Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2021/01762

 

    2021        08          05

               182/ШШ2021/01762

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.Дийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Эт холбогдох

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д, түүний өмгөөлөгч Б.Мандхай, хариуцагчийн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч О.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Болдбаатартай 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дүүрэг, 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 531.33 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 10,000,000 төгрөгөөр, 80 м.кв талбай хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, 16 настай хүү О.Тэгшжаргал хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй. Тус газарт түүний хамаатан Ж.Э гэх хүн өнөөдрийг хүртэл амьдраад газрыг чөлөөлж өгөхгүй байна. Бид газраа хууль ёсоор эзэмшиж ашигламаар байх тул Ж.Эын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчид А-7 гудамж, 131 тоот хаягт байрлах 531.33 м.кв газрыг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Болдбаатар нь О.Дт худалдсан тухайд маргаан байхгүй. Харин Д.Болдбаатарын өмчлөлийн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, 000366231 дугаартай гэрчилгээтэй, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байдаг. Д.Болдбаатар нь өөрийн өмчлөлийн газраа худалдахдаа хувийн орон сууцаа тусгаарлан хашаа барьж орц гарцаа шийдэж өөрийн ах Ж.Эыг амьдруулах талаар ярилцаж тохиролцсон. Ж.Э нь тус орон сууцад 2014 оноос хойш амьдарсан. Тус хашаанд 1972 оноос хойш амьдарч байгаа. Тус хувийн сууцыг Д.Болдбаатар нь О.Дт худалдаагүй зөвхөн газраа худалдсан байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 280 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  дугаар газар өмчлөх гэрчилгээгээр 531.33 м.кв талбайтай газрын өмчлөгч болох нь нотлогдож байна. Д.Болдбаатар нь өөрийн өмчлөлийн газраа О.Дт худалдсан тул үл хөдлөх эд хөрөнгө буюу хувийн орон сууцны өмчлөгч нь О.Д биш. Иймд хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох  баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ж.Эт холбогдуулан, Дүүрэг, 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 531.33 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Болдбаатартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дүүрэг, 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 531.33 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 10,000,000 төгрөгөөр, 80 м.кв талбай хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн тул гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан чөлөөлүүлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, О.Д нь Дүүрэг, 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 531.33 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан авсан бөгөөд хувийн сууцыг худалдаж аваагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч О.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Болдбаатараас Дүүрэг, 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 531.33 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 10,000,000 төгрөгөөр, 80 м.кв талбай хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь Үл хөдлөх хөрөнгө /хувийн өмчийн газар/ худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5 тал/, Үл хөдлөх хөрөнгө /хувийн сууцны барилга/ худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 37 тал/, зохигчдын тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2202009074 дугаарт бүртгэж 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон гэрчилгээ /хх-ийн 39 тал/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэж 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон  дугаар гэрчилгээ /хх-ийн 4 тал/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Дүүрэг, 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 531.33 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Дүүрэг, 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 80 м.кв талбай хувийн сууцыг өмчлөх эрхээ Д.Болдбаатар нь худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч О.Дт шилжүүлэн өгсөн байх ба Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн  илэрхийлэл нь нөгөө түүнийг хүлээн авснаар  хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч О.Д нь сууцыг 5,000,000 төгрөгөөр, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 531.33 м.кв газрыг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, худалдагч авагч хэлэлцэн тохирсон үнийг төлжээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар дээрх эд хөрөнгө нэхэмжлэгч О.Дийн өмчлөлд шилжсэн тухайд талууд маргаагүй.

 

Маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 80 м.кв талбай хувийн сууцыг өмчлөх эрхээ Д.Болдбаатар худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, мөн хариуцагч Ж.Э дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлээгүй, энэ тухайд хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрч маргаагүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/5292 тоот албан бичигт “эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай, 531.33 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Y-2202009074 дугаартай хувийн сууц нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Болдбаатар /ЧМ66122172/-ын өмчлөлд бүртгэгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 03 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээгээр иргэн О.Тэгшжаргал /УО03280873/, О.Д /ЧИ78120106/ нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна” гэжээ. /хх-ийн 31 тал/

 

Харин хариуцагч талаас Д.Болдбаатар уг хашаа байшинг зарахаасаа өмнө Ж.Эын амьдарч байсан байшинг тусгаарлаж, орц гарц гаргаж өгсөн гэж мэтгэлцэж, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, Ж.Эыг 2-3 жил болоод байшингаа аваад явна гэж Д.Болдбаатартай тохиролцсон гэж маргав.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ж.Эын амьдарч байгаа байшин ямар нэгэн бүртгэлгүй байх ба нэхэмжлэгч О.Дийн худалдан авсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 531.33 м.кв газарт байршилтай болох нь Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны Кадастрын зураг, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.  

Иймд хариуцагч Ж.Эын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.Дийн нэхэмжлэлийг хангах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эын хууль бус эзэмшлээс Дүүрэг, 7 дугаар хороо,  А-7 гудамж, 131 тоот хаягт байршилтай 18641312544978 нэгж талбарын дугаар бүхий 531.33 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч О.Дт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Дт олгосугай.  

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ