| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2021/01672/и |
| Дугаар | 182/ШШ2021/01553 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2021/01553
| 2021 07 21 | 182/ШШ2021/01553 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү ХХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Ж.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү ХХК-д анх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтнаар 2 сарын туршилтын хугацаатай ажилд орсон бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтан Б.Долгионыг ажилд эргэж орох хүртэл уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Улмаар 2019 оны 5 дугаар сараас эхлэн хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтан албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтан албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/43 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд орон тоо бодитой цөөрүүлээгүй, нөгөө талаар орон тоо цөөрүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасныг зөрчсөн. Тус тушаалын үндэслэх хэсэгт Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-д заасныг удирдлага болгосон байх бөгөөд орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо цөөрүүлсэн бол тодорхой үндэслэл журмыг баримтлах ёстой бөгөөд нэг сарын өмнө мэдэгдэх, цөөрүүлж буй орон тоо хасагдсан нь бодитой байх хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ямар үндэслэлээр намайг сонгож цөөрүүлсэн орон тоонд ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, үндэслэл шаардлагыг надад танилцуулаагүй. Ү ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Ү ХХК-ийн төлөөлөгч Ж.Амарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн бүтцийг шинэчлэн батлах тухай 09 тоот тогтоолоор тус компанийн ажиллагсдын орон тооны дээд хязгаарыг 39 ажилтнаар баталсан. 2020 оны жилийн эцсээс 2021 оны 03 дугаар сарын байдлаар ҮЦТХТ ХХК нь 45 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд батлагдсан орон тооноос даруй 6 хүний илүү орон тоотой ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн захирал, гүйцэтгэх захирал нарт албан даалгавар хүргүүлэх тухай А-1/354 тоот албан даалгавруудад дараах арга хэмжээг авч ажиллах буюу шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, нөхөн томилгоо хийхгүй байх, зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байхаар үүрэг болгосон. Ийм нөхцөл, төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага, төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас өгсөн үүрэг даалгавар, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан орон тооны дээд хязгаарыг баримтлан орон тоо, цалингийн зардлыг бууруулах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Б.Мийн хувьд өмнөх гүйцэтгэх захирлын үед 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 тоот тушаалаар түр ажилтнаар туршилтын хугацаагаар, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б-29 тоот тушаалаар жирэмсний амралттай байгаа ажилтныг ажилдаа эргэж ортол түр ажилтнаар авсан байсан. Гэтэл жирэмсний амралттай ажилтныг ажилдаа эргэж орох хугацаа болоогүй, энэ тухай хүсэлтээ захиргаанд гаргаагүй байхад гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/107 тоот тушаалаар Б.Мийг Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны ажилтнаар томилсон нь өмнө түр ажилтнаар авсан тушаалаа зөрчиж гаргасан шийдвэр юм. Орон тоо хэтэрч оронд нь түр ажиллаж байсан ажилтан жирэмсний амралтаас эргэж орох хүсэлтээ гаргаад байгаа талаар Б.Мт тайлбарлаж гэнэт халагдсаны тэтгэмжийн хэмжээг 3 сараар тогтоож өгөх саналыг удаа дараа түүнд тавьж 30 хоногийн өмнө гүйцэтгэх захирал мэдэгдсэн боловч саналыг хүлээж аваагүй. Иймд Б.Мийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.М нь Ү ХХК-нд холбогдуулан Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин, хэдийгээр нэхэмжлэгч Б.М нь ажилтан Б.Долгионыг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажилд орсон боловч гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/107 тоот тушаалаар өөр ажил албан тушаалд буюу Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны ажилтнаар томилсон гэж тайлбарлав.
Хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон бөгөөд Б.Долгионы хүүхэд асрах чөлөө дууссан тул ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа, орон тоо цөөрүүлсэн гэж маргажээ.
Ажил олгогч Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-1/354 тоот Албан даалгавар, ҮЦТХТ ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Компанийн бүтэц батлах тухай 09 дүгээр тогтоол, ҮЦТХТ ХХК-ийн дүрмийн 8.1, 8.10.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.14, 3.15 дэх хэсгийг үндэслэн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтан Б овогтой Мийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалж /хх-ийн 3 тал/ шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дах хэсэгт “энэ хуулийн 23.2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай”, 23.2.3 дах хэсэгт “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж заасан.
Ажил олгогч 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 тоот тушаалын 1 дэх хэсэгт “Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтан Бямбабаяр овогтой Долгион жирэмсний амралттай байгаа тул эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл 2019 оны 03 дугар сарын 19-ний өдрөөс Б овогтой Мийг Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтнаар томилсугай” гэж шийдвэрлэсэн /хх-ийн 30 тал/ байна.
Гэтэл ажил олгогч Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/107 тоот тушаалаар Б овогтой Мийг Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байжээ. /хх-ийн 27-28, 7-9 тал/
Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нэг жилийн хугацаатай, ажил албан тушаал кастодианы ажилтан, албан тушаалын цалин 1,100,000 төгрөг гэж гэрээний гол нөхцөлийг тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иймд Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтан Бямбабаяр овогтой Долгион жирэмсний амралттай байгаа хугацаанд Б овогтой Мийг ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байх ба өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтан Б.Мийг кастодианы ажилтны ажилд томилон ажиллуулж байжээ.
Ажил олгогч Ү ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Компанийн бүтэц батлах тухай 09 дүгээр тогтоол баталснаас хойш орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Хариуцагчийн төлөөлөгч нь гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/107 тоот тушаал хууль бус тушаал гэж мэтгэлцэж байгаа боловч уг тушаалыг хүчингүй болгосон, өөрчилсөн шийдвэр гараагүй гэж тайлбарлав.
Иймд Б.Мийг урьд эрхэлж байсан Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,212,800 төгрөг :21,5 =өдөрт 56,409 төгрөг х 39 хоногийн олговор/ 2,199,963 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.
Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг /хх-ийн 4 тал/ тооцож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мийг Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,199,963 /хоёр сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг Ү ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ү ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ү ХХК-диас улсын тэмдэгтийн хураамжид 50,149 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.
4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ