| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2021/01086/и |
| Дугаар | 182/ШШ2021/01514 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2021/01514
| 182/ШШ2021/01514 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Пгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Од холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отай 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 8 хувийн хүүтэй 1 жил 4 сарын хугацаатай буюу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.О нь зээлийн төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээлийн 8,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүү болон гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги авахаас татгалзаж үндсэн зээлийн үлдэгдэл болох 7,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Одоо зээлдэгч Д.Оы төлсөн 1,910,000 төгрөгийг хасч үлдэх 5,090,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 1,910,000 төгрөгөөр багасгажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндсэн зээл 7,000,000 төгрөгийг алданги тооцолгүйгээр шаардсан. Зээлдэгч Д.Оы төлсөн 1,910,000 төгрөгийг хасч гаргуулна гэж тайлбарлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Д.О нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Д.Отай 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг 1 жил 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Зээлийн гэрээ зэргээр нотлогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зээлдүүлэгч Б.П 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 600,000 төгрөгийг бэлнээр, 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-6 тал/, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дах хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Хариуцагч Д.О зээлийн гэрээний үүрэгт бэлнээр болон шилжүүлгээр 1,910,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон, үлдэх 5,090,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгох үндэстэй.
Хариуцагч Д.Од түүнийг эрэн сурвалжилж, олж тогтоосон хаягаар шүүхэд дуудан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заажээ.
Хариуцагч Д.О хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оаас 5,090,000 /таван сая ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,910,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 96,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ