Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01893

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01893

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х

Хариуцагч: Д

Гэрээний үүргийн биелэлтэд 22.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, өмгөөлөгч Б.Э, хариуцагч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Х нь Я.Дтэй 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бүрэн биелэгдэх нөхцөлтэй байсан хэдий ч зээлдэгч Я.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлийн гэрээний үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг зээлийн хүү 5 сарын хугацааны 5.000.000 төгрөг, алданги 7.500.000 төгрөг нийт 22.500.000 төгрөгийг хариуцагч Я.Дээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Я.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Хтэй 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдэж авсан нь үнэн. Мөнгийг А.Х шилжүүлсэн. Үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг алдангид 1.500.000 төгрөг нийт 16.500.000 төгрөг төлөх боломжтой гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Я.Дт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 22.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Я.Д нь нэхэмжлэгч А.Хтэй 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх нөхцөлтэйгээр тохиролцож зээлдэн авсан байна.

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээжээ.

Зээлдүүлэгчээс зээлийн гэрээний 1.1, 1.4, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч А.Хээс мөнгийг хүлээн авсан талаар зөвшөөрч тайлбарласан болно.

Талуудын тохирч байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болоход хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 16.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч тайлбарласан боловч талууд Зээлийн гэрээний 3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй байхаар тохиролцож гэрээ байгуулагдсан тул хариуцагч нь гэрээ буюу хуульд зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байх тул түүнээс гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг, алданги 7.500.000 төгрөг нийт 22.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Хт олгож, нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан хэлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Дээс 22.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Хэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Я.Дээс 270.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Хэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА