Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00652

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00652

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц

Хариуцагч: Б

ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ц нь Бнд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 19 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан болно. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргаж өгнө хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Ажлын албаны дарга хуульд заагаагүй эрх хэмжээг өөрт олгож ажилчидыг халсан. Мэргэжил арга зүйн үнэлгээний комисс байгуулах эрх дотоод журмаар олгогдоогүй. Хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг ажлын албаны дарга судлан танилцуулсны үндсэн дээр хурлын дарга захирамжаар томилж чөлөөлнө. Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний комисс эрх зүйн хувьд чадамжгүй, өөрт олгогдоогүй эрхээр тушаал гаргаж Б.Цийг ажлаас халсан тул ажлаас хууль бусаар халсныг тогтоож ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тушаал гаргах эрхгүй, комисс байгуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч Улсын Дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлаж 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг албаны салбарын буюу тухайн байгууллагын мэдлэг ур чадварыг тогтоох комисс, аттестатчиллын комиссийн албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэсэн байгаа тул байгуулллагын комиссын шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл бүхий байна. Ажлын албаны дүрэмд ажилтанг томилох болох чөлөөлөх эрх нь Ажлын албанд олгогдсон. Зөвхөн Ажлын албаны даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгодог эрх олгогдсон. Хоёрдугаарт тушаал гаргах эрх үүссэн. Ажлын албаны дүрмийн 2.5.1-т зааснаар үйл ажиллагааны удирдлагаар хангаж, удирдан чиглүүлнэ гэж заасан. Дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Нэхэмжлэгч талд дүрэм өөрөө хүчинтэй хүчингүйд маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг дахин хөдөлмөрийн гэрээнд оруулах шаардлагагүй гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол үндэслэл нь ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй, мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т зааснаар үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болно гэж тодорхой заасан. Мөн гэрээний 7.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 29, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Бнд холбогдох ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Бны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/24 тушаалаар иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Б.Цийг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Дүүргийн Б дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.10, 6 дугаар зүйлийн 6.3, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т заасныг үндэслэн Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нийслэлийн Б2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор БАжлын албаны дүрмийг 1 дүгээр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталж, батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хүрээнд ажилтан албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргалд үүрэг болгосон байна.

Бажлын албаны дүрмийн 2.5-д зааснаар Ажлын албаны дарга нь ажлын албаны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, удирдан чиглүүлэх, хурлын төсвийг Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн захиран зарцуулах, Хурлын тэргүүлэгчдээс тогтоосон хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан ажлын албаны нэгжийн дарга ажилтнуудыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хурлын дарга, дэд дарга, Тэргүүлэгчдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, цагаатгалын комиссын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, улаан загалмайн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх гэсэн дээрх чиг үүргийг гүйцэтгэж, эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй байна.

Б хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлд Захиргаа нь албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих, ажилтан өөрийн хувийн хэрэг болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцаж шаардалагтай гэж үзвэл хувийн хэрэгтээ баяжилт хийх, гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээнд нэмэлт тайлбар хийж болно, 6.3-т төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, 9 дүгээр зүйлд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг ажлын албаны хэмжээнд Захиргаа, хуулийн хэлтэс, хэлтэс, ажилтан албан хаагчдын хувьд ёс зүйн хороо тус тус хариуцан хэрэгжүүлэхээр зааж, илэрсэн зөрчлийг арилгах, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангахдаа энэхүү журам болон холбогдох бусад дүрэм, журмыг удирдлага болгохоор заажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч тал ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй дүгнэлт гарсан, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т зааснаар үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болно гэж тодорхой заасан. Гэрээний 7.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 29, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн тайлбарласан боловч Нийслэлийн Б44 дүгээр тогтоол болон хөдөлмөрийн дотоод журам, БАжлын албаны дүрэмд Ажлын алба нь ажилтны мэргэжил ур чадварын талаар дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж комисс томилох, дүгнэлт гаргуулах эрх, үүрэг эдлэх чиг үүргийг олгоогүй байна.

Б дарга нь хөдөлмөрийн дотоод журам, дүрэмд зааснаар ажлын албаны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих, төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг ажлын албаны хэмжээнд Захиргаа, хуулийн хэлтэстэй хамтарч зөрчлийг арилгах, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангаж ажиллах үүрэгтэй байна.

Талууд Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ А, В үнэлгээтэй биелүүлсэн албан хаагчийг шагнаж урамшуулна, D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болохоор заажээ.

Б.Цт Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 03, 2020 оны 07 дугаар сарын 02, 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/63, А/109, А/145 захирамжаар 1, 2, 3 дугаар улиралын ажлын үр дүнгээр 96 хувь үнэлэгдсэн тул тус тус 40 хувийн үр дүнгийн нэмэгдэл мөнгөн урамшуулал олгогдсон байна.

Гэтэл Б нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн албаны дүрэм, хөдөлмөрийн дотоод журмаар олгогдоогүй чиг үүргийг гүйцэтгэж төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам баталж, мэргэжил ур чадварын хувьд ажил мэргэжилдээ тэнцэхгүй нь дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлийг зааж, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон дээрх заалтыг зөрчиж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Иймд Нийслэлийн Бны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Цийг Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх 37 хоногийн цалинг тооцохдоо Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн /2.739.079:3=913.026:21=43.477х37= 1.608.649/ олговорт 1.608.649 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Бнд даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Бнаас 40.688 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цийг Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Бнаас 1.608.649 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Бнд үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Бнаас 40.514 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА