Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 148

 

                                

 

 

 

 

                                        

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Б.Батбаяр, улсын яллагч П.Даваасүрэн, хохирогч Н.Алтантуяа, шүүгдэгч Т.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Баатар овогт Төмөрбаатарын Ариунбаярт холбогдох эрүүгийн 2017 2501 0340 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 3-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Х Апартмент ХХК-ийн барилга дээр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэгийн 15 дугаар гудамжны 451 тоотод оршин суух, урьд 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Баатар овогт Төмөрбаатарын Ариунбаяр /РД: ЦЕ85102070/;

 

Холбогдсон хэргийн талаар:

Т.Ариунбаяр нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо Эмнэлгийн 15 дугаар гудамжны 451 тоотод хадам эх Н.Алтантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ариунбаяр мэдүүлэхдээ: Би согтуу байхдаа ийм хэрэг хийсэн байна. Прокурорын хэлсэн зүйл дээр нэмж хэлэх зүйлгүй.

Би дахиж архи уухгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Алтантуяа мэдүүлэхдээ: Энэ хүн манай хүргэн болохоор би гомдолгүй. Архи уугаад л маргалдаад ийм болсон. Манайд эрнийх хамт байдаг юм. Одоо юу ч гэхэв дээ. Эм тариа авч өгсөн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Ариунбаярын өгсөн: “ …2017 оны 1 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн үед зүс таних ах охинтой болсон гээд найз Баагий, Гэрлээ ахын найз нэрийг мэдэхгүй залуу бид дөрөв ресторанд хоол идээд 0.75 литрийн “Чингис” архи уугаад салсан. Би 18 цагийн үед гэртээ очсон чинь эхнэр цалин чинь буусан уу яагаад архи уусан юм бэ гэхээр нь таньдаг ах охинтой болсон гээд тэмдэглээд архи уусан гэж хэлсэн. Тэгтэл эхнэр чи нүүрс, модгүй байхад архи уугаад байхдаа яадаг юм бэ гэж хэлээд уурлаад бид хоёр маргалдсан чинь эхнэр Уянга, хадам ээж Алтантуяад болсон явдлыг хэлсэн. Хадам эх Алтантуяа орж ирээд ямар ч орлогогүй, ажил төрөл хийхгүй гэх мэтээр үглэж, “гөлөг” гэх мэтээр доромжлохоор нь та намайг яагаад дандаа ингэж янз бүрээр хэлдэг юм бэ дулаарахаар би ажил төрөлтэй болно гэж хэлээд ахындаа очлоо гээд гарсан чинь араас татаад чангаагаад байхаар нь уур хүрээд эргэж хараад нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохиод гараад зугтаасан. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 цагийн үед ганцаараа алхаад явж байтал араас машинтай хүмүүс ирээд нүүр рүү нэг нь цохиж унагаагаад хэдэн талаас өшиглөж зодож байгаад машины багаажинд хийгээд гэрт очсон. Цагдаад дуудлага өгч, 2 цагдаа ирээд намайг машиндаа суулгаад өөр дуудлага руу явсан. Айлын гадаа очоод цагдаа нар дотогш орсон ба өглөө цагдаагийн хэлтэст очье гэж бодсон.” /хх-24/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Алтантуяагийн өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед хүргэн Ариунбаярын гэрт орсон чинь согтуу байсан ба манай хоёр найзыг хөөж явуулсан байна гээд л эхнэрээ өшиглөхөөр нь цагдаа дуудаад өгнө шүү гэж хэлдээд гарсан чинь араас гарч ирээд үснээс зулгаагаад ямар их цагдаа дууддаг “пизда” вэ гэж хэлээд газар унагаагаад нүүр рүү өшиглөсөн чинь охин цагдаа дуудахаар гүйсэн ба Ариунбаяр миний нуруун дээр дэвсээд зугтаасан. Төрсөн хүү Отгонбаатарт хэлсэн чинь араас хоёр найзтайгаа яваад олж ирсэн. Тэгээд цагдаагийн ажилчдад Ариунбаярыг хүлээлгэж өгсөн ба хамт явж байгаад зугтаасан байна лээ” /хх-10/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1627 дугаар:

          1. Н.Алтантуяагийн биед тархи доргилт, баруун хөмсөгний шарх, баруун 2 нүдний зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун гарын сарвуу, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

          5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой /хх-16/ гэсэн шинжээч эмч Т.Амартүвшингийн гаргасан дүгнэлт /хх 16/,

 

          Ялтны зан байдлын тодорхойлолт /хх34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх42/, 567 дугаартай Шийтгэх тогтоол /хх28-32/, 121 дугаартай Магадлал /хх33-34/, хохирогч Н.Алтантуяагийн “...нэхэмжлэх зүйлгүй тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн хүсэлт, шүүгдэгч Т.Ариунбаярын өөрөө өөрийгөө өмгөөлөхийг хүссэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ариунбаярыг согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо Эмнэлгийн 15-451 тоотод хадам эх Н.Алтантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, баруун 2 нүдний зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун гарын сарвуу, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Т.Ариунбаярыг бусдын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Н.Алтантуяа шүүгдэгч Т.Ариунбаяраас төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Т.Ариунбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Ариунбаяр нь урьд нь 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх 567 дугаартай Шийтгэх тогтоол, 121 дугаартай Магадлал хэрэгт авагдсан хэдий ч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар дээрхи ялтай байдал нь хамрагдаж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Ариунбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Т.Ариунбаяр нь Н.Ариунтуяагийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Т.Ариунбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Т.Ариунбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баатар овогт Төмөрбаатарын Ариунбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Т.Ариунбаярт тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Ариунбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Ариунбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Т.Ариунбаяр цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ариунбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ