Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 949

 

     М.М-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                 прокурор Ж.Отгончимэг,

            шүүгдэгч М.М,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1708 02809 0010 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-н М, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү, охины хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

М.М нь өөрийгөө “Онцгой байдлын Ерөнхий газарт хүний нөөц, сургалт хариуцсан менежер ажил хийдэг тул танай дүүг Онцгой байдлын Ерөнхий газарт гал сөнөөгч, аврагчийн ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Н-с 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бэлэн 4.015.000 төгрөг, “Aser” брэндийн зөөврийн компьютер зэргийг авч, нийт 4.285.000 төгрөгийг залилсан,

2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.О-эс “Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.105.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар  хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн Шинэ буудал гэх газар иргэн Б.О-с “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.540.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хооронд Ховд аймгийн нутаг дэвсгэрт иргэн Д.У-с “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.195.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Ховд аймгийн нутаг дэвсгэрт иргэн О.Б-с “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 3.235.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн М.Т-с хүү Х.З-г нь “Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хөвсгөл аймгийн иргэн М.М-тай утсаар холбогдож “Сургалтад хамруулж, Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн иргэн Б.Д-тэй утсаар холбогдож “Сургалтад хамруулж, Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.410.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд Төв аймгийн иргэн Б.С-с ”хүү Батхүүг нь ахлагчийн курст сургаж, Онцгой байдлын газар ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-с “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.648.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д-с “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 815.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Ц-с “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.185.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт иргэн Р.Э-с “хүү Мөнхбаярыг нь Онцгой байдлын ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.О-с “Онцгой байдлын газарт ахлагчаар ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.573.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.Н-с “Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 770.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Б-с Хаан банкны 5736119094 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” төвийн орчим байрлах АТМ машинаас бэлнээр 250.000 төгрөг, дансаар 200.000 төгрөг, нийт 1.450.000 төгрөгийг залилсан,

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Р.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5736119094 дугаартай дансаар 675.000 төгрөгийг 5736118342 дугаартай дансаар 25.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн ........... тоотод оршин суух иргэн О.Э-г “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 365.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилан амьдралын эх үүсвэр болгож, 18 удаагийн үйлдлээр нийт 28.686.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалт дахь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 жилээр тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 418 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-с нийт 25.961.200 төгрөг гаргуулан хохирогч Д.Н-д 4.285.000 төгрөг, хохирогч Б.О-д 2.540.000 төгрөг, Б.У-т 2.195.000 төгрөг, О.Б-т 3.235.000 төгрөг, М.Т-т 1.310.000 төгрөг, М.М-д 600.000 төгрөг, Б.Д-д 1.410.000 төгрөг, Ц.Г-т 1.648.000 төгрөг, Д.Д-д 815.000 төгрөг, Д.Ц-т 1.185.000 төгрөг, Р.Э-д 2.500.000 төгрөг, Б.О-д 1.573.200 төгрөг, Б.Н-д 770.000 төгрөг, Б.Б-д 1.450.000 төгрөг, Р.М-т 80.000 төгрөг, О.Э-д 365.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эцэг, эх, дүү нар болон өөрийн охины хамт амьдардаг. Охин М.Ма нь 4 настай. Би ганц бие өрх толгойлсон эмэгтэй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч алдаагаа ухамсарлаж байна. Миний бие удамшлын бамбай булчирхайн хордлого гэх өвчтэй, ээж маань элэгний маш хүнд өвчтэй тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл нь М.М-н хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч М.М нь 18 хохирогчийг залилж, нийт 28.686.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

М.М нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны хооронд Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн болон Төв, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөрийгөө “Онцгой байдлын Ерөнхий газарт хүний нөөц, сургалт хариуцсан менежер ажил хийдэг, Онцгой байдлын Ерөнхий газарт гал сөнөөгч, аврагчийн ажилд оруулж өгнө”, “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө”, “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож, нэр бүхий 18 хохирогчийн нийт 28.686.200 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Н-н “... М.М гэх эмэгтэй өөрийгөө Онцгой байдлын Ерөнхий газрын хүний нөөц, сургалт хариуцсан менежер гэж хэлсэн. Би дүүгээ гал сөнөөгч, аврагч гэх ажилд оруулчихъя гэсэн чинь М.М “бүртгэлийн хураамж 500.000 төгрөг тушаах хэрэгтэй гэж утсаар хэлсэн. ... Надаас нийт 3.555.000 төгрөг бэлнээр авсан ба мөн нөүтбүүк авсан. ...” /1 хх 14-16/,

хохирогч Т.О-н “... Би М.М-тэй тааралдсан ба тэр надад “Онцгой байдлын сургуульд 4-5 хүн оруулах боломжтой байна, танд орох боломжтой хүн байна уу” гэхээр нь Лхагвадулам, Отгонсүх, Халиун нарын бичиг баримтыг бүрдүүлээд нийтдээ 3 хүнээс 1.105.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /1 хх 107-108/,

хохирогч Б.О-н “... Тэр хүн өөрийгөө Онцгой байдлын ахлагч М.М гэж танилцуулсан. Би хүү Б-г Онцгой байдлын сургуульд оруулахаар бүртгүүлээд ... түүнд дансаар болон бэлнээр нийт 2.540.000 төгрөг өгсөн. ...” /1 хх 163/,

хохирогч Д.У-н “... өөрийгөө ахлах дэслэгч М.М гэж танилцуулсан эмэгтэй Онцгой байдлын сургуульд хүн бүртгэж байгаа гэж хэлсэн. ... Надаас нийт 2.195.000 төгрөг авсан боловч манай хүүхдийг сургуульд оруулж өгөөгүй. ...” /1 хх 157/,

хохирогч О.Б-н “... Манай хүү Цэрэнпунцаг нь надтай “М.М гэдэг хүн сургуульд оруулж өгнө гэсэн, утсаар асуу” гэхээр нь ярьсан. Тэгэхэд тэр хүн өөрийгөө “Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын ажилтан байна, танай хүүхдийг сургуульд офицероор оруулахаар болсон, бүртгэлийн 2.100.000 төгрөг хэрэгтэй” гэхээр нь дансаар нийт 3.235.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1 хх 159-160/,

хохирогч М.Т-н “... Би Энхбаяраар дамжуул М.М гэх хүнтэй танилцсан ба тэр хүн “Онцгой байдлын газарт ажилд оруулж, сургалтад хамруулж өгнө” гэхээр нь би өөрийн хүү Золзаяаг ажилд оруулах гэж М.М-н дансанд 1.310.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2 хх 41-42/,

хохирогч М.М-н “... Би М.М-н утсыг Энхзаяагаас аваад түүнтэй холбогдоход тэрээр “Онцгой байдлын Ерөнхий газарт хүний нөөцийн ажилтан хийдэг, ... 14 хоногийн түргэвчилсэн сургалтад суугаад ажлын байраар хангана” гэхээр нь боломжтой юм байна гэж бодоод 600.000 төгрөг дансаар нь шилжүүлсэн. ...” /2 хх 75-76/,  

хохирогч Б.Д-н “... М.М над руу залгаад “хоёр эмэгтэй хүн хэрэгтэй байгаа, сургалтад суугаад шууд ажлын байраар хангана...” гэсэн. ... Надаас нийт 1.410.000 төгрөгийг залилж авсан учир гомдолтой байна. ...” /2 хх 79-80/,

хохирогч Б.С-н “... Манай хүү Батхүү нь Онцгой байдлын газар ажилд орох сонирхолтой байсан тул Мөнхжин гэх хүнтэй утсаар холбогдсон. Тэгэхэд “дуудлага хүлээн авагч, хүний нөөц гэдэг хоёр ажлын байр байна, тухайн ажилд ороход 1.500.000 төгрөгийн төлбөртэй, 3 сарын сургалт эхлэх гэж байна, ...” гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнтэй холбогдож байгаад Хаан банкны дансаар нь нийт 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2 хх 247-248/,

хохирогч Ц.Г-н “... Би 88757977 дугаар луу залгаж “Онцгой байдлын ахлагчийн сургалтад хүн авах уу, би хүүхдээ оруулах гэсэн юм” гэхэд өөрийгөө “Мөнхжин гэдэг” гэж танилцуулаад “ахлагчийн сургуульд оруулж болно, ... над руу 300.000 төгрөг энэ дансаар явуулчих” гэхээр нь охиноо сургалтад суулгах гээд шилжүүлсэн. Тэрнээс хойш сургуулийн хувцасны мөнгө, шинжилгээний мөнгө гэж авсан. ...” /3 хх 167-168/, 

хохирогч Д.Д-н “... Өөрийгөө Мөнхжин гэж танилцуулсан эмэгтэй “танай дүү Цэцэгдэлгэрээс утасны дугаарыг чинь авсан юм, таныг Онцгой байдлын ерөнхий газарт жижүүрээр ажилд оруулж өгнө, хувцасны мөнгө, шинжилгээний мөнгө тушаах, урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй байна” гэж хэлээд надад 5736119094 дугаартай данс өгөхөөр нь 680.000 төгрөг шилжүүлсэн. ... Дараа нь Мөнхжин над руу залгаад нийгмийн даатгал болон үнэмлэхний мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь 135.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. ...” /3 хх 175/,

хохирогч Д.Ц-н “... Надад өөрийгөө Мөнхжин гэж танилцуулсан эмэгтэй залгаж “Онцгой байдалд ажилладаг, сургалт хариуцсан хүн” гэж хэлсэн. Тэгээд намайг “жижүүрийн ажилд оруулж өгнө, ажил орохын тулд хувцасны мөнгө болох 495.000 төгрөгийг шилжүүл” гэсэн. ... Би уг хүнд нийтдээ 1.185.000 төгрөг өгчихөөд байна. ...” /3 хх 179-180/,

хохирогч Р.Э-н “... Надад тэр эмэгтэй бүртгэлийн хураамж 140.000 төгрөг шилжүүлчих” гээд Хаан банкны данс өгөхөөр нь шилжүүлсэн. ... Манай хүүхдийг Онцгой байдлын газарт оруулна гээд байхаар нь мөнгө шилжүүлээд байсан юм. ...” /4 хх 102/,

хохирогч Б.О-н “... Би утсаар ярихад “Би Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг. Ахлагчийн бүртгэлийн хураамж гээд 140.000 төгрөг явуулчих” гээд дансны дугаар өгөхөөр нь шилжүүлсэн. ... Би мөнгө өгч байхдаа үнэхээр л ахлагчийн сургалтын хураамж, хоолны мөнгө, бүртгэлийн хураамж, хувцасны мөнгө гэх зэрэг зүйлд зарцуулж байгаа байх гэж бодсон. ... Надаас авсан 1.573.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4 хх 107-108/,

 хохирогч Б.Н-н “... Над руу нэг эмэгтэй залгаад “намайг Мөнхжин гэдэг, би Онцгой байдлын газарт ажилд оруулах хүн байна, ... эхний ээлжинд 50 хувь болон 700.000 төгрөг шилжүүл” гээд дансны дугаар өгөхөөр нь тэр өдөрт нь 4 удаа таслаж явуулсан. ... Нийт 770.000 төгрөг өгсөн. ...” /4 хх 111-112/,

хохирогч Б.Б-н “... Би Мөнхжин гэдэг хүнд гэрээт цэргээр ажилладаг талаараа хэлж байсан юм. Би ажилд оръё, хэдэн төгрөг болох юм бэ гэж асуухад эхний ээлжинд 700.000 төгрөг өгчих гэсэн. Би энэ хүнд итгээд Онцгой байдлын албанд ажилд оръё гэж бодоод өөрийн хүсэлтээр гэрээт цэргийн албанаас халагдах хүсэлт өгсөн. Тэгээд Мөнхжин буюу М.М гэж  хүний Хаан банкны данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн чинь нэмээд 300.000 төгрөг хийчих гэсэн. Үүний дараа хувцасны мөнгө хэрэгтэй байна гэхээр нь М.М гэж хүнтэй Эх нялхасын орчим уулзаад 200.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлээд, 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ... Үүний дараа М.М “аав өнгөрчихлөө, бичиг баримтуудаа хаясан, картаа түр хэрэглүүлээч”  гэхээр нь өөрийн картаа өгч хэрэглүүлсэн. ...” /6 хх 191-192/,

хохирогч Р.М-н “... М.М нь ажилд оруулж өгнө, өөрийгөө Онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг гэж худлаа хэлсэн. ... М.М над руу залгаад “сургалтын батламжийн мөнгө 250.000 төгрөг шилжүүлчих” гээд данс өгөхөөр нь шилжүүлсэн. Хэд хоногийн дараа залгаад “аранзны мөнгө, хоолны мөнгө, сургалтын мөнгө” гэхээр нь шилжүүлсэн. ...” /7 хх 11/,

хохирогч О.Э-н “... Фэйсбүүкт Солонгос улсын виз 10 хоногийн дотор 600.000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн зар байршуулсан байдаг. Тэгээд утсаар нь холбогдоход надад өөрийгөө “М.М гэдэг, Элчин сайдын яаман ажилладаг” гэж танилцуулсан. Солонгос улсын виз гаргаж өгнө, урьдчилгаа 300.000 төгрөгийг өгчих гэж хэлэхээр нь би данс руу нь хувааж шилжүүлсэн. ...” /7 хх 60-61/,

гэрч Э.Г-н “... Би Д.Нямгэрэлийн гэрт амьдардаг байсан ба Нямгэрэлийг М-тэй холбож өгсөн. Тэрнээс хойш тэр хоёр уулзсан, мөнгө өгсөн гэж байсан. ... М.М нь Д.Нямгэрэлийн нөүтбүүкийг өгөөгүй. ...” /1 хх 39-40/,

гэрч Н.Б-н “... Би ээж Орломыг хөдөөнөөс ирэхээр нь уулзаад “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө хүн байна, би энэ сургуульд ормоор байна” гэж хэлсэн. Тэгээд манай ээж тэр хүнтэй утсаар яриад уулзаж ... М.М гэх хүний данс руу мөнгө хийж байсан. Бараг 2.500.000 төгрөг өгсөн байх. ...” /1 хх 230/ гэсэн мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 218-223/, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл /5 хх 83-87/,

Хаан банкны дансны хуулга /1 хх 17-24, 142-143, 146-150, 154, 233, 2 хх 64, 3 хх 4-5, 241, 243, 4 хх 5-69, 135-137, 143-155, 6 хх 27-28, 55-57, 7 хх 21-22/,

“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 51-52/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч М.М-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 18 хохирогчийн 28.686.200 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч М.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Прокуророос шүүгдэгч М.М-н үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч М.М-с “... оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хэдийгээр, анхан шатны шүүхээс М.М-т оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн боловч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.М-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.