Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/343

 

2024            05           10                    2024/ШЦТ/343     

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ХХ овогт Э.Б-д холбогдох эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч  О.Оюунчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
Шүүгдэгч Э.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн эмнэлгийн буудлын замд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 15 минутын орчимд “Тоёота Приус” маркийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1 дэх хэсэгт заасан заалтуудыг  зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Г, Л.А нарыг мөргөж, Ж.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

1. Шүүгдэгч Э.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Тухайн үед гэрлийн гялбаанд ороод явган зорчигчийг хараагүй мөргөсөн. Эмчилгээний зардал, хохиролд хохирогч Г-д 4.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А-д 3.200.000 төгрөг тус тус нөхөн төлсөн. Хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын яаралтай тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын 1.451.500 төгрөгийг төлж баарагдуулна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан саналаа дэмжиж байгаа, прокурорын гэм буруугийн талаарх болон эрүүгийн саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг, 

Хоёр. Эрүүгийн 00000 0000 0000  дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 3 дахь тал),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 5-6, 7-8, 9-10  дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Г-ийн хохирогчоор өгсөн: 
“...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би Баянхонгор аймгаас “төрсөн дүүгээ сахих” гэж Улаанбаатар хотод орж ирсэн. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагт ээжийн гэрт нь байсан. 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр манай эгч дүүг эмнэлгээс гаргаж ээжийн гэрт авчирч, би сахих болж орой 20:00 цагийн үед эгчийг автобусны буудал гаргаж өгөх гээд бид хоёр Яармагийн эмнэлгийн буудлын замын араас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад зүүнээс баруун тийшээ явах эгнээнд машинууд зам тавьж өгөөд гарсан, баруунаас зүүн тийшээ явах замд хоёр гурав дугаар эгнээний машинууд зам тавьж өгсөн, нэгдүгээр эгнээгээр машин орж ирээд бид хоёрыг мөргөж газар унагаасан. Мөргөсөн машины жолооч залуу бид хоёрыг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь намайг эмнэлэгт хэвтүүлсэн. Манай эгчийг гайгүй байна гэж хэлсэн. Эгч цагдаа нартай хамт явж хэмжилт хийсэн гэж хэлсэн. Эмнэлэгт би 4 хоног хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Ослын улмаас миний суудлын яс хугарсан гэж эмч хэлсэн. Өөр гэмтэл байхгүй. Осол гарах үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал хоёр гурав дугаар эгнээний машинууд зам тавьж өгсөн. Тэр машин нэлээн хол гэрэл нь тусаж харагдаж байсан тэгээд би гарч байсан чинь ирээд мөргөсөн. Тухайн үед эгчтэйгээ хамт явж байсан. Жолооч ганцаараа явж байсан. Би эмчилгээний зардал 3.650.000 төгрөг дансаар авсан байгаа. Намайг дахин эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэх мөнгө өгсөн байгаа. Одоо надад гомдол, санал байгүй. Тэр хүүхэд бид хоёроос уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: 
“...Би тухайн өдрийн орой Хан-Уул дүүргийн 6 хороо яармагийн эмнэлэгт дүүгээ сахиж байгаад 20:00 цагийн орчимд гэр лүүгээ харихаар эмнэлгээс гарсан. Тухайн үед би өөрийн төрсөн дүү Г-ийн хамт явж байсан. Автомашины зорчих хэсгийн явган хүний гарцтай хэсгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй, мөн явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явахад 2, 3 дугаар эгнээгээр явж байсан автомашинууд зогссон бөгөөд  тэр машинуудын урдуур гарахад 1 дүгээр эгнээгээр явж байсан автомашин зогсох үйлдэл хийлгүй дүү Г., бид хоёрыг баруун талаас ирж мөргөсөн. 
Ослын дараа би зам дээр хэвтэж байсан. Манай дүү надаас нэлээн зайтай мөргөсөн автомашины урд хэвтэж байсан. Би очоод босгох гэтэл босож чадахгүй байсан. Жолоочийн хамт дүүгээ чирээд автомашины арын суудал дээр суулгасан. Ослын газраас Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний биед хугарал гэмтэл байхгүй гэж хариу гарсан. 
Одоогоор биеийн байдал хэвийн болж байгаа. Зөөлөн эдийн гэмтэлтэй гэж хариу гарсан, нуруу, хөл хэсгээр чилж зовуурилдаг. Миний эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг жолооч талаас бүрэн төлсөн байгаа. Одоо өгөх хохирлын баримт байхгүй. Тухайн үед нэгдүгээр эгнээний машин хол явж байгаа харагдсан боловч юу юугүй ирээд мөргөсөн. Жолооч нь буруутай үйлдлээ ойлгож, дүү бид хоёрт учирсан хохирлыг төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (21 дэх тал),

5. Нийслэлийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“1. Ж.Г-ийн биед баруун суудал ясны хугарал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-47 дахь тал),

6. Нийслэлийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“1.Д.А-ийн биед баруун түнхний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-47 дахь тал),

7. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “Гуравдугаар” зэрэглэл гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Г-д танилцуулахад тэрээр “сэтгэл санааны хохирол байхгүй, нэхэмжлэхгүй” хэмээн хүсэл зоригоо илэрхийлсэн тэмдэглэл баримт (хэргийн 18 дахь тал), 

8. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 000000 дугаартай дүгнэлт (хэргийн 63-67 дахь тал),

9. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000 дугаартай:
“1. Жолооч Э.Б нь “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. 
2. Явган зорчигч Д.А, Ж.Г нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магдлагаа баримт (хэргийн 74 дэх тал),

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ийн иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр өгсөн: 
“...Би хөдөө ХХ аймагт байж байсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай төрсөн дүү Б. утсаар залгаад, “би зам тээврийн осол хийгээд, хоёр хүн мөргөсөн” гэж хэлэхэд ослын талаар мэдсэн. Өөр зүйл сайн мэдэхгүй байна. Toyota Prius маркийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн машин юм. Би өөрөө хөдөө орон нутагт ажил хийдэг болохоор машинаа аавын хашаанд үлдээгээд явдаг. Энэ үед манай дүү Б. хааяа унадаг. Манай аавын бие муу, эмнэлэг орж үзүүлдэг болохоор би машинаа үлдээсэн. Манай дүү жолооч болохоор өгдөг юм. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. 
...Бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үүрэгтэй холбоотой асуух зүйл байхгүй, ойлгосон. Манай төрсөн дүү буруутай юм чинь би учруулсан хохирлоос  төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (25, 28 дахь тал), 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-ийн өгсөн:
“Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцсан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байна байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн  улмаас хохирогч нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.451.500 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын  ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 дугаартай дансанд төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (36 дахь тал),

12. Шүүгдэгч Э.Б-аас зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан Ж.Г-д хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 4.000.000 төгрөг, мөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан иргэний нэхэмжлэгч Д.А-д 3.320.000 төгрөгийг тус тус нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бичгээр гаргасан хүсэлт баримт (хэргийн 102, 104 дэх тал)

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ын яллагдагчаар өгсөн:
“...Би 2024 оны 02 дугаар сарын 19-ны 09 цагийн үед хуучин 22-н товчооны тэнд ажил дээрээ ажлаа хийж байгаад орой 19:00 цагийн үед сэлбэгийн дэлгүүрээ хаагаад Toyota prius маркийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад явж байтал таньдаг найз Д. таараад “намайг Яармаг дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Д-г аваад Нисэхийн тойрог дээр буулгаад тойргоос зүүн Яармагийн замаар яваад Оргил худалдааны төвийн урд талын замын явган хүний гарц дээр хоёр хүн мөргөсөн, газар унагасан. Тэгээд тэр мөргүүлсэн хоёр хүнийг аваад Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. 
Цагдаа нар ирээд буцаад осол болсон газар ирсэн. Би тухайн үед явган зорчигч нарыг хараагүй бөгөөд машинууд хөдөлгөөн ихтэй байсан тул түгжрээд зогсож байна гэж бодоод нэгдүгээр эгнээгээр явсан чинь гарцаар хоёр хүн гарч байсныг харалгүй явган зорчигч нарыг машины урд хэсгээрээ мөргөсөн. Тухайн үед би машин дотроо ганцаараа явж байсан. Машины урд шил болон урд гүпэр хагарсан, өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Хөдөлгөөн ихтэй болохоор нэг их хурдтай яваагүй. Тухай машин нь миний ахын нэр дээр байдаг, миний өөрийн машин юм. Би 2016 онд ХХ аймагт жолооч болсон. В ангилалтай, 8 жил машин жолоодож байна. Хохирогч Ж.Г-д эмчилгээний зардал төлбөрт 4.000.000 төгрөг өгсөн. Д.А-д нь 3.500.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Өөр мөнгө өгөөгүй байгаа. Нийт хоёр хохирогчид 7.500.000 төгрөг өгсөн байгаа. Тэр хоёр хүн надад гомдол санал байхгүй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 93 дахь тал) болон шүүгдэгч Э.Б-ын хувийн байдалтай холбоотой жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 80 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 81 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 82 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 83 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 85 дахь тал), гэрч Б.М, Ш.Л нарын мэдүүлэг (хэргийн 38, 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах үүрэг, хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй, хохирогч Ж.Г болон иргэний нэхэмжлэгч Д.А нар нь гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг тус тус хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа тус тус илэрхийлсэн баримттай, шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00 дугаартай  Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна. (хэргийн 102, 104 дэх тал), 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв. 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Э.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: 

Шүүгдэгч Э.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн эмнэлгийн буудлын замд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 15 минутын орчимд “Тоёота Приус” маркийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Г, Л.А нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, 
- уг зам тээврийн ослын улмаас явган зорчигч Ж.Г-ийн биед “...баруун суудал ясны хугарал, зүүн шуунд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Д.А-ийн биед “...баруун түнхний үеийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэргийн шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж  хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх, мөн хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна.  

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учирсан хохирогч Ж.Г-ийн эмчилгээний зардал болон бусад зардалд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг, мөн хөнгөн хохирол учирсан иргэний нэхэмжлэгч  Д.А-ийн эмчилгээ үйлчилгээний зардалд 3.320.000 /гурван сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч Ж.Г нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн талаар хэрэгт баримттай (хэргийн 18, 102, 104 дэх тал) байна. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн  хохирол учирсан хохирогч Ж.Г, иргэний нэхэмжлэгч Д.А нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.451.500 /нэг сая дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх ба уг нэхэмжлэлийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч маргаагүй, даруй хугацаанд нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)   

Иймд шүүгдэгч Э.Б-аас гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт 1.451.500 /нэг сая дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд тус тус нөхөн төлүүлэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Э.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 85 дахь тал) тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй. 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг Гэмтлийн эмнэлэгт хүргэж, эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарах юм. 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх гаргасан хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос санал болгож, шүүгдэгч Э.Б хүлээн зөвшөөрсөн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял” нь хуульд нийцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн ялын төрөл, хэмжээний дотор байх бөгөөд шүүгдэгч Э.Б нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосноо илэрхийлж, маргаагүй болно. (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)

Иймд шүүх, эрүүгийн хариуцлагын талаар прокурорын гаргасан саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Э.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн болно.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Б-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар тооцогдож хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Г, иргэний нэхэмжлэгч Д.А нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                           
   ТОГТООХ нь:

1. ХХ овогт Э.Б-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Э.Б нь хохирогч Ж.Г-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.А-д 3.320.000 /гурван сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн, тэдгээр нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эмчилгээ, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн  1.451.500 /нэг сая дөрвөн зуун тавин нэг мянга таван зуун/ төгрөгийг Э.Б-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Энэ хэрэгт Э.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.  

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 


                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАЗАРХАНД