Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0040

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Ховд аймгийн Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.С би Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/78 дугаартай захирамжаар Ховд аймгийн Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Миний бие тус сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн үүрэгт ажлаа чанарын өндөр төвшинд гүйцэтгэж, сурган хүмүүжүүлэх үүргээ биелүүлж, төрийн албыг хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж байсан.

“Намайг ажлаас халах”- тухай Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаартай захирамжид: Эрхэлсэн байгууллагынхаа 2016 оны төсвийг хууль журмын дагуу зарцуулаагүйгээс өр, авлага үүссэн, үр ашиггүй зарцуулсан, сургуулийнхаа багш, суралцагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болсон зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халах захирамж гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Хөдөлмөрийн хуульд заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажил эрхэлдэггүй.

Манай байгууллагын 2016 оны тайлан бланс аудитын байгууллагаар баталгаажиж, “Зөрчилгүй” санал дүгнэлт гарсан. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, өр авлага үүссэн зөрчил гараагүй болно.

Манай сургуулийн багш, суралцагчдын дундаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон асуудал гараагүй.

Намайг хууль зөрчин ажлаас халж миний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаартай тушаалыг хянан үзэж хүчингүй болгон, Намайг Ховд аймгийн Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийг даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

Миний бие төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба хариу ирүүлээгүй байна гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т Төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төсвөөс санхүүждэг, төрийн үйлчилгээний байгууллагын дарга захирал эрхлэгч бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамрагдахаар заажээ.

Нэхэмжлэгч нь үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан  тушаалтан юм. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.С-тай 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 03 дугаар хөдөлмөрийн гэрээ захиргааны хэргийн материалд авагдсан. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй  төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлөх харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулжээ.Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тогтоогдсон бол ажилтныг ажлаас халах үндэслэл байхаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт тусгажээ.

Нэхэмжлэгч Ц.С  “Минжит булган” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа байгууллагын 2016 оны төсвийг хууль журмын дагуу зарцуулалгүйгээр өр авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дотоод хяналт, шалгалтуудаар тогтоогдсон.

Ховд аймгийн Аудитын газар, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар Минжит Булган цогцолбор сургууль нь 2016 оны хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хуульд заасан бусад мэдээлэл зэргийг мэдээлээгүй.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах”, 9.1.2-т ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах” аж ахуйн нэгжийн үүргийг хуульчилсан.

Ховд аймгийн Булган сумын сум дундын Прокурорын газраас 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 7/08 дугаар мэдэгдлийг Минжит Булган цогцолбор сургуулийн захирал Ц.С-д,  2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 7/10 дугаар мэдэгдлийг аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт тус тус хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд Ховд аймгийн Булган сумын Далд багийн нутаг дэвсгэрт тус сургуулийн 11А ангийн сурагчид бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь удирдлагын зүгээс байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаа болон албан хаагч, сурагч нартаа тавих хяналт сул байгаагаас багш нарт хуваарьт хичээлээ орохгүй байх тохиолдол гарч, ахлах ангийн сурагч нар хичээл ороогүй цагийг ашиглан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл нь санхүүгийн зөрчилтэй холбоотой юм. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөх үүрэгтэй юм. Гэтэл Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн баримтууд нь эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар авагдаж, Ховд аймгийн Булган сумын сум дундын цагдаагийн хэлтэст байгаа учраас дээрх санхүүгийн баримтуудыг эрүүгийн хэргээс шууд гаргуулах боломжгүй байна.

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн захирлын ажлаас нь халсан. Уг захирамж нь хуулийн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь ажлаас халах болсон үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон юм.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал хашдаг этгээдийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчтэй 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба уг хөдөлмөрийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан этгээд нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл буюу эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажлаас халахаар хуульд зохицуулж өгсөн.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн юм. Учир нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар дунд сургуулийн захирал нь төсвийн шууд захирагч байдаг. Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулдаг, гүйлгээ хийдэг эрх бүхий албан тушаалтан юм. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т өөрт  олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн, зориулалтын дагуу эзэмшиж ашиглахаар заасан. Уг зохицуулалтаас үзэхэд мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь Ц.С  юм. Иймд нэхэмжлэгч нь тухайн байгууллагын нэгдүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийдэг эрх бүхий албан тушаалтан юм. Ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл эс үйлдэхүй хийсэн нь эрх бүхий  байгууллагын хяналтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Ц.С  нь Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын 2016 оны төсөв санхүүг зориулалтын дагуу зарцуулаагүй, өр авлага үүсгэж, үр ашиггүй зарцуулж ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан нь аудитын шалгалтаар тогтоогдсон.

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд төсвийн зарчмыг заасан ба санхүүгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчимтай. Мөн хуулийн 6.3-т “уг хуулийн 5 дугаар зүйлд заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг дараах байдлаар хэрэгжүүлнэ” гээд төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зарцуулах, төсвийг зохистой удирдаж, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх талаар заасан. Төсвийг үр ашигтай, зохистой зарцуулахыг төсвийн бүх шатны төсвийн захирагч нар хэрэгжүүлэн ажиллах ёстой. Нэхэмжлэгч нь 2016 оны төсвийг өр, авлага үүсгэж, төсвийг зохистой удирдаж чадаагүй нь нотлогдсон. Үүнийг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар шалгаж, тогтоон, дүгнэлт гаргасан юм. Энэ тохиолдолд хариуцлага оногдуулах ёстой.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар зохих шийтгэлийг ногдуулсан гэж үзэж байна. Аудитын газрын дүгнэлт, Боловсрол, соёлын газрын дотоодын дүгнэлтийг үзэхэд нэхэмжлэгч нь ажилтны цалинг урьдчилж олгосон нь өр үүсгэсэн байдаг. Нийгмийн даатгал болон татварын өр авлага үүсгэж байгаа нь зохисгүй үйлдэл юм.  Цалингийн санг үр ашигтай зарцуулбал өр үүсэхгүй. Нийгмийн болон татварын өр үүсгэсэн нь удирдлага муу байгаагийн шинж юм. Байгууллагын бүтэц, орон тоо болон цалингийн сандаа багтааж ажиллаж чадвал өр үүсдэггүй. Мөн санхүүгийн хяналтын дүгнэлтээр өр, авлагатай гарсан зөрчлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой санхүүгийн тайлангууд мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь санхүүгийн тайланд зөрчилгүй гэх дүгнэлт авсан гэж тайлбарладаг. Уг санхүүгийн зөрчилгүй гэх дүгнэлт нь санхүүгийн тайлан нь олон улсын стандартад нийцсэн гэдгийг нь илэрхийлсэн юм. Түүнээс тайлан нь зөрчилгүй гэсэн ойлголт биш. Энэ баримтыг буруу тайлбарласан байна. Боловсрол, соёл, урлагийн газрын аудитын дүгнэлт нь гүйцэтгэлийн аудитын тайлан юм. Санхүүгийн тайлангаар төсвийг үр ашиггүй зарцуулсан нь харагдана. 2016 оны төсвийг 2.6 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан байдаг. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй учир өр авлага үүссэн. Санхүүгийн тайланг нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан. Санхүүгийн тайлангаар төсвөө хэтрүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Санхүүгийн тайланд 2016 оны тодотгосон төсвийг 7.5 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан, авлага мөн оныхоос 5.6 сая төгрөгөөр өссөн, 13.3 сая төгрөгийн авлагатай болсон, өглөг буурч, хүн амын орлогын албан татварт 7.8 сая төгрөгийн өртэй гарсан. Эндээс үзэхэд шимтгэл, татварын өр үүсгэсэн байна. Үүнийгээ бууруулах биш өсгөж байсан. Ийм хүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй. Хуульд заасны дагуу хариуцлага ногдуулах нь зүйтэй. Ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл эс үйлдэхүй нь шалгалтаар тогтоогдсон. Төсвийн тухай хуульд заасан шилэн дансны мэдээллийг оруулдаггүй. Иймд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм.

Мөн сургуулийн ажилтан, багш, сурагч нарын дундаас гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нь гаргасан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу ажилтнууддаа сурталчлах үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Ховд аймгийн Булган сумын прокурорын газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7/8 дугаар мэдэгдлийг “Минжит булган” цогцолбор сургуулийн захирал Ц.С-д, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 7/10 мэдэгдлийг Боловсрол, соёлын газарт ирүүлсэн. Уг мэдэгдлүүдээр 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр байрлах “Минжит булган” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч нар нь бүлэглэн иргэн Ядамсүрэнгийн 3 тооны аккумуляторыг хулгайлсан хэрэгт холбогдсон ба үүний шалтгаан нөхцөл нь тус сургуулийн багш, удирдлагуудын сурагчиддаа тавих хяналт сул байсан, багш нар хуваарьт хичээлээ ороогүйн улмаас сурагчид гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон. Ингээд хөдөлмөрийн гэрээнд зааснаар хариуцлага хүлээлгэсэн. Нэхэмжлэгч нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хийх ёстой байсан боловч хийгээгүй нь тогтоогдсон. Уг хэргийн улмаас нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр тайлбар ирүүлсэн ба тус сургуулийн 2016 оны байгууллагын төсвөөс 9740000 төгрөгийн авлагатай, 7795000 төгрөгийн өглөгтэй гарсан, одоо эхний 3 сарын байдлаар 4 сая төгрөгийн өртэй байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нийгмийн даатгал, татварын хэлтсээс ирүүлсэн 2 удаагийн лавлагаа байгаа бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ямар өр  төлбөртэй байсныг ирүүлсэн. Шимтгэлийн тооцоогоор 17 сая төгрөгийн өртэй байсан. Нийгмийн даатгалын шимтгэлд өр үүсгэхгүй байх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар ажлаас халах тухай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Захирамж дээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг баримталсан. Уг заалт нь Боловсрол, соёлын газрын саналыг үндэслэж, тухайн сургуулийн захирлыг ажлаа халах, ажилд томилох зохицуулалттай. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг заалтад мөнгө болон эд хөрөнгө хариуцсан этгээдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой үйлдлийг зохицуулахаар заасан.

Энд нэхэмжлэгч нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш гэж үзэж байна. 2016 онд уг сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд аудит хийгдэж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Уг тайлангаар ямар нэгэн байдлаар ажлаас халагдах хэмжээний зөрчил гаргасан байдал харагдахгүй байна. Хариуцагч тал нь сургуулийн төсвийн зарцуулалтад хийсэн тайланг үндэслэж, нэхэмжлэгч нь өр авлага үүсгэж, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзсэн байдаг.

Нөгөө талаас Боловсрол, соёлын газрын төсвийн мэргэжилтэн Оюундэлгэр нь тайлан бичсэн ба шалгалт хийх, дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтан мөн үү гэдгийг анхаарах ёстой. Оюундэлгэр албан байгууллагуудын 2016 оны тайланг үзсэн юм уу, 2017 оны эхний 5 сарын ажлыг шалгасан юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хариуцагч тал нь төсвийн жил дууссан байхад өр авлагатай байна гэж тайлбарлаж байна. Гэтэл 2017 оны төсвийн жилийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно гэж үзэж байна. Иймд төсвийн жилийн хүрээнд  явж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан, ямар эд хөрөнгийг завшсан бэ гэдэг дээр дүгнэлт гараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүйг үйлдсэн нь тогтоогдсон байхыг шаарддаг.

Гэтэл энэ нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй юм. Дүгнэлт гаргах эрхтэй этгээд нь улсын байцаагч тул улсын байцаагчийн дүгнэлт гарах ёстой юм. Мөн нэхэмжлэгчийг хөрөнгө идэж, шамшигдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл шүүх гэм бурууг тогтоосон байх ёстой. Сургуулийн багш, сурагчдын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй учраас гэмт хэрэг гаргах шалтгаан болсон гэж байна. Нотлох баримтуудаар сургуулийн сурагч, ажилтан нартай холбоотой ямар зөрчил гаргасан бэ гэдэг нь нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Зөрчлийг арилгах тухай албан бичиг байгаа боловч хуульд заасан үндэслэлээр нотлогдсон байх ёстой юм. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө ажил олгогчийн санаачилгаар ажлаас халдаг.

Гэтэл хөдөлмөрийн гэрээн дээр ажилтны эрх, үүрэгт ажилтан албан хаагчиддаа цалингийн урьдчилгаа олгож болохгүй гэсэн заалт байхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээнд сурагч, багш нар нь гэмт хэрэгт холбогдвол ажлаас халах талаар заагаагүй. Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлж ажилласан гэж үзэх үндэслэлтэй юм. Аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар ажлаас халах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Ц.С  нь 2017 оны 6 дугаар сар 12-ны өдөр тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргад  холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын  шимтгэлийн зөрүүг  нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаараа  утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэхийг зөвшөөрсөн болно.

Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас шүүх хуралдаанд “нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй.” гэж заасныг үндэслэн хүсэлтийг хангахаас татгалзаж  шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр захирамж гаргаж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэйг тайлбарлан өгөхөд хүсэлт гаргагч талаас гомдол гаргахгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

 Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.С нь Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар[1] Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ[2] байгуулан  ажиллаж,  Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19ий өдрийн Б/45  дугаар захирамжаар ажлаас халагдсанаар маргаан үүсчээ.

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19ий өдрийн Б/45  дугаар захирамжаар[3] Ц.С-ийг “эрхэлсэн байгууллагынхаа 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан, сургуулийнхаа багш, суралцагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болсон зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ[4] “... Миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажил эрхэлдэггүй. Манай байгууллагын 2016 оны тайлан баланс аудитын байгууллагаар баталгаажиж “зөрчилгүй” санал дүгнэлт гарсан. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, өр, авлага үүссэн зөрчил гараагүй. Манай сургуулийн багш, суралцагчдын дундаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон асуудал гараагүй.” гэж, хариуцагч тайлбартаа[5] “... Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.18, 16.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-ын 1-т тус тус заасан зохицуулалтаас үзвэл сургуулийн захирал нь төсөв захирагч, эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэг нь батлагдана. Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Нэхэмжлэгч Ц.С  нь “Минжит-Булган” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Боловсрол, соёл урлагийн газрын дотоод хяналт шалгалтуудаар тогтоогдсон байдаг” гэж тус тус тайлбарлан маргана.

 1. Маргааны үйл баримтын талаар: 

1.1. Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.С-ийг төсөв захирагч, эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан нь аймгийн Аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Боловсрол, соёл урлагийн газрын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж буруутгажээ.

1.1а. Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тухайд:

Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаас үзвэл Төрийн аудитын байгууллага нь төсвийн байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулдаг ажээ.

Ховд аймгийн аудитын газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр[6] хүргүүлсэн Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургууль буюу 2 дугаар сургууль /хэрэгт авагдсан нотлох баримтуудад аль нэг нэршлээр нь дурдагдсан байх тул цаашид тухайн баримтад дурдсан нэршлээр нь бичсэн болно./-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангийн 1.7.1-д[7] “төлбөрийн акт тогтоосон алдаа, зөрчилтэй асуудал байхгүй.” гээд 1.12-д[8] “зөрчилгүй” санал дүгнэлт гаргасан талаар дурджээ.   

Өөрөөр хэлбэл аудитын шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн зөрчил буюу төлбөрийн акт тогтоогоогүй байх бөгөөд зохих зөвлөмжийг өгч “зөрчилгүй” дүгнэлт гаргасан байх тул аудитын дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг төсвийн удирдлагын талаар сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж шууд буруутгах үндэслэл болохгүй байна. 

1.1б. Боловсрол, соёл урлагийн газрын дотоод хяналт шалгалтын тухайд:

Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “....Булган сумын боловсрол соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах, хяналт шинжилгээ хийх ажлын удирдамжид зорилгыг[9] “Сургууль, цэцэрлэг, соёлын төвийн хөгжлийн төлөвлөлтүүд, холбогдох хууль, журам, сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж мэргэжил арга зүйн удирдлагаар ханган зөвлөн туслах, БСШУСЯ-ны болон аймгийн боловсрол, соёлын салбарт олон нийтийн оролцоог өргөжүүлэх” гэж тодорхойлж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон хийх ажиллагааны төлөвлөгөөг нэрчлэн баталжээ.

Хяналт шинжилгээ хийх ажлын төлөвлөгөөнөөс үзвэл зөвхөн Булган сумын 1-р сургуулийн төсөв, санхүүгийн байдалд шалгалт хийхээр төлөвлөгдсөн байгааг дурдах нь зүйтэй байна.

Дээрх удирдамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан Боловсрол, соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтэн С.Оюундэлгэр “Минжит-Булган” цогцолбор сургуулийн 2016 оны төсвийн зарцуулалт, 2017 оны 1 дүгээр улирлын төсвийн гүйцэтгэл, зарцуулалтын байдалд хийсэн дотоод хяналт шалгалтыг хийж, энэ талаар тайландаа[10] “Тус сургуулийн 2016 оны санхүүгийн тайланг үзэхэд тодотгосон төсвийг 7,5 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан, авлага өмнөх оноос 5.6 сая төгрөгөөр өсөж 13.3 сая төгрөг болсон, өглөг буурч ХАОАТ-т 7.8 сая төгрөгийн өр гарсан байна. Эдгээрээс үзэхэд авлагын бүртгэл өссөн нь цалингийн урьдчилгаа хавтгайруулан олгосон, өмнөх авлага барагдуулаагүй зэрэг шалтгаантай байна.” гэж дүгнэжээ.

Боловсрол, соёл урлагийн газар нь аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллагуудыг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэгтэй тул Булган суманд ажиллах удирдамжийн зорилгыг “хяналт шалгалт хийх бус  зөвлөн туслах, хяналт шинжилгээ хийх” тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хяналт шинжилгээ, хяналт шалгалт гэх ойлголтууд нь хууль тогтоомжид тусгагдсан агуулга, зорилго, эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай ойлголтууд юм.

Боловсрол, соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтэн нь тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай танилцаж хяналт шинжилгээ хийж заавар, зөвлөмж өгч ажилласныг буруутгахааргүй байх ч хуулиар тусгайлан заасан эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлж ажилласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь дотоод аудитын тухай 69 дүгээр зүйлийн 69.1.-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.”, 69.4-д “Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна.” гэж тус тус зааснаар аймгийн Засаг даргын дэргэд Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулагдан аймгийн хэмжээнд санхүүгийн дотоод хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Иймд Боловсрол, соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтэн С.Оюундэлгэрийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай танилцаж гаргасан дүгнэлтийг “ эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж үзэх үндэслэлгүй байна. 

1.1в. Санхүүгийн хяналт, аудитын албанаас “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн талаар хийсэн хяналт шалгалтын тухайд:

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.” гэжээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаас “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн 2016 оны 4 дүгээр улирлын тайланг аймгийн Засаг дарга Д.Галсандондогт хүргүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар албан бичгийн[11] 2.2-т “Булган сумын 2 дугаар сургууль шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд 12 дугаар сарын шилэн дансны мэдээллээ оруулаагүй, тайлангаа илгээгээгүй” гэж, 2017 оны 2 дугаар улирлын тайланг хүргүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр албан бичгийн[12] 1.3-т “Булган сумын 2 дугаар сургууль шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд шилэн дансны мэдээллээ оруулсан боловч тайлангаа ирүүлээгүй” талаар тус тус дурдаж, хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөсөн байна.

Дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотой хариуцагчаас ямар арга хэмжээ авч ажилласан талаар тайлбарлаагүй, энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн талууд дээрх зөрчлийн талаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр мэтгэлцэж маргахгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халах нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

1.1г. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас  2017 оны 10 дугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Булган сумын боловсрол, соёлын байгууллагын 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тайлан, “Минжит-Булган” цогцолбор сургуульд тавигдсан санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актууд зэрэг баримтыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтууд нь маргаан бүхий акттай холбоогүй буюу маргааны үйл баримтад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзлээ. 

1.2. Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.С-ийг байгууллагын удирдах албан тушаалтны хувьд сургуулийнхаа багш, суралцагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болсон гэж буруутгажээ.

Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас “Минжит-Булган” цогцолбор сургуулийн захирал Ц.С-д “Цагдаагийн байгууллагаас “Минжит-Булган” цогцолбор сургуулийн 4 сурагчид холбогдох гэмт хэргийн хэргийн шинжтэй гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материал ирүүлсэн талаар мэдээллийг хүргүүлж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т  зааснаар байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж, үр дүнгийн талаар хариу ирүүлэх талаар 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 7/08 дугаар албан шаардлага, мөн аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүүд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 7/10 дугаар албан шаардлагыг тус тус хүргүүлжээ.

Прокурорын албан шаардлагын дагуу Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургууль болон Боловсрол, соёл урлагийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тайлан, холбогдох баримтыг хүргүүлсэн байна.

Түүнчлэн дээрх зөрчлийн талаар талууд холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр мэтгэлцэж маргахгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халах нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

  2. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана.” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Ц.С-ийн эрхэлж байсан сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.5-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.”,

15.5.2-д “Мөн хэсгийн “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан“ гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно.” гэж тус тус тайлбарлажээ.

Эндээс үзвэл маргааны талууд нь хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч, ажилтанд хамаарах ч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д сургуулийн захирлын албан тушаал нь төсвийн шууд захирагчид хамаарах тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахаар байна.

Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлэх ажилладаг байна.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгч нь байгууллагын төсөв, санхүүгийн талаар хэрэгжүүлэх чиг үүргийг нарийвчлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч зохих хариуцлагыг тооцож ажиллах байжээ.

2.2. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэх үндэслэлийн тухайд:

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.”, 40.4-д “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна:

40.4.1.төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах;

40.4.2.хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох.

40.5-д “Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харгалзана.” тус тус зохицуулсан байна.

Мөн ажил олгогчийн нэхэмжлэгчтэй байгуулсан  байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.2 болон 4.1-т үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэхээр тусгажээ.  

Гэтэл үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй байхад Боловсрол соёл урлагийн газраас ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар тусгаагүй 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг[13] үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасантай нийцэхгүй байна. 

Дүгнэвэл, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийг буруутгаж байгаа зөрчлүүдийг илрүүлсэн болон тогтоосон хугацаа, үндэслэл нь маргаан бүхий акт гаргах үндэслэлтэй нийцээгүй, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд хариуцагчийн авсан хариуцлагын  арга хэмжээ нь тохироогүй , хууль хэрэглээний хувьд өөр зохицуулалт бүхий хоёр хуулиар зохицуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг давхардуулан хэрэглэсэн  зэрэг алдаатай болжээ.

3. Маргаан бүхий актын агуулга, хэлбэрт тавигдах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэж тус тус зааснаас үзвэл маргаан бүхий актыг гаргах хууль зүйн үндэслэлийг бүрэн хангуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болжээ.

Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа төрийн үйл ажиллагааны зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлах үүрэгтэй.

 Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарыг гаргасан хэдий ч хэрэгт авагдсан баримтууд тухайлбал захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримтад[14] нэхэмжлэгч Ц.С гарын үсэг гүй зэргээс үзвэл захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулсан байдал нотлогдохгүй байх бөгөөд хэлбэрийн төдий хийгдсэн гэж үзэхээр байгааг тэмдэглэж байна.

Иймд хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулаагүй, маргаан бүхий акт гаргах бодит шаардлага, хууль зүйн үндэслэлтэй нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах нөхцөл, баталгаа зөрчигдсөн гэж дүгнэж, Ховд аймгийн Засаг Даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний  өдрийн Б/45 тоот захирамжийн хүчингүй болгож, Ц.С-ийг Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн  хөдөлмөрийн харилцаатай  холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй  бусад асуудлыг  Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу  ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан  бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Ц.С-ийн  ажилгүй байсан хугацааг  2017 оны  5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож, цалин хөлсний олговрыг Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулиас гаргуулж  нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэр нь  бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.С-ийг Булган сумын “Минжит-Булган” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны  5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын  шимтгэлийн зөрүүг  нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 6 дахь тал

[2] хх-ийн 7-9 дэх тал

[3] хх-ийн 5 дахь тал

[4] хх-ийн 1-2 дахь тал

[5] хх-ийн 26-29 дэх тал

[6] хх-ийн 44 дэх тал

[7] хх-ийн 49 дэх тал

[8] хх-ийн 50 дахь тал

[9] хх-ийн 106 дахь тал

[10] хх-ийн 111 дэх тал

[11] хх-ийн 102 дахь тал

[12] хх-ийн 103 дахь тал

[13] хх-ийн 63 дахь тал

[14] хх-ийн 92 дахь тал