Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 179

 

                                

 

 

 

 

                                       

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Б.Батбаяр, улсын яллагч М.Хэрлэнчимэг, хохирогч Т.Амаржаргал, шүүгдэгч Б.Одонгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Одонгэрэлд холбогдох эрүүгийн 2017 2501 0620 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 31-509 тоотод оршин суух, урьд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Баярсайханы Одонгэрэл /РД: НН90010176/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Одонгэрэл нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Маахуурын 4 тоот хашаанд хадам ээж Т.Амаржаргалтай маргалдан, таарамжгүй харьцааны улмаас зодож Т.Амаржаргалын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одонгэрэл мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж архи уухгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Амаржаргал мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Одонгэрэлийн өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өглөө эхнэр ажилдаа явсаны дараа 11-12 цагийн үед найз Батпүрэв ирээд дундаасаа хувааж мөнгө гаргаад 1 шил архи авахаар болсон би мөнгөгүй байсан учир эхнэрийн ажилладаг дэлгүүрээс 5000 төгрөг, нийт 11.000 төгрөгийг эхнэрээс аваад 0,75 литрийн 1 шил архи аваад гэртээ ууж байгаад талд нь оруулаад Батпүрэв унтаад өгсөн.Тэгээд би хойшоо эгчийндээ очоод орой гэртээ ирэхэд хадам ээж, эхнэр хоёр ирсэн намайг архи дарс уулаа орой болсон байхад хаагуур яваад байгаая гээд охиноо аваад явлаа чам шиг архичинтай амьдруулахгүй гэж бид гурав хэрэлдэж байгаад би хадам ээж эхнэр хоёрыг явбал яв гээд хоёуланг түлхэж гаргасан чинь “чи яахаараа хөөдөг юм бэ гээд янз бүрээр доромжилж хадам ээж күртикнээс зуурж нүүр, цээж рүү маажиж самардсан энэ үед дүү гаднаас орж ирээд салгаад намайг аваад гарсан тэр хоёр араас гараад ирэхээр нь хадам ээжийг түлхсэн чинь бид гурав хашаа мөргөж унасан, босч ирээд бид гурав манай аав ээжийнд орж хэрэлдсэн миний ээж бид нарын дунд орсон зогсож байхад ээжийг давж ирээд эхнэр цээж рүү, хадам ээж нүүр рүү ээлжилж маажисан тэгээд хадам ээж цагдаа дуудсан. Хэрүүл маргаан хийж зууралдаж байхдаа хадам ээжийг нүүрэнд цохисон байх.” /хх-44-45/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Амаржаргалын өгсөн: “...Тэгээд би охин Мөнхбаярын ажилладаг Баянзүрх дүүргийн 5 хороо Сэнгүүр горхи хотхоны "АПУ" нэртэй супермаркетад очиж охинтойгоо уулзаад гэрт нь очтол араас түүний нөхөр Одонгэрэл согтуу орж ирэхээр нь түүнд энд юу болоод байгаа юм бэ гэж хэлтэл чи муу дандаа охиноо өмөөрч ирдэг биздээ гээд охин руу дайраад цохиод өшиглөөд байхаар нь дундуур нь орсон чинь намайг заамдаж аваад, түлхээд ор руу унагаасан, тэгээд охиныг чирээд гарахаар нь би араас нь зууралдаж гараад хашаанд байсан үүдний амбаар руу бид хоёрыг түлхэж унагаасан босоод ирсэн чинь үснээс зулгаагаад нүүр рүү цохисон тэгэхэд зүүн талын хацар хөхөрсөн, тэгтэл дүү нь ирээд салгасан. Тэгээд охин бид хоёрын аавынд нь ороход араас орж ирээд ална хядна гээд үсчээд дахиж зодох гээд саравганаад байхаар нь дүү нь дундуур орж хориод байсан. Би гараад цагдаад дуудлага өгсөн” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтанд гэрч А.Мөнхбаяраас өгсөн: "...2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажлаа хийж байхад нөхөр Одонгэрэл утсаар яриад дэлгүүрээс архи аваад өгчих архи уумаар байна гэсэн. Би өгөхгүй гэсэн чинь удаа дараа мэссэж бичээд байсан ба өөрөө дэлгүүр дээр ирээд нэг шил архи аваад явсан. Одонгэрэлтэй хэрүүл, маргаалдаан болж намайг цохих гэж байхад ээж урдуур нь ороод цохиулсан, гадаа гарсан чинь ээж бид хоёрыг үснээс зулгаагаад хашаа
мөргүүлж түлхэж унагаасан. Тэгэхээр нь ээж бид хоёр зугтаад хадмынд орсон чинь
араас орж ирээд хэрүүл маргаан хийж миний толгой руу цохисон тэгээд л цагдаа
дуудсан. Энэ үед хамт архи уусан Одонгэрэлийн найз нь байсан. Одоо надад ямар
нэг гомдол санал байхгүй, тухайн үед ээжийн шанаа нь Одонгэрэлд цохиулснаас
болж хавдсан байсан /хх 20-21/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн байцаалтанд гэрч Б.Одмичидээс өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр орой 18 цагийн үед гэртээ байж байхад хажууд ахын гэрт хэрүүл болоод байх шиг байхаар нь ахын гэр лүү шагайсан чинь ах эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь юундаа хэрэлдээд байгаач больцгоо гэж хэлчихээд гэртээ ороод зурагт үзээд сууж байсан чинь дахиад эмэгтэй хүн орилоод байхаар нь дахиад орсон чинь бэр эгчийн ээж нь ирсэн хэрэлдэж байснаа ахыг маажиж самардаад байхаар нь ахыг салгаад гэрээс түлхээд гаргасан тэгтэл ахын хадам ээж нь араас нь гарч ирээд нэг юм шидээд байсан, энэ үед би ахыг тэвэрсэн байсан чинь намайг тавь гээд түлхсэн тэгэхэд ард хадам ээж нь байж таараад бид гурав давхралдаад хашаа руу унасан тэгээд би ахыг салгаж аваад гэртээ оруулсан байсан чинь хадам ээж нь цагдаа дуудаж ахыг аваад явсан. Ер нь манайх ахтай нэг хашаанд байдаг хэрүүл маргаан хадам ээжээс нь байнга болдог     Гайгүй байсан гэхдээ архи уусан байсан үнэртэж

Байсан. Хэрэлдэж маргалдаад байхаар нь гэр лүү нь ороход ахын найз Батпүрэв ахыг байсан эсэхийг анзаараагүй, дараа нь орохдоо мөн анзаарж хараагүй. Намайг гэрт нь ороод салгаж авснаас хойш ямар ч  байсан гар хүрээгүй. Хохирогчийн нүүр нь зүгээр байх шиг байсан” /хх24-25/ гэх мэдүүлэг,

 

             Мөрдөн байцаалтанд гэрч Т.Гэрэлтунгалагаас өгсөн: “…Хүү Одонгэрэл тусдаа эхнэр 2 хүүхдийн хамт тусдаа бид нар нэг хашаанд амьдардаг. 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр орой 21 цагийн үед гэртээ байж байсан чинь гаднаас Одонгэрэлийн эхнэр нь ээжийнхээ хамт орж ирээд энэ хоёр муудалцаад байна гэсэн тэгтэл араас нь Одонгэрэл орж ирээд энд хэрүүл хийгээд яахав гэртээ орьё гэсэн чинь эхнэр, хадам ээж хоёр нь 2 талаас самардаад эхлэхээр нь гэрт битгий муудалцаад бай гарцгаа гэсэн чинь гурвуулаа зууралдаад гарсан, хадам ээж нь цагдаад өгнө гэсээр гарсан. Удаагүй цагдаа ирээд аваад явцгаасан. Өөр мэдэх зүйл байхгүй. Ер нь манай хүү бэр хоёрыг муудалцаад байгааг нь сонсоход хүүг баривчилгаанд явсан хойгуур нь эхнэр нь өөр хүнтэй явалдсан асуудлаас болж      муудалцаад байгаа гэсэн. Хохирогч Амаржаргалыг цохисон эсэхийг нь хараагүй мэдэхгүй байна. Манай хүү архи уусан байсан /хх.22-23/ гэх мэдүүлэг,................................

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1627 дугаар:

          1. Т.Амаржаргалын биед тархи доргилт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээч эмч А.Амгаланболдын гаргасан дүгнэлт /хх.37/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх61/, 1367 дугаартай Шийтгэх тогтоол /хх57-59/, хохирогч Т.Амаржаргалын “...нэхэмжлэх зүйлгүй тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн эврэлийн гэрээ, шүүгдэгч Б.Одонгэрэлийн өөрөө өөрийгөө өмгөөлөхийг хүссэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Одонгэрэл нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Маахуурын 4 тоот хашаанд хадам ээж Т.Амаржаргалтай маргалдан зодож, бие махбодид нь тархи доргилт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Одонгэрэл нь урьд нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар түүний ялтай байдал дуусаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Б.Одонгэрэлийг ялтай байдал дуусаагүй байхдаа бусдын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Амаржаргал шүүгдэгч Б.Одонгэрэлээс төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Одонгэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Одонгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ болон ялтай байдал дуусаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          Шүүгдэгч Б.Одонгэрэл цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Баярсайханы Одонгэрэлийг ялтай байдал дуусаагүй байхдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Одонгэрэлийг 2 /хоёр/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Одонгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаатай баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн буюу 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, нийт 3 /гурав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Одонгэрэлд оногдуулсан 3 /гурав/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

         

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Одонгэрэлд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Б.Одонгэрэл цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одонгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ