Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0037

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.П , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ц.П  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49  дүгээр тушаалаар надад сахилгын шийтгэл оногдуулсан ба уг тушаал нь хууль зөрчиж, миний эрхийг зөрчиж гарсан тушаал гэж үзсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед гоц халдварт өвчин гарахад мэргэжилтний дагуу хуульд заасан бүх арга хэмжээг авсан гэж үзэж байгаа бөгөөд намайг ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Уг тушаал нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1.1, 130.1.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, Захиргааны ерөнхий хуулийн 3, 4 дүгээр бүлгийн 18 зүйл, 52 заалтыг, мөн холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Бог малын мялзан төст өвчинтэй холбоотой асуудлаар намайг буруутгах зорилгоор энэхүү захиргааны хэрэг хэд хэдэн удаа хариуцагчийн гомдлоор Улаанбаатар хотод хянагдаж ирэхдээ намайг буруутай байна гэсэн шийдвэр гараагүй юм. Харин намайг ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх агуулга харагдаж байгаа юм. Ховд аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол, шийдвэрүүд зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа. Намайг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй гэж тайлбарлаж байна. Би өглөө 8 цагаас ажилдаа ирж, орой 17 цагт ажлаасаа тарж байсан. Ажлаа хийгээгүй гэдгийг хэрхэн нотолж байгааг ойлгохгүй байна.

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр малын гоц халдварт мялзан өвчин гарсан гэдгийг тогтоосон. Үүнээс хойш мялзан өвчинтэй холбоотой гарсан албан бичгүүд нь бүгдээрээ миний хийж байсан ажил юм. Хавтаст хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн албан бичиг, холбогдох баримтуудыг би л боловсруулж гаргаж байсан. Үүнийг Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М  боловсруулна гэж байхгүй. Бид тус тусдаа ажил үүрэгтэй хүмүүс. Намайг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж байна. Би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны хооронд 4 сумаар явж ажилласан ажлын тэмдэглэл, тайлан хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тайлан мэдээ, хэлэлцэж байхад Ш.Батсүх дарга индэр дээрээс Дуут суманд сайн ажилласан Ц.П , Оюунчимэг нар нь бусдаасаа илүү ажилласан гэж магтаж байсан. Намайг ажлаа хийгээгүй гэдгийг хэрхэн, ямар баримтаар тогтоосон юм бэ. Тухайн үед мялзан өвчинтэй тэмцэх талаар Засаг даргаас гарч байсан бүхий л захирамжийн төслийг би боловсруулж, аймгийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан.

 Мялзан өвчин нь зөвхөн миний хариуцлагагүйгээс болж гарсан зүйл биш. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гэж тухайн салбар хариуцсан байгууллага бий.

Маргаан бүхий захиргааны акт нь бүхэлдээ миний эрхийг зөрчиж, намайг улс төрийн үүднээс ажлаас халсан гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч юм. Энэхүү засаг төрийн төлөөлөгчийн үүргээ хэрэгжүүлэхэд бодлогын зөвлөгөө, мэргэжил арга зүйн туслалцаа, мэдээллээр хангах чиг үүргийг Засаг даргын Тамгын газар гүйцэтгэдэг.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-4.5.13-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.12-т тусгагдсан чиг үүргээ хэрэгжүүлэхэд аймгийн Засаг даргын туслах, Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Ц.П  хариуцан гүйцэтгэх учиртай. Улсын мал эмнэлэг үржлийн газрын тандалт судалгаа, Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын тайлан мэдээнээс үзэхэд бог малын мялзан өвчин нь 2016 оны 3 дугаар сард Булган суманд гарч 8 сарын байдлаар 11 сумын нутагт тархаж, 995 өрхийн 74183 мал өвчилж, 11869 мал хорогдсон хор уршиг учирсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай 1100847880 төгрөгийн үнэ бүхий 3223000 тун вакцинаар аймгийн хэмжээнд 2850776 малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулсан. Ийм байхад нэхэмжлэгч нь Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, чиглэлээр хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй нь баримтаар хөдөлбөргүй тогтоогддог.

Нэхэмжлэгч Ц.П-д ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан сахилгын зөрчлийн шинж байдал, үр дагавар, ноцтой байдалд нь тохирсон байх хуулийн шаардлага хангасан юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хариу тайлбараа тус хэрэгт олон удаа гаргаж өгсөн. Маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах талаар заасан байдаг. Нэхэмжлэгчийг Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын мэргэжилтний хувьд ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Ажлын байрны тодорхойлолтыг нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг тодорхойлолтод Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг, зорилтыг тодорхой заасан бөгөөд ажлын байрны зорилтын 4 дүгээр зүйлд мал эмнэлэг, үржлийн ажлыг чанаржуулж, малын элдэв төрлийн өвчний тархалт, гаралтыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан.

Мөн ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газар, сумдын хөдөө аж ахуйн ажилтнуудын ажлын биелэлтэд заавар чиглэл өгөх, зохих мэдээллээр хангаж, холбогдох ажлын хүрээнд бичиг баримт боловсруулах, мал сүргийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх ёстой байсан боловч уг чиг үүргийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Учир нь 2016 оны 08 дугаар сарын сүүлээр малын мялзан төст өвчний хүрээнд Ховд аймагт хорио цээр тогтоосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төр, засгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, улс төрийн төлөөлөгч байдаг. Засаг даргын энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхэд бодлогын зөвлөгөө, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын алба буюу Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлдэг. Малын удмын сан эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгээс эхлэн 5 дугаар зүйлийн 5.13 дахь хэсэг хүртэл аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгээс 26.12 дахь хэсэгт зааснаар хүнс, хөдөө аж ахуйн бодлогын мэргэжилтэн нь бодлогын зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангах ёстой.

Мөн хавтаст хэрэгт Хөгжлийн бодлогын хэлтсийн дүрэм нь хавтаст хэрэгт авагдсан. Ц.П  нь малын мялзан төст өвчин гарсан тухайн үед ямар арга хэмжээ авч, бодлогын шийдвэрийн ямар төсөл боловсруулсан эсэх, Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлгүүдийг хэрхэн уялдуулан ажиллуулах талаар ямар бодлогын шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлсэн бэ гэхэд ямар ч бодлогын шинжтэй ажил хийгээгүй байдаг. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиг үүргээ, мөн Засаг даргыг холбогдох мэдээллээр хангаагүй учраас ноцтой хохирол учирсан. Бог малын мялзан төст өвчин нь анх Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумууд болон БНХАУ-ын Шинжаан Уйгарт 2015 онд гарсан байхад Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бодлогын мэргэжилтэн нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байсан. Уг чиг үүргээ хэрэгжүүлээгүй байсан. Анх уг малын өвчин нь 2015 оны 09 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Булган суманд гарсан ба үүнийг нь эрх бүхий байгууллага шалгаж тогтоосон. Булган сумын мал эмнэлгийн ажилтнууд тухайн суманд мал сэжиг бүхий байдлаар олноор үхэж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн газарт хэлсэн ба Хүнс, хөдөө аж ахуйн газар нь тухайн үед уг өвчинтэй тэмцэх талаар ямар нэгэн ажиллагаа хэрэгжүүлээгүй байдаг. Уг өвчин нь цаг хугацаа алдсаны улмаас Ховд аймгийн 11 сумын нутагт тархсан хор уршиг учирсан. Үүнээс үзэхэд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын ажил нь унасан учраас чиг үүргийг хэрэгжүүлдэг газрууд нь уялдаа холбоогүй, малын өвчин илэрсэн тохиолдолд шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авдаггүй нөхцөл байдал харагдсан. Энэ нь бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой юм. Уг малын өвчний улмаас 11000 гаруй мал үхсэн ба үүнтэй холбоотой тайлбаруудыг шүүхэд гаргаж байсан. Бог малын өвчин нь 2016 оны 08 дугаар сард оношлогдоод хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүнээс хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл нэхэмжлэгч нь ямар арга хэмжээ авсан эсэх, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй юм.

Учир нь уг өвчинтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга, орлогч нар нь удаа дараа захирамж, шийдвэрүүд гарсан. Харин нэхэмжлэгч нь бодлогын баримт бичиг боловсруулах гол чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдаг. Эдгээр бодлогын шийдвэр, захирамжуудыг өөр хүмүүс боловсруулж гаргасан байдаг. Уг нь энэ ажил нь нэхэмжлэгчийн хийх ёстой ажил байсан. Энэ талаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс ямар ажил хийсэн талаар үзүүлж, харуулах баримт байна уу гэхэд нэхэмжлэгчид үзүүлэх нотлох баримт байхгүй байсан. Ингээд бог малын өвчин даамжирч, цаг хугацаа алдаж, бодлого унагаасан асуудлын хүрээнд Улсын Онцгой комисс 2016 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд хуралдахдаа ажил хариуцсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуул гэсэн үүрэг өгсөн.

 Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй юм. Ийм учраас маргаан бүхий захиргааны акт буюу тушаал гаргасан. Тухайн үед хүнс, хөдөө аж ахуйн байгууллагуудын уялдаа холбоо алдагдсан гэдэг дээр ямар журам, хуулийн заалт зөрчсөн талаар нотлох баримтаа хангалттай өгсөн. Хамгийн гол нь хорио цээрийн гоц халдварт өвчин илэрснээс хойш ямар арга хэмжээ авч ажилласан бэ гэхэд нэхэмжлэгчийн хувьд хийсэн ажил байхгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.П  нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар уг албан тушаалд жинхлэн томилогдсон ба ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Маргаан бүхий акт гаргахдаа “Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгавар”-ыг хэрэгжүүлэх зорилгоор гэжээ. Улсын онцгой комиссоос ямар үүрэг даалгавар өгснийг хэрэгжүүлээгүй талаар болон хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийн аль хэсгийг хэрэгжүүлэхээр сахилгын арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр мялзан өвчний онош тогтоогдож, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон ба энэ хариуцагчид сахилгын шийтгэл оногдуулсан маргаан бүхий акттай ямар уялдаа холбоотой болох нь тогтоогдохгүй байна.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Эдгээр баримтуудаар Ц.П нь мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь харагдаж байгаа. Маргаан бүхий акт гаргах үндэслэл нь мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлээгүй, уг өвчинтэй тэмцэх чиглэлийн үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлээгүй гэдэгтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Энэ ямар баримтаар нотлогдон тогтоогдож байгаа талаар ямар ч баримт байхгүй, энэ талаар маргаан бүхний актдаа дурдаагүй, нэхэмжлэгч Ц.П-д танилцуулаагүй, учир битүүлэг байдалтай байхад сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу юм.

Нэхэмжлэгч нь үнэхээр албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа юм бол дотоод журамд заасны дагуу тухайн үедээ арга хэмжээ авахгүй яасан юм бэ. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа аймгийн Засаг дарга Д.Галсандондогоос Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.П-д сахилгын шийтгэл оногдуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахыг шаардсан болно гэжээ. Үүнээс үзэхэд аймгийн Засаг дарга шаардсаны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан мэт харагдаж байна.

Ц.П-г ажлаас халсны дараа түүнийг цагдаагаар шалгуулж нэр төрд нь халдсан үйлдэл гарч байсан. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 975 дугаар тогтоолоор батлагдсан “төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ талаарх баримтыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаж тайлбар хийх эрхтэй байдаг. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй, энэхүү журмыг зөрчсөн байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.П  нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны  цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэрэг баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.П нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна. /1-р хх-28, 2-р хх-99/

Нэхэмжлэгч Ц.П-ийн урьд эрхэлж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид хамаарч байх ба 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэжээ.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын Б/49 дүгээр “Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалаар Ц.П-г  төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл холбоотой маргаан үүссэн байна.  

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дугаар “Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалд Улсын онцгой комиссын ажлын хэсгээс өгсөн даалгавар, Хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтуудыг үндэслэн Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халварт  мялзан төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хууль тогтоомж, аймгийн Засаг даргын удаа дараагийн захирамж, ажлын байрны тодорхойлолтод заасан  албан үүргээ  биелүүлээгүй гэх үндэслэлээр Ц.П-д төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.  /1хх-6/

1.Нэхэмжлэгч нь хариуцагчаас захиргааны акт гаргахдаа мэдэгдээгүй талаар тайлбарлаж байна.

Захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулдаг.

Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж  эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл  түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд  маргаан бүхий Б/49 дугаар тушаал нь  Ц.П-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр  дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дугаар сөрөг нөлөөлөл бүхий тушаалыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Ц.П-д шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлээгүй, шийдвэрт хяналтын дагалдах хуудас байхгүй байгаа зэргээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/2130 дугаар албан бичиг, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна./1хх-85,86/

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2.5-д “ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх “, 4.2.6-д “ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцэхгүй байна.

Мөн хариуцагчийн Б/49 дугаар тушаал нь захиргааны актад хамаарч, бичгээр гаргах Захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байвал зохих бөгөөд маргаан бүхий Б/49 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн бичгээр гаргасан захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2.Хариуцагч маргаан бүхий актад Улсын онцгой комиссын ажлын хэсгээс өгсөн даалгавар, Хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэсэн тухайд:

Хариуцагч “Улсын онцгой комиссоос томилогдсон Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан  ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн өргөтгөсөн  хуралдаанд оролцохдоо .... албан ажилдаа хариуцлагагүй хандаж,  малын гоц халдварт өвчинтэй тэмцэх,  түүнээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг, даалгавар өгсөн тул арга хэмжээ авсан талаараа шүүхэд ирүүлсэн тайлбартаа тайлбарлажээ. /1хх-21,22/

Ховд аймгийн онцгой комиссын  4-р хурал 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болсон байна. /3хх-234/ Тус хуралд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле оролцож “...Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжлийн хяналтын газрын дарга нарт хариуцлага тооцож ажиллах, .... мөн Эрүүл мэндийн газрын даргад хариуцлага тооц. Надад эргэж мэдэгдэх ” талаар хэлсэн бөгөөд аймгийн Онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар хуралд аймгийн Засаг даргын зүгээс “Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга,  мал эмнэлгийн дарга нарыг ажлаас чөлөөлсөн. Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар нь босоо удирдлагатай тул хариуцлага тооцож болохгүй байгаа талаар  танилцуулсан  /3хх-239/  болох нь тус хурлын тэмдэглэлээр нотлогдох ба уг хуралд нэхэмжлэгч Ц.П-д хариуцлага тооцох  талаар хэлэлцээгүй байна. 

Мөн тушаалд  Хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэл болгосон бөгөөд  Ховд аймгийн Засаг дарга нь тус аймагт  2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр малын гоц халдварт мялзан төст өвчин оношлогдсоноос хойш 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/418 “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” /2хх-46/, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/443 дугаар “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” /2хх-54/ мөн өдрийн А/444 дугаар “Зарим сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” /2хх-56/ зэрэг захирамжуудыг гаргасан байх ба эдгээр захирамжуудад нэхэмжлэгч Ц.П-г албан үүргээ биелүүлээгүйд хариуцлага тооцох  тухай  тусгаагүй байна.

Иймд хариуцагчийн  маргаан бүхий актад үндэслэсэн Улсын онцгой комиссын ажлын хэсгээс өгсөн даалгавар, Хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор гэх үндэслэлээр Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

3.Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдварт мялзан төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хууль тогтоомж, аймгийн Засаг даргын удаа дараагийн  захирамж, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй зөрчлийн тухайд:

  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан  мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан байх /1-р хх-8-11/  ба Ц.П-тэй  2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулжээ. /3-р хх138-144/

Үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээнүүд нь ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлын байрны зорилго, зорилтыг хангахад чиглэгдсэн байх ба нийт нийлүүлбэл зохих 5 багц бүхий 27, тусгай захиалгат 2 багц 7, дотоод ажил 2 багц бүхий 5 ажил үйлчилгээ, мэдлэг чадвараа дээшлүүлэх 2 зорилтыг хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан байна.

Ховд аймгийн Булган сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн малын эмч Г.Даваахүү нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус сумын Алагтолгой багийн малчин Даваасүрэнгийн  хотонд баас  алдаж үхсэн 2 настай ямаанаас  дээж авч, онош тогтоолгохоор  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн  ба  уг дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторийн  эмч нар шинжлээд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дотрын халдварт хордлого  гэж оношилсон./1хх-62/

Улмаар мөн суманд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр колибактериоз өвчин /1хх-60/, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  колибактериоз өвчин /1хх-57/, гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн лаборатори, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр колибактериоз, энтеробактериоз гэж /1хх-59/ Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори тус тус оношилж, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 2016 оны 08 дугаар сарын 24-нд бог малын мялзан төст өвчин болох нь оношлогдсон /1хх-45/ байна.

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагч 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21-02/010/196  дугаартай “Бог малын мялзан төст өвчний шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлт гаргаж, дүгнэлтээр Дөргөн, Мянгад сумдад  сумуудын нутагт  хорио цээрийн дэглэм тогтоох, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоолоор батлагдсан “Малын гоц халдварт өвчний оношийг  баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах” журам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Мал эмнэлэг үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан “Бог малын мялзан төст өвчинтэй тэмцэх түр заавар” ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/67 тоот тушаалаар батлагдсан “Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийн заавар”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлэн ажиллан нь зүйтэй талаар тайлбарласан байна. /1хх-152/

 Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 21-02/010/196 дугаар  дүгнэлт гарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/418 дугаар “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжаар   Мянгад, Дөргөн сумдын нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, мөн өдрийн  А/419 дугаар “Шуурхай ажлын хэсэг байгуулах тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/442 дугаар “Шуурхай штаб ажиллуулах тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/443 дугаар “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай”  мөн өдрийн А/444 дугаар “Зарим сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамжуудыг гаргасан байна. /2хх-46-57/

Малын гоц халдварт бог малын мялзан төст өвчин нь Монгол улсад анх удаа оношлогдсон, уг өвчин оношлогдсон үеэс Ховд аймгийн  Засаг дарга,  холбогдох байгууллагуудын зүгээс Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журамд заасан арга хэмжээнүүдийг цаг алдалгүй тухай бүрд нь авч ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдох бөгөөд нэхэмжлэгч Ц.П-г Монгол улсад анх удаа оношлогдсон малын гоц халдварт мялзан төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх,  түүнтэй тэмцэх чиглэлээр  хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ховд аймагт  малын гоц халдварт өвчин оношлогдсоноос хойш гаргасан аймгийн Засаг даргын удаа дараагийн захирамжийг биелүүлээгүй тухайд:

Ховд аймагт мялзан төст  өвчин оношлогдсоноос хойш буюу 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш  Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/418 “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай”, А/419 дугаар “Шуурхай ажлын хэсэг байгуулах тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/442 дугаар “Шуурхай штаб ажиллуулах тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/443 дугаар “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай”  мөн өдрийн А/444 дугаар “Зарим сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” зэрэг захирамжууд гарсан байна.

Дээрх захирамжуудад гүйцэтгэх ажлыг хариуцах эзэнтэй нь зааж өгсөн  байх бөгөөд хариуцагчаас “....уг захирамжуудад Ц.П- хариуцуулсан ажил байхгүй гэхдээ  аймгийн хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтний хувьд  бодлогын зөвлөмж өгөх ёстой байсан” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл  уг захирамжуудыг  нэхэмжлэгч Ц.П-г  биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчийг  бодлого барьж ажилладаг мэргэжилтний хувьд  аймгийн Засаг даргад бодлогын зөвлөгөө өгөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч дээрх захирамжуудтай холбоотой тодорхой ямар ажил хийх байсан, дээд шатны албан тушаалтнаас ямар үүрэг чиглэл өгөөд гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй талаар  тодорхойлж, тайлбарлаагүй болно.  

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “...албан үүргээ биелүүлээгүй...” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг  гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгоно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Ц.П-г нь дээд шатны албан тушаалтнаас албан үүрэгтэй нь холбоотой өгсөн үүрэг даалгавар, хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн холбогдох заалтыг хэрэглэх боломжтой бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар  дээрх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргын 2016  оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дугаар “Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.П-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд: 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн  хөдөлмөрийн харилцаатай  холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй  бусад асуудлыг  Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу  ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан  бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Ц.П-ийн  ажилгүй байсан хугацааг  2016 оны 09 дүгээр сарын 30 -ны өдрөөс  энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 13 сар 13 хоногийн /ажлын 247 хоног, нэг өдрийн цалин 26549/ цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6557603 төгрөгийг  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас  гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6557603 төгрөгт нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл ороогүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь  хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэр нь  бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дээрх бүгдээс дүгнээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргын 2016  оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дугаар “Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.П-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Ц.П-д  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6557603 төгрөгийг  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас  гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэр нь  бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргын 2016  оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дугаар “Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.П-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн  тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6557603 /зургаан сая таван зуун тавин долоон мянга зургаан зуун гурав/ төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас  гаргуулж Ц.П-д олгож,  Ц.П-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЯНЖИНДУЛАМ