Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

 

2024       04          30                                          2024/ШЦТ/110

 

 

МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0102/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,

Улсын яллагч Д.Ч,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** *********** холбогдох эрүүгийн 2339004520055 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 10ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт “Хэнтий аймгийн Музей” төрийн байгууллагын үйл ажиллагаандаа ашигладаг Сангийн яамны “Ehuulga” программд хууль бусаар халдаж, тус байгууллагын Төрийн банк дахь санхүүгийн гүйлгээ хийдэг 100180035021, 100180035010 дугаартай данснуудын мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********** кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004520055 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэнтий аймгийн Музейгээс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт (хх-ийн 15-17-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ (хх-ийн 23-24, 26-27-р хуудас), гэрч ********* (хх-ийн 38-39-р хуудас), гэрч ********** (хх-ийн 42-43-р хуудас), гэрч *********** (хх-ийн 46-47-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэнтий аймгийн музейн Төрийн банк дахь 100180035021, 100180035010 дугаартай дансуудын “системын огноо 2023-08-28” гэсэн хуулга (хх-ийн 72-73-р хуудас),

Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хх-ийн 94-99, 105-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339004520055 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт “Хэнтий аймгийн Музей” төрийн байгууллагын үйл ажиллагаандаа ашигладаг Сангийн яамны “Ehuulga” программд хууль бусаар халдаж, тус байгууллагын Төрийн банк дахь санхүүгийн гүйлгээ хийдэг 100180035021, 100180035010 дугаартай данснуудын мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна...” гэв.

Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч *********** нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт “Хэнтий аймгийн Музей” төрийн байгууллагын үйл ажиллагаандаа ашигладаг Сангийн яамны “Ehuulga” программд хууль бусаар халдаж, тус байгууллагын Төрийн банк дахь санхүүгийн гүйлгээ хийдэг 100180035021, 100180035010 дугаартай данснуудын мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн Музейгээс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт (хх-ийн 15-17-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...************* нь 2022 оны 12 дугаар сард Хэнтий музейд анх үйлчлэгчээр орж 2023 оны 01 дүгээр сард албан ёсны нягтлан бодогчийн тушаал нь гарч ажлаа хүлээн авч байсан. Ингээд ажиллаж байх хугацаандаа ёс зүйн болон сахилгын ноцтой зөрчлийг гаргасан улмаас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Ингээд намайг халамжийн хөдөлмөр маргаан таслах болон хүний эрхийн комисс шалтгаангүйгээр ажлаас халсан гэж өгөөд сүүлдээ шүүхэд шаталсан арга хэмжээ аваагүй ажилласан үеийнхээ нийгмийн даатгал төлүүлнэ гэж шүүхэд хандсан байхаар нь би нэхэмжлэгчээр татагдсан. ...Тэгээд материалтай танилцаад би хариу тайлбар өгөхийн тулд нотлох баримт цуглуулж ирсэн. Миний өгсөн тайлбар нэхэмжлэлтэй *********** нь танилцаад шүүхэд буцаад нотлох баримт цуглуулахын тулд ийм баримт цуглуулсан байсан. ...Ингээд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төрийн сангийн мэргэжилтэн дээр очоод музейн санхүүгийн программд нэвтэрч хуулгийг гаргаж өгөхийг хүссэн байдаг. Тэгээд хариуд нь байгууллагын программд нэвтэрч орох эрх байхгүй ээ энэ нь байгууллагын дарга болон нягтлан нар л нэвтэрч орох эрхтэй боломжгүй гээд буцаасан байсан.

Ингээд тухайн өдрөө буцаж очоод энэ баримтыг баталгаажуулж өгөөч гэж дахиж очсон байсан. Тэгээд энэ хүн нь 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдчихөөд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр санхүүгийн программ буюу санхүүгийн мэдээлэлд нууцаар хандан нэвтэрч нууцлалтай холбоотой хууль дүрмийг зөрсөн..., *********** нь энэ оны 05 дугаар сарын дундуур ажилд орсон. Тухайн үед ************* нь Улаанбаатар хотоос албан ажилтай Хэнтий аймаг руу ирж байсан. ...Төрийн сангийн дансны мэдээллийг татаж авсан тохиолдолд огноог засах боломжгүй.... тухайн байгууллагын зөвхөн нягтлан бодогч нар нэвтрэх эрхтэй байдаг” гэх мэдүүлэг

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймгийн Музейд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тушаал гарч нягтлан бодогчоор ажиллаж байна..., хуулга нь байгууллагын бүх орлого зарлагын баримтууд харагддаг программ, энэ программын нууц үгийг солиогүй байсан. 2023 оны 08 дугаар сар хүртэл хэвээр байсан. Дарга *********** нь санхүүгийн программд нууцаар ************* нь нэвтрээд хуулга аваад төрийн сан дээр очиж баталгаажуулаад өгөөч гэсэн байна хэнээс авсан юм бол гэхээр нь би тэр хүнийг танихгүй гэж хэлсэн. Тэгсэн дарга нягтлангаас нь энэ хуулгийг аваад очсон гэж төрийн сан дээр очсон байна гэж хэлсэн. Би хуулга өгөөгүй, харж байгаагүй. Нэвтрэх нэр нууц үг солиогүй бол өөр байршлаас нэвтэрч орж болдог....” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сард хэдэнд гэдгийг мэдэхгүй байна. Хэнтий аймгийн Музейд хуучин нягтлангаар ажиллаж байсан ********* гэх хүн манай ажил дээр үдийн өмнө орж ирээд байгууллагын дансны хуулга хэвлээд өгөөч гэж орж ирхээр нь байгууллагаасаа аваарай гээд өгөөгүй гаргасан. Тэр өдрөө дахиад үдээс хойш орж ирэхдээ ehuulga-c байгууллагын дансны хуулгийг өөрөө хэвлэчихсэн энийг баталгаажуулаад өгөөч гэж орж ирсэн. Тухайн үед би байгууллага өөрөө санхүүгийн тэмдэгээ дарж баталгаажуулдаг юм аа гэж хэлээд та наадхаа хаанаас авсан юм бэ гэхэд ********** нь нягтлангаасаа авлаа гэж байсан. Би ************** ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгийг мэдсэн болохоор гаргаж өгөөгүй. Музейн дарга ********** нь 4-5 хоногийн дараа байгууллага дээр орж ирээд манай хуучин нягтланд яагаад дансны хуулгыг хэвлэж өгсөн бэ гэж асуухаар нь ********** орж ирээд надаас хэвлээд өгөөч гээд дараа нь өөрөө нягтлангаасаа авлаа гээд орж ирсэн гэдгийг нь хэлсэн. Санхүүгийн ehuulga программд өөр байршлаас орж болдог. Тухайн программын нэвтрэх нэр, нууц үгийг мэддэг л бол интернеттэй газраас орж болдог. Excel дээр татаж авахыг хориглодог. Харин татаж авсан тохиолдолд он сар excel дээр харагддаггүй засах боломжгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сард хэдний өдрийг санахгүй байна. Аймгийн Музейд ажилладаг нягтлан зүс мэдэх эмэгтэй ажил дээр үдийн өмнө орж ирээд ажиллаж байсан хугацааныхаа хуулгийг авах гэсэн юм гээд орж ирхээр нь би байгууллагынхаа нягтлангаас өөрөөс нь ав гээд шинэ орсон нягтлангийн дугаарыг нь өгөөд гаргасан юм. Тэгээд үдээс хойш нь ******** нь орж ирээд ********** эгч дээр очоод хуулгаа аваад ирлээ баталгаажуулаад өгөөч гэхээр нь манайхаас хуулгийг гаргаж өгөөгүй учраас манайх баталгаажуулах боломжгүй та авсан газраасаа баталгаажуул гэж хэлээд гаргасан. Тэгээд 2-3 хоногийн дараа байх музейн дарга ********** нь орж ирээд танайхаас хуулгийг авсан уу дансны хуулга аваад явж байна гэхээр нь болсон зүйлийн талаар *********** эгч бид хоёр *********** даргад хэлсэн. Excel дээр татаж авч болдог. Тэгэхдээ огноог солих боломж байдаггүй. Ehuulga нь сангийн яаманд харьяаллагддаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),

Хэнтий аймгийн музейн Төрийн банк дахь 100180035021, 100180035010 дугаартай дансуудын “системын огноо 2023-08-28” гэсэн хуулга (хх-ийн 72-73-р хуудас),

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.   

Кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд 2 дахь хэсэгт “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан..." бол эрүүгийн хариуцлага оногдуулахаар байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд хувь хүн, аж ахуй нэгж болон Улсын мэдээллийн сүлжээний аюулгүй байдал нь уг гэмт хэргийн объект байна.

Уг гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, системд нэвтэрсэн, мэдээллийг..., хуулбарлаж авсан,..., аливаа идэвхитэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг онцлогтой.

Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан гэж “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр..., хуулбарласан үйлдлийг ойлгоно" гэж заасан.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************ нь  цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч ************** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд 3 бага насны хүүхэдтэй. Хамгийн бага хүүхэд нь 45 хоногтой байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ************* нь төрөөд ажил хийх боломжгүй байгаа иймд торгууль төлөх боломж бололцоо байхгүй байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү? гэв....” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (хх-ийн 105-р хуудас)-аар, тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ,  ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлууд харгалзан торгох ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339004520055 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт ********** ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн еранхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* *********** хорих ял  оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч ********** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  *********** хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6.  Эрүүгийн 2339004520055 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР