Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00015

 

Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/03229 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2023/01974 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

Ц гийн нэхэмжлэлтэй,

Х ад холбогдох

Хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 28 тоотод байрлах 38,87 м.кв талбай бүхий Ү-2205073858 дугаартай үл хөдлөх хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч , хариуцагч Х , хариуцагчийн өмгөөлөгч М , Г , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Х-д холбогдуулан хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 28 тоотод байрлах 38,87 м.кв талбай бүхий Ү-2205073858 дугаартай үл хөдлөх хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/03229 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Ч ийг эх Ц гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Ч ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Х аас гаргуулан хүүхдэд олгож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 28 тоотод байрлах 38,87 м.кв талбай бүхий Ү-2205073858 дугаартай үл хөдлөх хөрөнгийг бий болсон гэж дундын хөрөнгө болохыг тогтоолгох, оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,525 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2023/01974 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/03229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хариуцагч Х ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,

2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Ч ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг Х аас гаргуулан хүү Ч д олгосугай” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2205073858 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 28 тоотод байрлах 38,87 м.кв талбай бүхий орон сууцны дундаа хэсгээр өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц г тогтоож, нэхэмжлэлээс өөрт оногдох хэсгийг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “хариуцагчаас 70,200 төгрөг” гэснийг “140,400 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч М, Г нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 210/МА2023/01974 тоот магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт “Х , Ц  нар орон сууцыг худалдан авах зорилгоор 39,000,000 төгрөгийг ХХБанкнаас хамтарч зээлсэн байх тул 39,000,000 төгрөгийн 50 хувьд оногдох хэмжээгээр Ц  нь орон сууцыг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт нийцнэ. Харин дундаа хэсгээр өмчлөгчид нь зээлийн гэрээгээр харилцан үүрэг хүлээсэн, үүрэг дуусгавар болоогүй байх бөгөөд дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах тул дундын өмчлөлийн зүйлээс оногдох хэсгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй” гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтыг өөрчлөн шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглэхдээ хууль болон улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, утга агуулгын хувьд ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ц , хариуцагч Х  нар нь 2013 онд танилцаж, дотно харилцаатай байж байгаад тэдний дундаас 2015.09.27-ны өдөр хүү Ч  төрж тэд 2016 оны 2 сараас эхлэн хамтран амьдарч ирсэн бөгөөд хуульд заасан албан ёсны гэр бүл биш болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Тэд албан ёсны гэр бүл биш учраас Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар гэрлэгчдийн эрх үүрэг үүсээгүй, маргаан бүхий эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчид хамаарахгүй юм. Хариуцагч Х нь 2015 онд гадуур байр орон сууц хөөцөлдөж яваад М   гэгч хүнтэй танилцаж тэр хоёрын хооронд орон сууц захиалах гэрээ байгуулахаар тохиролцож энэ тухай аавдаа хэлэхэд аав Х  нь хүүдээ байрны урьдчилгаа мөнгө гэж 17,400,000 төгрөг өгч түүн дээр нь Х нь "Твинхаус" ХХК-аас 2,000,000 төгрөг зээлж нэмээд нийт 19,428,750 төгрөгийг байрны урьдчилгаанд өгч, орон сууц захиалгын гэрээний дагуу байрныхаа төлбөрийг 2020 оны 6 сар хүртэл Х  нь сар бүр тогтмол өөрөө төлж, хамтран амьдрагч Ц, хүү Ч нараа хувцаслаж, амьдрал ахуйгаа авч ирсэн байдаг бөгөөд 2020 оны 6 сард өөрийн орон сууцны зээлээ ипотекийн зээлд хамруулахаар хөөцөлдөж ХХБ-тай харилцан тохиролцож, гэрээ байгуулах үед банкны зүгээс гэрээнд заавал өөрөөс чинь өөр нэг хүн батлан дааж гарын үсэг зурсан байх ёстой. Тийм учраас ойр дотны нэг хүн олж ирэх хэрэгтэй гэсний дагуу Х нь хамтран амьдрагч Ц г дагуулан очиж гэрээнд гарын үсэг зуруулан ипотекийн зээлд хамрагдан одоо хүртэл зээлээ өөрөө төлж ирсэн байдаг. Харин нэхэмжлэгч Ц гийн хувьд энэ хугацаанд уг орон сууцыг худалдан авахад нэг ч  төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, зээл болон зээлийн хүү төлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Улсын бүртгэлийн газраас маргаж буй Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол, 44-28 тоот нэг өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр Х ыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205073858 дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон, одоо ч энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Х хэвээр байгаа тухай лавлагааг шүүхэд хүргүүлсэн байна. МУ-ын Дээд шүүхийн 2007.12.17-ны өдрийн гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжийн 3.3-т хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэр бүлийн хөрөнгийн эрхийг зохицуулсан зүйл заалтаар шийдвэрлэхгүй, харин тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан энэ хуулийн 108, 119-р зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэнэ гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 1, 487 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, хариуцагч Х  нь ХХБ-аас 39,000,000 төгрөгийн зээл авахад зээлийн гэрээнд нэхэмжлэгч Ц  нь гарын үсэг зурж хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн тул 39,000,000 төгрөгийн 50 хувьд оногдох хэмжээгээр орон сууцыг хэсгээр өмчлөх эрхтэй гэж тооцсон нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 108-р зүйлийн 1-д "Хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно" гэжээ. Үүнээс үзэхэд хэд хэдэн этгээд тус тусдаа хөрөнгө оруулалт хийж дундаа нэг хөрөнгө бий болгож болох, нөгөө талаас хоёр буюу түүнээс дээш этгээд хоорондоо хэлцэл хийж тухайн хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох заалт байна гэж хуульч хүний хувьд ойлгож байна. Гэтэл Ц нь энэ хөрөнгийг бий болгоход түүний оруулсан хөрөнгө оруулалт байхгүй, орон сууцны зээл, зээлийн хүү төлөхөд ямар ч туслалцаа үзүүлээгүй мөн тэр хоёрын хооронд энэ үл хөдлөх хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж авах ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, улсын бүртгэлийн газраас тухайн хөрөнгийн өмчлөгчөөр Х ыг бүртгэж гэрчилгээ олгосон байхад нэхэмжлэгч Ц г маргаан бүхий орон сууцны хэсгээр өмчлөгчөөр тогтоож байгаа нь хууль буруу хэрэглэсэн, МУ-ын Дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 210/МА2023/01974 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.13-ны өдрийн 102/ШШ2023/03229 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.01.11-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00092 тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч М, Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Х ад холбогдуулан хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 28 тоот хаягт байршилтай 38,87 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон ба “...Х тай 2013 оны 2 сараас эхлэн үерхэж, 2015.09.27-ны өдөр хүү Чинбилгүүнийг төрүүлэн 2016 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч, гэр бүл болсон. ...Бид хоёр хамт амьдарсан 6 жилийн хугацаанд... 38,87 м.кв талбайтай, 58,470,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан тул дундын өмч мөн” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “ ...2016 онд аав намайг өөрийн гэсэн байртай бол гэж цалингийн зээл авч 17,4 сая гаруй төгрөгийг надад бэлэг болгон өгсөн. Би нэмээд “Твинхаус” ХХК-аас 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, 19,428,750 төгрөгийг байрны урьдчилгаа болгон өгч, ... орон сууцны зээлээ эхлээд М тай хувь лизингээр төлж байгаад 2020 оны 6 сард ипотекийн зээлд хамрагдаж, бүх төлбөрийг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж авсан мөнгөөр зээлээ төлж байгаа, ... эд хөрөнгийг бий болгоход оролцоогүй тул дундын өмч биш, ..би хүүгээ зөв төлөвшүүлэн эрүүл өсгөж авч явж чадна” гээд “хүүхдийн асрамжийг өөр дээрээ авах”-аар сөрөг нэхэмжлэл гаргаж, маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Худалдаа хөгжлийн банк” нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, “...банкны барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа тул энэ эрхийг хөндөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэнэ үү” гэжээ.  

7. Ц, Х  нар 2013 онд танилцаж, тэдний дундаас хүү Ч төрсөн, 2016 оны 2 сараас одоог хүртэл хамт амьдарч байгаа ч гэрлэлтээ бүртгүүлээгүй.          

2015.12.31-ний өдөр байгуулсан “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ”-гээр М   нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 77 айлын орон сууцны барилгаас 44 дүгээр байрны 5 давхрын 28 тоотод байрлах 1 өрөө, 38.87 м.кв талбай бүхий орон сууцыг Х ад шилжүүлэн өгөх, Х нь орон сууцны үнэ болох 64,135,500 төгрөгөөс 19,428,750 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж, үлдэх 70 хувийг нь ипотекийн 8 хувийн зээлээр төлөх нөхцлийг харилцан тохиролцсон, Х  нь 19,428,750 төгрөгийг төлсөн, тэрээр уг орон сууцны өмчлөгчөөр 2020.06.25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Х , Ц  нар “Худалдаа хөгжлийн банк” ХК-тай 2020.06.25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 39,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, орон сууцны зориулалтаар авсан, зээлдэгч Х , Ц  нар нь зээл, хүүг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ.

8. Анхан шатны шүүх “... Ц , Х  нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэсний дагуу нэхэмжлэгч Ц  нь уг орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэж үзэх, хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн “...38,87 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Харин “...хүүхдийг эхээс нь тусдаа байлгах шаардлагатай нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна хүү Ч ийг өөрийн асрамжид байлгах нь хүүхдэд илүү давуутай байдал бий болгохыг баримтаар нотлоогүй тул хүү Ч ийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулах нь Гэр бүлийн тухай хуульд нийцнэ” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц-гийн хүүхдийн асрамж болон тэтгэлгийн шаардлагыг бүрэн хангасан байна.

9. Нэхэмжлэгч талаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүх “... Х, Ц нар орон сууцыг худалдан авах зорилгоор 39,000,000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” ХК-аас хамтарч зээлсэн байх тул уг 39,000,000 төгрөгийн 50 хувьд оногдох хэмжээгээр Ц нь орон сууцыг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасантай нийцнэ” гэсэн үндэслэлээр гомдлыг хангасан.  

Харин дундаа хэсгээр өмчлөгчид нь зээлийн гэрээгээр харилцан үүрэг хүлээсэн, үүрэг дуусгавар болоогүй байх бөгөөд дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах тул дундын өмчлөлийн зүйлээс ногдох хэсгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангах боломжгүй байна. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй” гэж дүгнээд, мөн “...шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хуулийн үг, заалтыг орхигдуулсан, дутуу бичсэн, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах замаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж үзжээ.

10. Хариуцагчийн өмгөөлөгч М, Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

10.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “...38,87 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д  заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Маргааны зүйл болж буй орон сууцны төлбөрийн үлдэх 70 хувийг нь Х, Ц нар “Худалдаа хөгжлийн банк” ХК-тай 2020.06.25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 39,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, орон сууцны зориулалтаар авсан, гэрээний энэ үүрэг дуусгавар болоогүй, талууд зээлдүүлэгчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч хэвээр байх бөгөөд энэ зээлийн хөрөнгөөр төлбөрийн үлдэх 70 хувь төлөгдсөнөөр орон сууцны өмчлөх эрх үүссэн байх тул “нэхэмжлэгчид орон сууцыг хэсгээр өмчлөх эрх үүсэхгүй” гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д нийцсэнгүй. Өөрөөр хэлбэл, талууд энэ зээлийг орон сууцыг худалдан авахын тулд хамтран авахаар харилцан зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлсэн, энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

10.2. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулна.

Шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, тодорхой, ойлгомжтой, хэрэгжих боломжтой байх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гаргасан байх ба анх нэхэмжлэл гаргахдаа дундын өмчийн орон сууцнаас ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.05.23-ны өдөр шүүхэд хандан “... маргааны зүйл болж буй орон сууцыг дундын хөрөнгө болохыг тогтоож өгнө үү” гэж шаардлагаа тодруулсан байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцыг дундын хөрөнгө мөн эсэхийг тогтоосны эцэст тухайн хөрөнгө зохигчийн хэнийх нь  өмчлөлд үлдэх, хэрхэн, ямар үнэлгээгээр хуваах нь өөр үндэслэлээр мэтгэлцэх асуудал байна.   

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн орон сууцыг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасантай нийцсэн буюу дундын хөрөнгө бий болохтой холбоотой хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Нөгөөтээгүүр шүүхийн энэ дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэхдээ давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг ямар хэмжээнд өмчлөх эрхтэй талаарх дүгнэлтийг үндэслэл бүхий хийж чадаагүй буюу Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан хувь хэмжээг заахгүйгээр, агуулга нь тодорхой бус байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэхүү орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхөд талууд хамтын амьдралтай байсан хэдий ч үүнд нэхэмжлэгчийн  оролцоо байхгүй. Харин үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэх хэсэг болох 70 хувийн төлбөрийг төлөхөөр ипотекийн зээлийг хамтран авсан нөхцөл байдлаас үзэхэд эд хөрөнгийн 70 хувьд нь хамтран амьдрагч нарын хувьд эд хөрөнгийн хэмжээг тогтоох үндэслэлтэй гэж үзэх буюу нэхэмжлэгч Ц  г маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн 35 хувийг өмчлөх эрхтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа техникийн болон найруулгын шинжтэй алдаа гаргасныг залруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2023/01974 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын   

“3 дахь заалтыг Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2205073858 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 28 тоотод байрлах 38,87 м.кв талбай бүхий орон сууцны дундаа хэсгээр өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц г тогтоож, нэхэмжлэлээс өөрт оногдох хэсгийг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “3 дахь заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар улсын бүртгэлийн Ү-2205073858 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 28 тоотод байрлах 38,87 м.кв талбай бүхий орон сууцны 35 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц г тогтоосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                              Н.БАТЗОРИГ

                                                                                          Н.БАЯРМАА

                                                                                          Д.ЦОЛМОН