| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0076/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
2024 04 30 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0076/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Г.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.А /онлайнаар/,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* *********** холбогдох эрүүгийн 2339004670050 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 36-19 тоот хашаанд 15-66 УБҮ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т "...жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, заалтыг зөрчин орчны байдлыг шалгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцож буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас О.Гоо-Үжинг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас ************ амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004670050 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-15-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** (хх-ийн 24-25-р хуудас), гэрч ************ (хх-ийн 31-34-р хуудас), гэрч ********** (хх-ийн 40-41-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Техникийн шинжээчийн “...осол гарахад техникийн талаас нөлөөлсөн ямар нэгэн хүчин зүйл байхгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 56-57-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 65-70-р хуудас),
Техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 07/02 дугаартай дүгнэлт (хх-ийн 99-100-р хуудас),
Тээврийн хэрэгсэлийн лавлагаа (хх-ийн 107-р хуудас),
Жолоочийн лавлагаа мэдэээл (хх-ийн 108-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн эрхийн лавлагаа (хх-ийн 119-123, 108-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ************ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *********** амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүлйин 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ********** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 36-19 тоот хашаанд 15-66 УБҮ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т "...жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, заалтыг зөрчин орчны байдлыг шалгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцож буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ************* дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2023 оны 10 дугаар сарын 17-ны 11 цагт ухарч гарахдаа өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдийнхээ амь насыг хохироосондоо туйлын их харамсаж байна. ...Аймшигтай байна гэв....” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ээж Мөнхнаран над руу залгаад охины бие муудаад байна хурдан ( ирээрэй гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос 18 цагийн орчим гараад Хэнтий аймагт 10 цагийн орчим ирсэн. Гэтэл 1 цагийн өмнө охин нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны 13 цагийн орчим би гэрийн унь болон тооно угаана гээд нөхөр *********** усанд явуулах гэж байсан юм. Тэгээд ********** машиндаа суугаад гэнэт орилоод "******* хаана байна” гэхээр нь би гүйж очтол жолоочийн эсрэг талын урд дугуйны ард хэсэгт Үжин толгой нь дугуйнд наалдчихсан буруу хараад хэвтэж байсан. Би нөхөр лүүгээ чи машинаа хөдлөгдсөн бол дайрах байлаа шүү дээ азтай байна гээд Үжинг татсан чинь хамраас нь цус гарчихсан нүүр нь хөхөрсөн байсан. Тэгээд ********** амьсгалахгүй байхаар нь зүрхэн дээр нь дараад массаж хийтэл гэнэт уйлсан. Би "шууд эмнэлэг яв гээд хүүхдээ бод" гээд **********, *********, ******* гурвыг явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-34-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Батноров сумаас Хэнтий аймгийн төвд *******, Мөнхбаяр нарын хамт гэрийг нь ачаад ****** эгчийн хашаа болох өргөөгийн 36-19 тоотод ирсэн. Би хашааны урд талд гэрийн шалыг буулгаж байтал ********* эгч орилоод хүүхэд дайрчихлаа гэхээр нь сандраад гүйгээд очсон. Тэгтэл ач охин *********** нүүр хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд шууд эмнэлгийн байгууллага руу аваад явсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Шинжээчийн “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ********** шинжээчийн "...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-р хэсэгт зааснаар "Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" хэлнэ гэж заасан энэхүү осол тээврийн хэрэгслээс шалтгаалан гарсан тул зам тээврийн осол мөн.
-Мөн дүрмийн 1.2.15 дугаар хэсэгт зааснаар: "Зам" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөн нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг" гэж заасан ба айлын хашаан дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ашиглагдах газар нь замд хамаарна.
Мөн дүрмийн 10.1-т "... жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэх заалтыг зөрчин хөдөлгөөн эхлэхдээ ойр орчмын байдлыг биеэр шалгаагүй хөдөлгөөн эхэлснээс зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *********** 2023 оны 11 дүгээр сарын 27-ны 142 дугаартай:
1. Талийгаач ************* цогцост толгойн зулай, дух, баруун, зүүн чамархай хэсгийн хуйхны дотор хэсэг болон гавлын шар хальсанд цус хуралт, гавлын зүүн зулай яснаас баруун зулай ясыг дайрч дагз яс руу үргэлжилсэн зөрүү ихтэй дотогш цөмөрсөн хугарал, тархины зулай, духны дэлбэнгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, уушгины эдийн няцрал, духны зүүн хэсэг болон зүүн хацарт зулгаралт, зүүн мер, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдээс нь толгойн зулай, дух, баруун, зүүн чамархай хэсгийн хуйхны дотор хэсэг болон гавлын шар хальсанд цус хуралт, гавлын зүүн зулай яснаас баруун зулай ясыг дайрч дагз яс руу үргэлжилсэн зөрүү ихтэй дотогш цөмөрсөн хугарал, тархины зулай, духны дэлбэнгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, уушгины эдийн няцрал нь гэмтлийн зэрэг дотрох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. духны зүүн хэсэг болон зүүн хацарт зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас тархины аалзан хальсан дор цус харван нас баржээ...” гэх дүгнэлт (хх-ийн 65-70-р хуудас),
2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 07/02 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн "... Тээврийн хэрэгслээр зорчих боломжтой зурвас газар буюу зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тул уг хэрэг нь зам тээврийн осолд хамаарагдана.
УБҮ улсын дугаартай "Тоёота Аллион" маркийн тээврийн хэрэгслийн жолооч *********** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-р заалт буюу жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах болсон шалтгаан гэж үзэж байна... (хх-ийн 99-100-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-15-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ********** амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ************ нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч ************** амь насыг хохироосон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болон хүний амь насыг хохироосон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ************ амь насыг хохироосон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ************** оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн оногдуулсан ялыг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлөх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзах ёстой. ********** хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол барагдуулсан. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй, хөдөлмөр алдалтын 70 хувийн грүпт байдаг. Хими эмчилгээ хийлгэж байнгын эмнэлгийн хяналтад байдаг зэргийг харгалзан ************ ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв....” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (хх-ийн 123-р хуудас)-аар, тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ялын хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлууд харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339004670050 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт *********** *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ************ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ************ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ************* хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Эрүүгийн 2339004670050 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР