Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/01206

 

                                             

 

 

 

 

 

 

 

                                     2021         06          03

            182/ШШ2021/01206

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б

 

Хариуцагч: Б.Ш

 

гэрлэлт цуцлалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь Б.Штэй 2011 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарч, улмаар 2016 оны 10 сарын 04-ний өдөр иргэний бүртгэлийн 1125610031 тоот баталгаагаар гэр бүл болон бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10-р сарын 27-ны өдөр хүү, 2014 оны 12-р сарын 31-ний өдөр охин Ш.А, 2018 оны 01 сарын 25-ны өдөр хүү Ш.М нар төрсөн. Анхны хүү маань төрөлхийн ургийн гажигтай буюу хэвлийн хана бүрэн бүрэлдээгүй байсан учир төрөөд шууд хэвлийн хана нөхөх хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон хэдий ч уушгиний хатгалгаатай, архаг цус багадалттай ЭХЭМҮТ-д эмчлүүлж байхдаа төрөөд 4 хоногийн дараа нас барсан. Үүний улмаас хүүхэд бүрэлдэх эхний чухал саруудад сэтгэлээр маш их унасан. Энэ нь ураг бүрэн бойжоогүйн шалтгааны нэг байсан. Нөхөр Б.Ш нь өмнө нь гэр бүлтэй байсан ба хүүхэд төртөл буюу 2013 оныг хүртэл энэ талаар нууж байсан. Хүүхэд төрж, төрсний гэрчилгээний баримт бүрдүүлэх үед гэрлэлт бүртгэлтэй байсан талаар миний бие олж мэдсэн. Бид хоёрын таарамжгүй харилцаа нь ихэвчлэн Б.Шийн үнэнч бус байдлаас үүдэлтэй байсан. Б.Ш нь тогтмол хөдөө орон нутаг явдаг ажилтай байсан ба энэ хугацаанд гэр бүлээс гадуур харилцаа 2 удаа тогтоосон байсан. Мөн Б.Ш нь маргааны улмаас 2019 онд намайг мөргөж, хамрыг минь муруйлгаж байсан ба миний бие 2020 оны 02-р сарын 19-ний өдөр хамрын муруйг тэгшлэх гоо сайханы мэс заслыг хийлгэж байсан. Бидний таарамжгүй байдал нь тогтмол хэрүүл, зодоонд хүргэж, охин болон хүү минь байнгын сэтгэл зүйн дарамтанд орж байсан ба Б.Ш нь гэр бүлээс гадуур харилцаатай байсан учир миний бие тусдаа байхаар шийдсэн. Охин Ш.А, хүү Ш.М нар нь миний асрамжинд байдаг. Тусдаа байсан 5 сарын хугацаанд Б.Ш нь 2 удаа хүүхдүүдтэйгээ уулзсан. Охин Ш.А нь сургуульд элсэн орсон, хүү Ш.М мөн цэцэрлэгт хүмүүжиж байгаа ба одоо миний бие болон эх С.Н нь хүргэн өгч авдаг. Б.Ш нь архи, тамхины өндөр хамааралтай, хүүхдүүдийг би асрамжиндаа авч, эцэг Б.Шээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Б.Б миний бие Хаан банкны Бүтээгдэхүүний удирдлагын газарт Ахлах мэргэжилтэн албан тушаалтай. Тус байгууллагад 2014 оноос хойш ажиллаж байгаа ба банкны ажилтны урамшуулал, хөнгөлөлтөөр бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 24-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 29-68 тоотод 3 өрөө, 89 м2 байрыг 2016 онд Хаан банкны ажилтны зээлээр 122,000,000 төгрөгийн үнэтэй байрыг 109,800,000 төгрөгийн зээлээр авч байсан ба зээл нь 2020 оны 11 сарын 30-ны байдлаар 79,746,276.34 төгрөгийн үлдэгдэлтэй. Зээл дуусах хугацаа 2026 оны 12 сарын 25-ны өдөр. Зээлийн сарын төлбөр нь 1,300,000 төгрөг. Миний бие сар бүр 1,300,000 төгрөгийг орон сууцны зээлийн төлбөрт, 426,000 төгрөгийг цалингийн зээлийн төлбөрт, 270,000 төгрөгийг кредит картын заавал төлөх доод дүнгийн төлбөрт дангаар төлж байна. Миний бие Б.Шийг орон сууц өмчлөгчөөс хасч, орон сууцыг надад болон 2 хүүхдэд шилжүүлэх, Орон сууцны зээлийн үлдэгдлийг надад шилжүүлэх зэрэг асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Б бид хоёр 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2016 оны 10-р сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 10-р сарын 27-ны өдөр хүү, 2014 оны 12-р сарын 31-ний өдөр охин Ш.А, 2018 оны 01 сарын 25-ны өдөр хүү Ш.М нар төрсөн. Анхны хүү маань төрөлхийн ургийн гажигтай байсны улмаас 4 хоногтой байхдаа нас барж байсан. Б.Б нь өмнө нь намайг амьдрал зохиож гэр бүл батлуулж байсан, 2009 онд төрсөн Ш.Ялгуунсүмэр нэртэй хүүтэй байсанг мэдэж байсан, өнөөдрийг хүртэл хүү минь миний асрамжинд байгаа болно. Б.Б нь намайг архи, тамхи ихээр хэрэглэж бараг л донтогч мэтээр бичсэн байна. Эсрэгээрээ Б.Б нь ажлын хамт олонтойгоо гадуур явж байна ингэж байж л энэ ажлын байрандаа тогтвортой байна хамт олонгүй бол амархан шахагдаж гардаг гэх мэтээр хэлж харин өөрөө согтууруулах ундааны зүйл ууж оройтож ирдэг. Намайг хөдөө явсан хойгуур хадам ээж хүүхдүүдийг минь хардаг. Гэр бүл цуцлуулах болсон гол шалтгаан бол Б.Б нь согтуу удаа дараа ирж эхэндээ хэрүүл хийх, улмаар надад гар хүрэх болсон. Хамгийн сүүлд 2020 оны 05-р сарын 17-ны өдөр согтуу ирж маажих, хазах, алгадах зэргээр миний биед халдсан Үүний улмаас зүүн чихний хэнгэрэг цоорсон бөгөөд би ЭМЖЖ эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Энэ цаг хугацаанаас хойш тусдаа байгаа болно. Хамтын амьдралын хугацаанд Баянгол дүүрэг, 24-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 29-р байр, 68 тоотод 3 өрөө байр зээлээр худалдан авч амьдарч байсан бөгөөд Б.Бийн тэвчишгүй ааш, гар хүрдэг явдлаас залхаж би төрсөн ээжийнхээ гэрт амьдрах болсон. Намайг хүүхдүүдтэйгээ уулздаггүй гэдэг нь худлаа бөгөөд очихоор хүүхдүүдийг чинь өгч чадахгүй ээ ээж өгөх дургүй байгаа гээд огт өгдөггүй байсан. Бид эд хөрөнгийн маргаан дээр эвлэрлийн гэрээ байгуулж байгаа гэв.

 

Б.Б, Б.Ш нарын байгуулсан эвлэрлийн гэрэээнд: Б.Б нь хоёр хүүхэд болох Ш.А, Ш.М нарыг өөрийн асрамжинд авч, аав Б.Шээс хуульд заасан тэтгэлэг авахгүй. БГД * тоотод байрлах  88,9 м2 бүхий Ү-*улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг төлсөн төлбөр болон үлдсэн зээлийн хамт Б.Бийн өмчлөлд шилжүүлж, Б.Ш хамтран өмчлөгчөөс татгалзаж тус орон сууцыг гагцхүү Б.Б болон хоёр хүүхэд өмчилнө. Б.Б нь Хаан банкнаас зээлсэн орон сууцны болон цалингийн зээлээс хамтран зээлдэгчээс Б.Шийг хасуулах үүрэг хүлээнэ. Б.Б нь Б.Шийг хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх болон уулзахад ямар нэгэн байдлаар саад болохгүй байхаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлэг, Засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                           

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Бат-Орших овогтой Б, Батчулуун овогтой Ш нар нь гэр бүл болж 2016 оны 10 сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2014 оны 12-р сарын 31-ний өдөр охин Ш.А, 2018 оны 01 сарын 25-ны өдөр хүү Ш.М нар төрж хамтран амьдарсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 05 сараас салж тусдаа амьдарсан, гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүсэж, зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

2013 оны 10-р сарын 27-ны өдөр төрсөн хүү нас барсан ба 2 хүүхэд нэхэмжлэгч, хариуцагч нарыг тусдаа амьдарснаас хойш эхтэйгээ хамт амьдарч байгаа байдлыг харгалзан үзэж 2014 оны 12-р сарын 31-ний өдөр төрсөн охин Ш.А, 2018 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн хүү Ш.М нарыг эх Б.Бийн асрамжид үлдээж эцэг Б.Шээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эд хөрөнгийн нхувьд дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн болно. Б.Б нь хоёр хүүхэд болох Ш.А, Ш.М нарыг өөрийн асрамжинд авч, аав Б.Шээс хуульд заасан тэтгэлэг авахгүй байх, БГД * тоотод байрлах  88,9 м2 бүхий Ү-*улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг төлсөн төлбөр болон үлдсэн зээлийн хамт Б.Бийн өмчлөлд шилжүүлж, Б.Ш хамтран өмчлөгчөөс татгалзаж тус орон сууцыг гагцхүү Б.Б болон хоёр хүүхэд өмчлөх, Б.Б нь Хаан банкнаас зээлсэн орон сууцны болон цалингийн зээлээс хамтран зээлдэгчээс Б.Шийг хасуулах үүрэг хүлээж, Б.Б нь Б.Шийг хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх болон уулзахад ямар нэгэн байдлаар саад болохгүй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эд хөрөнгийн талаарх зохигчдын эвлэрлийг батлан, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан Бат-Орших овогтой Б, Батчулуун овогтой Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2014 оны 12-р сарын 31-ний өдөр төрсөн охин Ш.А, 2018 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн хүү Ш.М нарыг эх Б.Бийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Б.Б нь хоёр хүүхэд болох Ш.А, Ш.М нарт аав Б.Шээс нь хуульд заасан тэтгэлэг авахгүй байх, БГД * тоотод байрлах  88,9 м2 бүхий Ү-*улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг төлсөн төлбөр болон үлдсэн зээлийн хамт Б.Бийн өмчлөлд шилжүүлж, Б.Ш хамтран өмчлөгчөөс татгалзаж тус орон сууцыг гагцхүү Б.Б болон хоёр хүүхэд өмчлөх, Б.Б нь Хаан банкнаас зээлсэн орон сууцны болон цалингийн зээлээс хамтран зээлдэгчээс Б.Шийг хасуулах үүрэг хүлээж, Б.Б нь Б.Шийг хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх болон уулзахад ямар нэгэн байдлаар саад болохгүй байхаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Шээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                       С. БУД