| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2017/0152/э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2017-03-24 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч С.Хишигбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хишигбаатарт холбогдох эрүүгийн 2016 2501 4155 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 3 дугаар гудамжны 51 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 06 сараар тэнсэж шийдвэрлэсэн, Монгол овогт Сүхбаатарын Хишигбаатар /РД: УШ94080458/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Хишигбаатар нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 36А дугаар байрны 28 тоотод хохирогч В.Лхагвадуламын “Ленова” маркийн зөөврийн компьютерыг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1.136.489 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хишигбаатар мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр найз Пүүжээтэй цуг Лхагвадуламын гэрт очсон. Тэгээд гэрт нь архи ууж байгаад гэрийн шалан дээр байсан зөөврийн компьютерийг аваад гарсан. Тэгээд такси бариад явж байгаад ТҮЦ ороод гараад ирсэн чинь машин явчихсан байсан. Тухайн үед зөөврийн компьютероо таксинд орхисон байсан юм. Би дахиж архи уухгүй байж чадна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг мэтгэлцэхдээ: Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч С.Хишигбаатарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Хэргийн бүрдэл болон зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгч эд зүйл авснаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлаж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч З.Лхагвадуламын өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 36А дугаар байрны 28 тоот гэрт Билгээ, Пүрэв-Очир, Соёлмаа нарын хамтаар гэртээ хоносон. Ингээд маргааш өглөө 11 дүгээр сарын 3-ны өдрийн өглөө 08 цагт босоод 24 дүгээр сургуульд байх ажил руугаа яваад орой 21 цагийн орчим ирэхэд ил үлдээсэн байсан “Ленова” маркийн хар өнгийн 1.136.489 төгрөгний үнэлгээтэй нөүтбүүк компьютер алга болсон байсан.” /хх.13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч О.Пүрэв-Очирын өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн үед найз Билэгсайхан, Хишигбаатар нартай уулзаад Билэгсайханы гэрт архи уусан. Тэгээд би найз охин Лхагвадуламтай уулзах гээд Билэгсайханыг аваад 2016 оны 11 дүгээр сарын 3-ны 05 цагийн үед Аман хуур хотхон дахь байранд нь ирэхэд манай найз охин Лхагвадулам, Соёлмаа хоёр байсан. Тэгээд бид дөрөв ахиад жоохон архи уугаад унтаагүй байж байгаад найз охин Лхагвадуламыгаа аваад ажилд нь хүргэж өгөөд би цаашаа хороолол руу Билэгсайханы гэрт очиж Хишигбаатарыг аваад наашаа Лхагвадуламын гэрт ирсэн. Тэгээд бид нарын нойр хүрээд байхаар нь Билэгсайхан, Соёлмаа бид 3 унтсан. Сэрэхэд Хишигбаатар байхгүй Лхагвадуламын гэрийн тавиур дээр байсан нөүтбүүк байхгүй байсныг би мэдээд Хишигбаатар руу ярихад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би маргааш нь ярихад Хишигбаатар “...би найзындаа нөүтбүүкийг нь тавьсан байгаа удахгүй өгнө” гэж хэлээд алга болсон. Тэгээд алга болчихоор нь Лхагвадулам цагдаад өргөдөл өгсөн.” /хх.14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхтүвшингийн өгсөн: “...Би Хишигбаатарын ээжтэй нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамт ажиллахдаа найзын хувиар туслаад гэр оронд нь очиж байсан. Ингээд Хишигбаатарыг таньдаг болсон. Хишигбаатарын хувьд даруухан, гэнэн цайлган, тусархуу, үг дуу цөөтэй, нэг их юм яриад байдаггүй, уг нь их сайн хүүхэд байгаа юм. Эцэг эх дүү нарынхаа хамт амьдардаг. Хишигбаатар архи уудаг, тамхи татдаг. Архи уухаараа ийм гэмт хэрэг үйлдсэн байх. Урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан. Ээж нь Хишигбаатарын төлөө сайн явдаг байнга л хөөцөлдөөд явж байдаг.” /хх. 15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад С.Хишигбаатарын сэжигтнээр өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах 36А-28 тоотод З.Лхагвадулам гэгчийн найз залуу Пүүжээ гэх найзтайгаа уулзан очих болсон. Ингээд уг айлд 10 цаг өнгөрөөгөөд очиж 1 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архийг хуваан ууж халамцаад унтсан. Би унтаж байгаад 18 цагийн үед сэрээд хартал бусад маань унтаж байхаар нь би гэр дотор газар гудсан дээр байсан хар өнгийн “Ленова” маркийн шинэвтэр нөүтбүүкийг нь хэлэлгүй хулгайлан авч гарсан. Ингээд уг нөүтбүүкээ гартаа барин зам дээр гарч зогсоод улсын дугаарыг нь үл санах марк нэртэй тээврийн хэрэгслийг такси болгон бариад 13 дугаар хорооллын 4-н замын уулзвараар дээш өгсөхөөр заагаад сууж явж байгаад Халдвартын эмнэлгийн буудлын наана түгжрэлтэй байсан тул бууж ТҮЦ ороод буцаж гарч иртэл такси болгон хөлсөлж барьсан тээврийн хэрэгсэл нөүтбүүкийг маань аваад явсан байсан. Би ийнхүү уг газраасаа 13 дугаар хорооллын автобусны буудал орж Комбинат автобусанд сууж харьсан.” /хх.22-23/ гэх мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ /хх.11/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх26/, 117 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гийтгэх тогтоол /хх27-33/, хохирогч З.Лхагвадуламын “...нөүтбүүкээ авсан тул гомдол саналгүй байна” гэх хүсэлт /хх51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Хишигбаатарыг урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татагдан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 36А дугаар байрны 28 тоотод хохирогч З.Лхагвадуламын “Ленова” маркийн зөөврийн компьютерыг хулгайлж, 1.136.489 төгрөгийн хохирол учруулан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан үйлдэх” гэдэгт хулгайн гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Хишигбаатар нь дээрхи хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь шүүхээс гэм буруутайд тооцож шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа дээрхи гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон нь түүнийг дээрхи хулгайн гэмт хэрэг болон өмнөх ял шийтгэл оногдуулсан хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг уг үйлдэлдээ ял шийтгүүлсэн буюу ял шийтгүүлээгүйн аль аль нь хамаарахаар ойлгох тул шүүгдэгч С.Хишигбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Хишигбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Хишигбаатар нь урьд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 06 сараар тэнсэж шийдвэрлэсэн гэх 117 дугаартай Шийтгэх тогтоол хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно.” гэж заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн гэмт этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч С.Хишигбаатарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан болон өөрт оногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан үзэж түүнд хуулинд заасан баривчлах ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Хишигбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Лхагвадулам нь “…нөүтбүүкээ буцааж авсан тул гомдол саналгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овогт Сүхбаатарын Хишигбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар С.Хишигбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар С.Хишигбаатарт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 /сар/-ын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт баривчлах ялыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар С.Хишигбаатарт оногдуулсан 4 /дөрөв/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Хишигбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 24-өөс эхлэн тоолсугай.
6. С.Хишигбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Хишигбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ