Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01545

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01545

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А

Хариуцагч: М

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19.857.831 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөнг бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.А миний бие Мд 20 шахам жил ажиллаж байгаад Замын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр эдийн засгийн хямралтай гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Өөрийн хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Замын даргын тушаалыг үндэслэлтэй байна гэж үзсэн тул зохих журмын дагуу гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Хяналтын шатны шүүх хуралдаанаар Мын хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож сарын хөдөлмөрийн дундаж цалин хөлсийг 3.135.438 төгрөгөөр тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13.850.743 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа намайг ажилд эргүүлэн тогтоогоогүй тул 2019 оны 02 дугаар сарын 23-наас 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний олговрыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн нэхэмжилсэн байгаа. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр миний нэг өдрийн цалинг 149.307 төгрөг хэмээн тооцсон. Намайг хариуцагч байгууллага 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар  М-ын Хууль зүйн албаны мэргэжлийн харилцааны хэлтсийн Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар авч ажиллуулахаар тушаал гаргасан боловч тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Хариуцагч тал Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан тул энэ өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан боловч өөрсдөө энэ магадлалд гомдол гаргаж хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тогтоол гарч анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээсэн. Иймд 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 2021 оны 01 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацааны буюу 133 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 19.857.831 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч М шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1347 дугаар магадлал гарсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэрэг яаж шийдвэрлэгдсэнг мэдэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Мд холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 19.857.831 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан байна.

П.Аг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 689 магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 001/ХТ2020/00199 тогтоолоор М нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 13.802.743 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 102/ШШ2020/02707 шийдвэрээр 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн цалинг тооцохдоо 1 хоногийн цалинг 149.307 төгрөгөөр тооцож 347 хоногийн олговорт хариуцагчаас 51.809.380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ад олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гомдол гаргаж 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2347 Давж заалдах шатны магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан тул энэ өдрөөс хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар дууссан гэж тайлбарлан маргасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 2021 оны 01 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацааны буюу 133 хоногийн олговорт 19.857.831 төгрөг нэхэмжилсэн ба тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02707 шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 149.307 төгрөг болохыг тогтоож шийдвэрлэсэн тул нэг өдрийн цалинг 149.307 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны 133 хоногийн олговорт 19.857.831 төгрөгийг хариуцагч Маас гаргуулж нэхэмжлэгч П.Ад олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг тооцон нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Маас 19.857.831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Агийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Мд үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.293 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Маас 257.293 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА