Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0035

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага: Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага: Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг  биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус  болохыг тогтоолгох гэсэн өөрчилсөн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Монгол улсын Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд Мал эмнэлэг үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий нэгж байгуулж, сумдын Засаг даргын Тамгын газрын орон тоог нэмэгдүүлсэн.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/230 дугаар тушаалаар сумдын Засаг даргын Тамгын газрын 3 хүний орон тоотой Мал эмнэлэг, үржлийн тасгийг 2010 оны 10 дугаар сард багтаан байгуулж, мөн өдрийн А/231 дүгээр тушаалаар сумдад байгуулах мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, 3 мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, нэмэгдсэн орон тооны урсгал зардлыг багтаасан.

Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар тушаалаар Мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилсон. Улмаар Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6 дугаар тушаалаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргатай зөвшилцсөний дагуу Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар Т.Б  намайг томилон ажиллуулсан.

Гэтэл Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаал гарган Т.  намайг уг албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ. Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоог 3 байхаар баталж, цалингийн сан шийдвэрлэсэн Монгол улсын Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/231 дүгээр тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Тогтоол, тушаалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хүчингүй болоогүй тул сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоо хасагдсан гэж хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад үргэлжлүүлэн ажиллуулаагүй. Тушаалд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг харгалзсан гэх боловч ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй, төрийн жинхэнэ албан хаагч миний үр дүнгийн гэрээг үнэлээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгч намайг ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдээгүй, тайлбар хийх, нотлох баримт гарган захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлгийн улсын байцаагчаар ажиллаж байсан Т.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Учир нь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2/02 дугаар албан бичгээр сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо батлах тухай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/638 дугаар захирамжид зааснаар сумын Засаг даргын Тамгын газрыг өөрчлөн зохион байгуулж, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, ажил үүргийг нягтруулж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор багтаан хариу ирүүлэхийг сумын Засаг даргад даалгасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар Т.Б-ыг ажлаас чөлөөлсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу хөдөө аж ахуйн 3 албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж, тухайн албан тушаалд тавигдах тусгай болон ерөнхий шаардлагыг харгалзан үр дүнгийн гэрээний үнэлгээг Засаг даргад танилцуулж, зөвшилцөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Тухайн Засаг даргын Тамгын газарт хөдөө аж ахуйн мэргэжилтний орон тоо нь 1-ээр илүү байсан. Мөн Засаг даргын Тамгын газарт Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо байсан боловч уг мэргэжилтнийг авч ажиллуулаагүй байсан түүний цалингийн сангаар нэхэмжлэгчийг цалинжуулж ажиллуулж байсан юм. Тухайн үед нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж, тогтоол гаргуулсан гэдэг боловч уг тогтоол нь Тухайн үед Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт албан ёсоор ирээгүй юм. Мөн нэхэмжлэгчийг байлцуулан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Цэлмэг рүү тогтоол гарсан бол манай байгууллага руу явуулна уу гэж утсаар ярьж хэлсэн боловч тогтоол ирээгүй юм. Мөн аймгийн аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь бүрдэж, ажлаа эхлүүлээгүй байгаа гэж сонсож байсан учир аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Хэрвээ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзвэл тогтоолыг манайд ирүүлсэн бол бид Төрийн албаны салбар зөвлөлд 14 хоногийн хугацаанд дахин хандаж, хянуулах эрхтэй байсан боловч уг эрхээ эдэлж чадаагүй. Улсын Их Хурлын 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч хянан  шийдвэрлэх журмын дагуу аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандах шаардлагатай байсан. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь талуудыг байлцуулан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах боломжтой байсан боловч уг нөхцөлийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь хангаагүй юм. Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо батлах тухай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 638 дугаар захирамж, 2014 он, 2016 онуудын аймгийн Засаг даргын захирамжуудад мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга гэх орон тоо байхгүй юм. Ямар шалтгааны улмаас нэхэмжлэгч нь уг албан тушаалд томилогдож, цалингийн өндөр шатлалаар цалинжиж байсан нь эргэлзээтэй байгаа юм. Энэ нь Засаг даргын Тамгын газрын цалингийн сан хэтрэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол, Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн. Т.Б-ын үр дүнгийн гэрээг төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх журмын 6.2.1 дэх заалтын дагуу дүгнэхэд ажил үүргээ хангаж ажиллаагүй байсан. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын хэмжээнд хөдөө аж ахуйн 3 мэргэжилтний ажлын тайланд сонсгол хийж, хүн тус бүр дээр тайлбар авч үр дүнгийн гэрээг нь үнэлсэн. Хууль, журмын дагуу хамгийн үнэлгээ муу авсан албан хаагчийг ажлаас чөлөөлсөн. Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамж нь хоорондоо зөрчилдөж байгаа. Алийг нь дагах нь тодорхой бус. Хүнс, хөдөө аж ахуйн 3 мэргэжилтэнг ажиллуулахад төсөв хүрэхгүй ба 2 мэргэжилтний цалингийн төсөвтэй байгаа юм. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг би нэхэмжлэгчид байхад нь харсан. Тогтоол дээр дурдсанаар сонгон шалгаруулалт зохион байгуулах ёстой гэсэн байдаг. Гэтэл журам дээр сонгон шалгаруулалт зохион байгуулах талаар заагаагүй. Бид 2016 оны ажлын үр дүн, ажлын байрны тусгай болон ерөнхий шаардлагыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б  нь   Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалин хөлстэй  тэнцэх олговор гаргуулах,  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг  биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус  болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд хүсэлт гаргасан, хариуцагч нэхэмжлэгчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн байлцуулахгүйгээр үргэлжлүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Т.Б-ын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Засаг даргын орон тоо цөөрсөнтэй холбогдуулан  албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар,  тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг харгалзан мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Т.Б-ыг  үүрэгт ажлаас нь  чөлөөлжээ.  /хх-26/

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, Төрийн албаны тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана”  гэж заасны дагуу Төрийн албан Ховд аймаг дахь салбар зөвлөлд Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хянуулахаар хандсан байна.

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны  өдрийн 05 дугаар  “Б-ын гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Т.Б-ыг ажлаас чөлөөлсөн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй  болгож, Т.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд  нь үргэлжлүүлэн ажиллуулахыг  Зэрэг сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-д даалгаж шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно” , Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 18-д “Зөвлөл гаргасан шийдвэрээ ажлын 10 өдөрт багтаан маргагч талуудад мэдэгдэх бөгөөд Зөвлөлийн гаргасан тогтоолыг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл  хариуцагч М.Б  нь Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн Б/07 дугаар тогтоолыг биелүүлэх үүрэгтэй ч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч Б/07 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь 1.Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны  өдрийн 05 дугаар  “Б-ын гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Т.Б-ыг ажлаас чөлөөлсөн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй  болгож, Т.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд  нь үргэлжүүлэн ажиллуулахыг  Зэрэг сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-д даалгаж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч Б/07 тогтоолд зааснаас өөр шаардлагыг буюу хариуцагчийг Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд томилохгүй байна гэж буруутгах үндэслэлгүй байна.

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/230 дугаар “Сумдад Мал эмнэлэг, үржлийн нэгж байгуулах тухай” тушаалаар  Сумын Тамгын газрын Тамгын газрын бүтцэд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ажил,үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий 3 орон тоотой  Мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулсан /хх-9/ ба Т.Б-ын Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар тушаалаар Мал эмнэлэг, үржлийн тасаг шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан Малын эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр, 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тушаалаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргатай зөвшилцсөний дагуу Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар Т.Б-ыг тус тус томилжээ. /хх-24, 25/

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/638 дугаар “Сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог  батлах тухай” захирамжаар Зэрэг сумын Засаг даргын тамгын газрыг 15 орон тоотой /Хөдөө аж ахуйн  асуудал хариуцсан мэргэжилтэн 2/   байхаар баталсан бөгөөд А/638 дугаар захирамжтай нэхэмжлэгч нь маргаагүй ба хариуцагчийн  аймгийн Засаг даргын баталсан орон тоонд Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын орон тоо байхгүй  тул уг албан тушаалд томилох боломжгүй гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй  болох нь  нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЯНЖИНДУЛАМ