Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/01633

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/01633

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т

Хариуцагч: Э

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Этай 2015 онд танилцаж, жил гаран үерхэж байгаад хамтдаа амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү Т.Х, 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Э.Ха нар төрсөн. Анхны хүүхдээ төрүүлэх үед бид гэрлэлтийн баталгаагүй байсан учир том хүүгээ ааваар нь овоглоогүй, бага хүүгээ төрөх үед бид хамт өргөдөл бичиж байж ааваар нь овоглосон. Хамт амьдарч байх хугацаанд Д.Э нь муудалцаж, хэрэлдэх үед найз нөхөдтэйгөө уулзаад яваад өгдөг байсан. Сүүлийн 2 жил Д.Э бид 2 тусдаа амьдарч байна. Иймд Д.Эас 2 хүүхдэд тэтгэмж тогтоолгож өгнө үү. Том хүүхэд маань миний нэр дээр байдаг болохоор эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл дээрээ тусга гэж өмгөөлөгч зөвлөсний дагуу ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Э нь хүүхдүүдийн төрсөн эцэг гэдэгт маргахгүй байгаа учир эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүүхдүүдийнхээ төрсөн эцэг гэдэгт би маргахгүй, хүүхдүүд бол миний төрсөн хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр корона вирусын халдвар авч 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Эмчлүүлэх хугацаанд өгөгдсөн шинжилгээгээр уушгиндаа өөр төрлийн өвчний өрөвсөлтэй болох нь тогтоогдсон. Одоогоор миний эрүүл мэндийн байдал муу, ажил хийдэггүй тул өөрийн гэсэн орлогогүй байна. Удахгүй би хагалгаа хийлгэх гэж байгаа, хагалгааны дараа хэзээ ажил хийж болох талаар мэдэхгүй байна. Иймд хүүхдийн тэтгэмж өгөх санхүүгийн боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Д.Эд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Н.Т, Д.Э нар 2014 онд танилцан, 2015 оноос хамтран амьдарч, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Т.Х, 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү Э.Ха нарыг төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Т нь эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасанг хариуцагч зөвшөөрөөгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Д.Эас хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Т.Х, Э.Ха нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Эас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.Х, 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Ха нарыг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Эар тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

3. Нэхэмжлэгч эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Эас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА