| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 101/2021/00121/И |
| Дугаар | 183/ШШ2021/01022 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2021/01022
2021 оны 05 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2021/01022 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, зүүн салаа, одонтын 00-00 тоотод оршин суух, Г. Б овогт Э.У/РД:УП00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, зайсан гудамж 00 дүгээр байр, 0а, тоотод оршин суух, М овогт Т-Ө. М-И /РД:ЧМ00000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 1,225,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй 556,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.У, хариуцагч Т. М-И нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Э.У миний бие 2020 оны 7 дугаар сарын 17-нд Орон сууц хөлслөх гэрээг 1 жилээр хийж тухайн байранд амьдарсан. Гэтэл халаалт, дулаан ирснээр уг орон сууцны ашиглалтын зардал аж ахуйн нэгжийн зориулалтаар, конторын зөвхөн зардал нь 11 сард 116,422 төгрөг гарснаар бид мэдсэн. Орон сууцыг хөлслөхөд хариуцагч Т. М-И-тэй огт уулзаж байгаагүй. Туслах буюу нарийн бичиг нь гээд нэг эмэгтэйдээ уулзаж, уг эмэгтэй байрыг надад хүлээлгэж өгсөн. Би гэр бүлээрээ уг орон сууцанд амьдархаар түрээсэлсэн. Ашиглалтын зардал нь аж ахуйн нэгжийн зориулалтаар тооцож авдаг тухай мэдээд байр хүлээлгэж өгсөн эмэгтэйн *******дугаарын утсаар би мэдэгдсэн. Бидэнд орон сууцанд ороход ашиглалтын зардал нь аж ахуй нэгжээр тооцдог гэж огт хэлээгүй, шүүх хурлын үед хариуцагч ч өөрөө үүнийгээ мэдэхгүй байна. Би төрчихсөн нялх хүүхэдтэй, нөхөр маань ганцаараа ажил хийдэг орон сууц түрээсэлж суугаад, дээр нь аж ахуй нэгжээр тооцсон өндөр ашиглалтын зардал төлөөд цааш орон сууцыг түрээслэх боломжгүй болсон. Ингээд ашиглалтын зардлыг аж ахуй нэгжээр авдаг талаар анх мэдэгдээгүй тул орон сууцнаас гарах тухайгаа туслах эмэгтэйд нь хэлэхэд гарч болно, зөрүүг тооцож өгнө гэж хэлснээр 12 дүгээр сарын 14-нд байрыг сулласан. Бид зун уг байранд орсон тул байрны халаалтыг мэдэх боломжгүй байсан. Гэтэл түрээсэлсэн байрны маань жижиг өрөөний халаалт нь маш муу, хүйтэн байсан. Энэ тухай туслах эмэгтэйд нь удаа дараа хэлж байсан боловч засаж өгөөгүй тул жижиг өрөөгөө хаагаад том өрөөнд нь бөөнөөрөө амьдардаг байсан. Анх орон сууцыг түрээслэхэд орон сууц засвар байхгүй ханын будаг ховхорсон, тавилга тогтоогоод хана нь энэ тэндгүй нүхтэй, тааз нь харлаад тортог болчихсон байсан. Миний хувьд төрөх гээд шинэ хүнээ хүлээж авах гэж байсан тул байранд засвар хийж өгөх талаар санал тавихад боломжгүй гэсэн. Харин байрны засварыг өөрсдөө хийхээр тохиролцож гэрээнд тусгасан. Ингээд уг орон сууцанд бид хүн гуйж засвар хийлгэсэн. Таазын эмульсдэж, ханын обойдсон. Хариуцагчид 6 сарын төлбөр 3,000,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөг төлсөн. Байрыг 5 сар түрээсэлж суусан тул үлдэх нэг сарын төлбөр 500,000 төгрөг барьцаа 500,000 төгрөг, засвар хийсний зардал болох 250,000 төгрөгийн 50 хувь болох 125,000 төгрөг нийт 1,125,000 төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд хариуцагч 450,000 төгрөг төлсөн тул үлдэх 675,000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа 450,000 төгрөгөөр багасгаж байна... гэжээ.
Хариуцагч Т. М-И шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний Чингэлтэй дүүрэгийн 5-р хороо, 0-0 байрны 000 тоот, 2 өрөө орон сууцыг Э.У-тай 2020 оны 7 дугаар сарын 17-нд 0/Б-000 тоот Орон сууц хөлслөх гэрээг байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 17-нд байрыг иргэн Э.У-д хүлээлгэн өгсөн. Гэрээний 1.1 заалтын дагуу орон сууцны 1 сарын хөлслөх төлбөр нь 500,000 төгрөг, нэг жилийн хугацаатай бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 17 хүртэл хийгдсэн. Э.У нь 2020 оны 12 дугаар сарын 17-нд өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлан, байрыг хүлээлгэн байрнаас гарсан. Байр маань хана тааз зэргээ германы эмульсээр будсан маш цэвэрхэн байр байсан. Гэтэл байраа хүлээн авахад анх хүлээлгэн өгсөн үеэс эрс дордсон, хананы эмульс дээр обой наасан, обойгоо наахдаа буруу нааснаас хаа сайгүй салж салбарсан, обой нь салахдаа хананы цаад замаскийг сууриар нь олон газар хуулснаас дахин бүтэн замаскдах, тааз, цонх зэргийн эмульсийг норгож халтартуулснаас дахин будах, ариун цэврийн өрөөний зарим плита хагарсан, ариун цэврийн өрөөний суултуурын тагийг хагалсан, холигч эвдэрсэн зэрэг цаашид дахин түрээслэхийн тулд бүгдийг засах шаардлагатай болсон байсан. Тиймээс гэрээний 1.6, 2.5-д заасны дагуу буцаан засах зардлыг нь Э.У-гаас гаргуулах ба материалын зардал нь 300,000 төгрөг, заслын ажлын хөлс нь 250,000 төгрөг, нийт 550,000 төгрөгийн зардал буцаан засахад гарах юм байна гэж харилцан тооцож гэрээний дагуу Э.У-гаас гаргуулж засуулахаар тохирсон. Э.У нь 2020 оны 7 дугаар сарын 17-оос нийт 3 удаагийн шилжүүлгээр 3,500,000 төгрөг өгсөн. Үүнээс нийт 5 cap байранд амьдарсан тул гэрээний төлбөр 5 cap х 500,000төгрөг=2,500,000 төгрөг болсон ба үлдсэн 1,000,000 төгрөгөөс тохирсны дагуу сэргээн засах төлбөрт 550,000 төгрөгийг суутган авч 450,000 төгрөгийг Э.Уд шилжүүлсэн. Гэтэл Э.У нь нэхэмжлэлдээ мөнгө буцаан аваагүй хэмээн илт худал нэхэмжлэл гаргасан байгаад үнэхээр гайхаж байгаа ба худлаа нэхэмжлэл гаргасан Э.Уд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шүүхээс хүсэж байна. Байрыг сэргээн засахад нийт 856,000 төгрөгийн зардал гаргасан нь 306,000 төгрөгөөр илүү гарч би хохирсон. Э.У нь гэрээний 3.4, 3.6, 1.6,2.2.5, 2.2.9 тус тус заалтуудыг зөрчсөн боловч өөрийнх нь хүсэлтээр ямар нэгэн төлбөр аваагүй. Э.У өөрөө засвар хийсэн 250,000 төгрөгийн 50 хувь 125,000 төгрөг нэхэмжилсэн нь гэрээний 2.2.8 заалтыг зөрчиж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Байрны маань засварын ажил 2020 оны 12 дугаар сарын 20-оос эхэлсэн боловч карентинаас шалтгаалж, мөн ханын замаск өвөл хийх шаардлагатай болсноос хатахгүй байсан зэргээс шалтгаалж 2021 оны 01 дүгээр сарын 15 хүртэл нийт 25 хоног хийгдсэнээс шалтгаалж нийт 420,000 төгрөгийн хөлслөх орлого алдаж би нэмж хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан тайлбар:
Хариуцагч Т. М-И шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 0/Б-000тоот Орон сууц хөлслөх гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 17-нд орон сууцыг хөлслөгч хүлээлгэн өгсөн. Орон сууц хөлслөх нэг сарын төлбөр 500,000 төгрөг, гэрээний хугацаа 1 жил, төлбөрийг бүрэн төлж орон сууцыг Хөлслүүлэгчээс актаар хүлээн авсан өдрөөс эхлэн тооцно гэж 2021 оны 7 дугаар сарын 17 хүртэл гэрээ хийгдсэн.
Байр маань хана тааз зэргээ германы эмульсээр будсан маш цэвэрхэн байр байсан. Гэтэл байраа хүлээн авахад анх хүлээлгэн өгсөн үеэс эрс дордсон, хананы эмульс дээр обой наасан, обойгоо наахдаа буруу нааснаас хаа сайгүй салж салбарсан, обой нь салахдаа хананы цаад замаскийг сууриар нь олон газар хуулснаас дахин бүтэн замаскдан засах шаардлагатай болсон. Тааз, цонх зэргийн эмульсийг норгож халтартуулснаас дахин будах шаардлагатай болсон. ОО-ын өрөөний зарим плита хагарсан, ОО-ын суултуурын тагийг хагалсан, холигч эвдэрсэн зэрэг цаашид дахин түрээслэхийн тулд бүгдийг засах шаардлагатай болсон.
Тиймээс гэрээний 1.6, 2.2.5-д заасны дагуу гэрээний хугацаа дуусахад Хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж, ашигласнаас үүссэн засвар, эвдрэл гэмтлээс шалтгаалан Хөлслүүлэгч талын эд хөрөнгөнд гэмтэл учирсан тохиолдолд Хөлслөгч тал хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулах эсвэл Хөлслүүлэгч тал хохирлоо барагдуулахдаа барьцааны мөнгийг ашиглах эрхтэй ба хүрэлцэхгүй бол хөлслөгчөөс нөхөн төлөхийг шаардах эрхтэй. 2.2.5-д Орон сууцыг ердийн элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй. Үүнээс учирсан хохирлыг Хөлслөгч тал нөхөн төлнө, буцаан засах зардалд материалын зардал нь 300,000 төгрөг,заслын ажлын хөлс нь 250,000 төгрөг ,нийт 550,000 төгрөгийн зардал буцаан засахад гарах юм байна гэж харилцан тооцож гэрээний дагуу Э.Угаас гаргуулж засуулахаар тохирсон. Би байраа сэргээн засахад 856,000 төгрөгийн зардал гаргасан нь Э.Угаас суутгаж авсан төлбөрөөс 306,000 төгрөгөөр илүү гарч би хохирсон.
Гэрээний 3.4-т Гэрээг аль нэг талын бичгээр гаргасан саналыг үндэслэн цуцлах ба гэрээг цуцлахаас 30 хоногийн өмнө тухайн тал нөгөө талдаа мэдэгдэнэ, гэрээг цуцлахдаа 30 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэх ёстой байтал 2020 оны 12 дугаар сарын 5-нд буюу 12 хоногийн өмнө мэдэгдсэн нь гэрээг зөрчсөн. 3.6-д Гэрээг хөлслөгч тал хугацаанаасаа өмнө цуцалбал,мөн 3.4-д заасан заалтыг зөрчиж цаг тулгаж мэдэгдэх, мөн 3.5-д заасан заалтууд гарсан тохиолдолд 15 хоногийн орон сууцны төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг хөлслүүлэгч тал үл маргах журмаар барьцааны мөнгөнөөс суутгаж авна гэсний дагуу 250,000 төгрөгийг гаргуулах,
Гэрээний 1.6, 2.2.5, 2.2.9-д хөлслөгч нь түрээсийн байрыг ердийн элэгдлээс илүүгээр муутгасан, Хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барилгын хэв загварыг өөрчилсөн, зассан, зохион байгуулалтыг өөрчилснөөс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэснийг тус тус зөрчин байрыг минь илтэд муутгасан зэргээр Э.У-гаас нийт 556,000 төгрөгийг нэхэмжилж байна. Орон сууцны ашиглалтын зардал хэт өндөр гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Айл өрхөөр юм уу аж ахуй нэгжийн тарифаар тооцдог аль нь эсэхийг мэдэхгүй. Мөн ашиглалтын зардлыг Засгийн газар даахаар болсон тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.
Нэхэмжлэгч Э.У сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: ... Орон сууцанд дулаан ирснээр орон сууцны ашиглалтын зардал аж ахуй нэгжийн тарифаар бодогддог болохыг мэдсэн. Гэрээ анх хийхэд энэ тухай хөлслүүлэгч надад огт хэлээгүй. Ашиглалтын зардал өндөр байгаа тул хөлслөх боломжгүйгээ хэлэхэд байр хүлээлгэж өгсөн эмэгтэй зөвшөөрөөд байрыг суллаж өг гэсэн дагуу гарсан. Намайг байр хөлсөлж байх үед засгийн газрын шийдвэр гараагүй байсан тул өндөр үнэтэй ашиглалтын зардлаа би төлсөн. Анх байр хөлслөхөд ашиглалтын зардал аж ахуй нэгжээр тооцогддог гэдгийг мэдэгдсэн бол байрыг хөлслөхгүй байх байсан. Иймээс гэрээ хариуцагчаас шалтгаалж цуцлагдсан тул гэрээ хугацаанаас өмнө цуцалсан төлбөр 250,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг түрээслэхэд орон сууц засвар хийгээгүй ханын будаг энэ тэндээ ховхорсон, тавилга тогтоогоод хана нь энэ тэндгүй нүхтэй, тааз нь нилдээ харлаад тортог болчихсон, нэг цонх нь хагархай байсан, нойлын суултуур нь таггүй байсан тул би өөрөө таг авч тавьсан, миний авсан таг тул үнийг төлөх үндэслэлгүй. Миний хувьд байрны тааз хар байсныг цагаан болгож эмульсдэж өгсөн, обойг хүнээр наалгуулсан. Жижиг өрөө нь халаалт муу тул том өрөөнд бөөнөөрөө байсан, гал тогооны угаалтуур ч байхгүй тийм байр байсан. Байрыг хүлээж авсан байдлаас нь дордуулсан гэж үзэхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У хариуцагч Т. М-И-эд холбогдуулан 1,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 450,000 төгрөгөөр багасгаж үлдэх 675,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч Т. М-И нэхэмжлэгч Э.У-д холбогдуулан 556,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зармыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 хороолол Их тойруу гудамж *** байр, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 000тоот орон сууцыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцож, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулжээ. /х.х-ийн 3-4 хуудас/
Дээрх орон сууц нь З.Т-Ө нэг иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /х.х-ийн 78 хуудас/
Өмчлөгч З.Т.Ө 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Т. М-Иэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 хороолол Их тойруу гудамж *** байр, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 000тоот орон сууцыг бусдад хөлслүүлэх, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах, захиран зарцуулах, тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар бүрэн төлөөлөх итгэмжлэлийг олгосны үндсэн дээр хариуцагч Т. М-И орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгч Э.Утай байгуулсан байна. /х.х-ийн 77 хуудас/
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч Т. М-И гэрээнд заасан нэг жилийн хугацаанд нэхэмжлэгч Э.Уд хүн амьдрах зориулалттай орон сууцыг ашиглуулах зорилгоор нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж, нэхэмжлэгч орон сууц ашигласан хугацааны төлбөрийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч Э.У ... Анх орон сууц засваргүй, хана нь энэ тэндээ будаг нь ховхорсон, тавилга тогтоосон нүхтэй, цонх нь хагарсан, тааз нь харласан тортогтой байсан тул засвар хийж өгөх санал тавьсан боловч өөрсдөө засвар хий гэж зөвшөөрөл өгсний дагуу засвар хийсэн. Амьдрах зориулалтаар орон сууц хөлсөлсөн боловч ашиглалтын зардал нь аж ахуй нэгжээр тооцдог болохыг мэдсэн. Хөлслөгч гэрээ байгуулахад орон сууцны ашиглалтын зардлын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй, энэ тухай байранд оруулсан эмэгтэйд хэлэхэд байрыг суллаад гарч болно гэсэн тул гарсан. Хөлслүүлэгчид анх орохдоо 6 сарын төлбөр 3,000,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн, орон сууцыг 5 сар хөлсөлсөн тул үлдэх 500,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг, мөн орон сууцанд засвар хийхэд гарсан зардал 250,000 төгрөгийн 50 хувь 125,000 төгрөг, нийт 1,125,000 төгрөгөөс хариуцагч шүүхийн шатанд 450,000 шилжүүлсэн тул үлдэх 675,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.
Зохигч 000тоот орон сууцыг 5 сар Э.У хөлсөлсөн, орон сууцанд анх ороход 6 сарын төлбөр 3,000,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөгийг хөлслүүлэгч Т. М-Иэд төлсөн, орон сууцанд засвар хийх зөвшөөрөл өгсөн талаар маргаагүй байна.
Харин хариуцагч Т. М-И ... хөлслөгч Э.У орон сууцны хананд обой нааж барилгын хэв загварыг өөрчилсөн, засварыг барилгын стандартыг дагуу хийгээгүйгээс дахин засвар хийсэн, ашиглалтын зардлыг Засгийн газраас даасан тул үндэслэлгүй, орон сууцны зориулалттай орон сууц, ашиглалтын зардал нь айл өрхөөр эсэх, аж ахуй нэгжээр эсэхийг сайн мэдэхгүй, өөрийнхөө ашигласан зардлыг төлөх үүрэгтэй, гэрээнд заасан хугацаанаас өмнө орон сууцнаас гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-д Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан байх тул энэ хуулийн эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт нэгэн адил хамаарахаар хуульчилжээ.
Мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар буюу хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй байна.
Учир нь Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.1-д орон сууц хөлслөх төлбөр нэг сарын 500,000 төгрөг, 1.2-д орон сууц хөлслөх төлбөр дээр нэмж цахилгааны төлбөр, цэвэр усны, дулааны, .... бусад зардлуудыг Хөлслөгч өөрийн хэрэглэсэн хэмжээгээр сар бүр Орон сууц хөлсөлсөн төлбөр дээр нэмж төлөхөөр харилцсан тохиролцсоноос дүгнэвэл гэрээний үнэ нь сар бүрийн суурь төлбөр 500,000 төгрөг дээр өөрийн хэрэглэсэн хэмжээний ашиглалтын төлбөрийн нийлбэр байхаар тохиролцжээ.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 хороолол Их тойруу гудамж *** байр, эрхийн бүртгэлийн Ү-0000000000дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө нь 401, 402, 403, 404, 405, 406, 407 тоот, нийт 302,06 м.кв талбайтай өмчлөх эрхийн нэг гэрчилгээ олгогдсон байх ба ашиглалтын зардал тооцох толгой нэг тоолууртай, айл өрх тус бүрээрээ ашигласан зардал нь гардаггүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 67 хуудас/
Тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4198 дугаар захирамжийн дагуу ашиглалтын зардал тооцдог орон сууцны контор болох Очгялс Өргөө ХХК-иас тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00/00тоот албан бичигт Очгялс өргөө ХХК нь Номноц ХХК-тай байгуулсан гэрээний дагуу сар бүр дээрх байрны тооцоог толгой тоолуураар тооцоо хийж төлбөр авдаг байсан тул айл өрх тус бүрээр тооцоо хийгдээгүй болно гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Мөн 000тоот орон сууцны ашиглалтын зардал 2020 оны 7 сараас 2020 оны 12 сар хүртэл айл өрхөөр тооцсон бол нийт 395,042 төгрөгийн зардал гарах байсан гэж тооцооллыг шүүхэд ирүүлжээ. /х.х-ийн 68 хуудас/
Тэгвэл уг 000тоот орон сууцны зардал нэг толгой тоолуураараа тооцогдон 7 сард 930,344 төгрөг, 8 сард 1,005,187 төгрөг, 9 сард 1,663,184 төгрөг, 10 сард 1,124,891 төгрөг, 11 сард 3,313,074 төгрөг, 12 сард 3,695,567 төгрөгийн ашиглалтын зардал гарсан байна. /х.х-ийн 69-74 хуудас/
Нэхэмжлэгч өөрийн ашиглалтын зардлыг хэрэглэсэн хэрэглээгээрээ төлөхөөр гэрээгээр тохиролцсон боловч нийтийн нэг тоолууртайгаас хэрэглээний зардлаа хэрэглэсэн хэмжээгээрээ төлөх боломжгүй, нэгдсэн нэг тоолууртай байгаагаас бусад айлын хэрэглээний зардлыг хуваан төлөх байдал нэхэмжлэгчид үүссэн байна. Иймээс хариуцагч хөлслөгчийг хэрэглэсэн хэрэглээгээрээ төлбөрөө төлөх нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хөлслөгч бусдын ашиглалтын зардлыг хуваан төлөх үндэслэлгүй тул ашиглалтын төлбөр төлөхөөс татгалзаж, нэхэмжлэгч Э.У гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна
Иймд нэхэмжлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй байх тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, суугаагүй хугацааны төлбөр, барьцаа төлбөрөө хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагч Т. М-Иээс 550,000 /1,000,000 -450,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлсүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслөгч буюу Э.У байрны засварыг өөрөө хийхээр хөлслүүлэгч буюу хариуцагч Т. М-Итэй тохиролцсон байна. /х.х-ийн 4 хуудасны ар/
Нэхэмжлэгч Э.У өөрийн амьдрах нөхцөлийг ая тухтай байлгах үүднээс хөлслөн сууж буй орон сууцанд хийсэн засварыг зайлшгүй зардал гэж шүүх үзэх үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Сөрөг шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Э.У хариуцагч Т. М-Иээс орон сууц хүлээж авсан үеийн фото зурагт хийсэн үзлэгээр ... гал тогооны хэсгийн ханын будаг ховхорсон, харласан, шалны доод хүрээ гэмтсэн, эсрэг талын ханын будаг ховхорсон, харласан, хана тавилга тогтоосон нүхнүүдтэй, нэг цонх хагархай, ванны өрөөний шүршүүрийн доод хэсгийн плита хагарсан, нойлын суултуур таггүй, сангийн хоолой ил, өөдөөс харсан босоо ханын доод булангийн плита хагархай, тааз тортогтой гэж тэмдэглэлд тусгагдсан /х.х-ийн 88 хуудас/ бол хариуцагч Т. М-Иэд нэхэмжлэгч Э.Угаас орон сууц хүлээлгэж өгсөн үеийн фото зурагт хийсэн үзлэгээр ... гал тогооны ханын шалны доод хүрээ гэмтсэн, орж ирсэн хаалганы баруун талын обой зарим хэсгээр хуурсан, орон сууцны тааз цэвэрхэн, нэг цонх хагархай, цонхны доод талын обой хуурсан, ванны өрөөний шүршүүрийн доод талын плита хагархай, сангийн хоолой ил, нойлын суултуурын таг хагарсан... гэж тэмдэглэлд авагдсан байна. /х.х-ийн 101 хуудас
Үзлэгийн тэмдэглэлээс харьцуулалт хийхэд орон сууцны ханын будаг ховхорсон нөхцөл байдал, обойн зарим хэсгээрээ хуурсан байдалтай байрны засвар солигдсоноос бусдаар уг орон сууцыг анх хүлээлгэж өгснөөс ердийн элэгдлээс муутгасан зүйл үзлэгээр тогтоогдохгүй байна.
Хариуцагч өөрийн татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх хүсэлтийг шүүхэд хариуцагч гаргаагүй. Шүүх уг обой зарим хэсгээр хуурсан нь барилгын заслын ажлыг стандартын дагуу хийгдээгүй гэж шууд үзэх боломжгүй байна. Учир нь орон сууцны халаалтын доголдлын талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй бөгөөд орон сууцны дулаан алдалт, агааржуулалтын системийн улмаас обой хуурсан эсэх, эсвэл барилгын засварыг стандартын дагуу хийгээгүйгээс обой хуурсан эсэхийг шүүх энгийн нүдээр хараад шууд тогтоох боломжгүй юм.
Мөн Зарлагын баримт нь тамга давхар дарагдсан хэн худалдаж авсан нь тодорхойгүй, төлбөр төлсөн баримт байхгүй баримтыг нотлох баримтаар шүүх үнэлэх боломжгүй байх тул засвар хийсэн зардал 306,000 төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /х.х-ийн 30,31 хуудас/
Нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд гэрээг цуцалсан байх тул хугацаанаас өмнө гэрээ цуцалсан төлбөрт 250,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 төгрөгийг хариуцагч Т. М-Иээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 125,000 төгрөг, сөрөг шаардлагаас 556,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.2.1-д заасныг тус тус баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 төгрөгийг хариуцагч Т. М-И-ээс гаргуулж нэхэмжлэгч Э.У-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 125,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 556,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 17,330 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Т. М-Иээс 17,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ