| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/03438/И |
| Дугаар | 102/ШШ2021/01399 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2021/01399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г
Хариуцагч: Б.
Хариуцагч: Д
Хохиролд 17.000.000 төгрөг гаргуулж, Р ... чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Ггийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагч С.Б, хариуцагч Х.Дийн төлөөлөгч Д.Энхцэцэг, иргэдийн төлөөлөгч Г.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х.Дыг Орос улсад байхад нь түүнтэй холбогдож чиргүүлийг 17.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 31-нд мөн Х.Дын данс руу 8.000.000 төгрөг, дараа нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Нийт 14.000.000 төгрөгийг ДХХК-ийн захирал Д.Цгийн дансаар утга нь Дчиргүүлний үнэ гэж Х.Дын ... гэсэн данс руу шилжүүлсэн. Учир нь би өөрөө ДХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг байсан. Ингээд Х.Дын хашаанаас чиргүүлийг аваад ДХХК-ийн хашаанд авчирч тавьсан. 2019 оны 03 дугаар сард С.Б гэж хүнийг ДХХК-ийн Орос улсаас мод ачих ажилд явуулахаар гуйж чиргүүлийг өгч явуулсан. Гэтэл С.Б нь Оросоос мод ачиж яваад Увс аймаг явах замд чиргүүлтэй мод шатсан. Гал Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан тул над руу цагдаагийн байгууллагаас ярьж чиргүүл шатсан талаар мэдэгдсэн. С.Б нь ДХХК-ийн захирлын хуурай дүү тул тухайн үед ач холбогдол өгөөгүй. С.Б ч хохиролыг тухайн үед барагдуулна гэж хэлж байсан. Жилийн дараагаас Х.Д чиргүүлийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг надаас нэхэж би С.Бөөс чиргүүлийн хохирлоо нэхсэн. Би Х.Дод чиргүүлийн үнийг төлсөн тул эзэмшигч нь би юм. Иймд Х.Дод холбогдуулж чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх нэхэмжлэл гаргаж хариуцагч С.Бөөс шатсан чиргүүлийн үнэ 17.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би чиргүүлийг Х.Д гэж хүнээс итгэмжлэлээр авсан болохоос ДХХК-нд ажилладаг Д.Ггаас итгэмжлэлээр авч яваагүй гэв.
Хариуцагч Х.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Г нь С.Б, Х.Д нарт холбогдуулж 17.000.000 төгрөг нэхэмжилсэн асуудалд Х.Д миний бие хамааралгүй бөгөөд уг чиргүүлийг 18.000.000 төгрөгөөр худалдан авах аман гэрээгээр аваад үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Үлдэгдэл төлбөр төлөөгүй байж байгаад шатааж ашиглах боломжгүй болсон. Иймд энэ асуудал нь Д.Г, С.Б хоёрын асуудал. Д.Г нь Х.Доос чиргүүлийн гэрчилгээг өөрийнх нь нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардага гаргасанг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тухайн үед чиргүүл худалдаж авах асуудал Х.Д, Д.Г нарын хооронд яригдаж байсан. ДХХК-ийн нэр дээр тухайн чиргүүлийг авч яваад төлбөрийг ажлын хөлсөөр төлнө гэсэн боловч чиргүүл ашигласны төлбөрөө төлөөгүй асуудлаас болж чиргүүлийг худалдах тухай асуудал биелэгдээгүй. Х.Д нь өөрийн хашаандаа чиргүүлийг аваачиж тавьсан хойгуур Д.Г нь утасдаад чиргүүлээ хэрэглүүлчих, төлбөрийг нь төлөөд чиргүүлийг чинь өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж хэлсэн. Х.Д хэн чиргүүлийг очиж авах талаар асуухад С.Б очиж авна Увс руу чиргүүлийг чирээд ажилд явбал яг одоо мөнгө орж ирэх гээд байна гэснийх нь дагуу зөвшөөрөөд төлбөрөө төлөөд чиргүүлийн гэрчилгээг шилжүүлж аваарай гэж хэлээд өгсөн. Д.Ггаас Х.Дод чиргүүлийн үнэ гэж 14.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байдаггүй. Харин чиргүүлийн урьдчилгаа төлбөр 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Чиргүүлийн төлбөр дутуу тул чиргүүлийн гэрчилгээг шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.Бт холбогдох хохиролд чиргүүлийн үнэ 17.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Х.Дод холбогдох Р ... чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Ггийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Б нь ДХХК-ийн ажлаар Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг Тээгийн хөндий гэх газар 2019 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Увс аймаг руу ачаа тээвэрлэж яваад тээврийн хэрэгслийн 6936 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хойд талын дугуй шатсаны улмаас чиргүүл, ачсан модон материалын хамт шатсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, Булган аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №103 мэдэгдэх хуудас гэсэн баримтаар тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Х.Дын эзэмшлийн Р ... улсын дугаартай чиргүүлийг 17.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 14.000.000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлан тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.Дын Хаан банк дахь ... дансанд Д.Ц 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 8.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус ДХХК-наас чиргүүлний үнэ шилжүүлэв гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /хх-177-179/
Хариуцагч Х.Д чиргүүлийн үнэд нэхэмжлэгч Д.Ггаас 7.000.000 төгрөг авсан болохоо зөвшөөрч тайлбарласан боловч, чиргүүлийн үнэд 14.000.000 төгрөгийг ДХХК-наас Х.Дод шилжүүлсэн, тухайн чиргүүлийг ДХХК-ийн ажлаар хариуцагч С.Б ачаа тээвэрлэж яваад чиргүүл нь ачсан модны хамт шатсан, бодит байдлаар чиргүүл байхгүй болсон тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Ггийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г чиргүүлийн үнийг төлж худалдан авсан гэж тайлбарлан хохиролд 17.000.000 төгрөг шаардсан боловч чиргүүлийн үнийг ДХХК төлсөн болох нь баримтаар тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохиролыг шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагч Х.Д, С.Б нарт холбогдох нэхэмжлэгч Д.Ггийн хохиролд чиргүүлийн үнэ 17.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Х.Дод холбогдох Р ... чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Д, С.Б нарт холбогдох нэхэмжлэгч Д.Ггийн хохиролд чиргүүлийн үнэ 17.000.000 төгрөг гаргуулах, Р ... чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД М.МӨНХТӨР
Ш.ОЮУНТУУЛ