Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 864

 

      2020        07           02                                           2020/ДШМ/864

Ж.Х /Zhang Hui/, Д.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч, хохирогч Д.Гын өмгөөлөгч Б.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Х /Zhang Hui/, Д.Г нарт холбогдох эрүүгийн 1908033531303 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж.Х  /, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Вү Лан Ча Бү /Wu Lan Cha Bu/ хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа чулуун тавцан хийдэг ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонгол мужийн Шилэн хот аймгийн Эрээн хотын Цэн Жиан хотхон, С5 дугаар байрны 1-2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Монгол Улсад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 34 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, гадаад паспортын дугаар G..................., Монгол Улсад түр оршин суух үнэмлэхийн дугаар C............;

 

2. ............................, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, “Баруун хараа хурд чуулган” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 18 дугаар гудамжны 295 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

Ж.Х нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Баргуужин” ресторанд “олон нийтийн газар тамхи татахаа боль” гэсэн шаадлага тавьсан Д.Гыг эсэргүүцэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн дээд 1 дүгээр бага арааны эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Г нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Баргуужин” ресторанд Сүн Вен Чи /Sun Wenqi/-г “тамхи татлаа” гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн духны дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Х ........ Д.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ........................., Ж.Х ..................... нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Ж.Х /Zhang Hui/-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Ж.Х /Zhang Hui/ нарыг торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Ж.Х /Zhang Hui/ нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г, Ж.Х /Zhang Hui/ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х /Zhang Hui/-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч миний бие болон шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж.Х /Zhang Hui/ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан. Шүүхээс энэхүү ялыг оногдуулахад ялгамжтай хандаж Ж.Х /Zhang Hui/-г 800.000 төгрөгөөр, намайг 1.000.000 төгрөгөөр тус тус торгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Учир нь, шүүхээс анх удаагийн тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсоныг тогтоосон атлаа гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрэн тодорхойлолгүй Галбаатар миний биед шүүхээс 1.000.000 төгрөгийн ялыг оногдуулсан гэж үзэж байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрэн тодорхойлж, миний ажил байдал болон санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг үл хэрэгссэн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Г нь торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг болсноос хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, үүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчаас Д.Гт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн цалин хөлс, орлогыг харгалзан 1.000.000 төгрөгөөр торгож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ж.Х /Zhang Hui/ нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Баргуужин” ресторанд “олон нийтийн газар тамхи татахаа боль” гэсэн шаадлага тавьсан Д.Гыг эсэргүүцэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн дээд 1 дүгээр бага арааны эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Г нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Баргуужин” ресторанд Сүн Вен Чи /Sun Wenqi/-г “тамхи татлаа” гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн духны дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Гын “...Над руу дайрахаар нь би тэр хятадаар яриад байсан Сүн Вэн Чи гэх хүнийг хувцаснаас нь бариад чирээд гараад иртэл нөгөө монголоор яриад байсан Ж.Х гэх хятад нь “ална шүү” гээд миний толгой руу шилээр цохисон. Намайг газар уначихаад босох үед Энхтайван орж ирсэн. ...Миний хамрын дээд хэсэг дух орчимд тэр Ж.Х гэх хятад нь шилээр цохиж гэмтээсэн. Мөн миний шанаа руу хэд хэдэн удаа цохиод авсан. ...Намайг Ж.Х /Zhang Hui/ нэртэй хятад ганцаараа цохисон. ...” /1хх 29-32, 2хх 2-3/,

хохирогч Сүн Вен Чи /Sun Wenqi/-ийн “...Тэр залуу ахиад пиво аваад шидэх үйлдэл гаргасан. Би урдуур нь ороод салгахаар “найзаа” гээд хэлтэл миний толгойны ар дагз хэсэг рүү гараа атгаж байгаад нэг цохихоор нь би унасан. Намайг унасан чинь өшиглөөд байсан. Тэгээд байж байсан чинь Ж.Х /Zhang Hui/ намайг унагаасан өндөр монгол хүнийг холдуулсан. ...Өндөр эрэгтэй өрөөнд орж ирээд Ж.Х /Zhang Hui/-г багалзуурдаад 3-4 удаа шанаадсан. ...Миний нуруу, мөр, толгой өвдөж байсан. ...Миний ар дагз руу тэр өндөр монгол залуу пивоны шилээр, эсхүл гараараа цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Тухайн үед цохиулаад нилээн хөндүүр болсон байсан. ...” /1хх 38-41/,

гэрч М.Энхтайваны “...Уг хятадууд тамхи татаж байхаар нь манай найз “Монгол Улсын хууль дүрмэнд ингэж хамаагүй тамхи татаж болохгүй, одоо боль” гэж хэлсэн чинь уг хүмүүс уурлаж манай найз руу дайрч гэмтэл учруулсан. Ж.Х /Zhang Hui/ Галбаатартай хоолны газрын коридорт заамдалцаж Галбаатарын толгой руу 1-2 удаа цохиод байсан. ...Намайг вип өрөө рүү орох үед Галбаатар, Сүн Вен Чи /Sun Wenqi/ хоёр өөдөөсөө босоод зогсчихсон маргалдаад байсан. ...” /1хх 43-45/,

гэрч Ц.Отгончимэгийн “...Зодуулсан гэх хүн вип өрөөнд орсон хятад иргэдийг янз бүрээр харааж байгаад Ж.Х /Zhang Hui/ гэдэг залууг сууж байхад нь алгадаж, тэр хоёр харилцан барьцалдаад өрөөний үүдэнд Ж.Х /Zhang Hui/ нь газар унахаар өшиглөсөн чинь цаанаас Сүн Вен Чи /Sun Wenqi/ түүнийг өмөөрч уг хүнийг цохисон. ...” /1хх 53, 2хх 28-30/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7923 дугаартай “...Д.Гт духанд шарх, зүүн дээд 1 дүгээр бага арааны эмтрэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8075 дугаартай “...Сүн Вен Чи /Sun Wenqi/-н биед тархины зүүн духны дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 82/ гэх дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ж.Х /Zhang Hui/, Д.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

             Шүүгдэгч Ж.Х /Zhang Hui/, Д.Г нарын таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Ж.Х /Zhang Hui/-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...торгуулийн ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус тус заажээ.

 

            Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ж.Х /Zhang Hui/, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Х /Zhang Hui/, Д.Г нарыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ