Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2017/0027/з |
Дугаар | 125/ШШ/2017/0039 |
Огноо | 2017-10-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0039
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гэрч П.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажилласан.
Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, харин тус сургуулийн 60 жилийн ой болон олон төрлийн ажлыг зохион байгуулж байсан. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б\41 дүгээр захирамжаар намайг ажлаас халсан ба би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг багш Бадамгэрэл, Мартдулам нартай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж ажлаас халсан. Бадамгэрэл, Мартдулам нар нь 2005, 2007 онд ажилд орсон. Намайг тус сургуулийн захирлаар томилогдохоос өмнө ажилд орсон юм. Би ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг тухай бүр гаргаж өгч байсан. Мөн үр дүн, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг сургалтын менежер, заах аргын нэгдлийн комиссын шийдвэрлэсэн шийдвэрийг баталгаажуулж урамшуулал өгч байсан. Үр дүн, ур чадварыг үнэлж, дүгнэх тусгай журам байдаг ба үүний дагуу үр дүн, ур чадварын нэмэгдлийг олгож байсан. Бадамгэрэл, Мартдулам нар нь манай сургуулийн шилдэг багш нар бөгөөд үр дүнгийн урамшууллыг нь өгч байсан.
Иймд Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дүгээр захирамжийг хүчингүй олгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог шүүхэд гаргасан тайлбартаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заажээ.
Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд нэр дэвшсэн Ц.М-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газрын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/9495 дугаар албан бичигт нэр дэвшигч Ц.М-ын эхнэр, дүү нар нь тус сургуульд багшаар ажилладаг тул тухайн албан үүргээ гүйцэтгэхэд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан хориглолт хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахыг шаардсан.
Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэж тайлбарлаагүй байна.
Энэ нь Дөргөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2/318 дугаар албан бичгээр нотлогдоно.
Хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулахын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг бичгээр гараг үүргээ биелүүлэх талаар аймгийн Засаг даргын зүгээс Дөргөн сумын эрх бүхий албан тушаалтан, аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан удаа дараа нэхэмжлэгчид сануулж ирсэн.
Гэтэл нэхэмжлэгч нь уг үүргээ биелүүлэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй, зохих шийдвэр гаргуулаагүй атлаа хамаарал бүхий этгээдтэй холбогдуулан шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А миний бие 2007 оноос хойш тасралтгүй 10 жил Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байна. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар захирамжаар Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Надтай холбоотой ашиг сонирхлын хүрээнд хамаарах хүмүүс тус сургуульд байхгүй бөгөөд хэрвээ шаардлагатай тохиолдолд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ цаг тухайд нь гаргаж өгч ажиллана. Өмнө нь тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн ба энэ нь үндэслэлтэй болно. Учир нь Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-ын эхнэр, төрсөн дүү нар нь тус сургуульд багшаар ажилладаг нь үнэн болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д нийтийн албан тушаалд томилогдох гэж байгаа иргэн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хянуулахаар заасан байдаг. Үүний дагуу Дөргөн сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшсэн Ц.М-ын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хянуулахаар хүргүүлсэн бөгөөд эхнэр Бадамгэрэл, дүү Мартдулам нар нь тус сургуульд ажилладаг учир дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг, тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтийг Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн байдаг. Үүний үндсэн дээр нэхэмжлэгчийг Дөргөн сумын захирлаар томилсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус сургуульд багшаар ажилладаг эхнэр Бадамгэрэл, төрсөн дүү Мартдулам нартай холбогдох мэргэжлийн зэргийн хугацааг сунгасан 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А\04 дүгээр тушаал, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгосон 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тушаал, ур чадварын нэмэгдэл олгосон 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А\94 дүгээр тушаал, мөн ур чадварын нэмэгдэл олгосон 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А\28 дугаар тушаал, 2016 оны 11 дүгээр сарын А\41 дүгээр тушаал, ур чадварын мөнгөн урамшуулал олгосон 2016 оны 11 дүгээр сарын А\42 дугаар тушаал, ээлжийн амралт олгосон 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б\25 дугаар тушаал, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэр, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг мэдэгдээгүй, сахилгын зөрчил гаргасан учраас аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг нийтийн албанаас халах захирамж гаргасан.
Нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргасан нь нотлох баримтуудаар нотлогдсон юм. Энэ нь Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу эрх бүхий албан тушаалтны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02\318 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдэгдэл, тайлбарыг гаргахгүй байх тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн бичиг ирсэн байдаг. Ингээд бид төсөвт байгууллагуудын захирал, эрхлэгч нарын 2016 оны материалуудыг татаж хянахад уг зөрчил илэрсэн. Нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж, сахилгын шийтгэл ногдуулахыг танилцуулсан ба Ц.М нь тус сургуульд хамаарал бүхий 2 албан тушаалтан ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн. Урд нь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/256 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдэгдэл, тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2 сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хамаарал бүхий этгээдүүдэд ур чадварын нэмэгдэл олгосон 2 удаагийн тушаал гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдэгдэл, тайлбарыг гаргасан байдаг.
Энэ нь Авилгатай тэмцэх газрын мэдээллийн санд орсон. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2016 онд 2 тушаал дээр мэдэгдэл, тайлбарыг гаргаж, бусад тушаалууд дээр гаргаагүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх мэдлэг, мэдээлэл, нөхцөл бололцоо нэхэмжлэгчид байсан гэдэг нь харагддаг. 2017 он гарч хамаарал бүхий этгээдүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр заалтыг зөрчсөн нь нотлогддог. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд арга хэмжээний талаар дурдсан байдаг ба 29 дүгээр зүйлд заасан зөрчлийг 4 буюу түүнээс удаа гаргасан бол нийтийн албанаас халах санкцитай байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлд хамаарч байх тул нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд нь тохирсон гэж үзэж байна.
Дөргөн сумын дунд сургуулийн захирлын мэдэгдэл гаргасан бүртгэл байдаг бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үр дүнгийн урамшуулал олгохдоо мэдэгдэл гаргаж, эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байдаг. Мөн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үр дүнгийн урамшуулал олгохдоо мэдэгдэл, тайлбар гаргаж, зөвшөөрөл авсан байна. 2016 оны 04 дүгээр сард мөн эхнэр, төрсөн дүүдээ ур чадварын нэмэгдэл олгохдоо мэдэгдэл гаргасан байна. 2015-2016 онуудад нийтдээ 4 удаа мэдэгдэл, тайлбар гаргаж, бусад тушаалыг гаргахдаа мэдэгдэл, тайлбар гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь мэдэгдэл, тайлбарыг ямар шалтгааны улмаас гаргахгүй байгаагаа тайлбарлахгүй байгаа нь сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
2017 оны 04 дүгээр сард мэдэгдэл, тайлбараа гаргасан гэж нэхэмжлэгч нь тайлбарладаг боловч манай Засаг даргын Тамгын газарт байх бүртгэлээс хайхад тэр тайлбар нь олдохгүй байгаа юм.
Сонсох ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2 хуудас мэдэгдэл, тайлбарыг нөхөж гаргаж өгсөн. Яагаад нөхөж гаргаж өгсөн гэж үзэж байна вэ гэхээр тухайн мэдэгдэл, тайлбарыг хэзээ гаргасан он, сар, өдөр нь бичигдээгүй байсан. Нэхэмжлэгч нь тушаал, шийдвэрээ хэзээ гаргаснаа мэдэхгүй болохоор мэдэгдэл, тайлбар дээрээ он, сар, өдрөө бичиж чадаагүй бөгөөд энэ талаар би өөрт нь хэлж байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан байна. Энд ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ тухайн албан тушаалтан дээд шатны албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй боловч ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахгүй юм. Харин сануулах болон цалингийн хувь хасах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай юм. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэж хариуцагч нь тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгчийг хориглосон үйлдлийг хийгээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тухайн үедээ ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг мэдэгдэж байсан гэж тайлбарладаг. Дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан журмын дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэдэгдэл гаргахаар заасан. Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3.8-д дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг дор дурдсан тохиолдолд гаргана гэсэн байдаг. Үүнд 3 тохиолдлыг заасан. Уг тогтоолд Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, Засаг даргын түвшинд шийдвэр гаргахад оролцохдоо мэдэгдэл гаргахаар, мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах, удирдах түвшинд шийдвэр гаргахдаа мэдэгдэх үүрэгтэй гэж журамласан байна.
Хариуцагч тал нь Авилгатай тэмцэх газрын зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч мэдэгдлийг ирүүлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл уг зөвлөмж нь эрх зүйн үйлчлэлийн хүрээнд Засгийн газрын журмын дараа ордог. Журамд нийцсэн зөвлөмж мөн үү гэхэд нийцээгүй байгаа юм. Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийг үндэслэж зөрчил гаргасан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хууль ёсны дагуу хийсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “та ажлаа өгчих” гэж хэлж байсан гэж байгаа бөгөөд үүнээс үзвэл сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийгдсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь үр дүнгийн нэмэгдэл, ур чадварын урамшуулал олгохдоо хууль нийцүүлж олгосон ба эхнэр, төрсөн дүүдээ давуу байдал олгосон зүйл байхгүй юм. Засгийн газрын тогтоолоор үр дүнгийн урамшууллыг олгох хувь хэмжээг тогтоосон бөгөөд үүнтэй уялдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын А/293 дугаар журам гарсан ба уг журмаар багшийн ажлыг үнэлэхэд 5 шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлгээ өгөхдөө сургуулиас томилогдсон ажлын хэсэг үнэлэх ёстой байдаг. 1, 3 дугаар улиралд багш өөрийгөө үнэлдэг ба 2, 4 дүгээр улиралд сургуулийн дотоод журамд зааснаар томилогдсон ажлын хэсэг үнэлдэг. Үүний дагуу захирал урамшуулал олгодог. Багшийн үнэлгээгээр 90-100 оно авсан бол маш сайн, 80-89 оноо авсан бол хангалттай сайн, 70-79 оноо авсан бол сайн гэж үнэлж, 70-аас дээш оноо авсан бол улирлын мөнгөн урамшуулал авах үндэслэл бий болж байгаа юм. Харин 80-аас дээш оноо авсан бол ур чадварын нэмэгдэл олгохоор заасан. Багшид урамшуулал олгох шийдвэрийг захирал гаргах ба 70-аас доош үнэлгээ авсан багшид сануулах, цалин хасах арга хэмжээ авах эрхтэй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн эхнэр, төрсөн дүү нар нь 90-ээс дээш оноотой үнэлэгдсэн байдаг.
Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Сайдын баталсан журам нь Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжөөс эрх зүйн үйлчлэлээрээ илүү юм. Сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь ажлаа хэрэгжүүлэхдээ баримталж байгаа эрх зүйн актуудыг зөрчсөн зүйл байхгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд уг хуулийн хамрах хүрээг хуульчилсан байдаг.
Захирамжийн агуулгаас үзэхэд дээрх хуулийн 8 дугаарт заасан зөрчлийг бий болгосон байна гэжээ. Гэтэл уг заалтыг үзэхэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах санкци байхгүй учраас дээрх хуулийн 11 дүгээр зүйлийг татаж, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн гэж ажлаас халсан байдаг. Мөн хуулийн 11 дүгээр заалтад тендерийн үйл ажиллагаанд оролцож байгаа этгээд ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Үүнийг байнгын хорооны тогтоолоор журамласан байдаг. Гэтэл мөн хуулийн 11 дүгээр зүйлийг үндэслэж, 29 дүгээр зүйлийн 29.2.-т зааснаар ажлаас халсан байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан бол цалингийн хувь бууруулах ёстой.
Иймд Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Авилгатай тэмцэх газрын зөвлөмж нь үйлчлэлийн хувьд сайдын тушаал, байнгын хорооны тогтоолоос эрх зүйн үйлчлэлээрээ доогуур байхад түүнийг үндэслэж нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байгааг шүүх анхаар үзнэ үү. Мөн захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн гэдгийг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэн зөвөөр үнэлж өгнө үү. Учир нь нэхэмжлэгч нь 2015 онд 2 удаа, 2016 онд 2 удаа, нийт 4 удаа мэдэгдэл гаргасан нь бүртгэлд авагдсан байгаа. Энэ асуудалтай холбогдуулан маргахгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн 2016 онд гаргасан тушаалуудыг нь үзэхэд хамаарал, бүхий этгээдүүдтэй холбоотой 9 тушаал гаргасан байна. Бид урамшууллыг ямар журмаар хэн дүгнэж, олгосон бэ гэдэг дээр маргахгүй байгаа.
Харин ур чадварын урамшууллыг олгохдоо хуульд захирагдах ёстой гэж үзэж байгаа юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэл гаргасны дараа урамшуулал олгох журмаа баримтлах ёстой. Мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргахдаа тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн эхнэр, төрсөн дүү нар нь ажил үүрэгтээ сайн үнэлүүлж байсан гэдэг дээр бид маргаагүй.
Зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлах ёстой гэж үзэж захирамж гарсан юм. Үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Авилгатай тэмцэх газрын зөвлөмж дээр нэхэмжлэгч нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байхаар зааж, албан бичиг ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь мэдэгдэл гаргах ёстой юу гэдгийг ойлгосон байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй хэлтэст Дөргөн сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийг мэдэгдэл, тайлбараа гаргахгүй байх тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сараас хойш мэдэгдэл тайлбар гараагүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь Ховд аймгийн засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Гуравдагч этгээд Б.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаараа утсаар мэдэгдсэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон хэргийн оролцогч нар нь гуравдагч этгээдийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг гуравдагч этгээдийг байлцуулахгүйгээр үргэлжлүүлсэн болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дугаар Ц.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээд Ц.Мартдулам, Д.Бадамгэрэл нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэх зөрчилд Ц.М-ыг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байна.
1.Нэхэмжлэгч Ц.М-д сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
А.Хариуцагчаас Ц.М-ыг эхнэр Д.Бадамгэрэл, дүү Ц.Мартдулам нарт холбогдох мэргэжлийн зэргийн хугацаа сунгах, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох, ур чадварын нэмэгдэл олгох, ээлжийн амралт олгох зэрэг тушаалыг удаа дараа гаргахаас өмнө, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгажээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.”, 8.2-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.”, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.8-д дээрх хуульд заасан мэдэгдлийг гаргах 3 тохиолдлыг зааснаас 3.8.3-д “... төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах түвшинд гарах шийдвэр, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд оролцох тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчил үүсч болзошгүй гэж үзвэл мэдэгдэл гаргана.”гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зорилго нь ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн баталгаажуулах зорилготой. Гэтэл нэхэмжлэгч бүх багш нарт болон түүний дотор өөрийн эхнэр болон төрсөн дүү нарт мөнгөн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, мэргэжлийн зэрэг, ээлжийн амралт зэргийг олгосон байдал нь ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэх, нийтийн ашиг сонирхлыг хохироосон гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь дээрх бүгдийг хууль, дүрмийн дагуу бүх багш нарт олгож байгаа тул ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх тул тус байгууллагад ажилладаг хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргаж ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй байх тул мэдэгдэл гаргахыг шаардахгүй байна.
Өөрөөр хэлбэл улирлын мөнгөн урамшууллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/239 “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дугаар тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл”-ийг баримтлан сургуулийн багш, ажилчдад,
ур чадварын нэмэгдлийг Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 /Захирал нь багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох үүрэгтэй/ зааснаар багш, ажилчдад тус тус улирал бүр,
ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1./Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ./-д зааснаар,
Ц.Мартдуламд мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаал “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9-д зааснаар аймгийн Боловсролын газраас “Тэргүүлэх” зэрэг олгосны дагуу тушаал гаргаж тус тус шийдвэрлэжээ.
Б.Хариуцагчаас өөрийн эхнэр Ц.Бадамгэрэл, Ц.Мартдулам нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаараа ашиг сонирхлын мэдэгдэл гаргаагүй нь албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөн гэж буруутгажээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн тухайд өөрийн хамаарал бүхий этгээдийг шинээр ажилд авах, гэрээ байгуулахад энэ талаараа мэдэгдэл гаргаагүй байдал нь дээрх хуулийн заалтыг зөрчихөөр байна.
Гэтэл нэхэмжлэгч Ц.М нь анх тус сургуулийн захирлаар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн томилогдож ажиллаж байсан ба нэхэмжлэгчийг тус сургуулийн захирлаар томилогдохоос өмнө буюу түүний эхнэр Ц.Бадамгэрэл нь 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс тус сургуульд монгол хэлний багшаар, төрсөн дүү Ц.Мартдулам нь 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тус сургуулийн түүх-нийгмийн тухай мэдлэгийн багшаар тус тус томилогдон ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар, 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар тушаалуудаар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, 38 дугаар зүйлд “Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл”-ийг зааж өгсөн бөгөөд ажил олгогчийн зүгээс хуульд заасан үндэслэлүүд байхгүй тохиолдолд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийг нийтийн албан тушаалтны хувьд ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хориглолтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтны үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
2. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Ц.М-ын ажилгүй байсан хугацааг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 сар 27 хоногийн /ажлын 107 хоног, нэг өдрийн цалин 36512/ цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3906885 төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр нь бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.8, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 сарын 19-ний өдрийн Б/42 дугаар захирамжийн хүчингүй болгож, Ц.М ын урьд эрхэлж байсан Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3906885 /гурван сая есөн зуун зургаан мянга найман зуун наян тав/ төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ