Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 789

 

      2020        06           18                                           2020/ДШМ/789

Г.Ө, Б.Б, Д.Г,

Б.Л, Б.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Баасанжав,

шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Л.Батбаяр,

шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Н.Батбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ,  Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 55 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Баасанжав, шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Л.Батбаяр, шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт холбогдох эрүүгийн 1805063401279 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................................, 1994 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Сод Монгол” групп, “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 63-41 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../,

 

2. .........................., 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ  “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 28-14/а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./,

 

3. .........................., 1983 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ  “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22-809 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./,

 

4. ........................, 1992 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ  “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа гудамжны 1-24 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../,

 

5. ................................, 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 22-25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

Г.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор М.Алтангэрэлийг нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулж алсан,

Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэмт хэрэг гарсан тухайн үеийн үйл баримт хэргийн зүйлчлэлд тохирохгүй байна. Нэр бүхий шүүгдэгч нар 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Аялгуу” нэртэй караоке бааранд орох явцдаа тэнд үйлчлүүлж байсан иргэдтэй зүй бусаар харьцан маргалдаж, зодоон үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид нийцнэ. Харин уг зодооны явцад иргэн М.Алтангэрэл зодуулж нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын шинжийг бүрдүүлэх тул хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа хэргийн зүйлчлэл тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтад тохирохгүй байгаа, мөрдөн шалгах бусад ажиллагаа дутуу хийгдсэнийг нөхөн гүйцэтгэхээр заасан байх боловч захирамжийн заалт биелэгдээгүй гэж үзэн Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн өөрчлөн, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Г.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 8 ширхэг DVD, juan jr-n 6016 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг DVD тоглуулагч тус бүрийг хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэлдээ: “Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсэн атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Харин уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу нэг гэмт хэрэгт ял шийтгэх үндэслэл болно. Иймд Г.Өын санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Алтангэрэлийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Мөн Г.Өын санаатай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байхад хэргийн бусад оролцогч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Түүнчлэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай захирамжид зааснаар хэргийн оролцогч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, захирамжид дурьдсан бусад мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тул дээрх шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсэн атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Харин уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу нэг гэмт хэрэгт ял шийтгэх үндэслэл болно. Иймд Г.Өын санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Алтангэрэлийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Мөн Г.Өын санаатай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байхад хэргийн бусад оролцогч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Түүнчлэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай захирамжид зааснаар хэргийн оролцогч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, захирамжид дурдсан бусад мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тул дээрх шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа хэргийн зүйлчлэл тухайн гэмт хэрэг үйлдсэн үйл баримтад тохирохгүй байгаа, мөрдөн шалгах бусад ажиллагаа дутуу хийгдсэнийг нөхөн гүйцэтгэхээр заасан байх боловч захирамжийн заалт биелэгдээгүй гэж үзэх үндэслэл нь миний үйлчлүүлэгч Б.Бд хамааралгүй атал таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэв Б.Б нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд уг таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх ёстой атал түүний хувьд үүргээ биелүүлэн дуудсан цагт хүрэлцэн ирж, тогтвортой мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулалгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь түүний хувьд эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Яллагдагчийн хувьд тодорхой оршин суух хаягтай, эрхэлсэн ажилтай, холбоо барих утасны дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, саад учруулаагүй, яллагдагчийн үүргээ хангалттай биелүүлсэн байдаг. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШТ/55 дугаартай шүүхийн тогтоолын 2 дахь заалтыг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Л.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай шүүгчийн захирамжид дурдагдсан мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй нь хэргийн холбогдогч нарт хамааралгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь хуулийг буруу хэрэглэн яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Яллагдагч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай нэгдэж, санаатай хэлбэрээр хүсэж үйлдэн бүлэглэж хэрэгт оролцоогүй. Тухайн хэрэг учрал болох үед араас нь ороод үүссэн зодооныг салгах, таслан зогсоох үйлдэл хийх явцдаа эсрэг талын үйлдэлд өртөн бусадтай зууралдсан, ноцолдсон үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оролцогч болсон. Б.Лхагвацэрэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж дахин алдаа дутагдал зөрчил гаргахгүй байхаа ухамсарлан ойлгож байгаа төдийгүй байнга оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн эзэмшлийн гар утастай. Урьд өмнө нь хэрэг шалгагдах 2 жилийн хугацаанд хуулийн байгууллагаас дуудсан цагт бэлэн ирж, хэрэг шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан үүргийг ягштал биелүүлж байсан. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШТ/55 дугаартай шүүхийн тогтоолын 2 дахь заалтыг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийг хэлэлцээд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын шинжийг бүрдүүлэх тул хэргийн зүйлчлэл тохирохгүй байна” гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулж байна. Б.Сийн хувьд анх н.Чойжилсүрэнгийн мөрлөж, эндээс гар зайл гэх мэтээр зүй бусаар харьцсаны эсрэг барилцаж авч хамт унаж ойчсоноос өөрөөр бусдын бие махбодид халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй бөгөөд түүний үйлдэл оролцоо камерын бичлэгт тодорхой бичигдсэн байдаг. Түүний олон нийт үйлчлүүлж байсан кароакед бусадтай барилцаж авч, харилцан цохиж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гэдгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч гэм буруу дээр огт маргаагүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж” гэсэн шинжийг Б.Сийн үйлдэл оролцоо хангахгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх” гэдэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байх ёстой бөгөөд тухайлбал хорт хий болон үй олноор нь хөнөөх чадал бүхий хими, биологийн зэвсэг хэрэглэсэн байх зэргийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Б.С нарын үйлдэл нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн шинжгүй байна. Б.Сийн хувьд бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэх тухайн цаг үед Г.Ө мөн олон нийтийн тайван байдлыг алдагдуулахаас гадна ганцаараа бусдын биед халдах гэмт хэрэг үйлдэн амь насыг хохироож байгаа тул Б.Сийн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй уг гэмт хэргийн үргэлжилсэн үр дагавар явцаараа бусдын амь насаа алдах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаас гадна шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШТ/55 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 55 дугаартай шүүхийн тогтоолоор миний үйлчлүүлэгч Д.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэлээ дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар заасан бөгөөд шүүгдэгч Д.Гт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, тус зүйлд “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно.” гэж заасан. Иймд шүүгдэгч Д.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Аялгуу” нэртэй караоке бааранд гарсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарна. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэх ёсгүй гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд дээрх нөхцөл байдлууд илрээгүй. “Аялгуу” нэртэй бааранд Г.Ө М.Алтангэрэлийг цохисон. Уг үйлдлийн улмаас М.Алтангэрэл нас барсан байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй учир шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаярын өмгөөлөгч Н.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгдэгч нарын үйлдэлд прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон. Учир нь, өмнөх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа хэргийн зүйлчлэл тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтад тохирохгүй байгаа, мөрдөн шалгах бусад ажиллагаа дутуу хийгдсэнийг нөхөн гүйцэтгэхээр заасан байх боловч захирамжийн заалт биелэгдээгүй гэж үзсэн. Гэтэл өмнөх захирамжаар даалгасан бүх ажиллагаа биелэгдсэн. Тодруулбал, уг захирамжид тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн бол хохирогчийн амь нас аврагдах байсан эсэхийг тодруул гэсэн байсан. Энэ тохиолдолд хэд хэдэн гэрчээс мэдүүлэг авахад эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас нь аврагдах боломжгүй байсан гэж мэдүүлдэг. Түүнчлэн хэргийн зүйлчлэл зөв тухайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг нь үйлдлээ төгс гүйцэтгэхийг шаарддаг. Өөрөөр хэлбэл тухайн холбогдогчийн хийсэн үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан байхыг шаардана. Хохирогч тухайн үед амь насаа алдсан, эсхүл хэсэг хугацааны дараа амь нас алдсан эсэхээс шалтгаалж холбогдогчийн буруутай үйлдлээс шууд шалтгаалсан бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг мөн гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй, анхан шатны шүүхийн тогтоол эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШТ/55 дугаартай шүүхийн тогтоол нь үндэслэл муутай болжээ.

 

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

            Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

            Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 55 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ