Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2021/00677

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                     2021         03         23

        182/ШШ2021/00677

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “Х” СӨХ

Хариуцагч: Т.Г

 

Сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний төлбөрт 695,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхцэцэг, нэхэмлжлэгчийн өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, хариуцагч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Г нь ЧДод оршин суудаг бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож дараах хугацааны СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй байна. 2016 оны 2-12 дугаар сарын 110,000 төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын 120,000 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сарын 120,000 төгрөг, 2019 оны 1-12 дугаар сарын 180,000 төгрөг, 2020 оны 1-11 дүгээр сарын 165,000 төгрөг буюу нийт 58 сарын 695,000 төгрөгийн Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй болно. СӨХ-ны төлбөрөө төлөхийг байнга шаардаж байсан. Иймд Т.Ггаас Сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний төлбөр 695,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус Сууц өмчлөгчдийн холбоо нь байрны оршин суугчдын 50 хувиас дээш саналаар үүсгэн байгуулагдаагүй, анхнаасаа хууль зөрчсөн. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны дарга гэх хүн нь орчин тойрны цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийдэггүй, нийтийн эзэмшлийн талбайг зохих ёсоор хамгаалж арчлаагүйгээс болж манай нэг давхарт байх 2 цонхыг хааж барилга барьсан тул нарны гэрэл үзэхээ больсон. Энэ талаар оршин суугч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны хурал хийдэггүй, тайлан тооцоогоо танилцуулдаггүй, нийтийн эзэмшлийн талбайд барилга барьсан хүнээс хандив авсан гэдгээ өөрөө надад хэлж байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдаагүй учраас СӨХ-52 нь манай байранд хамаарахгүй юм. 2016 оны 2 дугаар сараас хойш СӨХ байхгүй тул төлбөрийг төлөөгүй. Намайг СӨХ-52-ын зүгээс СӨХ-ны төлбөрийг төл гэж шаардаж байсан нь үнэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх “Х” СӨХ-ийн удирдах зөвлөлийн тогтоолууд, дүрэм, 2018 оны бүх гишүүдийн тайлангийн хурлын тогтоол, хорооны засаг даргын тодорхойлолт, ЧД51, 52, 53, 54 дүгээр байрны оршин суугчдын хурлын тэмдэглэл, санхүү аж ахуйн үйл ажиллагааг шалгасан дүнгийн тайлан, санхүүгийн тайлангууд, төлбөр төлөхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудас, төлбөрийн тооцоо зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” Сууц өмчлөгчдийн холбоо нь иргэн Т.Гд холбогдуулж 2016 оны 2 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 695,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч  нэхэмжлэгчийн зардал төлөөгүй гэж нэхэмжилсэн хугацаан дээр маргадаггүй ба харин орчин тойрны цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийдэггүй, сууц өмчлөгчдийн холбоо нь хууль бусаар байгуулагдсан, манай байр уг сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдахгүй тул дээрх төлбөрийг төлөхгүй гэж маргадаг.

 

“Х” сууц өмчлөгчдийн холбоо нь анх Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 52, 53 дугаар байруудын сууц өмчлөгчдийн холбоо байж байгаад 2015 оноос мөн хотхоны 51, 54 дүгээр байруудыг харъяалж ажиллахаар өөрчлөн зохион байгуулагджээ. Энэ нь 51-54 байруудын оршин суугчдын 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн Сууц өмчлөгчдийн холбоог  өөрчлөн байгуулах тухай “Х” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. “Х” сууц өмчлөгчдийн холбоо  тогтвортой үйл ажиллагаа явуулж буй нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байх ба түүний хууль ёсны төлөөлөгч нь В.Өлзийгэрэл байна.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 54 дүгээр байрны 21 тоот орон сууцанд оршин суудаг байх тул “Х” сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагддаг байна. Тэрээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2016 оны 2 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй, “Х” сууц өмчлөгчдийн холбооны зүгээс төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсныг тайлбарлаж байна. Хариуцагч нийтийн зориулалттай 54 дүгээр байранд оршин сууж, сууцны дундын өмчлөлийн эд зүйлийг ашиглаж байх тул дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгийг холбоонд төлөх үүрэгтэй байна.

 

“Х” сууц өмчлөгчдийн холбоо нь сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2018 оныг дуустал сард иргэнээс 10,000 төгрөгөөр тооцон авч байсан, 2019 оноос сард 15,000 төгрөгөөр тооцон төлүүлдэг болсон нь тооцооны хуудас, хурлын шийдвэрээс харагдаж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нэхэмжилсэн 695,000 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн “Х” сууц өмчлөгчдийн холбоог өөрчлөн байгуулсан шийдвэр хууль бус гэх боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, холбоог өөрчлөн байгуулсан сууц өмчлөгчид болон холбооны удирдах зөвлөлийн шийдвэр, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр үгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо орчин тойрны цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийдэггүй гэх асуудлыг сууц өмчлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй ба энэ нь сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-ийг баримтлан Т.Ггаас 695,000 төгрөг гаргуулж “Х” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 21,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 21,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                      С. БУД