Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч И.Ариунсанаа, шүүгдэгч Н.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бумбатан овогт Нарангэрэлийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 2017 2501 0284 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бумбатан овгийн Нарангэрэлийн Пүрэвдорж, 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Дэлгэрмөрөн" группт даамал ажилтай гэх, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 3 дугаар гудамжны 27а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:У389011914/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Н.Пүрэвдорж нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 02-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 01-218 тоотод хамтран амьдрагч Д.Энхзултай таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр хохирогч Б.Далайцэрэн рүү “эгчийгээ өмөөрлөө” гэх шалтгаанаар төмөр шидэж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 01-218 тоотод 2017 оны 01 дүгээр сарын 02-ны орой хамтран амьдрагч Д.Энхзулын хувьд ногдох хөрөнгө болох Самсунг загварын 42 инчийн зурагтыг нь санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Пүрэвдорж мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл үнэн. Би дахиж ийм хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохиролд 600.000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад сэжигтнээр Н.Пүрэвдоржийн өгсөн: “…2017 оны 1 сарын 1-нд өөрийн хоёр найз болох Баярцэнгэл, Идэрбат нартай Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн голд өөрийн хуучин гэрийн гадна уулзсан. Идэрбаттай уулзахаасаа өмнө Баярцэнгэлтэй уулзаад очсон юм. Ингээд бид гурав манайд очиж ганц нэг шил архи уухаар болсон. Замаараа Цамбагаравт эгчийндээ байсан Энхзулыг аваад гэртээ харихаар бөхийн өргөөний хажуугийн 75 дугаар байр руу явсан. Замдаа Жуля төвийн гаднаас гар дээрээс архи, пиво зардаг хүнээс 1 болон 0.75 литрийн хоёр шил архи, хоёр лааз пиво аваад гэртээ орсон. Бид нарыг манайд ороход 22 цаг болж байсан.Тэгээд хоол унд хийж идээд авсан архиныхаа 1 литртэй Gold архиа Идэрбат, Баярцэнгэл бид гурав хувааж уусан. Тэгтэл Баярцэнгэл уусан архиндаа согтоод Баярцэнгэлийг гэрт нь хүргэж өгөхөөр Идэрбат бид хоёр аваад гарсан. Тэгээд гэрт нь оруулж өгөх гээд байж байтал хоёр цагдаа ирээд намайг согтуу байна гээд эрүүлжүүлэхэд хийнэ гээд Баянзүрх дүүргийн 1-р хэлтэс рүү авч явсан. Миний араас Идэрбат ирж намайг аваад тэгээд буцаад гэртээ шөнийн 01 цагийн үед байх орсон. Ингээд үлдсэн 1 шил архиа Идэрбат бид хоёр хувааж уусан. Тэгээд ууж байгаад Энхзултай хэрэлдсэн. Энхзул намайг гэрээс хөөгөөд байсан. Тэгээд хэрэлдэж байхад Идэрбат харихаар яваад сүүлдээ Энхзултай бүүр их хэрэлдээд барилцаж авсан. Тэгээд намайг нилээн цохьсон юм. Бас дүү Далайцэрэн нь намайг хажуугаар цохиод байсан. Тэгээд би цохиулж байгаад Энхзулыг нэг цохиод тэгээд Далайцэрэн рүү гутлын тавиур авч шидсэн л гэсэн. Энхзул, Далайцэрэн хоёр надад тэгж хэлсэн. Би үнэндээ архиндаа согтоод яг юу болсныг сайн мэдэхгүй байгаа юм. Тэгээд намайг тэр шөнөө цагдаад өгөөд би эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгээд шууд 72 цаг саатуулагдсан.” /хх-24/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад хохирогч Д.Энхзулын өгсөн: “...Ингээд Пүрэвдорж улам их агсарч дайраад намайг нүүр нүдгүй цохиж зодсон. Намайг зодож маргалдаж байхад манай дүү Далайцэрэн гарч ирээд намайг өмөөрөөд гурлын ганжин модоор нэг цохиод боль гэхэд Пүрэвдорж дүү Далайцэрэн рүү дайрахаар нь би түлхсэн чинь үүдний гутлын тавиур руу унаад гутлын тавиурын нэг унасан зүйлээр Далайцэрэнг шидээд духан дээр нь онож хагалсан. Тэгээд Далайцэрэн буцаад өөр өрөөнд ороод Пүүжээ бас намайг зодож цохих гэж дайрч байхад Далайцэрэн намайг дуудаад өрөөнд орж дотроос нь цоожилсон. Миний биед учирсан зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт мөн зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт гэмтлийг Пүрэвдорж л үүсгэсэн....Харин зурагтыг эвдсэн байсан учраас би мөнгийг нь нэхэмжилж Пүрэвдоржоор төлүүлсэн.” /хх-14-16/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд  хохирогч  Д.Энхзулын өгсөн: “...Н.Пүрэвдорж өрөөний

хаалга өшиглөөд орилж чарлаад байж байснаа сүүлдээ өрөөнд байсан 42 инчийн самсунг лсд зурагтыг эвдээд орилж чарлаж байхад цагдаа орж ирсэн. Зурагтыг ашиглах ямар ч боломжгүй болсон. Би одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Зурагтны мөнгө болох 500.000 төгрөгөө төлүүлсэн. Иймд хурдхан энэ асуудлыг хөнгөнөөр шийдвэрлүүлж салмаар байна.” /хх.16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Далайцэрэнгийн өгсөн: “…Пүрэвдоржийг түлхэхэд гутлын тавиур руу унаад унаж босч ирэхдээ гутлын тавиурын салсан нэг төмөр шиг зүйлийг шидээд миний духан тус газарт онож миний толгойноос цус гараад би интернэт ашиглаж байсан өрөөндөө ортол эгчийг бүр их зодоод байхаар нь буцаж гараад эгчийг өрөөнд оруулж ирж хаалга цоожилсон. Тэгтэл Пүрэвдорж хаалга руу өшиглөж орилж байгаад цаашаа яваад зурагт эвдэж байгаа чимээ гарсан. Тэгээд цагдаа нар авч явсны дараа харахад зурагт эвдэрсэн. Энхзул эгчийн гар нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. Пүрэвдорж архи уучихаараа их агсан зантай. Өмнө нь архи ууж ирчихээд хэл амаар доромжлоод байдаг байсан. Би толгойныхоо томографийн зургийг авахуулмаар байна. Эмчилгээ хийлгэмээр байна.” /хх.19/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1063 дугаар:

          1. Б.Далайцэрэнгийн биед духны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан дүгнэлт /хх.28/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1064 дүгээр:

          1. Д.Энхзулын биед зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан дүгнэлт /хх.31/,

 

          Фото зураг /хх.29, 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх65/, 379 дугаартай Шийтгэх тогтоол /хх79-80/, хохирогч Д.Энхзулын “...хохирлын мөнгө хүлээн авсан баримт, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт болон мэдүүлэг /хх24-25, 67-69/, хохирлын үнэлгээ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Пүрэвдоржийг согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 02-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 01-218 тоотод хамтран амьдрагч Д.Энхзултай таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр хохирогч Б.Далайцэрэн рүү “эгчийгээ өмөөрлөө” гэх шалтгаанаар төмөр шидэж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 01-218 тоотод 2017 оны 1 дүгээр сарын 02-ны орой хамтран амьдрагч Д.Энхзулын хувьд ногдох хөрөнгө болох Самсунг загварын 42 инчийн зурагтыг нь санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Н.Пүрэвдоржийг бусдын бусдын бие махбодид давтан үйлдлээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Д.Энхзул, Б.Далайцэрэн нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Н.Пүрэвдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь урьд нь 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 379 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх 379 дугаартай Шийтгэх тогтоол хэрэгт авагдсан хэдий ч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар дээрхи ялтай байдал нь хамрагдаж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Пүрэвдоржид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

          Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бумбатан овогт Нарангэрэлийн Пүрэвдоржийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатай устгасан буюу гэмтээсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Н.Пүрэвдоржид 4 /дөрөв/ сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Н.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаатай баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Пүрэвдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Пүрэвдоржид оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Н.Пүрэвдорж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Пүрэвдоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ