Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 136

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч И.Ариунсанаа, шүүгдэгч Ц.Тэнгисболд, М.Бумбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарт холбогдох 2016 2501 4374 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1996 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, "Жигүүр гранд" группт хамгаалагч ажилтай, ам бүл 3, ээж, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 3 дугаар гудамжны 79 тоотод оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Санги цогт овогт Цэрэнжавын Тэнгисболд /РД:МЮ96090711/,

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Занхад" ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 49а-112 тоотод оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Бээс овогт Мөнхжаргалын Бумбаяр, /РДТА96112034/

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нар нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах”-ын гадна бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэж, хохирогч М.Баатарсүрэнд хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тэнгисболд мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бумбаярын мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Тэнгисболдын өгсөн: "...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын ард байдаг М.Бумбаярын орон сууцны орцонд пиво ууж дуусгаад гарсан. Тэгээд гэртээ харих гээд орцноос гарахад Доржжамцын найз Баатар гээд залуу ирсэн байсан. Би гараад салхинд цохиулаад согтсон. Баатар гэх залуутай тэр үед л М.Бумбаяр бид хоёр танилцсан. ...эхлээд би Баатарсүрэнгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиод заамдаж аваад хавирч унагаахад Бумбаяр Баатарсүрэнг өшиглөж байсан яг хаана нь өшиглөснийг нь би санахгүй байна./ /хх.41-42/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Бумбаярын өгсөн:  "...Би багын найзууд болох Ц.Тэнгисболд, А.Доржжамц нарын хамт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудал дээр уулзалдаж замын урд байрлах супер маркетаас 4 том пиво мөнгөө нийлүүлж авсан. Тэгээд манай гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын араар ороод 49-р байр буюу 1-р орцны 8 дугаар давхарт орцонд пиво ууж байгаад нэг мэдэхэд би цахилгаан шатаар буугаад гарч бөөндөө бие засах гэж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би Тэнгисболд нэг залууг хавирч унагааж байсныг санаж байна. Би хажуугаас нь гараараа нэг удаа тэр залуугийн араас нь цохиод авснаа санаж байна” /хх.44-45/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.Баатарсүрэнгийн өгсөн: “...2016 оны 11 сарын 30-ны шөнө 02 цагийн үед коллежийн найз Доржжамцтай уулзаж үнэртэй ус авахаар өөрийн машинтайгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо шөнийн захын урд машинаа байрлуулаад Доржжамцтай утсаар дахин яриад нэг орон сууцны үүдэнд алхаад очсон. НамайТ очтол Доржжамцтай хамт байсан өмнө нь огт харж байгаагүй хоёр залуу нэлээн согтолттой байгаа харагдсан. Доржжамц ч гэсэн согтуу байсан. Гэхдээ тэр хоёроос арай гайгүй байгаа харагдсан. Доржоо Тэнгисболд, Бумбаяр гэх хоёр залууг надтай танилцуулсан. Тэгээд Бумбаяр нь буюу шар царайтай залуу нь "чи хаанахых юм, манайх энэ байр” гээд маргах гээд байсан. Гэтэл хажуугаас Тэнгисболд нь шалтгаангүйгээр гараараа цохиод авахаар нь би хойшоо болсон. Гэтэл араас Бумбаяр нь ахиад миний нүүрэнд цохиод авсан. Би доошоо тонгойход тэр хоёр өшиглөөд байсан. Би тухайн үед цагдаа дуудсан боловч цагдаа ирэх хооронд алга болсон байсан. Тэгээд би машин руугаа очоод байж байтал Тэнгисболд, Бумбаяр, Доржжамц нар Доржжамцын машины хажууд байгаа харагдсан. Би Доржжамцын машин руу яваад очтол Тэнгисболд намайг хавираад газар унагаасан. Би Доржжамцаас үнэртэй усаа авчихаад наад хоёроо аваад яв гээд өөрийнхөө машин руу очсон. Өөдөөс найз Жавхлан ирж байсан юм. Энэ талаар надтай хамт явсан Жавхлан гээд найз маань харсан. Би тэгээд машиндаа суугаад яваад өгсөн. Миний машин Доржжамцын машин хоёрын хооронд 30-40 метр зайтай байсан” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жавхлангийн өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 10 жилийн ангийн найз М.Баатарсүрэн нь хамт таксинд хань болоод яваад өгөөч гэхэд нь хамт явсан. Тэгээд 11 сарын 30-ны шөнө 2 цагийн орчимд М.Баатарсүрэн коллежийн найзаасаа үнэртэй усаа аваадхая гээд хамт машинтай нь Баянзүрх дүүргийн шөнийн захын автомашины зогсоол дээр зогсоод намайг машиндаа байж байгаарай гээд явсан. Хэсэг хугацааны дараа 5-10 минутын дараа Баатарсүрэн найзынхаа найзуудад зодуулчихлаа гээд ирсэн. Тэгээд буцаад нөгөө найзаасаа үнэртэй усаа аваад ирье гээд буцаад явсан, би араас нь гарч хартал манай машин зогсож байгаагаас чанх хойно 30 метр орчмын зайнд суудлын автомашины хажууд 3 залуугийн арай өндөр нь Баатарсүрэнг хавирч газар унагаж байгаа нь харагдсан. Би өөдөөс нь очих гэтэл Баатарсүрэн өөдөөс алхаж ирээд явъя гээд буцаад машиндаа суусан. Би юу болсон талаар асуухад найзынхаа 2 найзад зодуулсан гэж байсан. Таних юмуу гэхэд танихгүй гэж байсан. Тухайн үед Баатарсүрэнгийн нүд нь хөхөрч, хамар нь халцарсан байгаа харагдсан. Би яагаад зодолдсон юм бэ гэхэд мэдэхгүй ээ, зүгээр ээ зүгээр байхад л зодлоо гэж байсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Намнансүрэнгийн өгсөн: “...Би эцэг эхээс хоёулаа бөгөөд дүү бид хоёр эцэг маань ямар хүн байдаг талаар мэдэхгүй ээж маань л бид хоёрыг өдий болтол өсгөж яваа юм. Миний дүү Тэнгисболд 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн төвд төрсөн, бага насаа ясли, цэцэрлэгт хүмүүжиж байгаад Улаанбаатар. хотын 21-р дунд сургуулийн 9-р ангийг бүрэн дунд боловсролтой 2011 онд төгссөн, цэргийн алба хаасан, жудо спорт, сагсан бөмбөг, бусад спортоор хичээллэдэг. Сургууль, дүүргийн шагнал ихтэй, зан харилцааны хувьд үг дуу цөөн, хүний үг их сайн сонсдог, ээж бид хоёрын үгнээс гараад байдаггүй, найз нөхдийн дунд их нэр хүндтэй, архи тамхи хэрэглээд явж байна гэж сонсож харж байгаагүй...” /хх.20-21/ гэх мэдүүлэг,

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхжаргалын өгсөн: "...Хүү Бумбаяр нь нөхөр        Ю.Ганбаатар бид хоёрын дундаас 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд бага насаа ясли цэцэрлэгт хүмүүжиж Улаанбаатар хотын 14 дүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийг 2014 онд бүрэнд дунд боловсролтой төгсөж, Улаанбаатар дээд сургуулийн Үйлдвэрлэл менежментийн сургуульд элсэн орж гэр бүлийн хувийн байдлаас буюу эхнэр Д.Болортуяа амаржсан учир сургуулийн чөлөө авч эхнэр хүүхдээ асарч байхгүй, гэрээсээ гардаггүй хүүхэд юм. Ажил хөдөлмөр маш сайн хийдэг, спортын сагсан бөмбөг болон бусад спортоор хичээллэдэг. Ер нь бусад айлын хүүхдүүдээс илүү хүмүүжил сайтай гэж үздэг" /хх.22-23/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч А.Доржжамцын өгсөн: “...Би найз Гантөмөрийн найз Тэнгисболдтой танилцаад 4-5 жил болж байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гантөмөрийн төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэж байна гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны орчимд уулзалдаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шөнийн захын хажууд байрлах орон сууцны гадна буюу Бумбаяр гэх найзын байрны гадаа уулзалдаад худалдаж авсан 4 том Сэнгүр пивыг Бумбаярын гэрийн орцонд шатан дээр сууж ууж дуусгасан. Гантөмөр түрүүлээд согтоод миний машинд ороод унтаад өгсөн. Миний коллежид хамт сурч байсан Баатарсүрэн утсаар яриад үнэртэй усаа авах болоод надтай уулзах гээд бид нарын байгаа газрын орон сууцны гадна ирсэн. Би Баатарсүрэнг хамт байсан Тэнгисболд, Бумбаяр нартай танилцуулсан. Гэтэл юунаас болсон талаар мэдээгүй нэг мэдсэн чинь Бумбаяр, Тэнгисболд хоёр Баатарсүрэнг нийлээд зодоод байсан. ...Би ууж байсан пивоноосоо аягалаад эргээд хартал Тэнгисболд Баатарсүрэнг үсдээд доош дарчихсан Бумбаяр хажуу талаас нь нүүрэн тус газарлуу нь өшиглөж байсан, тэгэхээр нь би очоод Бумбаярыг салгаад авахад Тэнгисболд Баатарсүрэн нар зууралдаж байгаад салаад Баатарсүрэн яваад өгсөн. Ингээд бид 3 шөнийн захын зогсоолд байсан миний машинд очоод сууж байхад Баатарсүрэн машины хаалга онгойлгож орж ирээд надаас үнэртэй ус хаана байгаа билээ гэж асуусан тэгэхээр нь голын хайрцагт байгаа гэж хэлтэл хайгаад олоогүй гэтэл Тэнгисболд чи юу хийж яваа юм бэ гээд машинаас буугаад Баатарсүрэнг хавирч унагахаар нь би очиж салгатал Бумбаяр араас ирээд дахин дайрахаар нь би Бумбаярыг бариад ойртуулаагүй. Ингээд Баатарсүрэн явсан...” /хх.24-26/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №16445 дугаар:

             1. “ М.Баатарсүрэнгийн биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй”  гэх /хх.30/ дүгнэлт,

 

Хохирогчийн өргөдөл /хх4-5/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх53-56/, Жигүүр гранд групп ХХК-ийн тодорхойлолт /хх62/, хохирогч М.Баатарсүрэнгийн “...эвлэрч хохиролгүй болсон тул ял шийтгэлгүй хэргийг хааж өгнө үү” гэх тэмдэглэл /хх6,81/зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах”-ын гадна бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэж, хохирогч М.Баатарсүрэнд хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Баатарсүрэнгийн “...эвлэрч хохиролгүй болсон тул ял шийтгэлгүй хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлт /хх6,81/ болон хохирол төлсөн гэх тайлбар /хх5/ зэргээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Тэнгисболд нь урьд 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан гэх 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1108 дугаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн Шийтгэх тогтоол /хх60-61/ хэрэгт авагдсан хэдий ч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар дээрхи ялтай байдал нь хамрагдаж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Харин хохирогч М.Баатарсүрэнгийн гомдолгүй гэсэн тайлбар болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж тэдгээрийг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

          Шүүгдэгч Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Санги цогт овогт Цэрэнжавын Тэнгисболд, Бээс овогт Мөнхжаргалын Бумбаяр нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нар нь хохирлоо нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарт тус бүр оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, Ц.Тэнгисболд, М.Бумбаяр нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурьдсугай.

 

6. Хохирогч М.Баатарсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Тэнгисбол, М.Бумбаяр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ