Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч Г.Батбаяр, шүүгдэгч В.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Л.Золзаяа, Ш.Сарангэрэл, шүүгдэгч Д.Баярхүү, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шинжээч эмч О.Болороо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Вандангийн Зоригтбаатар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Дугарсүрэнгийн Баярхүү нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0610 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1960 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, ач нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 192 дугаар байрны 25 тоотод оршин суух, 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан хотын 2 дугаар хэсгийн Ардын шүүхийн 57 дугаар тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169”б”-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Вандангийн Зоригтбаатар /РД:ТЗ60022615/,

        Монгол улсын иргэн, 1959 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, “Жим интернешнл” ХХК-д механикч инженер ажилтай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 71-701 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Дугарсүрэнгийн Баярхүү /РД:ЧБ59082419/,

         

          Холбогдсон хэргийн талаар:

        В.Зоригтбаатар нь 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Баярхүүтэй маргалдан, улмаар бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Д.Баярхүү нь 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч В.Зоригтбаатартай маргалдан, улмаар бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч В.Зоригтбаатар мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр машинаа байрлуулах гээд ороход урдаас пруис машин гарч ирсэн. Жолоочийн хажуу талын хүн машинаа хурдан холдуул гэсэн. Тэгээд машинаа байрлуулаад гарах үед хоорондоо маргалдсан. Би Баярхүүг гаргаад явуулсан. Би машинаас буугаад юмаа янзалж байхад Баярхүү бууж ирээд маргалдсан. Баярхүү намайг заамдаж аваад миний гарыг хазсан. Удалгүй миний гарнаас цус гоожсон байсан. Би Баярхүүгээс нэхэмжлэх зүйлгүй бид эвлэрсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Д.Баярхүү мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед гар утсаа авахаар гэртээ буцаж ирсэн. Тэр өдөр яаралтай ажилтай явж байсан юм. Утсаа аваад гараад ирэхэд пруис маркийн машин зам хаасан байсан. Тэр машины жолооч төмөр цохиод лангуу янзлаад байсан. Би гаръя гэхэд “...сүртэй юм бэ” гээд байсан. Ард талын машиныг холдуулахаар машинаас гарах үед Зоригтбаатартай муудалцаад барьцалдаж авсан. Тэр үед яагаад барьцалдаж авснаа санахгүй байна. Миний хуруу ар дээрээ гарсан байсан. Харин өндөр залуу нь хажуунаас орж ирээд нулимаад байсан. Би гараа хугарсан гэдгийг мэдээгүй. Сонгдо эмнэлэгт зургаа авахуулахад хугарсан байсан. 20 хоногийн дараа цагдаагаас дуудсан. Би хуруу ар дээрээ гараад эргэсэн байсан болохоор гарыг нь хазсан юм уу би өөрөө сайн санахгүй, гайхаад байгаа юм. Би нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтанд хохирогч В.Зоригтбаатарын өгсөн: "... 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны үүдэнд жижиглэнгийн бараагаа зарах гээд автомашинаа байрлуулж байсан юм. Тухайн үед 00-93 СЭҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота пруис-20 маркийн автомашинтай байсан бөгөөд миний урд талын замаар бас нэг тоёото пруис маркийн машин ирээд “...хурдан байраа эзлээч яараад байна ш дээ” гэж хэлсэн. Гэхдээ уг үгийг жолооч нь биш хажуу талд нь сууж явсан эрэгтэй хүн хэлсэн. Тэгэхээр нь “...би түр байж байгаач, юун сүртэй юм бэ” гэж хэлчихээд автомашинаа байрлуулсан,...жолоочийн хажуу талд сууж явсан залуу бууж ирээд чи юун сүртэй юм бэ гэж хэлээд л бариад авсан. Уг залууг бариад авахаар нь би зөрүүлээд барьж авах гэсэн чинь миний гарыг хазсан. Тэгээд бид хоёр хэсэг маргалдаж байгаад салсан.” Гэх мэдүүлэг /хх-13/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Баярхүүгийн өгсөн: "...тухайн үед автомашиныг жолооч н.Бямбадорж барьчихсан бид хоёрыг байрнаас гараад иртэл автомашин явдаг нарийн зам дээр нэг микро, ард нь нэг Сэлэнгийн дугаартай Тоёото пруис автомашин 2 зам хаагаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь цонхоороо “гаръя” гэж хэлтэл пруис машины жолооч “...байж бай” гэж  хэлсэн. Цоожоо эвдээд дуусахаар нь одоо машинаа холдуулаа би гаръяа гэсэн чинь арай настай залуу нь “үхсэнд нь яарсан пизда вэ наана байж бай” гэж уурласан,...би буугаад очсон чинь “чи муу буугаад ирдэг хоншоортой хар хог юмаа” гээд бид 2 барьцалдаад авсан. Тэгтэл нэг мэдсэн миний хуруу ар тал дээрээ гарчихсан байсан. Би уг залуугаас урьд нь бараа худалдаж авдаг байсан. Би эхлээд таньж магадгүй, яаралтай гаргаад өгчих байх гэж бодоод хэлсэн чинь буруудсан...” гэх мэдүүлэг /хх 16/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч М.Дунгармаагийн өгсөн: "...жолоочийн хажуу талынх нь хүн бууж ирээд шууд н.Зоригоо ахтай хэрэлдээд барьцалдаад авсан. Барьцалдаад удаагүй байхад Зоригоо ахын гарнаас цус гараад унасан...уг хүн нь надад хуруу хугарчихлаа гэж 2-оос 3-н удаа хэлсэн..." гэх мэдүүлэг /хх22/,

 

          Мөрдөн байцаалтанд сэжигтнээр В.Зоригтбаатарыг байцаахад өгсөн: “...Миний бие 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны үүдэнд жижиглэнгийн бараагаа зарах гээд автомашиндаа байрлуулж байсан юм. Тухайн үед 00-93 СЭҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёото пруис-20 маркийн автомашинтай байсан бөгөөд би хөдөө аж ахуйн яамны талаасаа буюу төв замаасаа ирээд туслах зам дээр эргээд автомашинаа зогсоох гэж байсан юм. Тэгсэн чинь миний урдаас буюу ертөнцийн зүгээр урд талаас “Жулия” төвийн урд талын замаар мөн нэг тоёото пруис 20 маркийн автомашин ирээд өмнөөс сигнаалдаад “...хурдан байраа эзлээч, яараад байна ш дээ” гэж хэлсэн. Гэхдээ уг үгийг жолооч нь биш хажуу талд нь сууж явсан эрэгтэй хүн хэлсэн. Тэгэхээр нь би “түр байж байгаач, юун сүртэй юм бэ? “ гэж хэлчихээд автомашинаа байрлуулсан. Энэ автомашинаа байрлуулах хугацаа 4-өөс 5-н минут болсон. Ингээд би автомашинаа байранд нь тавиад нөгөө машинд зам тавьж өгөөд өнгөрүүлсэн юм. Тэгтэл цаана очиж зогссоноо жолоочийн хажуу талд сууж явсан, надад хандаж үг хэлээд байсан залуу бууж ирээд “чи юун сүртэй юм бэ?” гэж хэлээд л бариад авсан. Улмаар бид хоёр харилцан маргалдсан. Уг залууг бариад авахаар нь би зөрүүлээд барьж авах гэсэн чинь миний гарыг хазсан. Тэгээд бид хоёр тэнд хэсэг маргалдаж байгаад салсан ба надтай хамт зогсдог Дунгармаа гэж эмэгтэй 88774267 дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх50-51/,

 

         Мөрдөн байцаалтанд сэжигтнээр Д.Баярхүүг байцаахад өгсөн: “…Миний бие 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрнаасаа гараад 17-91 УНЗ улсын дугаартай шаргал өнгийн тоёото пруис-20 маркийн автомашинтай явж байсан юм. Гэхдээ би машинаа бол бариагүй байсан. Тухайн үед автомашиныг жолооч Бямбадорж барьчихсан байсан. Бид 2-ыг автомашинтайгаа байрнаас гараад иртэл автомашин явдаг нарийн зам дээр нэг микро автобус ард нь нэг Сэлэнгийн дугаартай тоёото пруис-20 маркийн автомашин 2 зам хаагаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би цонхоороо “гаръя” гэж хэлтэл тоёото пруис-20 маркийн автомашиных нь жолооч “байж бай” гэж хэлсэн. …Уг автомашинаас болж тэнд түгжээ үүссэн. Тэгсэн чинь тэр залуу “чи чадал чинь хүрвэл арын автомашиныг зайлуул, би тэгвэл гаръя” гэхээр нь би буугаад очсон чинь “чи муу буугаад ирдэг хоншоортой хар хог юмаа” гээд бид 2 муудалцаад би жижиг биетэй настай залуутай нь барьцалдаад авсан. Тэгтэл нэг мэдсэн миний зүүн гарын ядам хуруу ар тал дээрээ гарчихсан байсан. Би тэр намхан биетэй настай залууд хандаад “чи миний гарыг ийм болгочихлоо ш дээ” гэсэн чинь шууд намайг “хохь чинь гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх46-47/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2331 дүгээр:

          1. Зоригтбаатарын биед баруун сарвууны 2-р хурууны өндгөнд эдийн дутагдал бүхий шарх тогтоогдлоо,

         2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

         3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэх дүгнэлт /хх 33/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2340 дүгээр:

          1. Д.Баярхүүгийн биед зүүн сарвууны 4-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”. гэх дүгнэлт /хх37/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх55, 60/, Таслан шийдвэрлэх тогтоол /хх61-63/, шүүхийн хэлэлцүүлэгч шинжээч эмч О.Болорын мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч В.Зоригтбаатарыг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Баярхүүтэй маргалдан улмаар бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Д.Баярхүүг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч В.Зоригтбаатартай маргалдан улмаар бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүхээс шүүгдэгч В.Зоригтбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Баярхүүг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч В.Зоригтбаатар, Д.Баярхүү нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бие биенээсээ төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 Шүүхээс шүүгдэгч В.Зоригтбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Харин шүүгдэгч Д.Баярхүүд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчоос уучлал гуйж, эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

          Шүүгдэгч Д.Баярхүү нь В.Зоригтбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Д.Баярхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч В.Зоригтбаатар нь Д.Баярхүүгийн бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэлд шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөлүүд болон гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Боржигон овогт Вандангийн Зоригтбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол овогт Дугарсүрэнгийн Баярхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Д.Баярхүүд тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Баярхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар В.Зоригтбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Зоригтбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч В.Зоригтбаатар, Д.Баярхүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч В.Зоригтбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Баярхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.Зоригтбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ