Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1108

 

 

 

 

 

 

 

 

 

2024       04          30                                          2024/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0101/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,

Улсын яллагч Д.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** ********** холбогдох эрүүгийн 2239003000118 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь ************ бүлэглэж, Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг “Улаан өндөр” гэх газраас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ********* эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн “Dayun” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2,340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч *********** хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239003000118 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ********** Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 14-р хуудас),

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зураг (хх-ийн 16-20-р хуудас),

Хохирогч ********** (хх-ийн 25-27-р хуудас), гэрч *********** (хх-ийн 47-48-р хуудас), гэрч ********* (хх-ийн 51-53-р хуудас), гэрч ******** (хх-ийн 56-58-р хуудас), гэрч ******** (хх-ийн 61-62, 64-р хуудас), гэрч *********** (хх-ийн 67-68-р хуудас), иргэний нэхэмжлэгч ********** (хх-ийн 35-36-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-275 дугаартай дүгнэлт (хх-ийн 74-76-р хуудас),

********** Хаан банкны 5952017302 дугаартай 2022 оны 7 дугаар сарын 10-ны орлого, зарлагын хуулга (хх-ийн 176-р хуудас),

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/320 дугаартай албан бичиг, хавсралт(хх-ийн 80-83-р хуудас),

Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар ( хх-ийн 138-141, 147-174-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239003000118 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ нь ********* бүлэглэж, Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг “Улаан өндөр” гэх газраас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ************* эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн “Dayun” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2,340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна...” гэв.

Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ************ нь ************ бүлэглэж, Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг “Улаан өндөр” гэх газраас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ч.Чинзоригийн эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн “Dayun” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2,340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...5 дугаар сарын 14-ний өдөр Түмэннасан гэдэг хүн Улаанбаатар хотоос Энхтөр, Оюунбаатар бид 3 аваад ирсэн. Жонш хийж байгаад  Чинзориг гэдэг айлын хонийг ноосолж өгсөн. Аймаг яваад ирнэ гээд бид хоёрыг үлдээгээд явсан. Манай малыг харж байгаарай гээд мотоциклоо үлдээсэн. Тэгээд бид хоёр өмнөх өдөр нь ноос аваачиж тушаасан. Тэгээд ирэхдээ 4-5 шил архи аваад ирсэн. Тэрийг явсаных нь дараа уусан. Тэгээд Бэрхэд ирээд хоорондоо ярилцаж байгаад мотоциклийг нь зарсан...хохирлыг барагдуулсан....” гэх мэдүүлэг,

Хохирогч ********** Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 14-р хуудас),

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зураг (хх-ийн 16-20-р хуудас),

Хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай малыг харж байсан Хуягаа залгаж чиний мотоциклийг алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд уурхайн сахиул хийж байсан хүмүүс байхгүй байна. Хамт байсан 2 залуу унаж явсан байж магадгүй гэсэн...сураг тавьснаар мотоцикль хулгайлсан байж магадгүй гэх 2 залуу Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг гэж сонссон...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-27-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Батноров сумын 3-р баг "Улаан өндөр" гэх газар жоншны нөхөрлөлд ажил хийлгэх гэж 2022 оны 6 сард Ган-Эрдэнэ, Энхтөр нарыг авчирсан...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сахиул хийж байсан уурхайг орхиж Ган-Эрдэнэ, Энхтөр хоёр Ч.Чинзориг гэх хүний мотоциклийг хулгайлж унаад явсан байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай хажуу талын жоншны нөхөрлөлд сахиулаар үлдсэн гэх 3 залуу манай гэрт 2 шил хараа архи авч ирсэн...авчирсан архийг нь 10 цагаас 12 цаг хүртэл уусан байх, би унтсан... 13 цагийн орчим сэрэхэд гэрийн гадаа байсан *********** мотоцикль байхгүй алга болсон байсан. Тэгэхээр нь хажуу талын уурхай руу очтол ******** байсан, *********, ********* гэх залуучууд байхгүй байсан. ********** хэлэхдээ би унтаад сэрэхэд хамт байсан ********, ********** нар хувцастай цүнхээ аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд мотоциклийн эзэн ********** утсаар хэлсэн. Алдагдсан мотоцикль түлхүүргүй шууд гишгээд асдаг 2021 оны хавар авсан шинэвтэр эвдэрсэн зүйлгүй мотоцикль байсан... тэгэхээр хажуу талын уурхайд сахиул хийж байсан *********, ************** нар хулгайлсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-53-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр мотоцикль авах санаатай хажуу айлын хүүд ярьж байсан тэгтэл хажуу айлын хүү Бэрх ЕБС гэсэн зар дээр 500,000 төгрөгөөр мотоцикль зарна гэсэн зар байна та авах юм уу гэхээр нь очиж уулзахаар Бэрх орж тухайн хүмүүстэй уулзаж Цэнхэр өнгийн "Dayun" маркийн мотоцикль худалдаж авсан... Миний танихгүй 2 залуу байсан...би 500,000 төгрөгөөр худалдаж авсан... мөнгөө шилжүүлэх гэсэн карт байхгүй гэхээр нь хүнээс 500,000 төгрөг авч өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-58-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ах ************** над руу залгаад Бэрхэд хүн 500,000 төгрөгөөр гайгүй шинэвтэр мотоцикль зарна гэж байна чамд мөнгө байна уу гэхээр нь би наад Бэрхэд тамхины дэлгүүрийн Сарансүх гэдэг эгчтэй би ярья та очоод 500,000 мянган төгрөг авчих гэсэн. Тэгээд би тэр өдөрт нь өөрийн эхнэр ************* Хаан банкны дансаар Сарансүх эгчийн данс руу гүйлгээний утга хэсэгт нь "дугуй" гэж бичээд мөнгө шилжүүлсэн... БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, цэнхэр өнгийн даюун маркийн мотоцикль худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 61-62-р хуудас),

Гэрч ************ дахин мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тус хэрэгт 500,000 төгрөгөөр хохирсон хүн нь манай ах Энхбаяр байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сарын 09- ний өдөр 500,000 төгрөгөөр мотоцикль худалдаж авсан... тэгсэн нэг сар орчмын дараа миний худалдаж авсан мотоцикль хулгайд алдагдсан мотоцикль гээд аваад явсан... тэгэхээр би уг мотоциклыг 500,000 төгрөгөөр зарсан хоёр иргэнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),

Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд тэр өдөртөө бид нар архи уугаад би түрүүлээд гэртээ хариад унтсан **********, ********** хоёр ********** ахтай үлдсэн. Тэгтэл маргааш өглөө нь ********** ах манайд ирээд нөгөө хоёр залуу чинь гэрийн гадаа байсан хүний мотоцикль унаад хамаг хувцсаа аваад явчихсан байна гэж орж ирсэн... Тэгээд би босоод харахад цүнхтэй хувцсаа аваад ********** гэх хүний цэнхэр өнгийн даюун маркийн мотоциклийг унаад явчихсан байсан. Би **********, ********** нартай хэрэг болсны дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод таараад тэр хоёроос хүний мотоцикль яасан бэ гэхэд Бэрх тосгонд хөдөөний хүнд 500,000 төгрөгөөр зарчхаад замын унаанд суугаад Улаанбаатар хотод ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-68-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-275 дугаартай дүгнэлт (хх-ийн 74-76-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ********* нь ************ бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Шүүгдэгч *********** нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************ нь хохирогч ************* даюун маркийн мотоциклийг хулгайлж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч ************* нь 500,000 төгрөгийн хохирол барагдуулсан нь хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч ************ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 цагийн 1 хоногоор тооцож 40 хоногоор тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор эдлүүлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 32 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч өмнө нь ял шийтгэл эдлэж байсан. Ялын тооцооны хувьд 5 сар 15 хоногийн хугацаа үйлдсэн, 32 хоног цагдан хоригдсон. Ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү? Урьд эдлээгүй үлдсэн 5 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн, мөн цагдан хоригдсон хоногийг хасаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******** нь Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 147-174-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирох төдийгүй улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч *********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2239003000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ************ 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийн ажлын 8 цагаар тооцож 40 хоногийн хорих ял дээр Доргоговь аймгийн Зам-Үүд дахь сум сундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 15 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 (зургаа) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосгай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 6 (зургаа) сар 25 (хорин тав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* цагдан хоригдсон 32 (гучин ) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн 2239003000118 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УУГАНБАЯР