| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/04001/И |
| Дугаар | 183/ШШ2021/01066 |
| Огноо | 2021-05-17 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2021/01066
2000 оны 05 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2000/00066 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 00 дүгээр байр, 00 давхар, 0000 тоотод байрлах, А.Ч.Б УТҮГ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Женерал таун, 000 дүгээр байр, 00 тоотод байрлах, Д.И ХХК /РД:0000000/-д холбогдох,
9,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Р.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Б.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2000 оны 04 дүгээр сард Дөрвөн-Ивээл ХХК-ийн газар эзэмших хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2000 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 00 дугаартай Эрх олгох тухай, 2000 оны 4 дүгээр сарын 29- ний өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 00 дугаартай захирамжаар 1,5 га газрыг Үйлдвэр, агуулахын барилга байгууламжийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Захирамжуудыг үндэслэн 2000 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 00/000 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 000 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.
Гэвч 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/00 дугаартай захирамжаар Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан.А.Ч.Б нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Д.ИХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, мөн гэрээний 4.3-т .. газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж ...зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж зааснаар газрын төлбөрийн хуваарийн дагуу 2001 оны 1,360,000, 2002 оны 3,360,000, 2003 оны 3,360,0000, 2004 оны 1,680,000 нийт 9,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... 2000 оны 4 дүгээр сарын 20-нд гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ нэхэмжлэгч зөрчсөн. Гэрээний 2-т газрын байршил, кадастрын зургийг баталсан зургийг хавсаргахаар заасан боловч акт гэхэд ч хэцүү, кадастрын зураг ч биш баталсан хүний гарын үсэг зураагүй. Кадастрын зургийг баталж газар эзэмшигчид өгөөгүйгээс гадна, газрыг мөн газар эзэмшигчид хүлээлгэн өгсөн акт байхгүй. Гэрээгээр нэхэмжлэгч дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж, үйл ажиллагаа явуулах боломжоор хангах үүрэг хэрэгжүүлэхээр тохиролцсон боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй. Агуулга, үйлдвэрлэлийн зориулалтаар газрыг ашиглах боломжийг нэхэмжлэгч бүрдүүлээгүйгээс газрыг ашиглаж чадаагүй. Нэхэмжлэгч өөрийн үүргийг бүрэн биелүүлээгүй. 2004 онд гэрээ цуцлах санал гаргаснаас хойш шүүхэд шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна ..." гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2000 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А.Ч.Б УТҮГ нь 1.5 га газрыг 15 жилийн хугацаагаар, жилийн 3,360,000 төгрөгийн төлбөртэйгөөр эзэмшүүлэх, Д.ИХХК нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасаар газрын төлбөрийг шаардах эрхтэй.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид татвар гэх/-аас бүрдэнэ, мөн хуулийн 7.2.18-нд зааснаар газрын төлбөр нь татварын төрөлд байхаар заажээ.
Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 15.2-д Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй гэж тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд газрын төлбөр нь Монгол улсын татварын бүрэлдэхүүн байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна.
Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ цуцлагдсан зэрэг үйл баримтад маргаагүй, харин ...А.Ч.Бийн захирагчийн алба хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаа явуулах дэд бүтцээр хангах үүргээ биелүүлээгүй, Иргэний хуульд зааснаар гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан тул Д.ИХХК нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулсан 2000 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмшүүлэх 00/000 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөхөөр гэрээний талууд тохиролцсон бөгөөд уг газрыг ашиглах боломжийг бүрдүүлэхээр талуудын хооронд 2000 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын 000 дугаартай гэрээг мөн байгуулсан байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах, мөн гэрээний 2.4-д нийт 350,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар нэхэмжлэгч тус тус үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийн хүрээнд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн 6 кв-ын ЦДАШ, 6/0.4 кв-ын дэд өртөөг ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авсан болох нь улсын комиссын актаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан тул зохигчид дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч, хариуцагч аль аль биелүүлэх үүрэгтэй. Иймээс нэхэмжлэгч цахилгаан хангамжаар газар эзэмшигчийг хангаснаас өөрөөр хөрөнгө оруулалтыг бүрэн хийгээгүйгээс газар эзэмшигч газрыг ашиглах, эзэмших эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрэн бүрдүүлээгүйг шүүх харгалзан газрын төлбөрийг 50 хувиар бууруулах нь шударга ёсонд нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл газрын төлбөрт хариуцагчаас 4,880,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,880,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,030 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг үндэслэн шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар хариуцагч Д.И ХХК-иас газрын төлбөрт 4,880,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,880,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасанчлан тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ