Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01110

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2021/01110 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж 11, Засгийн газрын 00 дүгээр байранд байрлах, Т.А.З ТБАГУТҮГ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 000 дугаар байр, 0000 тоотод оршин суух, А овогт Ж.Г /РД:СЮ00000000/-д холбогдох,

14,538,323 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Э.Г, Р.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Д.Т нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Э.Г, Р.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Г нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/00 дүгээр тушаалаар Л.Ж-ыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалаас халсан байх бөгөөд тэрээр шүүхэд гомдол гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дүгээр тогтоолд, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/00 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,568,120 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Боловсролын газраас 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 4,204,348 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 433,971 төгрөгийг тус тус олгосон байх бөгөөд нийт 4,638,319 төгрөгийг Л.Ж-д олгосон. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 0000дугаар шийдвэрийн дагуу 9,899,944 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн тул хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 14,538,323 төгрөгийг буруутай албан тушаалтан Ж.Г-с гаргуулж өгнө үү ... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нийслэлийн Боловсролын газар нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон Монгол Улсын боловсролын бодлого шийдвэрийг хүртээмжтэй чанартайгаар бүх хүүхдэд тэгш сургуулийн өмнөх болон бүрэн дунд боловсрол олгохтой холбогдсон харилцааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж захиргаа удирдлагаар ханган Боловсролын тухай хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд 200.1.3-т Нийслэлийн боловсролын газар нь энэ хуулийн 200.1-д заасан чиг үүргээ нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж болно гэж зааснаар дүүргийн Боловсролын хэлтсээр дамжуулан чиг үүргээ хэрэгжүүлдэг. Нийслэлийн Боловсролын газрын дарга нь Боловсролын тухай хуулийн 200 дугаар зүйлд заасан эрх үүргийг дүүргийн Боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлэхдээ Боловсролын хэлтсийн даргын хууль зөрчсөн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж захиргааны арга хэмжээ тооцож ажиллах эрх бүхий этгээд юм. Дээрх үүрэг чиглэлийнхээ хүрээнд тухайн үед Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Ж-ын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/00 дугаар тушаал шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3-т заасныг зөрчсөн. Хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, тушаал шийдвэр нь Баянгол дүүргийн Монгол маамуу цэцэрлэгт хүүхэд халуун усанд түлэгдсэн хэрэг гарч ажлын хариуцлага алдахад цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй эрхлэгч нарыг хууль бусаар чөлөө олгож Солонгос улсад аялуулсан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдийн биед ноцтой хохирол учруулсан зэрэг үндэслэлээр Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/00 дүгээр тушаалаар Л.Ж-д ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Шүүх шийдвэрийг хэт нэг талыг барьж нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлж дүгнээгүй шийдвэрлэсэн.

Иймд Т.А.З Төрийн байгууллагын нэхэмжлэлтэй төрд учруулсан хохирлыг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж төрийн албаны тухай үр ашигтай хариуцлагын тогтолцоо, ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох, хийсэн бол илрүүлэхэд амар байхаар ёс зүйтэй зан үйлийг дэмжих ёстой хариуцлагын тогтолцооны хүрээнд дотоод захиргааны үйл ажиллагаа, аудит болон байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх зэрэг олон төрлийн дотоод болон гадаад хяналт шалгалтын хэлбэрээр төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө буруутгагдаж хохирч байгаа нь төрөөс төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл боломжоор хангах, төрийн алба тогтвортой байх зарчимд харшилж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.А.З нь хариуцагч Ж.Г-д холбогдуулан төрд учруулсан хохиролд 4,638,379 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 9,899,944 төгрөгөөр ихэсгэж, нийт 14,538,323 төгрөгийг нэхэмжилж байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Г нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/00 тоот тушаал гарган Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг Б/00 тоот тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 5-30 дугаар хуудас/

Хариуцагч Ж.Г Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дүгээр тогтоолууд нь хэт нэг талыг барьж нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлж дүгнээгүй шийдвэрлэсэн гэж маргаж, тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх тул Б/00 тоот тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон үйл баримтыг шүүх дахин дүгнэж, тогтоох үндэслэлгүй юм

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд шүүх эгүүлэн тогтоосон байх бөгөөд ажилгүй байсан хугацааны олговор, улсын тэмдэгтийн хураамжид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр 4,638,320 /4,568,120+70,200/ төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 0000дүгээр шийдвэрээр 9,899,944 /9,729,325+170,619/ төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 5-17, 75-77 хуудас /

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн боловсролын газраас 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 4,204,348.60 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 433,971.40 төгрөг нийт 4,638,320 төгрөгийг Л.Ж-д олгосон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 3-4 хуудас/

Иймд Л.Ж-ыг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсныг шүүх тогтоож, Нийслэлийн боловсролын газраас нийт 4,638,320 төгрөгийг Л.Ж-д олгосон байх тул төрөөс уг олгосон хэмжээгээр төрд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, хариуцагч Ж.Гас 4,638,320 төгрөгийг гаргуулж Нийслэлийн боловсролын газарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 0000дүгээр шийдвэрийн дагуу Л.Ж-д олгох 9,899,944 төгрөгийг хариуцагч Ж.Г 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Ж-д төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул 9,899,944 төгрөгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /х.х-ийн 85 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г-с төрд учруулсан хохиролд 4,638,320 төгрөгийг гаргуулж Нийслэлийн боловсролын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,900,003 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ж.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 89,163 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ              Ц.ОЮУНБИЛЭГ