Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/01843

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/01843

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А

Хариуцагч: Б

Эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.А, хариуцагч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: У.Бтой 2019 онд танилцаж улмаар 2019 оны 11 дүгээр сараас хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд хүүхэдтэй болсон боловч хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2020 оны 02 дугаар сараас тусдаа амьдарсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бидний охин А.Г төрсөн. Бид тусдаа амьдарснаас хойш У.Б бидэнд ямар нэг дэмжлэг үзүүлж холбоо барилгүй өнөөдрийг хүрсэн. Иймд охин Ггийн эцгээр У.Быг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч У.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Г миний охин мөн. Одоогоор би эрхэлсэн тодорхой ажилгүй тул тэтгэлэг төлөх боломжгүй байна. 1 жилийн дараагаас бол төлж болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч У.Бод холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Ж.А, У.Б нар 2019 онд танилцан хамтран амьдарч, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр охин А.Г төрсөн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч У.Б нь охин Гг өөрийн хүүхэд болохыг хүлээн зөвшөөрсөн, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч У.Боос мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.Гг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Боос улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ад олох нь зүйтэй.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин А.Ггийн эцэг нь Б болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин А.Гг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг У.Боор тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Боос улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ад олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА