөрийнхөө утсыг гаргаж ирээд тэмдэглэж аваад байсан. Би тэр үед ямар нэгэн зүйл бодолгүйгээр яваад өгсөн. Миний интернэт банкийг ашиглаад 2023 оны 07 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед 420.000 төгрөгийн тэтгэврийн зээл хийгээд ашигласан. Мөн 8 сарын тэтгэврийн мөнгө орж ирээд тэрийг тэтгэврийн зээлэнд татсан байсан чинь 2023 оны 08 сарын 03-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээл хийгээд ашиглачихсан байсан. Би өөрөө энэ зээлүүдийг хийгээгүй. Ингээд нийт 970.000 төгрөгийн тэтгэврийн зээл хийгээд миний мөнгийг авчихсан байна" гэх мэдүүлэг (хх-ийн 10-11 дүгээр хуудас)

 

2.Гэрч В.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би "Их даян бүүвэй ХХК-д ерөнхий инженерээр ажилладаг. Манай компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Би фейсбүүкээр 2023 оны 07 дугаар сард плита наах зар байршуулсны дагуу ********** дугаарын утсаар хүн холбогдоод Улаанбаатар хотоос эхнэр нөхөр гээд 2 хүн ирж 07 дугаар сард ажил хийсэн. Тэр хоёр хүний нөхрийг *******, эхнэрийг нь ******* гэж дуудаж байсан. Энэ хоёр хүн ирж плита наах ажил хийж гүйцэтгэж байгаад 07 сарын 20-д гаргаад ажлаа хаяад яваад өгсөн. Ямар шалтгаанаар явчихсаныг мэдэхгүй, ажлаа дутуу орхиод гэнэт яваад өгсөн. Дахин холбоо бариагүй. Тэр хоёр хүн хотоос хоёулаа л ирсэн. Өөр хүмүүс ирээгүй. Би танихгүй, зарын дагуу ирж ажилласан." гэх мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас)

 

3.Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би нөхөр *******ийн хамтаар 2023 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд төв дээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга дээр плита наах ажил  хийхээр  очсон. Тэгээд тэндээ ажиллаж байгаад 2023 оны 08 дугаар сарын эхэн үед Улаанбаатар хотод буцаж ирсэн. Энэ хооронд нөхөр бид хоёр хамт ажилласан. Нөхөр ******* тухайн үед ********** гэсэн утасны дугаар барьж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа ямар нэгэн хүнээс мөнгө авсан барьсан асуудлыг нь би мэдэхгүй байна. Нөхөр ******* Хэнтий аймгаас ирээд Улаанбаатар хотод ажил хийсэн. Надад хүнээс мөнгө төгрөг авсан асуудлын талаар хэлээгүй, би мэдэхгүй." гэх мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас)

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Манай нөхөр Э.******* нь Хэнтий аймгийн төвд ажил хийж байгаад намайг Улаанбаатар ирдэг өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу ажил хийхээр явсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 142 дугаар хуудас)

 

4.Гэрч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Харилцагч нь манай банканд интернэт банкны хүсэлт гаргаснаар уг харилцагчтай цахим банкны үйлчилгээний гэрээ байгуулдаг. Уг гэрээний 3.8 дахь заалтын 3 дахь хэсэгт заасны дагуу нэвтрэх болон болон гүйлгээний нууцлалтын төхөөрөмжийг  бусдад   дамжуулсан,   задруулсан,   алдсан,   гээсэн   тохиолдолд   нэн яаралтай банкны лавлах 1800-1917 дугаарын утсаар эсхүл банкны салбарт өөрийн биеэр ирж vйлчилгээний эрхээ хаалгах үүрэгтэй байдаг. Харилцагч нь өөрөө бусдад интернэт банкны нэвтрэх нэр болон нууц үгээ өгчихсөн тохиолдолд өөрөө нэвтрэх нэр болон гүйлгээний нууц үгээ бас сольж болох л байсан байна. Энэ бол хууль бусаар халдаад байгаа үйлдэл бол биш гэж бодож байна. Харин хууль бусаар хакердаж, хортой программ ашиглаж мэдээллийн систем рүү нэвтэрч байгаа үйлдэл нь орно гэж би бодож байна." гэх мэдүүлэг (хх-ийн 137 дугаар хуудас)

 

5.Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан баримт нь хохирогч Н.*******ийн интернэт банкны IP ADDRESS буюу IP хаягийн мэдээлэл байгаа юм. Энэ IP хаягийг мэдээллийг авсан гол учир нь энэ IP хаягийг хаан банканд өгөөд ямар төхөөрөмжөөр нэвтэрсэн байна гэдгийг тодруулдаг юм. Жишээ нь гар утас юм уу компьютероос юм уу гэх жишээний. Харин мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хугацаанд эзэн холбогдогч нь олж тогтоогдсон учраас энийг цааш нь явуулж ямар төхөөрөмжөөс нэвтэрсэн болохыг тодруулах шаардлагагүй болсон” гэх мэдүүлэг (хх-ийн 139 дүгээр хуудас)

 

6.Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би эхний 420,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 21-ний өдөр Хэнтий аймагт байхдаа 400.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1825151897 дугаарын дансанд шилжүүлж авсан. Мөн 2023 оны 07 сарын 23-ны өдөр үлдээсэн 20.000 төгрөг нь байхаар нь өөрийн 1825151897 данс руу авчихсан. Харин 550.000 төгрөгийг болохоор Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирээд өөрийнх нь *******э гэсэн дансанд нь татаад тэр дансанд нь байлгаж байгаад дэлгүүрт "Q pay" уншуулаад бүгдийн үрээд дуусгасан. Би уул нь Хэнтий аймгаас эхнэрээ Улаанбаатар хот руу явуулаад өөрөө Бор-Өндөр суманд барилгын ажил их байдаг гээд хүмүүс яриад байхаар нь замын унаанд гуйж суугаад Бор-Өндөр суманд ирсэн. Тэгээд зарын группэд дээгүүр хараад байхад ажил их байхгүй тэгээд бараг мөнгөгүй болж байсан болохоор нөгөө хүний интернэт банкаар ороод үзэхэд тэтгэврийн зээлийн эрх нь 550,000 төгрөг гарахаар байсан. Тэгэнгүүт нь шууд авчихсан. Тэгээд таксинд суугаад Улаанбаатар хот яваад өгсөн. Би Хэнтий аймгаас ирэхдээ 50.000 мянган төгрөгтэй ирсэн. Тэгээд хоол унд идээд 25,000 төгрөг үлдсэн байсан. Тэрийгээ таксинд өгсөн. Манай эхнэр л мэдэж байгаа. Би эндхийн хүн биш болохоор ирсэн замын том машин, Улаанбаатар хот явсан таксигаа мэдэхгүй санахгүй байна." гэх мэдүүлэг (хх-ийн 130 дугаар хуудас)

 

Хохирогч Н.*******ийн Хаан банкин дахь депозит дансны хуулга (хх-ийн 5-6 дугаар хуудас), Скайтел ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23/10547 дугаартай албан бичиг, ********** дугаарын хэрэглээний мэдээлэл (хх-ийн 24-32 дугаар хуудас), шүүгдэгч Э.*******ийн ял шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч Э.******* нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.******* нь Хэнтий аймагт хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа буюу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Н.*******ийн интернэт банкны нэр, нэвтрэх нууц үгийг тэмдэглэн авч тухайн өдөр өөрийн ********** дугаартай утсыг хохирогчийн интернэт банканд холбож өөрийн дансаар дамжуулан 420,000 төгрөгийг,

- Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байхдаа 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Н.*******ийн банкны нууц үгийг өөрийн ********** дугаартай утсанд холбож 550.000 төгрөгийг тус тус авч, хохирогч Н.*******эд нийт 970,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Н.*******ийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хот буюу Хэрлэн суманд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн хойд талд засвар хийж байгаа 2 давхар барилгын хажууд явж байгаад өдөр 15 цагийн үед тэнд засвар хийж байгаа гэх 1 залуутай таараад би өөрийн Хаан банкны интернэт банкаар тэтгэврийн зээл авах гээд утсаа ашиглаж чадахгүй болохоор нь тэр залуугаар миний интернэт банкаар зээл аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би өөрийн интернэт банкны кодоо хэлж өгөөд тэтгэврийн зээл 500.000 төгрөгийг өөрийн ***************** данс руугаа авхуулсан. ...Тэр өдрөөс хойш би өөрийн интернэт банкийг огт ашиглаагүй. Мөн ямар нэгэн зээл авч, гүйлгээ хийгээгүй. Тэгээд би 2023 оны 08 дугаар сарын сүүлээр тэтгэврийн зээл авахаар банк ороод уулзтал миний интернэт банкны утасны дугаарыг ********** гэсэн дугаараар солиод миний өмнөөс тэтгэврийн зээл аваад зарцуулсан байсан. ...Би тэр залууг авсан байх гэж бодож байна. Би утсаа өгөөд интернэт банкныхаа кодыг хэлэхэд өөрийнхөө утсыг гаргаж ирээд тэмдэглэж аваад байсан. Би тэр үед ямар нэгэн зүйл бодолгүйгээр яваад өгсөн. Миний интернэт банкийг ашиглаад 2023 оны 07 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед 420.000 төгрөгийн тэтгэврийн зээл хийгээд ашигласан. Мөн 8 сарын тэтгэврийн мөнгө орж ирээд тэрийг тэтгэврийн зээлэнд татсан байсан чинь 2023 оны 08 сарын 03-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээл хийгээд ашиглачихсан байсан. Би өөрөө энэ зээлүүдийг хийгээгүй. Ингээд нийт 970.000 төгрөгийн тэтгэврийн зээл хийгээд миний мөнгийг авчихсан байна.” гэх мэдүүлэг

 

Гэрч В.*******ын "Би "Их даян бүүвэй ХХК-д ерөнхий инженерээр ажилладаг. Манай компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Би фейсбүүкээр 2023 оны 07 дугаар сард плита наах зар байршуулсны дагуу ********** дугаарын утсаар хүн холбогдоод Улаанбаатар хотоос эхнэр нөхөр гээд 2 хүн ирж 07 дугаар сард ажил хийсэн. Тэр хоёр хүний нөхрийг *******, эхнэрийг нь ******* гэж дуудаж байсан. Энэ хоёр хүн ирж плита наах ажил хийж гүйцэтгэж байгаад 07 сарын 20-д гаргаад ажлаа хаяад яваад өгсөн. " гэх мэдүүлэг,

 

 Гэрч Д.*******ийн "...Нөхөр ******* тухайн үед ********** гэсэн утасны дугаар барьж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа ямар нэгэн хүнээс мөнгө авсан барьсан асуудлыг нь би мэдэхгүй байна. ...Надад хүнээс мөнгө төгрөг авсан асуудлын талаар хэлээгүй, би мэдэхгүй.

...Э.******* нь Хэнтий аймгийн төвд ажил хийж байгаад намайг Улаанбаатар ирдэг өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу ажил хийхээр явсан юм " гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.*******ийн "Би эхний 420,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 21-ний өдөр Хэнтий аймагт байхдаа 400.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1825151897 дугаарын дансанд шилжүүлж авсан. Мөн 2023 оны 07 сарын 23-ны өдөр үлдээсэн 20.000 төгрөг нь байхаар нь өөрийн 1825151897 данс руу авчихсан. Харин 550.000 төгрөгийг болохоор Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирээд өөрийнх нь *******э гэсэн дансанд нь татаад тэр дансанд нь байлгаж байгаад дэлгүүрт "Q pay" уншуулаад бүгдийн үрээд дуусгасан... " гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.*******ийн Хаан банкин дахь депозит дансны хуулга /хх-ийн 5-6 хуу/, Скайтел ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23/10547 дугаартай албан бичиг, ********** дугаарын хэрэглээний мэдээлэл /хх-ийн 24-32 хуу/, Э.*******ийн 1825151897 дугаартай дансны хуулга /хх-ийн 133 хуу/ зэрэг болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.  

             Шүүгдэгч Э.******* нь хохирогч Н.*******ийн зөвшөөрөлгүй түүний интернэт банкны нэр, нууц үгийг өөрийн ********** дугаартай утсанд холбож өөрийн дансаар дамжуулан нийт 970,000 төгрөгийг хувьдаа шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах эрхийг бий болгосон бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн  үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай, идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хууль тогтоогч тайлбар хийсэн бөгөөд энэ хэргийн тухайд хохирогчид 970,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг гаргасан ба прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 970,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул түүнээс энэхүү мөнгийг гаргуулж хохирогч Н.*******эд олгох нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал, амар хялбар аргаар хөрөнгөжих гэсэн сэтгэхүйн хандлага нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс шүүгдэгч  Э.*******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдэж 4 удаа ял эдэлж  байсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.  

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ш овогт Э-н Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.*******ийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Э.*******ийг оршин суух газар болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс  явахыг хориглосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аас 970,000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.*******э (РД:*************)-д олгосугай.

          8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР