Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2024/0224/Э |
Дугаар | 2024/ ШЦТ/319 |
Огноо | 2024-04-18 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/319
2024 04 18 2024/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
хохирогч БНХАУ-ын иргэн В түүний орчуулагч Д.Энхдалай,
хохирогчийн өмгөөлөгч Н.Болортуул,
шүүгдэгч Ц.Д,
нарийн бичгийн даргаар Б.Билгүүн, Э.Өлзий-Орших нарыг оролцуулан эрүүгийн 2403000680076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц овогт Ц.Д
Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... авто угаалгын зүүн талын замд Hyundai Bongo маркийн ..... ..... улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч В /В/-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “.....” гэх нэршилтэй авто угаалгын зүүн талын замд “ Хьюндэй Бонго/Hyundai Bongo/” загварын ..... ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон урах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч БНХАУ-ын н В /В/-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч В /В/-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 сарын 16-ний өдөр өглөө 09 цагийн үед 6-н буудалд байдаг жолооны курс рүүгээ явах гээд 7-н буудлаас 6-н буудал орох замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн баруун талын явган хүний замаар явж байсан. Миний урд машин ачдаг машин зогсож байхаар нь явган хүний замаараа алхаад явж байтал гэнэт тухайн машин хойшоогоо ухраад машин ачдаг төмрөөрөө миний гэдэс рүү мөргөөд би хойшоогоо унасан. Тэгээд миний гэдсээр их өвдөж байсан би босож чадахгүй газар хэвтэж байтал жолооч бууж ирээд намайг босгосон би бол өөрөө босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.Дн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Д над руу утсаар залгаад таны машиныг угаалгаас гадагшаа гаргах гэж байгаад хүн мөргөчихлөө гэж хэлсэн. ...Би тухайн машиныг осол болдог өмнөх өдөр Дгийн ажилладаг ..... нэртэй угаалгын газарт дулаан гражид хонуулахаар байрлуулсан. Тэгээд орой гражид оруулаад машинуудыг таглаад тавьсан байсан тул өглөө Дг гаргаад зогсоолд тавьчхаарай гэж хэлээд түлхүүрээ машин дотроо үлдээгээд онгорхой орхиод явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-82 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1667 дугаартай “1. Ван Жин Гуо-н биед нарийн гэдэсний чацархайн урагдал задрал, хэвлийн хөндийд дөх цусан хураа /3500мл/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,
- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16- 20 дугаар тал/,
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40052597 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 110-116 дугаар тал/,
- Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бын “1.Жолооч Х.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. Явган зорчигч В нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 119 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Д нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, осол аваар гаргаж хүний эрүүл мэндийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хайхрамжгүй хандаж ухрах үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг мөргөж бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.
Тиймээс Шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “.....” гэх нэршилтэй авто угаалгын зүүн талын замд “ Хьюндэй Бонго/Hyundai Bongo/” загварын ..... ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч БНХАУ-ын н В /В/-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суудаг болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилт, биелэлтийг хангуулах зорилгоор Ц.Дг зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихгүй байхаар хязгаарлалт тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч В /В/-н эмчилгээний зардалд шүүгдэгч Ц.Д нь нийт 9.392.886 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба одоо хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтуудаар нийт 1.156.571 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д нь хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үлдэгдэл 1.156.571 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн Хохирогч В /В/ болон түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*30=19,800,000 төгрөгийг нэхэмжилсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*25=16.500.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.Дг хохирогчид нийт 17.656.571 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр тогтоов.
Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 17.656.571 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч Ц.Д нь хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч нийт 2.000.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл хохирол 15.656.571 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг Ц.Дгийн өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч В /В/-д 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хохирогч В /В/ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирээгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ц.Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан эрх хасах ялыг, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар шийтгэх тогтоолын хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгээс нийт 15.656.571 /арван таван сая зургаан зуун тавин зургаан мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулан, хохирогч БНХАУ-ын иргэн В /В/-д олгож, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хохирогч В нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ