Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00340

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00419

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г

Нэхэмжлэгч: Ц

Нэхэмжлэгч: Н

Хариуцагч: Н

Олох байсан орлого 5.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Г, Л.Ц, Ц.Н бид ..тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчид. Бидний дүү Л.Г болон хариуцагч О.Н нар хамтран амьдарч дундаасаа нэг хүүхэдтэй болсон боловч цаашид хамтран амьдраагүй. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шийдвэр гарсан. Тэр цагаас хойш бид О.Нгээс орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч шаардлагыг огт хүлээж аваагүй өнөөдрийг хүртэл хууль бусаар амьдарч байна. Хууль ёсны өмчлөгчид бид О.Нд холбогдуулж орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл О.Н дээрх орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд бид орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлж дээрх хугацаанаас хойш орон сууцыг бусдад сарын 850.000 төгрөгөөр түрээслүүлсэн бол 2020 оны 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2021 оны 1 дүгээр сард нийт 5.950.000 төгрөгийг олох байсан. Бид шуурхай зар болон ижил төстэй байрны ханшийг судалж, зах зээлийн ханшаар 2 өрөө байрны түрээсийн мөнгөөр тооцсон. Иймд хариуцагч О.Нгээс олох байсан орлого 5.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Олох ёстой байсан орлого гэж 5.950.000 төгрөг нэхэмжилсэнг зөвшөөрөхгүй. Түрээслэнэ гэдэг нь түрээслэгч, түрээслүүлэгч нар харилцан тохиролцож тогтоосны үндсэн дээр гэрээний гол нөхцөлийг гэрээгээр тодорхойлдог ба үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үнийг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын газар тодорхойлох эрх хэмжээ байхгүй. Уг газрын мэдээлэлд тулгуурлаж үндэслэлгүйгээр төлбөр шаардаж буйг зөвшөөрөхгүй. Үнэн хэрэгтээ нөхөр болох Л.Г нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох байрыг хуваахгүй, алдахгүй гэсэндээ төрсөн ах эгч нартайгаа хуйвалдаж нэр дээр нь өмчлөлийг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт байхгүй. Одоогоос 20-30 жилийн өмнө баригдсан хуучин хөгцтэй хүн амьдрах боломжгүй барилга одоо үеийн 2 өрөө байрны хооронд түрээсийн ялгаа их байгаа. Шинэ 2 өрөө орон сууцны түрээсийн төлбөр 600.000 төгрөгөөс дээш гарахгүй. О.Нг дүү Л.Гээс салсных нь дараа албадан гаргуулах гэж байгаа нь зүй бус, байр дундын эд хөрөнгө тул энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн маргаантай байгаа. Дээд шатны шүүх орон сууцнаас албадан чөлөөлөх Л.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэвэл олох ёстой орлого гэж нэхэмжилж байгаа энэ хэрэг хэрэгсэхгүй болно. Ийм учраас О.Нд холбогдох олох ёстой байсан орлого 5.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нар нь хариуцагч О.Нд холбогдох олох ёстой байсан орлогод 5.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчийн маргаж буй .. тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Л.Ц, Ц.Н, Л.Г болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарын нэхэмжлэлээр хариуцагч О.Нн хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болох нь тус шүүхийн шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргана гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч энэ нь хариуцагч О.Нд холбогдох олох ёстой байсан орлого гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч нар хариуцагч О.Нд холбогдуулж өөрсдийн өмчлөлийн орон сууцыг нэг сарын түрээсийг 850.000 төгрөгөөр тооцож 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл бусдад түрээслүүлсэн бол 5.950.000 төгрөгний ашиг, орлогыг олох байсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж нэхэмжилсэн боловч шаардлага нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн шаардлагыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч О.Нд холбогдох олох байсан орлого 5.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар хариуцагч О.Нд холбогдох олох байсан орлого 5.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА