Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар  2024/ШЦТ/25

 

 

 

        2024          04           30                                             2024/ШЦТ/25

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн   хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-н И-д холбогдох эрүүгийн 2440000000007 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ... хамт ..... аймгийн ... сум.... дугаар баг ... дугаар байрны .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, **************** регистрийн дугаартай Б  овогт Ш-ын И .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.******* 2024 оны 1 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны баруун талд байрлах зогсоолоос Приус-20 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1."Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан Б.*******ыг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр хэрэг болох үед машин түг гэсэн. Тэгээд буугаад харсан чинь хүн байсан. Би хүргэж өгье гэсэн. Би анх удаа ийм үйлдэл гаргасан болохоор аймаар сандарсан. Тэгээд сандраад очих уу, байх уу гэж байгаад, би л байгаа. Би машинаа барихад түг гэсэн болохоор тэр хавийг өөрөө мэдэрч байгаа. Энэ хавьд түг гэхээр хог мөргөсөн байх эсхүл миний машинаас мөс унасан байх магадлалтай гэж бодсон. Орой хүйтэн болохоор мөс унахгүй. Өглөөгүүр унах байх гэж бодсон. Тэгээд юу ч гэсэн буугаад зам руу гаръя гэсэн чинь хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь яасан юм бол гээд өргөөд машин руугаа авч явъя гэсэн чинь араас нэг ах хүү ирсэн. Тэр хүн ирээд өө наадах чинь манай дээд орцны хүн байна гэсэн. Тэгээд согтуу байхаар нь энэ хүнийг дайрсан юм болов уу гээд бодож байснаа шоконд орсон. Тэгээд ах заагаад өгөхөөр нь хоёулаа гэр рүү нь оруулж өгсөн. Тэгээд гэр рүү нь оруулж өгөөд би ингэчих шиг боллоо гээд хэлэх гэх юм уу гэсэн чинь хүүхдүүд нь хараад, аав руугаа хараад, эхнэрийн нүд нь орой дээр гараад би сандраад айж балмагдсан...” гэв.

 

2440000000007 дугаартай эрүүгийн хэргээс

 

1.Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ****************  үйлдвэрт ажилтай юм. Би 2024 оны 01 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ажил дээрээ хоноод 01 сарын 10-ны өглөө би ажлаасаа буугаад байж байтал Г.******* гэдэг залуу надад мал хийж өгөөч гэсэн бид хоёр малыг нь хийх гэсэн чинь туранхай байна гээд больсон. Г.******* намайг сумын төвд хүргэж өгөөд 0.5 л Хараа архи авч өгөөд хөдөө явлаа гээд буцсан. Би түүний өгсөн архийг 44 байранд байх аав *******тэй нь уугаад дууссаны дараа би тэднийд унтаад өгсөн байсан. Ингээд орой 17 цагийн орчим сэргээд гадагш гарсан юм билээ. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм хүнд зодуулчихлаа гэж бодоод байсан чинь байрныхаа үүдэнд согтуу явж байгаад хөл алдсан юм уу яасан юм газар унасан чинь нэг жижиг тэрэг миний дээгүүр гараад явчихсан бичлэг байсан. Надад өөр мэдэх юм алга. Дал орчмоор өвддөг, эмнэлгээр явахад одоогоор далны толгой цуурсан байж магадгүй байна. Өөр бусад гэмтэл гайгүй юм шиг байна.

... Одоо миний биеийн байдал гайгүй байна, намайг дайрсан гэх залуу надад эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг өгсөн, би эмчилгээ сувилгаа хийлгэсэн. Одоо эмчилгээнд зориулж бол мөнгө нэхэмжлэхгүй, би гэмтсэнээс болоод 2 cap ажилгүй байгаа. Тухайн этгээд надад цалингүй байгаа учир боломж бололцоогоороо цалинг маань өгнө гэж бид амаар тохирсон тул надад одоо гомдол санал алга" гэх мэдүүлэг (хх-ийн 16, 55 дугаар хуудас)

 

2.Гэрч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Манай дүү Ш.*******ийн хэрэглэж эдэлж байгаа ******** улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг ч би төрсөн дүү Ш.*******ид 2020 оны үед зараад нэрээ шилжүүлж амжаагүй байгаа тээврийн хэрэгсэл юм." гэх мэдүүлэг (хх-ийн 59  дүгээр хуудас)

 

3.Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Б.*******ыг би танина. 2024 оны 01 дүгээр сарын 10-нд манайд 0,5 литрийн Хараа гэх архи хувааж уугаад манайд нэлээн унтаж байгаад 17 цагийн  үед  гараад явсан юм. Сүүлд нь сонсоход машинд дайруулсан гэсэн. Би энэ талаар нь мэдэхгүй байна." гэх мэдүүлэг (хх-ийн 65-66 дугаар хуудас)

 

4.Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...манай нөхөр Б.******* нь 2024 оны 01 сарын 10-ны өдөр Бор-Өндөр сумын 1 баг 43 байрны 3 дугаар орцны үүдэнд машин зам дээр согтуу хөндлөн хэвтэж байхад нь тус байранд оршин суух иргэн Ш.******* гэгч нь приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй дээгүүр нь гараад далны толгойг нь хугалсан асуудал гарсан. Тухайн үедээ манай нөхөр машинд дайруулсан гэдгээ мэдээгүй, хүнд зодуулсан байх гэж яриад байсан юм. Тухайн үед өдөр 19-20 цагийн орчим болов уу гаднаас 2 хүн оруулж өгсөн юм. Нэг нь манай хажууд байдаг Чинбат гэх хүн байсан, нэг нь Ш.Ишдорж байсан юм. Согтуу ахыг зам дээр унасан байхад нь оруулж ирлээ гэж байсан. Ш.******* 5.000.000 төгрөг өгсөн, тухайн мөнгийг эмчилгээнд зарцуулсан, одоо бие нь гайгүй болж байгаа, 2-3 cap ажил хийх боломжгүй гэсэн энэ асуудлыг бид ярилцаад зохицуулахаар болсон, Ш.******* нь бидэнд цаашид тусламж үзүүлнэ гэсэн. Манай нөхөр гаднаас орж ирэх үед 19 цаг 45 минут болж байсан юм" гэх мэдүүлэг (хх-ийн 67-68дугаар хуудас)

 

5.Гэрч У.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 01 сарын 10-ны өдөр би гэр лүүгээ орох гээд явж байхад 43 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд манай хөрш болох Б.******* нэлээн согтуу нэг танихгүй залуу гэр лүү нь авч орох гээд чадахгүй байгаа бололтой байхаар нь би манай хажуу айлын хүн юмаа хамт оруулж өгье гээд хамт оруулж өгсөн, биднийг гэрт ороход эхнэр нь байсан. Цаг ойролцоогоор 19 цаг 45 минут болж байсан байх. ... хэд хоногийн дараа  машин дээгүүр нь гарсан байна дал гэмтэж хөдлөхгүй юм гэж ярьж байсан өөрөө манайд орж ирсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 139 дүгээр хуудас)

 

6.Шүүгдэгч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "... 2024 оны 01 сарын 10-ны оройхон ойролцоогоор 19-20 цагийн орчим болов уу 43 байрны баруун талд байх автомашины зогсоол дээр байрлуулсан байсан мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн ******** улсын дугаартай автомашинаараа дэлгүүр орж зайрмаг авахаар асаагаад ухрах үйлдэл хийж автомашины бөгс хэсгийг хойд зүгт хандуулж зогсоод замын зорчих хэсгээр урд зүгт хөдөлгөөн үйлдэх үед жолооны хүрдгүй талыг урд дугуй түг гээд нэг юман дээгүүр гарах шиг болсон энэ үед би юу байгаа юм бол гэж санаад автомашинаа зогсоогоод явган ирэхэд хүн хэвтэж байсан, нэг танихгүй настайвтар архи нэлээн уусан согтуу ах байхаар та яав аа зүгээр үү гээд яриад байж байтал гудманд нэг ах таараад манай эсрэг талын хаалганы хүн байна хоёулаа оруулж өгье гэхээр нь би хамт оруулъя гээд хамт 43 байрны 2 давхрын хойд талын хаалганд оруулж өгсөн, оруулахад эхнэр нь байх шиг байсан, би айгаад би дайрчих шиг боллоо ч гэж хэлж чадаагүй гацаж түгдэрч байгаад буцаад гараад явсан. Угаасаа би дайрсан гэм буруугаа хүлээж хохирлыг нь барагдуулсан, тухайн үед би сандраад юу ч хэлж чадахгүй гараад явчихсан юмаа. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан Б.******* ах дал хэсгээрээ миний машинд дайруулж гэмтсэн ямар нэгэн маргаан байхгүй. Бэлнээр 500.000 төгрөг дараа нь дансаар 4.500.000 төгрөг шилжүүлсэн, цаашид ч бас боломжоороо тусална гэж бодож байгаа. Би төрсөн ах Ш.*******ээс 2020 онд худалдаж аваад нэр дээрээ шилжүүлээгүй юм. Түүнээс миний машин гэж болно." гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас)

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Цолмонхүүгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн

******** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ишдорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн

10 дугаар заалтын хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг...

3 дугаар заалт: Жолоочийн үүрэг

3.5 дугаар заалт: А Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэснийг....

3 5 дугаар заалт: Б Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэснийг...

3.5 дугаар заалт: Г Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэснийг

Хохирогч Б.******* нь 5 дугаар заалтын 5.12 Б Аюулгүй байдлыг хангаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх магадлагаа (хх-ийн 133-135 дугаар хуудас)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай

1. Б.*******ын биед баруун далны ясны сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.   Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.   Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хх-ийн 22-23 дугаар хуудас)

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 4-8-р хуу), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 9-11-р хуу), “Бодит үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт (хх-н 28-31-р хуу), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-н 42-р хуу), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг  шалгах хуудас (хх-н 84-р хуу), хохирогчид 4,500,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-ийн 79-р хуудас), хохирогчийн хүсэлт (хх-ийн 89-р хуудас), Ш.*******ийн нийгмийн даатгал шимтгэл төлсөн баримт (хх-ийн 93-94-р хуудас), “Тэргүүн талст” ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 99-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.******* 2024 оны 1 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны баруун талд байрлах зогсоолоос Приус-20 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1."Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан Б.*******ыг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Б.*******ын “...Ингээд орой 17 цагийн орчим сэргээд гадагш гарсан юм билээ. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм хүнд зодуулчихлаа гэж бодоод байсан чинь байрныхаа үүдэнд согтуу явж байгаад хөл алдсан юм уу яасан юм газар унасан чинь нэг жижиг тэрэг миний дээгүүр гараад явчихсан бичлэг байсан. Надад өөр мэдэх юм алга." гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.*******ын “...Тухайн үедээ манай нөхөр машинд дайруулсан гэдгээ мэдээгүй, хүнд зодуулсан байх гэж яриад байсан юм. Тухайн үед тэр өдөр 19-20 цагийн орчим болов уу гаднаас 2 хүн оруулж өгсөн юм. Нэг нь манай хажууд байдаг ******* гэх хүн байсан, нэг нь Ш.******* байсан юм." гэх мэдүүлэг,

 

Гэрч У.*******ын “...Би 2024 оны 01 сарын 10-ны өдөр би гэр лүүгээ орох гээд явж байхад 43 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд манай хөрш болох Б.******* нэлээн согтуу нэг танихгүй залуу гэр лүү нь авч орох гээд чадахгүй байгаа бололтой байхаар нь би манай хажуу айлын хүн юмаа хамт оруулж өгье гээд хамт оруулж өгсөн, биднийг гэрт ороход эхнэр нь байсан. Цаг ойролцоогоор 19 цаг 45 минут болж байсан байх." гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ш.*******ийн “...автомашинаараа дэлгүүр орж зайрмаг авахаар асаагаад ухрах үйлдэл хийж автомашины бөгс хэсгийг хойд зүгт хандуулж зогсоод замын зорчих хэсгээр урд зүгт хөдөлгөөн үйлдэх үед жолооны хүрдгүй талыг урд дугуй түг гээд нэг юман дээгүүр гарах шиг болсон энэ үед би юу байгаа юм бол гэж санаад автомашинаа зогсоогоод явган ирэхэд хүн хэвтэж байсан..." гэх мэдүүлэг,

 

   Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Цолмонхүүгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн магадлагаа,

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай  шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч түүний өмгөөлөгч маргаж мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Энэ гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Иймд прокуророос шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.*******т 6,000,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн “... миний бие эмчилгээний зардалд *******оос 5,000,000 төрөг авч эмчилгээний тал дээр гомдол санал байхгүй.” гэх хүсэлт, шүүх хуралдаан дээр хохирогчид 1,000,000 төгрөг нэмж төлсөн талаарх Ш.*******ийн Хаан банк дахь депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн аль нь замын хөдөлгөөний холбогдох хууль, дүрмийг баримтлаагүй нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул Ш.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 2. “учруулсан хохирлыг төлсөн” 3. “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” зэрэг бол эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ш.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан түүнд оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв. Учир нь:

Шүүгдэгч нь “***************” ХХК-нд хүнд даацын машины оператораар 1,020,000 төгрөгийн цалинтай ажилладаг талаарх тодорхойлолтыг тус ХХК-иас ирүүлжээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялтай бөгөөд энэхүү ялыг шүүгдэгчид оногдуулах нь  гэр бүлийн гишүүдээ асран тэтгэх боломжийг хязгаарлах тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинж буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршиг буюу бусдад учруулсан хохирлыг барагдуулсан, хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн шаардлагыг шүүгдэгч нь хангасан, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд харшлах зүйлгүй гэж дүгнэсэн болно.

Хэрэгт баримтаар хураагдсан бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ********* дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхийг шүүгдэгч Ш.*******ид олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ш.*******ид буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ш-ын И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар  хасаж,  2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар  хасаж,  2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 4. Хэрэгт баримтаар хураагдсан бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ********* дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхийг шүүгдэгч Ш.*******ид олгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ш.*******ид буцаан олгосугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ш.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.БАТБАЯР