Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2021/01407

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      2021         06         25

            182/ШШ2021/01407

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Э.Н

 

Хариуцагч: Д.А

 

16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, байр ашиглалтын төлбөрт 1,853,964 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Аын ** тоот орон сууцыг хувь лизинг хийнэ гэсний дагуу Д.Аын хүсэлтээр 10,000,000 төгрөгөнд тооцож приус машинаа өгч, 6,000,000 төгрөг олоод өгөөч, яаралтай хэрэгтэй байна гэсний дагуу 6,000,000 төгрөг өгсөн. Ингээд 2020 оны 01 сарын эхээр уг байранд хүү Наранцогтыг оруулсан боловч 2020 оны 02 сарын дундуур дээвэр, хананаас нь их хэмжээний ус гоожиж амьдрах аргагүй болсон ба энэ тухай хэлэхэд засаж өгнө гэсэн. Засвар хийх явцад Д.Аыг их хэмжээний өртэйг мэдсэн. Ингээд ер нь уг байрны өмчлөх  эрхийн гэрчилгээг үзүүлээгүй, эрхийн болон эд хөрөнгийн ийм доголдолтой тул авахаас татгалзсан. Ингээд өгсөн мөнгө болон машинаа авахыг хүсэхэд өгнө, байраа зараад өгнө гэсээр 4 сараас эхлэн 10 сар гарсан. Байр нь зарагдсан байгаа боловч Д.А нь утсаа ер авдаггүй, машиныг “сайн” ломбарданд тавьж мөнгө авсан тухайгаа тухайн үед хэлж байсан. Сайн ломбард нь машиныг зарсан бөгөөд Д.А нь үндсэндээ биднийг хуурч мэхэлсэн юм билээ. Орхон аймгийн цагдаагийн газарт шалгуулахад Хас банкинд байраа барьцаалсан зээлтэй байсан гэдэг нь мэдэгдсэн. Иймд Д.Ааас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

          Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Д.А нь байраа 35,000,000 төгрөгөнд хувь лизингээр ав гэж тохироод урьдчилгаа мөнгө нэхэж, машиныг 10,000,000 төгрөгөнд тооцон өөрөө биеэрээ ирж эзэмшилдээ шилжүүлж авсан. Дараа нь яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж шавдуулаад би “Бэрс финанс ББСБ” ХХК-д хашаа байшингаа барьцаалан зээл авч, уг мөнгийг Д.А шууд хадам ээж Дайриймаагийнхаа данс руу шилжүүлэн авч байсан. Д.А нь 26,000,000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа гэдгээ хэлсэн бол байрыг нь би авахгүй байсан. Нэгэнт өөрөө зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болж, биднээс худал хэлж мөнгө, машин авсан нь тодорхой байна. 2021 оны 03 сард уг байранд айл орсон байсан бөгөөд тэр айлын хүнтэй уулзахад н.Наранцэцэг гэх хүн банкны төлбөрийг төлөөд бүх өр ширийг нь төлөөд авсан гэдгээ хэлсэн. Шүүхэд гаргаж өгсөн баримтаар болон тайлбараар нь өөрсдөө байрны ашиглалт болон цахилгаан ашиглалтын өр төлбөрийг төлөөгүй хуримтлуулсан байсан байна. Байрыг нь авсан айл бүх өр төлбөрийг нь төлсөн гэсэн бөгөөд тухайн үед биднээс ийм юм шаардаагүй. Иймд нэхэмжилж буй 1,853,964 төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Д.А нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2019 оны 04 сард өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан Хас банкнаас 26,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлөөд явж байтал машин нь эвдэрч, засварын мөнгөний шаардлага гарч, улмаар зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн учраас 2019 оны 11 сард өөрийн өмчлөлийн Хас банкны барьцаанд байсан орон сууцаа зарахаар болж, зар тавьсан. 2019 оны 12 сард Д.Аын танил Агваандорж, дүү Наранцогтынхоо хамт ирж уулзан 43,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Улмаар 2019 оны 12 сард байранд нүүж орцгоосон. Тэд урьдчилгаа мөнгөнд Приус 20 маркийн машиныг 10,000,000 төгрөгт тооцон өгсөн. Уг машины гэрчилгээг 2020 оны 01 сард Д.Аын нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд 6,000,000 төгрөгийг Д.Аын хадам ээжийн данс руу шилжүүлснийг Д.А өөрөө хүлээн авсан байдаг. Үлдэгдэл мөнгийг хавар ноолуураа самнах үеэр өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2020 оны 02 дугаар сард танай байрнаас дусаал гоожоод байна, ирж засвар хийж өг гэсэн. Бид СӨХ-г янзлахыг хүлээлгүй өөрсдөөсөө 3,000,000 гаран төгрөгийн засвар хийж өгсөн. Засвар хийж байх үед Э.Н эгч ирж уулзаад хүнсний захаас хүнс аваадхая, машинаа өгөөч гэж унаж яваад тэр чигтээ машиныг авч яваад, буцааж өгөөгүй. Араас нь залгаад яасан талаар асуухад хөдөө явж байна, танай байрыг авахаа болилоо, 6,000,000 төгрөгийг буцааж өг гэсэн. Байраа зарчихаад өгье гээд Ремакс компанитай гэрээ байгуулж, заруулах болсон талаарх мэдээллээ тухай бүр солилцож байсан.

          Гэтэл энэ хугацаанд хүүгээрээ далайлган бодит байдлыг гуйвуулан, залилан мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Уулзахаар мөнгө өг, өгөхгүй бол гарахгүй гээд байсан тул аргаа бараад хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байсан. Мөн Д.Аын хадам ээжийг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан. Ийнхүү анх тохиролцсон тохиролцооноосоо буцсанаас болж байраа зарж чадалгүй удаж олон сар банкны хүү төлж хохирсон. Мөн машины үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.А байраа бэлэн мөнгөөр бол 40,000,000 төгрөгт зарах байсан боловч бэлэн бус машин оролцуулсан учраас 43,000,000 төгрөгт байраа тооцон, машиныг нь тэдний санал болгосны дагуу 10,000,000 төгрөгт үнэлэн авсан. Энэ үнэлгээ нь автомашины бодит зах зээлийн үнэлгээ биш. Хэрэв машиныг Д.А нь эзэмшиж, ашиглаж үр шимийг нь хүртсэн бол 10,000,000 төгрөгөөр үнэлэхийг хүлээн зөвшөөрөх байсан. Гэвч Э.Н нь ярилцаж тохиролцсоноо зөрчсөний улмаас Д.А нь машиныг сар ч хүрэхгүй хугацаанд унаж ашигласан. Мөн фидуцийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа өгөхөд бидэнд мэдэгдэлгүйгээр хураалгасан. Миний бие гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч машины үнэлгээг зах зээлийн үнийн хандлагаар үнэлүүлэн үнийг төлөх хүсэлтэй байна. Мөн Э.Н нь Д.Аын орон сууцанд амьдрах хугацаандаа ашигласан байрны мөнгө 102,803 төгрөг, цахилгаан ашигласны 79,565 төгрөг, зээлийн хүү, нийт 1,853,964 төгрөгийг Э.Нээс гаргуулж өгнө үү. Мөн түүнээс болж орон сууцаа зарж, зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул байрны түлхүүрийг авч яваад, давхар байр зарах зар тавьж байсан хугацааны “Хас банк” ХХК-д төлж байсан зээлийг хүүг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Авто прайм” ХХК-аас ирүүлсэн баримтууд, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Д.А холбогдуулан орон сууц худалдан авахаар урьдчилгаанд 10,000,000 төгрөгт тооцон өгсөн автомашины үнэ, бэлнээр хүлээлгэн өгсөн 6,000,000 төгрөгийн хамт нийт 16,000,000 тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний зүйл болох орон сууцы биет байдлын болон эрхийн доголдолтой, “Хас банк” ХХК-д барьцаанд байснаас гэрээг цуцалж, байрыг буцаан өгсөн, орон сууц худалдан авахаар урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан авах ёстой гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрөхгүй байгаагийн зэрэгцээ орон сууцанд амьдрах хугацаандаа нэхэмжлэгч байрны ашиглалтын мөнгө 102,803 төгрөг, цахилгаан ашигласны 79,565 төгрөг төлөөгүй, нийт 1,853,964 төгрөгийг Э.Нээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Ингэхдээ шаардлагаа орон сууцыг засвар хийж өгөөд байхад нэхэмжлэгч авахаа больсон, орон сууцыг зарахад саад учруулснаас хохирол учирсан гэж үндэслэж байна.

 

Нэхэмжлэгч Э.Н 2019 оны 12 сарын 26-ны өдөр хариуцагч Д.Аын өмчлөлийн ** тоот орон сууцыг 40 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, урьдчилгаанд 10,000,000 төгрөгөнд тооцож приус 20 маркийн автомашинаа, бэлэн 6,000,000 төгрөгийн хамт өгч,  2020 оны 01 сарын 03-ны өдөр уг байранд хүү Наранцогтыг оруулсан боловч орон сууцны дээвэр, хананаас нь их хэмжээний ус гоожиж байсан, мөн орон сууц Хас банкны зээлийн барьцаанд байсан зэргийн улмаас худалдан авахыг больж 2020 оны 02 сарын 13-ны орон сууцыг буцаан өгсөн нь талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч талууд гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлээгүй тул хүчин төгөлдөр гэрээ болж чадаагүй байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ.., 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн,…хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

 

Худалдах худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан тул Д.А Э.Нээс 16,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан гэж үзнэ. Э.Н Д.Аын орон сууцыг буцаан өгсөн тул орон сууцны үнийн урьдчилгаанд гэж шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг Д.А Э.Нд буцаан өгөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заасан байна.

 

Иймд Д.Ааас 16,000,000 төгрөг гаргуулж Э.Нд олгуулах тухай нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хариуцагч нэхэмжлэгчээс орон сууцанд амьдрах хугацаандаа ашигласан байрны мөнгө 102,803 төгрөг, цахилгаан ашигласны 79,565 төгрөг, орон сууцаа барьцаалж “Хас банк” ХХК-аас авсан зээлийн хүүд 1,671,596 төгрөг, нийт 1,853,964 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч байрыг 2019 оны 12 сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл 1 сар 15 хоног эзэмшиж ашиглаж байх хугацаандаа төлөөгүй цахилгааны төлбөрт 71,797 төгрөг, байрны мөнгө 76,437 төгрөг, нийт 148,234 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй, байрны ашиглалт, цахилгааны зардлын бусад хэсгийг ашигласан хугацаа тохирохгүй, зарим зардлыг сууц өмчлөгч хариуцах зэрэг байдлыг харгалзан хангах боломжгүй байна.

Мөн Д.А нь Э.Нд орон сууцаа худалдахаас өмнө “Хас банк” ХХК-аас зээл авсан байсан бөгөөд зээл, зээлийн хүүг төлөөгүйд Э.Нийн буруутай байдал байхгүй, орон сууцыг худалдах тухай давхар зар өгч байсан нь үүнд нөлөөлөхгүй байх тул зээлийн хүүг төлүүлэх тухай сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Э.Нээс шилжүүлж авсан автомашин нь фидуцийн гэрээний дагуу Д.Аын зээлийн өрөнд хураагдсан нь Д.Ааас Э.Нд буцаан төлөх дээрх мөнгийг төлөхгүй байх, дутуу төлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан Д.Ааас 16,000,000 төгрөгийг гаргуулж Э.Нд олгож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-ийг баримтлан Э.Нээс 148,234 төгрөгийг гаргуулж Д.Ат олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 1,705,730 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 238,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 44,613 төрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчид 238,000 төгрөгийг, нэхэмжлэгчээс хариуцагч Д.Ат 5,097 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.БУД