| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/00634/И |
| Дугаар | 102/ШШ2021/00736 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/00736
| 2021 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2021/00736 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ф ХХК
Хариуцагч: Ч
Гэрээний үүргийн биелэлт 9.842.786.67 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Ю.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ю.Ч нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нд Фтай ЗГ/КР170120041тоот кредит картын гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3,5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй кредит картыг 23 сар хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Хариуцагч нь хэрэглэсэн мөнгөө хийж явж байгаагаа орлого гэж буруу ойлгоод яваа. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хамгийн сүүлд 400.000 төгрөгийн орлого хийснээс хойш орлого хийгдээгүй. Тухайн үеийн зээлийн үлдэгдэл 4.592.000 төгрөг байсан. Энэ дээр нэмээд 400.000 төгрөг, 250.000 төгрөгөөр дахин зарлага гаргаад 5.285.000 төгрөгийн зээлийн өртэй болсон. 2 жилийн хугацаанд бэлэн бус гүйлгээ 5.242.306 төгрөг өөрийнх нь зарлага гаргаж хэрэглэсэн мөнгө байна. Үүнийгээ эргүүлж төлөөгүй тул үндсэн хүү 2.433.498.23 төгрөг болсон. Үндсэн мөнгөн дээр хүү нэмээд түүнээсээ хүү бодсон юм байхгүй. Иймд хариуцагч Ю.Чаас үндсэн зээл бэлэн бус гүйлгээ 5.242.306.91 төгрөг, хүү 2.433.498.23 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 909.497.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.257.483.70 төгрөг нийт 9.842.786.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ю.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ф ХХК-наас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй карт авч ашигласан. 20.653.540 төгрөгийн орлого хийж 24.243.633 төгрөгийн зарлага гаргасан. Зарлагаасаа орлогоо хасахаар 3.590.000 төгрөг хэрэглэсэн гэсэн үг. Үндсэн мөнгөн дээр тухайн үед хэрэглэж байсан хүүгийн мөнгө 1.632.123 төгрөг нэмэхэд 5.222.217 төгрөг болсон. Нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Учир нь тухайн үед намайг шүүхэд өгч шийдвэр гаргуулж болох байсан байхад хугацаа алдсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийн төлөлт хийснээс хойш төлөлт хийгдээгүй байгаа. Миний тооцоогоор 7 сая гаран төгрөг төлөхөөр байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Ю.Чд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 9.842.786.67 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ю.Ч нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ф ХХК-тай кредит карт эзэмшигтэй байгуулах гэрээгээр 5.000.000 төгрөгний кредит картын зээлийн эрхийн хэмжээтэй, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсаны хүү 3,5 хувь зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцож 2 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр тогтоогдож байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр карт эзэмшигч нь кредит картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Ю.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийн төлөлт хийснээс хойш нэхэмжлэгч нь шүүхэд хандах эрхтэй байхад хугацаа алдаж шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 7 сая төгрөг төлнө гэж тайлбарлан маргасан боловч тайлбарыг нотолсон баримтгүй, гэрээний 2.1-д бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү төлөх, 5.2.1-т зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлийн дагуу төлөх үүрэг хүлээсэн тул гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй, байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч гэрээнд зааснаар мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заажээ.
Нэхэмжлэгч Ф нь хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 1 хувиар тооцож 1.257.483.70 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул хүүгийн 20 хувиар тооцож /2.433.498.23х20%=486.699/ 486.699 төгрөг хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гаргуулах нь зүйтэй.
Иймд хариуцагч Ю.Чаас зээл 5.242.306.91 төгрөг, хүү 2.433.498.23 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 909.497.83 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 486.699 төгрөг нийт 9.072.001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-нд олгож үлдэх 770.784 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч нь нотлох баримтаар шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээг ирүүлсэн нь энэ хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Ю.Чаас 9.072.001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-нд олгож, үлдэх 770.784 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.434.59 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ю.Чаас 160.102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА