Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

                                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, иргэдийн төлөөлөгч Н.Энх-Амгалан, улсын яллагч Г.Эрдэнэ, хохирогч Х.Зоригбаатар, шүүгдэгч М.Золжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чингэлтэй хайрхан овогт Мөнхтуяагийн Золжаргалд холбогдох эрүүгийн 201625010242 дугаартай хэргиийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63-757 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13-334а тоот нийтийн байрыг түрээслэн суудаг, урьд ял шийтгэлгүй Чингэлтэй хайрхан овогт Мөнхтуяагийн Золжаргал /РД:УУ91030713/,

 

Холбогдсон хэргийн талаар:

М.Золжаргал нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13-334А тоотод хохирогч Х.Зоригбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр хэвлий хэсэг рүү нь дэвсэлж, онц харгис хэрцгий аргаар зодсоны улмаас түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Золжаргалын мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Х.Зоригбаатар манайд ирсэн байхдаа хашаанд хүний явдаг зам дээр шээсэн юм. Би яаж байгаа юм бэ гэхэд Зоригбаатар “...яасан сүртэй юм бэ” гээд хараалын үг хэлсэн. Би өмнө нь Зоригбаатарыг ийм үйлдэл гаргахад нь мөн хэлж байсан. Тэгээд би тэр өдөр уурандаа Зоригбаатарыг зодсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоогоор ажилгүй байгаа болохоор төлбөр төлөөгүй. Цаашид эмчилгээний зардлыг төлнө” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Зоригбаатар мэдүүлэхдээ: “Би энэ гэмтлийг авснаасаа хойш байнга эмнэлгээр явж байгаа. Одоогоор өрхийн эмнэлгийн хяналтанд байгаа бөгөөд цөс нугаралттай болсон. Хохирол нэхэмжилсэн боловч гаргаж өгөөгүй. Одоо эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би эрүүл байж байгаад ийм болсондоо гомдолтой байна. Одоо би өмнөх шигээ ажил хийж чадахгүй байгаа” гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтанд сэжигтнээр М.Золжаргалын өгсөн: “…Би Зоригбаатарыг хавсарч унагаагаад дээрээс нь цээж, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө хоёр удаа дэвсэж өшиглөсөн. Энэ үед Зоригбаатарын биед дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.” /хх.48/ гэх мэдүүлэг,

           Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Зоригбаатарын өгсөн: “...Миний бие Нарантуул зах дээр хувиараа тэрэг т

 

үрдэг юм. Золжаргал, Пүрэвзул нар мөн адил тэрэг түрдэг юм..., 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед Золжаргал, Пүрэвзул хоёр ажилдаа явсан бөгөөд би шартаад байсан болохоор унтаад яваагүй юм. Тэгээд байж байтал би 11-н цагийн үед босоод зах руу явж байтал Золжаргал, Пүрэвзул хоёртой таарсан бөгөөд Золжаргал "...шартаж үхлээ, та хоёр нэг шил архи олоод ир" гэхээр нь бид хоёр зах орж нэг шил Монгол Стандарт архи зээлээд Золжаргалын гэрт нь очиж уусан юм. Тэр архийг уучихаад би эргээд унтсан бөгөөд Золжаргал, Пүрэвзул хоёр бараагаа хураах гээд яваад өгсөн. Тэгээд орой 22 цагийн үед Золжаргал, Пүрэвзул хоёр нэг шил "Монгол Стандарт" архи авчихсан хүрч ирсэн бөгөөд тэр архийг нь хувааж уучихаад дахиж нэг шил архи зээлээр авч уусан. Тэгэхэд би нэлээн согтчихсон юм. Би бөөр муутай болохоор архи уухаар шээс байнга хүрдэг юм. Бараг хорин минут тутамд шээдэг юм. Тэгэхэд мөн ойр ойрхон гарч шээсэн бөгөөд би шээхдээ гадаа байсан автомашины хойд талд байсан угаадасны нүх рүү шээтэл байрны эзэн Бааскаа гэх ах харчихаад "...чи жорлон байсаар байтал наанаа шээгээд байхдаа яадаг юм" гэж хэлээд уурлаад миний араас орж ирээд Золжаргалд "...та нар гадаа шээхээ боль" гэх зэргээр хэлчихээд гараад явсан. Тэгтэл Золжаргал сандал дээр чимээгүй сууж байснаа над руу дайраад "...чи муу пизда ер нь яах гээд байгаа юм" гэх зэргээр хэлж байснаа нүүр рүү гараараа цохисон бөгөөд цохих үедээ хавсарч унагаагаад дээрээс хэвлий хэсэг рүү дэвсэж эхэлсэн. Энэ үед би ухаан алдчихсан, нэг сэрэхэд Золжаргал, Пүрэвзул хоёр архи уучихсан сууж байсан. Тэр үед миний элэг хэсгээр маш их өвдөж байсан тул би орилоод "...түргэн дуудаад өг" гэхэд Золжаргал "...манайд хоносон гэж битгий хэлээрэй, гэрийнхэн чинь яагаад нүд ам чинь хөхөрчихсөн юм гэвэл цагдаад зодуулсан гэж хэлээрэй" гэхээр нь би маш их өвдөж, гэрээс нь явмаар байсан тул тэгье, би чамайг хэлэхгүй гэж гуйсан. Тэгэхэд Пүрэвзул "...чи зуу татчихвал зүгээр болно” гээд архи өгсөн. Тэгээд Золжаргал гадагшаа гарч такси барьж ирсэн бөгөөд би Пүрэвзулын өгсөн архийг нь уугаад унтаад өгчихсөн бөгөөд такси ирэхэд нь нойр хүрээд яваагүй юм. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өглөө сэрэхэд архи гарчихсан, бие маш их өвдөөд босч чадахгүй байсан. Тэгэхэд Золжаргал такси барьж ирээд намайг "...чи надад зодуулсан, манайд хоносон гэж битгий хэлээрэй, эрүүлжүүлэхэд хоносон гэж хэлээрэй" гээд гуйгаад байсан. Тэгээд би таксигаар хүргүүлсэн бөгөөд эхнэр Оюун-Эрдэнэдээ болсон явдлыг хэлээд эмнэлэгт очиход элэг хоёр хэсэг хуваасан, цөс нойр булчирхай зэрэг эрхтэн бяцарсан, хоёр хавирга цуурсан, хэвлийн хөндийд 2 литр орчим цус алдсан гээд шууд хагалгаанд орсон..., Тэр өдөр байрны эзэн намайг гадаа шээлээ гэж уурлахад л тэрүүгээр шалтаглаж Золжаргал намайг зодсон байх.., Би Золжаргалд маш их гомдолтой байна.”/хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Пүрэвзулын өгсөн: "...Би Нарантуул зах дээр 2016 оны 10 дугаар сараас хойш тэрэг түрж байгаа юм. Зоригбаатар, Золжаргал хоёрыг таньдаг болоод нэг их удаагүй. Золжаргал захын хойд талд нийтийн байр түрээслэдэг бөгөөд бид гурав өдөртөө очиж хоол унд хийж идэцгээж, хааяа гэрт нь хонож архи уудаг юм. Тэгэхэд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй бөгөөд Зоригбаатар бид хоёр хальт маргалдаад өнгөрсөн. Маргааш нь буюу 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө Золжаргал бид хоёр зах руу очиж бараагаа гаргасан бөгөөд Зоригбаатар "...шартаад байна” гээд унтаад үлдсэн. Золжаргал бид хоёр зах дээр байж байгаад үдээс хойш гэртээ очих замдаа Зоригбаатартай таарсан бөгөөд тэр хоёр дэлгүүрээс нэг шил архи аваад Золжаргалын гэрт нь очиж бид гурав хувааж уучихаад Золжаргал бид хоёр эргэж зах орж бараагаа хураасан. Тэгчихээд орой 20 цагийн үед зах тарж байх үед дахиж хоёр шил архи аваад Золжаргалын гэрт очиход Зоригбаатар сэргэчихсэн байж байсан. Тэгээд бид гурав хоёр шил архиа хувааж уусан бөгөөд би нилээн согтчихсон байсан бөгөөд тасарч унтаж байгаад юм түжигнэх чимээнээр сэрэхэд Золжаргал Зоригбаатарын дээр нь гарчихсан зодож байснаа больчихсон. Золжаргал шээс, баастай холбоотой юм яриад Зоригбаатарыг загнаад байсан. Тэгээд тэр хоёр зодолдохоо больсон бөгөөд Зоригбаатар унтаад өгсөн. Би хажуугаар нь орж унтсан бөгөөд Зоригбаатар унтаж байснаа ёолоод "...би харимаар байна" гээд байсан..., Намайг харахад дээр нь гарчихсан нэг хоёр удаа цохиж байх шиг байсан. Дараа нь би Золжаргалаас "юу болсон юм бэ" гэхэд Золжаргал "...Зоригбаатарыг хавсарч унагаагаад дээрээс нь ганц хоёр дэвсээд нүүр рүү нь өшиглөсөн.” /хх-24-26/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн байцаалтанд гэрч З.Баасанжавын өгсөн: “...Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 13-334а тоот өөрийн хашаандаа нийтийн байр түрээслүүлдэг юм. М.Золжаргал нь одоогоос тав, зургаан сар орчмын өмнө манай нийтийн байрны 3 тоот өрөөг түрээслэж ганцаараа амьдарч байгаа юм. М.Золжаргал нь Нарантуул зах дээр тэрэг түрдэг бөгөөд ганцаараа байхдаа нэг их архи дарс уугаад байдаггүй. Харин түүний найз нар болох Зоригбаатар, Пүрэвзул гэх хоёр залуу ирэхээрээ тэр гурав өдөр шөнөгүй байнга архиддаг юм...., 2017 оны 01 сарын 16-ны өдөр Зоригбаатар, Пүрэвзул нар ирчихсэн байсан бөгөөд тэр гурав архи уусан бололтой согтуу байцгааж байсан. Оройны 19-20 цагийн үед Зоригбаатар нь хашаанд байсан гадны хүний машины урд шээж байхаар нь би "...чи 00-д шээхгүй яагаад ил шээгээд байгаа юм бэ" гэхэд Зоригбаатар "уучлаарай" гэж хэлээд Золжаргалын гэр рүү орчихсон. Тэгэхээр нь би араас нь ороод Золжаргалд хандан "...танай найз чинь хашаанд шээгээд байна, чи энэ хоёрыгоо одоо явуул, байнга архидаж байх юм" гэж хэлээд гэр рүүгээ орсон. Үүнээс цааш юу болсныг нь мэдэхгүй байна” /хх-27/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Оюун-Эрдэнийн өгсөн: “...Х.Зоригбаатар бид хоёр эхнэр нөхрийн харилцаатай юм..., 2017 оны 1 дүгээр сарын 17-ны мягмар гариг буюу зах амардаг өдөр би гэртээ унтаж байтал өдрийн 12 цагийн үед гэрийн хаалга тогшихоор нь хаалга онгойлготол Зоригбаатар зогсож байсан бөгөөд шууд өөдөөс ухаан алдаж унаад ороод ирсэн. Тэгэхэд би "...согтуу байгаа юм болов уу" гэж бодсон бөгөөд 5-аас 10 минутын дараа Зоригбаатар сэрээд "...миний гэдэс өвдөөд байна, түргэн дуудаад өгөөч" гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би түргэн дуудах гэтэл гэрийнхээ хаягийг тодорхой мэдэхгүй байсан тул би өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэг рүү Зоригбаатарыг авч явсан. Зоригбаатар тэгэхэд "Золжаргал намайг зодсон, Пүрэвзул хажууд нь харж байсан" гэж хэлсэн. Тэгэхэд Зоригбаатарын хоёр нүд нь хөхрөөд шанаа нь хавдчихсан байсан бөгөөд гэдэс нь цүрийчихсэн байсан” /хх-29-30/ гэх мэдүүлэг,

                Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1758 дугаар,

  1.                 Зоригбаатарын биед хэвлийн хөндийд цус хуралт, элэгний 4, 3, 2-р симентийн няцрал, ар гадаргуугийн цус хуралт, хэлийн урд хана, бүдүүн гэдсэнд цус хуралт, нойр булчирхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
  2.                 . Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
  3.                 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна,
  4.                 Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

                5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /хх-33/ гэх дүгнэлт,

                 

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Зоригбаатарын биед учирсан гэмтлүүд нь хэвлийн хэсэгт нэг болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогчийн хэвлийн хэсэгт хөлөөр дэвсэж өшиглөх үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой” /хх-38-39/ гэх мэдүүлэг, шүүгдэгчийн зан байдлын талаар гэрч М.Эрдэнэсувдын мэдүүлэг /хх31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

                Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Золжаргалыг 2017 оны 1 дүгээр сарын  16-ны өдөр Баянзүрх дүүргийн  14  дүгээр хороо,  Консулын  13-334А

тоотод хохирогч Х.Зоригбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр хэвлий хэсэг рүү нь дэвсэлж онц харгис хэрцгий аргаар зодсоны улмаас биед нь хэвлийн хөндийд цус хуралт, элэгний 4, 3, 2-р симентийн няцрал, ар гадаргуугийн цус хуралт, хэлийн урд хана, бүдүүн гэдсэнд цус хуралт, нойр булчирхайд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Золжаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Зоригбаатарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1758 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

                 

Иймд шүүгдэгч М.Золжаргалыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал шүүгдэгч М.Золжаргал нь “...хашаанд шээлээ” гэх үл ялих зүйлийг шалтаг болгон хохирогч Х.Зоригбаатарын биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, дээрхи учруулсан гэмтлийн улмаас хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болгосон гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хохирогчийн өвчний түүх /хх56-68/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Золжаргалд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөөгүйг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч Х.Зоригбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 600.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт 319.704 төгрөгийн эмчилгээний баримт /хх69-71/ хавсаргаж өгсөн бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.

Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч М.Золжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Чингэлтэй хайрхан овогт Мөнхтуяагийн Золжаргал нь танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар М.Золжаргалд 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Золжаргалд оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

  4. М.Золжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  

          5. М.Золжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Золжаргалаас 319.704 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Зоригбаатарт /УЗ90021057/ олгосугай.

             7. Хохирогч Х.Зоригбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Золжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.АРИУНХИШИГ

                            ШҮҮГЧИД                                             Ч.АЛТАНЦЭЦЭГ 

                                                                                      Э.ЧИНГИС