Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2021/00515

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, регистрийн дугаартай, овогт ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* ******* тоотод оршин суух /******* сумын 10 дугаар баг ******* тоотод түр оршин суух/, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******од холбогдох

6 350 000 төгрөгний үнэ бүхий мал гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн гэсэн гэр оронгүй учраас 2017 оны 3 дугаар сарын сүүлээс эхлэн ******* ахын малчнаар ажилласан. Тухайн үед ******* ах би чамд цалин хөлс өгч чадахгүй, харин хоол, хувцсаар дутаахгүй, сайн ажиллах юм бол өөрийн гэсэн гэр оронтой болгож, малжуулна гэж хэлсэн. Бид дээрх нөхцөлөөр тохиролцож аман хэлцэл хийсэн. Үүний дагуу ******* ах 2017 оны мал тооллогын үеэр 1 адуу, 40 хонь, 35 ямаа нийт 76 толгой малыг миний нэр дээр тоолуулсан. Би 2017 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд малыг нь харж малчнаар нь ажилласан. Тэгээд өөрийн нэр дээрх 76 толгой малаа авах гэтэл би чиний нэр дээр мал тоолж өгөөгүй гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Миний хувьд 2 жилийн хугацаанд энэ хүний малыг 4 улирал тасралтгүй харж, ажиллаж ирсэн. Энэ хугацаанд би цалин хөлс гэж авч байгаагүй. Иймд хуулийн дагуу өөрийн нэр дээр тоолуулсан 76 толгой малыг Д.*******оос нэхэмжилж байна. ...Намайг байнга аймгийн төв рүү явдаг гэж худлаа ярьж байна, хааяа нэг явдаг байсан. Би Сүхээ гэдэг айлд наадмын өмнө очихдоо 1 хонь авч явсан нь үнэн. Дараа нь Дамдин гэдэг хүнд 1 борлон, 1 төлөг өгч явуулсан. Тухайн үед ******* ахын дүү өөрөө барьж өгсөн. Түүнээс биш аймгийн төв рүү орох болгондоо хонь, ямаа авч явсан зүйл байхгүй. Мөн бэрийнх нь 2 бугуйвчийг намайг авсан гэж гүтгэж байна. Би энэ талаар мэдэхгүй, би худлаа хэлж, хулгай хийж явдаг хүн биш. Миний хувьд ******* ахынд очихоосоо өмнө Дашбалбар суманд 3 жил хүний мал харсан. Тухайн үед мал харуулж байсан айл маань ажлын хөлсөнд 1 гуталнаас өөр юу ч өгөөгүй, цалин хөлс ч өгөөгүй. Би өвөл нь 1 адууны гуяар өвөлждөг байсан нь үнэн. ...******* ах надад 3 ширхэг мөнгөн бөгж өгсөн. Би 1 бөгжийг нь найздаа өгсөн, нөгөө 2 бөгжийг нь аймгийн төвөөс хөдөө хүргүүлж ирсэн машины жолоочид унааны хөлс гэж өгсөн. ******* ах намайг сайндаа ч эмнэлэгт үзүүлээгүй, намайг сэтгэцийн өвчтэй гэж групп тогтоолгох зорилгоор эмнэлгээр дагуулж явсан. Группийн хуралд орох үед намайг гэрээ өөрөө шатаасан, бичиг баримтаа идчихсэн гэж мэдрэл муутай хүн шиг ярихыг шаардсан. ...Надад малаа өгөхгүй байсан юм бол яах гэж миний нэр дээр мал тоолж өгсөн юм бэ, би бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн тэнэг хүн биш. Миний нэр дээр тоологдсон учраас 1 адууг нэхэмжилсэн. Гэхдээ одоо адууг нэхэхгүй, 40 хонь, 35 ямаагаа нэхнэ. 1 хонийг 80 000 төгрөгөөр, 1 ямааг 70 000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Малаа мөнгөөр бус тоо толгойгоор нь малаа авах хүсэлтэй байна. ...Мал тооллогын үеэр намайг тэтгэвэрт гарахад нь хэрэг болно гэж хэлж байсан нь үнэн. Анх намайг малчнаар очиход би чамайг малжуулна гэж хэлж байсан. Тийм учраас надад мал тоолж өгсөн гэж би ойлгосон. Тухайн үед би өөрийн гэсэн малтай болох нь гэж дотроо баярлаж байсан гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.тай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Шүр зах дээр тааралдахад ...би өмнө нь Дашбалбар суманд 3 жил мал харсан, мал харуулж байсан айл маань ажлын хөлсөнд 1 гутал, хуучин тэмээний ноосон цамцнаас өөр зүйл өгөөгүй, өвөл нь адууны 1 гуяар өвөлждөг байсан, одоо тэр айлд буцаж очихгүй... гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи манайд хашаа саравч манаад, үхрийн баас аваад байж чадах уу, чадна гэвэл манайд амьдарч болно, би чамаар мал харуулахгүй, ойр зуурын ажил хийлгэнэ, чи дуртай цагтаа ирж, очоод явж болно. Гэхдээ би тогтсон цалин хөлс өгч чадахгүй. Харин итгэл дааж чадах юм бол би чамайг хоол унд, хувцсаар дутаахгүй, цаашлаад өөрийн гэсэн гэр оронтой болгож чадна, чи 2, 3 жил итгэл даагаад ажиллаж чадах уу гэхэд нь ...чадна, цалин мөнгө өгөхгүй байсан ч хамаагүй, намайг хувцаслаад дулаан орон гэрт байлгаад хооллоод байхад болно, тамхиар таслахгүй байвал өөр хүсэх зүйл байхгүй... гэж хэлсэн. Ингээд 1 сар гаруй хугацаанд аймаг, гэр хоёрын хооронд дуртай цагтаа ирж, очиж явсан. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хөдөө очоод 5 дугаар сарын 23-ны өдөр аймаг буцах үедээ манайхаас 1 хонь, 1 ямаа авч явсан. Мөн 5 цэнгийн хас түмэн өлзий хээтэй мөнгөн бөгж зүүж явсан. Дараа нь 6 дугаар сарын 17-ны өдөр хөдөө гэр лүү согтуу хүмүүстэй машинтай очоод 1 хонь, 1 ямаа хэрэгтэй байна гээд нэхэхэд нь өгч явуулсан. Иймэрхүү байдалтай хэсэг хугацаа өнгөрсөн. Арга ядаад ямар зорилгоор, ямар хүмүүстэй нийлээд байгааг нь мэдэх үүднээс хүнээс сураглаад очдог гэх айлыг нь олж очиход Сүхээ гэдэг айлын гадаа надаас авсан хонио уячихсан, хүмүүстэй архидаж, зодолдоод байж байхаар нь ер нь бүтэхгүй хүмүүстэй нийлдэг, бүтэхгүй хүн байна гэж бодоод уулзалгүй орхиод явсан. ...2017 оны 06 дугаар сарын *******-ны өдөр ыг хөдөө гэр лүүгээ дагуулж яваад сувиа хонь харуулсан. нь 7 дугаар сарын 20-нд сургуулийн хүүхэд явахаас өмнө аймаг ороод ирье гээд 1 хонь аваад явсан. Мөн 8 дугаар сарын 06-ны өдөр машинтай ирээд 1 хонь, 1 ямаа авсан. Машиныхаа хөлсөнд ямаагаа өгөөд, малын бэлчээр дээр хонио махлаад гэдэс, толгой, арьсыг нь хаяад явсан байсан. Тэгээд 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин аймаг явсан. Тэр үед би аймагт байсан болохоор 9 дүгээр сарын 14-ний өдөр ын эрүүл мэндийн дэвтрийг бөглүүлж 2016 оны төлбөр 46 080 төгрөг, 2017 оны 1-9 сарын төлбөр 43 200 төгрөгийг төлж түүнийг эмнэлэгт үзүүлсэн. Дараа нь 10 дугаар сарын 21-ний өдөр 10-12 сарын төлбөр 14 400 төгрөгийг төлөөд дахин эмнэлэгт үзүүлээд 11 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн хүүхэд амрахад цуг хөдөө явсан. 2017 оны 11 дүгээр сарын дундуур бой хийхэд нядалгаа хийлцсэн. 12 дугаар сард мал тооллогоор ******* сумын 5 дугаар багийн Засаг дарга Арсланбаатарын хамт мал тооллогын комисс гээд 4-5 хүн ирсэн. Хотонд байгаа малыг тоолоод дүү Хатанзоригийн малыг А дансанд суулгаад, миний нийт 760 толгой малыг А дансанд суулгаад байж байтал дүү Хатанзориг т яах юм бэ, тэтгэвэрт гарах гэж байгаа гэсэн үү гэж надаас асуусан. Тэгэхэд нь 2018 оны 01 сараас тэтгэврийн хууль хэрэгжиж эхлэх гэж байгааг гэнэт санаад тухайн үед ыг тэтгэвэрт гарах үеэр нэмэр болж магадгүй, 55 нас хүрээд малчнаар тэтгэвэрт гарч тэтгэвэртэй болог гэж бодоод энэ талаар багийн засаг дарга Арсланбаатарт хэлж ын нэр дээр 1 адуу, 40 хонь, 35 ямаа нийт 76 толгой мал тоолуулж бичүүлсэн. Түүнээс биш т малаа өгөөгүй. Тухайн үед ыг тэтгэвэрт гарахад нь нэмэр болох үүднээс өөрийнх нь нэр дээр мал тоолуулсан. намайг ямар ч цалин хөлс өгөөгүй гэж байна. Би энэ хугацаанд дараах хувцас, эд зүйлийг хонь, ямааны хамт т өгсөн.

Үүнд: Төлийн үед сувиа хонь харсан гээд хурга 6, ишиг 6, амьд хонь 4, гулууз 1 ширхэг, ямаа 3-ыг өгсөн. Тэгээд сүүлдээ мал өгөөд нэмэргүй юм байна, нэг бол машины хөлсөнд, эсвэл архи уугаад хүний хоол болох юм байна гэж бодоод ажлын хөлсөнд нь хувцас өгье, гайгүй байвал гэр оронтой болгож өгөх нь зөв юм байна гэж дүү Хатанзоригтой ярилцаад дахин хүмүүстэй ирж мал нэхэх юм бол мал өгөхгүй байхаар шийдсэн. Тэгээд зах дээрээс монгол дээл 2 ширхэгийг 300 000 төгрөгөөр, 2 ш пудволк 15 000 төгрөгөөр, 4 ш дотуур хувцас 10 000 төгрөгөөр, 4 ш оймс 6 000 төгрөгөөр, хар өмд, күртикийн хамт 130 000 төгрөгөөр, цахилгаан станцын Мөнхбаатар гэдэг залуугаас өмд, күртик 50 000 төгрөгөөр, 2 ш ажлын хувцас 70 000 төгрөгөөр, 4 ш ажлын өмд 40 000 төгрөгөөр, шар толгойтой ногоон түрийтэй гутал 100 000 төгрөгөөр, хар толгойтой эсгий түрийтэй гутал 60 000 төгрөгөөр, эсгий дотортой герман гутал 1 хониор, оюу толгойн ажилчдын нормын төмөр хоншоортой гутлыг Око гэдэг залуугаас 1 хониор, израйль гутлыг Отгонбаяр гэдэг залуугаас 1 хониор, зах дээрээс хүрэн гутал 120 000 төгрөгөөр, мөн 2 ш ноосон цамц 55 000 төгрөгөөр, 2 ш биеийн тамирын өмд 24 000 төгрөгөөр, 2 ш өгзөг өвдгөндөө ноосон оруулгатай өмд 26 000 төгрөгөөр, 3 ш нимгэн дотуур өмд 21 000 төгрөгөөр тус тус авч өгсөн. Мөн мөнгөн хастай бөгж 1 ш, луутай бөгж 1 ш, өлзийтэй бөгж 1 ш, нар сартай бөгж 1 ш, 500 граммын тагтай төмөр аяга 7 500 төгрөгөөр, 1 литрийн тагтай төмөр аяга 10 000 төгрөгөөр, зузаан өмд 50 000 төгрөгөөр, Туяа сувилагчаас авдар 1 хониор авч өгсөн. Хөдөө байх хугацаанд нь тамхи, тамхины цаас, чихэрээр таслаагүй. Мөн улсаас үнэгүй олгодог газрыг нь хүртэл хөөцөлдөж авч өгсөн. Ц.ын 1990 оноос 2000 оны хоорондох нийгмийн даатгалыг нөхөн олгуулахаар нийгмийн даатгалын байцаагчтай уулзаж, өргөдөл бичиж өгөөд 74 *******0 төгрөгийг би тушааж нийгмийн даатгалын дэвтрийг нь авч өгсөн. Дараа нь хөлөө хугалаад, эгмээ хугалаад эмнэлэгт хэвтэж байхад нь хуурай идэх юм, тамхи, ундаа авч очоод эргэж байсан. Би аймгийн төвд тай гудамжинд таарах бүрдээ 5 000-10 000 төгрөг өгдөг байсан. 2020 оны 7 сард согтуу зах дээр таарчихаад хэл амаар доромжилж, танай адууг хөөнө дөө гэж хэлж байсан. ...т өгсөн зүйлээ мөнгөн дүнд шилжүүлэхэд нийт 2 441 960 төгрөг болсон. ын манайд байсан хоногийг тооцвол 2017 оны 3 дугаар сарын 21-нээс 5 дугаар сарын 23 хүртэл, 2017 оны 5 дугаар сарын *******-наас 7 дугаар сарын 20 хүртэл, 2017 оны 8 дугаар сарын 06-наас 9 дүгээр сарын 13 хүртэл, 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 20 хүртэл, 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 13 хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 2018 оны 01 дүгээр сарын 06 хүртэл нийт 205 хоног манайд байсан. Би яагаад ын манайд байсан хугацаа болон өгч байсан зүйлсээ сайн мэдэж байна вэ гэхээр өмнө нь манайд мал харж байсан хүн маань нас барсан. Түүнээс хойш мал харахаар ирсэн хүмүүсийн ирсэн, явсан хугацааг нь өврийн дэвтэр дээрээ бичдэг болсон. 2017 оны 12 сард өөрт нь мал өгөөгүйг мэдсээр байж ямар учраас надаас мал нэхэмжилж байгааг би одоог хүртэл ойлгохгүй байна. ын ор үндэслэлгүй худал яриа, ямар ч нотлох баримтгүй хүн гүтгэж байгаа үйлдэл нь намайг болон шүүх хуулийн байгууллагыг хуурч мал авах гэсэн залилангийн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь нэр дээр тоолуулсан А дансыг ашиглаж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа агуулж, надаас мал нэхэж байна. Энэ хүнд итгэж өдий болтол хажуудаа байлгаж тус болсон хүний хувьд гомдолтой байна. Би гэдэг хүнд мал зүсэлж өгөөгүй, тэтгэвэрт гарахад нь тус нэмэр болох үүднээс нэр дээр нь мал тоолуулсан. Миний хувьд т өгөх ёстой хөлсийг нь дээр дурдсан эд зүйл, хувцас хэрэглэл, мал зэргээр хангалттай төлсөн. Өөрөө ч үүнийгээ сайн мэдэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Д.*******од холбогдуулан 6 350 000 төгрөгийн үнэ бүхий 76 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр 1 адуу буюу 700 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 40 хонь буюу 3 200 000 төгрөг, 35 ямаа буюу 2 450 000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Харин хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017 оны мал тооллогоор 1 адуу, 40 хонь, 35 ямааг миний нэр дээр тоолуулсан учир дээрх малыг нэхэмжилж байна, 2 жилийн хугацаанд Д.*******ын малыг харсан, намайг малжуулна гэж тохирсоны дагуу мал тоолуулсан гэж ойлгосон... тайлбарладаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...Ц. нь тогтвортой ажиллаагүй, ирэн очин нийт 205 хоног манай хөдөө гэрт байсан, 2018 оноос малчнаар тэтгэвэрт гарах хууль хэрэгжинэ гэсэн учир Ц.ыг тэтгэвэртэй болгох үүднээс А данс нээлгэж 76 толгой мал тоолуулсан, үүнийг гэрчлэх хүмүүс бий, ... миний хувьд Ц.т мал зүсэлж өгөөгүй... гэж маргадаг.

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Д.*******ын малыг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн харсан байх бөгөөд Д.******* нь өөрийн өмчлөлийн малаас Ц.ын нэр дээр 1 адуу, 40 хонь, 35 ямаа нийт 76 толгой мал тоолуулсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого-оор тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй, нэхэмжлэгч Ц. ямар ажил үүргийг хэдий хугацаанд гүйцэтгэх, хариуцагч Д.******* ямар хэмжээний хөлс хэрхэн төлөхөөр тохиролцсон гэдэг нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлс авч байгаагүй, малжуулна гэсэн анхны тохиролцооны дагуу миний нэр дээр шилжүүлсэн малыг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч Д.*******ын цалин хөлсөндөө өгч байсан гэх мал, хувцас эд зүйлийн талаарх тайлбар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай баримтуудыг Ц. нь үгүйсгэж няцаагаагүй болно.

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого-оор шилжүүлсэн 76 толгой малыг Ц.ын ажлын хөлсөнд тооцож өгсөн, малжуулна гэсэн анхны тохиролцооны дагуу шилжүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гэрч ******* сумын 5 дугаар багийн Засаг дарга ажилтай Г.Арсланбаатарын ...Ц. гэдэг хүнийг Д.******* малаа харуулна гэж манай багт бүртгүүлсэн, 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор Д.*******ын хотонд байгаа бүх хонь, ямааг тоолж Хатанзориг, ******* нарт хуваасан. Тэр үед Хатанзориг нь та ын нэр дээр мал тоолуулах юмуу, тэтгэврийн асуудал яриад байсан яагаа вэ гэж *******оос асуусан. Тэгэхэд ******* ах тэтгэвэрт гарахад нь хэрэгтэй юмдаа, хэдэн мал тоолуулья гээд 1 адуу, 40 хонь, 35 ямаа тоолуулсан, малын тоо задлах үед хамт байсан, бүх яриаг сонсоод сууж байсан... гэх мэдүүлэг, гэрч М.Хатанзоригийн ...******* ах 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ц.ыг дагуулж ирсэн, гадна дотно ажилд, мал төллөх үед нэмэр болно гэж байсан, ...2017 оны 12 дугаар сард малын тооллогын үед ын нэр дээр мал тоолуулж А данстай болговол малчнаар 55 настай тэтгэвэрт гарахад нь хэрэгтэй гэж ******* ах хэлээд мал тоолуулсан, тухайн үед тооллогын хүмүүс бүгд байсан, ...түүний нэр дээр тоолуулсан мал нь ажлын хөлс биш, ажлын хөлсөнд өгсөн малыг өөрөө сандаасан... гэх мэдүүлэг, хариуцагч Д.*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч Д.******* нь өөрийн өмчлөлд байсан 76 толгой малыг нэхэмжлэгч Ц.ыг малчнаар тэтгэвэрт гарахад нь мал тоолуулсан А данстай байх нөхцлийг хангах зорилгоор түүний нэр дээр тоолуулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.ын өмчлөлд 1 адуу, 40 хонь, 35 ямаа буюу 76 толгой малыг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байх тул хариуцагч Д.*******ын эзэмшилд байгаа малыг хууль бус эзэмшилд байгаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ц. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн татгалзалтай холбогдуулан гаргасан нотлох баримтыг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч Д.*******оос 6 350 000 төгрөгийн үнэ бүхий 76 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.ын /Х.Алтанбат/ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 600 төгрөгөөс 111 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг ******* сумын төсвийн орлогоос буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.*******оос 6 350 000 төгрөгийн үнэ бүхий 76 толгой мал гаргуулах тухай Ц.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.ын /Х.Алтанбат/ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 600 төгрөгөөс 111 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг ******* сумын төсвийн орлогоос буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ