| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/01429/И |
| Дугаар | 102/ШШ2021/01412 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2021/01412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Н
Иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Хг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжпэгч Н нь хариуцагч Х.Хтай 2019 оны 03 сарын 11-ний өдрийн ЗГ-19/22014 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 12.600.000 төгрөгийг сарын 2,9% хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар 2021 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн болно. Хариуцагч Х.Х нь автомашины зээл авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эргэн төлөлтийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэл болгон талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж гэрээний үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хамт гаргаж нэхэмжилж байна. Иймд гэрээнд заасны дагуу зээлийн нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам (Зээлийн хүүгийн 20%) буюу 355.845 төгрөг, үндсэн зээлийн хүү 5.477.503 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 11.811.002 төгрөгийн хамт нийт 17.644.350 төгрөгийг хариуцагч Х.Хгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай Н нь хариуцагч Х.Хд холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ-19/22014 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11.811.002 төгрөг, үндсэн зээлийн хүү 5.477.503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 355.845 төгрөг, нийт 17.644.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х.Х нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Төв түүхий эд 32 дугаар байр 2 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй байна. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй Хишигсүрэн овогтой Хг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Хг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийг тодорхойлсон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Төв түүхий эд 32 дугаар байр 2 тоот хаягт хариуцагч Х.Х нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Х.Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа хаягаа өөрчилсөн, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь хариуцагч Х.Хгийн оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримт байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Хишигсүрэнгийн Х /РД: НБ75052510/-г эрэн сурвалжилсугай.
2.Хүсэлт гаргагч Н нь улсын тэмдэгтийн хураамжид 246.172 төгрөг төлснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 175.972 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах түүний оршин суугаа газрыг тогтоож, олох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Нэхэмжлэгчтэй холбоо
барих утас: 99046119
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА