| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/04405/И |
| Дугаар | 183/ШШ2020/03326 |
| Огноо | 2020-12-22 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2020/03326
2020 12 22 183/ШШ2020/03326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байр, 00 давхар 0000 тоотод байрлах, А.Ч.Б УТҮГ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 0 улирлын цэцэрлэг 0 дүгээр байр, 000 тоотод оршин суух, Э.Т.Э.Э.И ХХК /РД:0000000/-д холбогдох,
Газрын төлбөрт 47,987,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Ө.С, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Я.Ч нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2008 оны 3 дугаар сард Э.Т.Э.Э.ИХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 00 дугаартай Эрх олгох тухай, 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 00 дугаартай захирамжаар 11.5 га газрыг Үзэсгэлэн, худалдаа үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан.
Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 00/00 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 00 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ- г тус тус байгуулсан.
Гэвч 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/00 дугаартай захирамжаар гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр газар эзэмшүүлэх эрхийг цуцалсан.
Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. А.Ч.Б нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Э.Т.Э.Э.И ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээ-ний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх мөн гэрээний 4.3-т ...газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж ...зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй...тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй" гэж заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 11,428,000 төгрөг, 2010 онд 11,428,000 төгрөг 2012 онд 14,045,000 төгрөг, 2013 онд 11,086,730 төгрөг нийт 47,987,730 төгрөг төлөөгүй тул гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Э.Т.Э.Э.И ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Э.Т.Э.Э.И ХХК нь нэхэмжлэгч А.Ч.Б Улсын төсөвт үйлдвэрийн газартай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ, Газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Нэхэмжлэгч А.Ч.Б УТҮГ нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1, 35 дугаар зүйл 35.3.3-т зааснаар газрын төлбөрийг шаардах эрхтэй. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйл 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заажээ. Э.Т.Э.Э.И ХХК нь Иргэний хуулийн 82 дугаар зүйл 82.1-д 'Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг хүлээхээс татгалзах эрхтэй' гэснийг үндэслэн дээр дурдсан газрын төлбөрийн үлдэгдэл болох 47,987,730 төгрөгийг төлөхөөс татгалзаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ч.Б УТҮГ нь хариуцагч Э.Т.Э.Э.И ХХКд холбогдуулан газрын төлбөрт 47,987,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А.Ч.Б УТҮГ нь 11.5 га газрыг 15 жилийн хугацаагаар, жилийн 18,725,000 төгрөгийн төлбөртэйгөөр эзэмшүүлэх, Э.Т.Э.Э.И ХХК нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасаар газрын төлбөрийг шаардах эрхтэй.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид татвар гэх/-аас бүрдэнэ, мөн хуулийн 7.2.18-нд зааснаар газрын төлбөр нь татварын төрөлд байхаар заасан.
Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 15.2-д Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй гэж тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд газрын төлбөр нь Монгол улсын татварын бүрэлдэхүүн байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна.
Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ цуцлагдсан зэрэг үйл баримтад маргаагүй, харин ...А.Ч.Бийн захирагчийн алба хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаа явуулах дэд бүтцээр хангах үүргээ биелүүлээгүй, Иргэний хуульд зааснаар гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан тул Э.Т.Э.Э.И ХХК нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх00/00 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөхөөр гэрээний талууд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан тул гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй юм.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл газрын төлбөр нь Монгол улсын татварын төрөлд хамаардаг бөгөөд татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, гэрээний үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 397,889 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Т.Э.Э.И ХХК-иас газрын төлбөрт 47,987,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ч.Б УТҮГ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 397,889 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ