Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0034

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг үндэслэн цалин хөлс бууруулахгүйгээр мэргэшил, мэргэжлийн дагуу өөр ажил албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ч.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Би Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар 2012 оноос 2016 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлж, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 09 дүгээр сард шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь нэгдэж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар гэж байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг ажлаас чөлөөлж, шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар томилогдсон Л.Билэгдэмбэрэл нь тухайн байгууллагад намайг ажиллуулах боломжгүй гэсэн тайлбарыг хэлж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уулзахад тэтгэмж олгох тухай тушаалыг надад гардуулж өгсөн. Шинээр байгуулагдсан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн хэлтсийн даргын орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуульд зааснаар Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Үүний дагуу Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтоол гарч, уг тогтоолоор тухайн ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг даалгасан тогтоол гаргасан. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга уг тогтоолыг биелүүлээгүй учир би Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэж, газар болсон боловч нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаал байгаа бөгөөд үйл ажиллагаа нь хэвээр явагдаж байгаа учраас Нийгмийн халамжийн хэлтсийн чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй гэж үзэж урд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулахыг шаардсан. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар адилтгах албан тушаалд цалин хөлс бууруулахгүйгээр томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТЗ-9 дэх шатлалаар цалин авдаг байсан. Миний ажиллаж байсан хэлтсийн даргын албан тушаал хэвээр байгаа боловч одоо ТЗ-7 дахь шатлалаар цалинжиж байгаа юм байна. Би Төрийн албаны тухай хуульд заасны дагуу байгууллага нэгдсэн тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэхэмжлэлээ гаргасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагч, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Тус газрын даргаар ажиллаж байсан Ч.Н-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12ны өдрийн Б/58 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д заасны дагуу Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргыг томилсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу Ч.Н-д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан асуудал Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын эрхлэх асуудалд хамаарахаар байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч Ч.Н-ын шүүхэд хандан гарсан нэхэмжлэлтэй танилцаж, хариуцагч нь хариу тайлбараа гаргасан.

Нэхэмжлэгчийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллахтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга нь ТЗ-9 дэх шатлалаар цалинждаг ганц албан тушаалтан юм. Нэхэмжлэгч нь цалин хөлс бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг шаардсан. Үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмнө нь 2012 оноос 2016 онд Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс гэж байсан. Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нь нэгдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон.

Чиг үүргийн хувьд Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орсон юм. Тэтгэмжийн хувьд нэхэмжлэгчид 3 сарын тэтгэмжийг олгосон. Өмнө нь Нийгмийн, халамж үйлчилгээний хэлтсийн даргыг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга томилсон учир Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалыг үндэслэж тэтгэмж олгосон. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал нь байгаа боловч албан тушаалын чиг үүрэг нь өөрчлөгдсөн. Учир нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга нь хүн ам, гэр бүлийн асуудлаа хариуцдаг байсан бол тэр чиг үүрэг нь Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт шилжин очсон. Өмнө нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга нь төсөв захиран зарцуулах эрхтэй байсан бол одоо ийм эрхгүй болж, цалингийн шатлал буурсан тул нэхэмжлэгчийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллуулах боломжгүй гэж үзсэн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин ажиллуулахтай холбогдон гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, нэмэгдүүлсэн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсчээ. Дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар цалин хөлс бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шинэчлэн ажиллуулахыг хүсэж, бусад шаардлагаа дэмжиж байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Энд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь хариуцагч биш юм. Учир нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ТЗ-9.2 дахь шатлалаар цалинждаг албан тушаалтан нь ганцхан газрын дарга Л.Билэгдэмбэрэл юм. Хэрвээ нэхэмжлэгчийг уг шатлалаар цалинжих албан тушаалд томилуулъя гэвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга томилох ёстой.

Иймд Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга нь хариуцагч гэхээсээ илүү түүний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг заавал хийлгэх ёстой байхад уг ажиллагааг хийлгээгүй гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байх тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/03 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон бөгөөд нэхэмжлэгч нь тэтгэмжийг хүлээн авсан юм. Уг тэтгэмж олгосон тушаалд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргаагүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүчин төгөлдөр гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш, харин иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм.

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь өөрчлөн байгуулагдаж, шинэчлэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжлийн ажилд шинэчлэн ажиллуулахыг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Энэ нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм. Адил албан тушаал гэдэг нь хэлтсийн даргын албан тушаалыг хэлж байгаа юм уу, газрын даргын албан тушаалыг хэлж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Шинэчлэн ажиллуулах гэдэг нь албан тушаалын оноосон нэр байхгүй учир ойлгомжгүй байна.

Хэрвээ нэхэмжлэгчийг ажилд томилбол хэн нэгний эрх ашиг хөндөгдөхөөр байгаа юм. Ч.Н нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байгаа хүмүүсийн хэн нэгний эрх ашиг хохирохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, хуулийн дагуу гараагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т “төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааны асуудлаар Төрийн албаны салбар зөвлөлд хандах”-аар заасан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ өөрчлөгдсөн тул 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол нь өнөөдрийн хэрэгт хамааралгүй болж байна. Урьдчилан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдээгүй байх тул дээрх хуулийн заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь ажилд томилогдоогүй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалингаа ТЗ-9-2 дахь шатлалаар нэхэмжилж байгаа юм уу, ойлгомжгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудал нь энд хамаарахгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалаас өөр ТЗ-9 дэх шатлалаар цалинждаг албан тушаал байхгүй юм. Ч.Н нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтан хэн нэгний эрх ашгийг хохирохуйц нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н нь  Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын биелэлтийг  хангуулж, Ховд аймгийн нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

1.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-26/,

2. Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын биелэлтийг  хангуулж, Ховд аймгийн нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу  өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. /хх-124/

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын биелэлтийг  хангуулж цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу  өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг даалгах  буюу би урьд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТЗ-9 цалингийн шатлалаар цалинждаг байсан одоо энэ шатлалыг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах гэж  тодруулсан.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Ч.Н-ын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ч.Н  нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдож, цалингийн шатлал нь ТЗ-9 байхаар тушаалд тусгажээ. /хх-4/

 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж байгаа тул Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Н-ыг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газарт шилжүүлсэн байна. /хх-5/

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалын хавсралтаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог  дарга, дэд дарга /Нийгмийн халамжийн халамжийн асуудал хариуцна/, Захиргаа, хяналтын хэлтэс дарга 12, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс 6, Нийгмийн халамжийн хэлтэс 9 /Нийгмийн халамжийн хэлтсийн дарга/ ахмад настны халамжийн асуудал хариуцна/, сум хариуцсан мэргэжилтэн 18, нийт 47  орон тоотой байхаар баталсан./хх-24,25/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт газрын дарга ТЗ-9, хэлтсийн дарга ТЗ-7, мэргэжилтнүүд ТЗ-5 шатлалаар цалинждаг, нэхэмжлэгч нь ТЗ-9 зэрэглэлийн цалингийн шатлалыг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх энэ  нь боломжгүй юм, учир нь газрын  дарга л ТЗ-9  шатлалын албан тушаал эрхэлдэг....... гэж тайлбарласан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд нь газрын дарга ТЗ-9, хэлтсийн дарга нар ТЗ-7 ангилал зэрэглэлд хамаардаг талаар тайлбарласан бөгөөд энэ талаар маргаагүй болно. 

Ч.Н  нь  төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн /хх-7/ төрийн жинхэнэ албан хаагч байна.

Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан  гэх мэт тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй бөгөөд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний даргын тухайд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/03 дугаар  тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг үндэслэн Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн тул Ч.Н-т 3 сарын цалинтай тэнцэх  хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгосон нь хуульд  заасан үүргийг биелүүлсэн гэж үзэхээр  байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...Би тэтгэмж олгох тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан. Би уг тушаалтай холбоотой холбогдох байгууллагуудад гомдол, нэхэмжлэл гаргаагүй, харин миний зөвшөөрөлгүй тэтгэмжийн мөнгийг миний данс руу хийсэн байгаа бөгөөд би уг мөнгийг хэрэглээгүй болох нь дансны хуулгаар нотлогдоно...” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь А/03 тушаалыг хүлээн зөвшөөрсөн уг тушаал хүчин төгөлдөр байна.   

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “...миний зөвшөөрөлгүй дансанд тэтгэмжийн мөнгийг хийсэн...” гэх тайлбар нь уг Б/58 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэлбэр биш бөгөөд нэхэмжлэгч нь Б/58 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бол хуульд заасан хугацаанд холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхэд хандах эрхтэй  байсан бөгөөд  нэхэмжлэгч нь энэ талаар холбогдох байгууллагад нь хандаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.   

Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид “... цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох баталгааны аль нэгийг нь төрийн жинхэнэ албан хаагчид олгох нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон үүрэг байх бөгөөд Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын  тухайд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/03 дугаар “Тэтгэмж  олгох тухай” тушаалд хуулийн холбогдох заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож нэхэмжлэгч Ч.Н-ын төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан байна.

Өөрөөр хэлбэл Ховд  аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нэхэмжлэгчид хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн  тэтгэлэг олгосон А/03 тушаал хүчин төгөлдөр байхад Ч.Н  ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д  заасныг үндэслэн  цалин хөлс бууруулахгүйгээр  мэргэжил, мэргэшлийн дагуу  өөр ажил, албан тушаалд ажиллуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь цалин хөлс бууруулахгүйгээр  буюу ТЗ-9 шатлалын цалингаар хэлтсийн даргын албан тушаалд томилуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  бөгөөд хэлтсийн дарга нь  албан тушаалын ТЗ-7 зэрэглэлд хамаардаг болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын Халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор, мөн бусад хэлтсийн дарга нар  мөн албан тушаалын ТЗ-7 зэрэглэлд хамаардаг болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ТЗ-9 албан тушаалын  зэрэглэлээр хэлтсийн даргын албан тушаалд томилуулах шаардлага нь үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ