Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2017/0032/з |
Дугаар | 125/ШШ/2017/0036 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0036
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Н, Х.Ц , А.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Х.М , Н.М нарт холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн үндсэн шаардлага: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр актын С.Н , Х.Ц , А.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Н.М , Х.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч С.Н , Х.Ц , А.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Н нь 1961 онд төрсөн. Одоо 57 настай, 5 хүүхэд төрүүлсэн. Тэрээр 4 дүгээр ангиа төгсөөд мал дээр гарч эцэг эхийн хамт мал малласан. 2014 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байдаг. Тухайн үед Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Лхагва гэх хүн ажиллаж байсан ба холбогдох материалаа бүрдүүлэн өгч тэтгэвэр тогтоолгосон. С.Н-д маргаан бүхий акт гарсан талаар 2017 оны 5 дугаар сард мэдэгдэж, актын төлбөрийг төлүүлж эхэлсэн байна.
А.Н нь 1963 онд төрсөн, 6 хүүхэд төрүүлсэн. 1980 оноос эхлэн Ботгон багт малчнаар ажиллаж эхэлсэн. Тэрээр Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 4 сарын 02-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр 1980-1990 он хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгосон. Тухайн үед Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Лхагва гэх хүн ажиллаж байсан ба холбогдох материалаа бүрдүүлэн өгч тэтгэвэр тогтоолгосон. А.Н-д маргаан бүхий акт гарсан талаар 2017 оны 5 дугаар сард мэдэгдэж, актын төлбөрийг төлүүлж эхэлсэн байна.
Х.Ц 1962 онд төрсөн. 4 хүүхэд төрүүлсэн. Зэрэг суманд 1979 оноос хойш эцэг эхийн хамт мал маллаж байгаад гэр бүл болж шилжин ирж Манхан суманд ажиллаж амьдарч байсан. Х.Ц нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 396 дугаар шүүхийн шийдвэрээр 15 жил ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан. Х.Ц-д маргаан бүхий акт гарсан талаар 2017 оны 5 дугаар сард мэдэгдэж, актын төлбөрийг төлүүлж эхэлсэн байна.
Дээрх хүмүүс тэтгэвэр тогтоолгохдоо өөрсдөөсөө хамаарах ямар нэгэн баримтыг хуурамчаар үйлдээгүй, тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавьж зөвшөөрөл олгосны үндсэн дээр тэтгэвэр тогтоолгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нарын тэтгэвэр нь одоо зогссон байгаа. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр улсын байцаагчийн акт нь гарсан байх боловч нэхэмжлэгч нар нь уг акт гарсныг нэхэмжлэгч нарын тэтгэвэр нь зогссон үеэс мэдсэн ба шүүхэд хүсэлт гаргаж, энэ талаар нотлох баримтыг гаргуулан авсан юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар ажилласан жилээ тооцуулж, тэтгэвэр тогтоолгоход нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байгаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь тэтгэвэр тогтоолгохдоо өөрсдөө баримт бичиг бүрдүүлж, өөрсдөө хуурамчаар үйлдсэн, худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. 2014 онд анх тэтгэвэр тогтоохдоо тэтгэвэр тогтоолтын хуудас дээр хяналт тавих зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнууд буюу тухайн үеийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар нь хяналтаа тавьж, зөвшөөрөл олгож, тэтгэвэр тогтоолтын хуудсыг олгож тэтгэвэр тогтоосон юм. Нэхэмжлэгч нар нь жирийн малчид бөгөөд өөрсдөө хуурамч бичиг баримт үйлдэж тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн тэтгэврийг зогсоож, акт гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Актыг тогтоосныг тайлбарлахдаа хуульд заасан 78000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлийг тайлбарладаг. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үндэслэл нь хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн, худал мэдээлсэн бол гэж заасан байх хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгаж тогтоох ёстой. Гэтэл ийм агуулгаар хуурамч нотлох баримт бичиг бүрдүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Худал мэдээлсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа юм. Нэхэмжлэгч нар нь хуульд заасан тэтгэвэр авах насанд хүрсэн ба Х.Ц , А.Н нарын хувьд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилээ тогтоолгосон байдаг. Монгол Улс нь 1992 оны нийгмийн өөрчлөлтөөс болж, нэгдэл хувьчлагдсан тул малчны хувьд нийгмийн даатгал төлөх боломжгүй болсон ба улсын зүгээс Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталж, болж олгож, үүний дагуу Х.Ц , А.Н нар нь ажилласан жилээ тогтоолгосон юм. Хэрвээ хариуцагч нь 780000 төгрөг төлөөгүй гэх үндэслэлийг ярьж байгаа бол уг 78000 төгрөгийг төлөөгүй байхад тэтгэвэр тогтоох эрх бүхий албан тушаалтан нь зөвшөөрөл олгож, тэтгэвэр олгосон юм бэ. Энд Нийгмийн даатгалын хэлтсийн буруутай үйлдэл байгаа юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр улсын байцаагчийн актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хийлгэсэн. Учир нь нэхэмжлэгч нар нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон юм. Энд хэзээ тэтгэвэр тогтоолгосон, хэзээ тэтгэвэр нь зогссон талаар баримтыг гаргуулан авч, хуулийн хугацаанд бид шүүхэд хандсан.
Иймд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр улсын байцаагчийн актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Н.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн ба нэхэмжлэгч Х.Ц , А.Н нар нь шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласан 10 жилийг тогтоолгосон бөгөөд шимтгэл болох 78000 төгрөгийг сумын нийгмийн даатгалын байцаагч А.Лхагваад бэлнээр өгсөн гэдэг боловч шимтгэл болох 78000 төгрөг нь нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй нь шалгалтаар илэрсэн учраас акт тавьсан юм. Бид А.Лхагваад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн журамд заасан шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн байх гэсэн шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгч нар нь тэтгэврээ тогтоолгосон байсан.
Бид зөрчлийг илрүүлж, зөрчил гарсныг мэдчихээд акт тогтоохгүй байх үндэслэлгүй юм. Бид хуулийн дагуу актыг бичсэн, хуулийн дагуу ажлаа хийсэн.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь зүйлд зааснаар үндэслэлгүй тэтгэвэр авсан гэх үндэслэлээр актаа гаргасан. Учир нь нэхэмжлэгч нар нь улсад 20 жил ажилласан байх болзлыг хангах ёстой байтал 20 жил нь хүрэхгүй байгаа юм гэв.
Хариуцагч Х.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тэтгэвэр авах эрх нь Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын санд урьдчилан төлөх шимтгэлийг төлснөөр үүсдэг. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч нар нь нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй учир тэтгэвэр авах эрх үүсээгүй гэж үзэж акт гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар улсын байцаагчийн актыг мэдэгдсэн хугацааг итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарлалаа. Актын талаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй ба 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч нарын тэтгэвэр зогссон юм. Нэхэмжлэгч нар нь тэтгэврийн зээлтэй байсан учраас тэтгэвэр зогссоныг мэдэх боломжгүй байсан ба 2017 оны 5 дугаар сард нь тэтгэвэр зогссоныг мэдсэн.
Мөн улсын байцаагчийн акт дээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь А.Лхагваа нь Манхан суманд нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч нараас 78000 төгрөгийг бэлнээр авсан гэдгийг гэрч нар мэдүүлсэн. Энд улсын байцаагчид эхлээд хариуцлага тооцох ёстой байсан. Нэхэмжлэгч нар нь улсын байцаагч А.Лхагваагийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төлөх үндэслэлгүй юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлд шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйлдлийг нуух, шимтгэлийн орлогыг хувьдаа хэрэглэх, хээл хахууль авах, ёс зүйн хэм хэмжээг зөрчих, мэдээллийн нууцыг задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол нийгмийн улсын байцаагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан.
Нэхэмжлэгч нарыг хуурамч баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайн акт нь удирдамжийн дагуу гарах ёстой байсан ба удирдамж байгаагүй гэдэг нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр нотлогдсон. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 34 дүгээр зүйлд нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нар нь насаараа мал малласан иргэд бөгөөд улсаас олгосон боломжийг эдэлсэн ба А.Лхагваад шимтгэлийг бэлнээр төлсөн нь нотлогдсон юм.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдээлсэн гэж тэтгэврийг зогсоосон нь үндэслэлгүй юм. Иймд улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н , А.Н , Х.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Н.М , Х.М нарт холбогдуулан Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын С.Н , А.Н , Х.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С.Н , А.Н , Х.Ц нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Н.М , Х.М нар нь Манхан сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт хяналт шалгалт хийж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх” тухай улсын байцаагчийн актаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан гэх үндэслэлээр Х.Ц-д 6117900 төгрөгийн, А.Н-д 5502270 төгрөгийн, С.Н-т 6117900 төгрөгийг илүү олгосон гэж үзэж акт тогтоосон байна.
Нэхэмжлэгч бид төрөөс олгосон ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу холбогдох хүсэлтийг гаргаж байцаагч Лхагваад шимтгэлийн 78000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд бидний тэтгэвэр тогтоолгох материалыг байцаагч хүлээн аваад тэтгэвэр тогтоолгох шаардлага хангасан байна гэж үзэж тэтгэвэр тогтоосон. Гэтэл эдгээр байцаагч нар нь 78000 төгрөг төлөөгүй гэж акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, хариуцагч нар эдгээр хүмүүсийн шимтгэл төлсөн байдлыг шалгахад шимтгэлээ төлөөгүй байсан учир үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж акт тогтоосон гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.
1.Улсын байцаагч Н.М , Х.М нар нь хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Манхан сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт хяналт шалтгалт хийсэн талаараа маргаан бүхий актад тодорхойлсон бөгөөд уг шалгалтыг хэлтсийн даргын баталсан удирдамжгүйгээр явуулсан болох нь хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан “ ...уг шалгалт нь төлөвлөгөөт бус шалгалт байсан тул удирдамж төлөвлөгөө байхгүйгээр шалгалтыг хийсэн...” гэх тайлбараар нотлогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т нийгмийн даатгалын байцаагчийн хяналт шалгалт хийх эрхийг, 26 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална гэж хуульчилсан ба Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 3.2, 3.4-т нийгмийн даатгалын байцаагчийн Нийгмийн даатгалын тухай хууль болон тус дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ үйлдэх баримт бичиг, түүнийг бичих үндэслэл, журмыг нарийвчилсан зохицуулсан байна.
Уг дүрмийн 3.4-т “Хяналт шалгалт хийхээс өмнө шалгалтын удирдамжийг батлуулах бөгөөд уг удирдамжид шалгалтын зорилго, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагч, шалгалт хийх хугацаа, хамрах хүрээ, ажлын чиглэлийг тусгахаар заасан байна” гэж заасан бөгөөд нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нар нь дээрх шалгалтыг хийхдээ тухайн шалгалтын удирдамжийг батлуулалгүйгээр хийсэн нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Иймд улсын байцаагч Н.М , Х.М нар нь Манхан сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт хяналт шалгалт хийж зөрчилд бичсэн “Үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” 14 дугаартай акт нь нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хууль, холбогдох журмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т: “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр настны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй ” гэж заасан байх ба энэ болзол, шаардлагыг хангасан иргэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан баримт бичгийг бүрдүүлэн өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандах эрхтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно.” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар нарийвчилсан зохицуулалттай “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ыг баталсан.
Уг журам нь тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийн бүрдлийг урьдчилан хангуулж, даатгуулагч тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх үүссэн үед нь тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасан хугацаанд хөнгөн шуурхай тогтоох зорилготой байх ба тэтгэвэр тогтоох ба хянах талаар журмын 4.1.1-т “Сумын нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн энэ журмын 3.1,3.2, 3.3, 3.4-д заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан шалган уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж “тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан” гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэн гарын үсэг зурна”.,
4.1.3-т “Хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар энэ журмын 4.1.2-т заасны дагуу иргэнд шинээр тогтоосон тэтгэврийн хэмжээг хянаж, тухайн иргэний “тэтгэвэр тогтоолтын хуудас”-д гарын үсэг зурж, хэлтсийн тэмдэг дарж баталгаажуулна.”, 4.1.8.-т “Сумын нийгмийн даатгалын байцаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу иргэний тэтгэврийн хэмжээг тогтоох бөгөөд уг өөрчлөлтийг хяналт шалгалтын байцаагч болон хэлтсийн дарга хянаж баталгаажуулан нэгдсэн мэдээлэлд оруулна.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нарын өндөр настны тэтгэвэр тогтоолтыг хянаж баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан зөвшөөрч баталгаажуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэрэгт байгаа тэтгэвэр тогтоолтын баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нарыг хуурамч баримт бичиг бүрдүүлэн үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгон авч байсан гэж үзэх үндэслэлгүй.
Мөн Манхан сумын нийгмийн даатгалын байцаагч А.Лхагва нь нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 78120 төгрөгийг бэлнээр авсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх ба нэхэмжлэгч нарын тэтгэвэр тогтоолтын хуудсанд нийгмийн даатгалын байцаагч А.Лхагва нь гарын үсэг зурсан, нэхэмжлэгч нарын тэтгэвэр тогтоолгох үед гаргаж байсан хүсэлт зэрэг нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болохыг давхар нотолж байна.
Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын байцаагч А.Лхагваагийн нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгийг нийгмийн даатгалын байгууллагад тушаагаагүй буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарыг нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр улсын байцаагчийн акт тогтоосон нь буруу байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын С.Н А.Н , Х.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 25 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын С.Н , А.Н , Х.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас /Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ