| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0383/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/386 |
| Огноо | 2024-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/386
2024 05 13 2024/ШЦТ/386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Г.Гармаа,
шүүгдэгч Ү.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Бд холбогдох эрүүгийн “2411 00000 0489” дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.Б нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Улсын их дэлгүүрийн автобусны буудал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Быг "тамхи асуулаа гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хавирч унагаасны улмаас зүүн дээд 1-р шүдний эмтрэл, хүзүү, зүүн тохой, шодойнд зулгаралт, хамрын нуруу, зүүн самсаа, шодойнд цус хуралт, зүүн цавинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ү.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ү.Б нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Улсын их дэлгүүрийн автобусны буудал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Быг "тамхи асуулаа гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хавирч унагаасны улмаас зүүн дээд 1-р шүдний эмтрэл, хүзүү, зүүн тохой, шодойнд зулгаралт, хамрын нуруу, зүүн самсаа, шодойнд цус хуралт, зүүн цавинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7, 31 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3822 дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
хохирогч Д.Бын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 52,59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ү.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б эмчилгээний зардалд 1.050.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ү.Б нөхөн төлсөн, хохирогч Д.Б нь гомдол саналгүй /хх-ийн 52-53, 59-60 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч Ү.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа “шүүгдэгч Ү.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Бын хувьд хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч Ү.Бийн зорчих эрхийг хязгаарлаж зохисгүй үгээр хараан доромжилж, шалтгаангүй тамхи нэхсэн зэрэг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ.
Шүүгдэгч Ү.Бийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан боловч гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэв.
Шүүгдэгчийн хувьд дээрх гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал болон мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан улсын яллагчийн санал гаргаснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ү.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР