Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

2023       05         07                                           2024/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0111/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***********, 

Улсын яллагч *********,

Шүүгдэгч ********** өмгөөлөгч ***********,

Шүүгдэгч ***********, ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* **********, ******** ******** нарт холбогдох эрүүгийн 2339004340120 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр  сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 4-401 тоот хашаанд байрлах ************ гэр болох байшинд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ********** маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн хар өнгийн бариултай хайчаар зүүн бугалга хэсэг рүү 1 удаа, зүүн суганы ар хэсэгт 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд "зүүн бугалга, зүүн суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий" хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 4-401 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ************ маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд "толгойн зүүн хэсгийн язарсан шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ***********, *********** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004340120 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-24-р хуудас)  

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хх-ийн 28-30-р хуудас),

Гэрч ************** (хх-ийн 46-47-р хуудас)  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************* 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт (хх-ийн 64-65-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************** 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дугаартай дүгнэлт (хх-ийн 74-75-р хуудас),

Шүүгдэгч, хохирогч нарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батлуулсан хүсэлт,

Шүүгдэгч ***********, ************** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч ************* хувийн байдлыг тогтоосон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрнгө бүртгэлгүй тухай лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  (хх-ийн 96, 102-107, 111-112, 114-117-р хуудас),

Шүүгдэгч ************* хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 108-110, 118-120-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339004340120 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч ************* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч ********** өмгөөлөгч ************ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ************ аргагүй хамгаалгалт гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтээс шүүгдэгч *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Харин шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч ************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 4-401 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ************ маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд "толгойн зүүн хэсгийн язарсан шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч ***********, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч шүүгдэгч ************** нь аргагүй хамгаалт хийж хохирогч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *********** өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан арга хамгаалалт гэж үзэн шүүгдэгч ********* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авч Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *************** холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч ************ үйлдэлд санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч, хохирогч ************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хайч гаргаад ********** ах өшиглөсөн...Хайч бариад дайрахад өшиглөсөн...Угаалтуур мөргөөд унахдаа толгойндоо гэмтэл авсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч, хохирогч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Түрүүнээсээ хайч гаргаж ирэхээр нь би тийрээд унагаасан. Тэгээд угаалтуурын урд хоёулаа ойчсон...Би хайч гаргахаар нь өшиглөж унагаасан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч ********** нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж хохирогч, шүүгдэгч *********** хөлөөрөө тийрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзэв. Учир нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа довтолж байгаа этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч ************ санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэж үзсэн болно.

Шүүгдэгч *********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 4-401 тоот хашаанд байрлах **************** гэр болох байшинд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ********** маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн хар өнгийн бариултай хайчаар зүүн бугалга хэсэг рүү 1 удаа, зүүн суганы ар хэсэгт 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд "зүүн бугалга, зүүн суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий" хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ************ маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн хар өнгийн бариултай хайчаар зүүн бугалга хэсэг рүү 1 удаа, зүүн суганы ар хэсэгт 1 удаа хатгасан...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 93-95-р хуудас),

Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********** гэх хүн надтай маргалдаж муудалцаж байгаад хайч гаргаад ирсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд Энхбат гэх хүний цээж орчим руу нь гэж бодоод байна хөлөөрөө нэг удаа тийрсэн...Энхбатын биед би гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 87-89-р хуудас),

Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:“...Би хөдөөнөөс бензин авах гэж орж ирсэн. Адууны дэл аваад хайч гутлын түрүүндээ хийж явсан.  Тэгээд архи ууж орж ирж адууны авлагыг эрүүлдээ хэлэхгүй согтуудаа хэлсэнээс болж ийм маргаан болсон....Би хайч гаргаад *********** ах өшиглөсөн...Хайч бариад дайрахад өшиглөсөн...Угаалтуур мөргөөд унахдаа толгойндоо гэмтэл авсан...Цээж хэсэг рүү тийрээд гуйваж ойчсон. Угаалтуурын төмөрт үүссэн шарх юм...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ажил тараад явж байхад ********** намайг дуудсан. Тэгээд би архи авч өгье гэсэн чинь энд архи байна танайд очиж ууя гэсэн. Тэгээд манайд орж ирээд гурвуулаа архи ууж байсан.  Тэгсэн ******** адууны талаар яриад тэрнээс болж зөрчилдөөн болсон. Адуу малын талаарх өмнөх асуудлаа ярьж байгаад маргалдсан. Тэгээд намайг мангасдаад түлхсэн...Түрүүнээсээ хайч гаргаж ирэхээр нь би тийрээд унагаасан. Тэгээд угаалтуурын урд хоёулаа ойчсон...Намайг өшиглөхөд Энхбат ч унасан би ч унасан... Би хайч гаргахаар нь өшиглөж унагаасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...******** намайг чи ********** гадаа машинтай болон мотоциклтой зогсож ашгийг нь хуваалцдаг байх гэж хэлээд миний нүүр рүү цохиж гараараа базаад түлхсэн. Тэгэхээр нь би чи айлд муудалцахгүй гэж ороо биз дээ манайхаас гар гээд дагуулаад гэрээсээ гарч байх үед ********** гутлынхаа түрүүг ухаад үйлийн хайч гаргахаар нь тийрсэн...********* хайчаараа миний зүүн талын хавирга хэсэг рүү 1 удаа хатгасан. Тэгэхээр нь би эргэх гэтэл дахин зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа хатгасан...Бид хоёр эвлэрсэн одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи хувааж ууж байхдаа би ********* ахаас өмнө нь авах байсан адууны авлагатай байснаа ярьсан бөгөөд бид хоёрыг яриад сууж байхад ********** ************ ахын гэрээс гараад явсан. Тэгээд бид 2 адуу мал ярьж байгаад маргалдаж муудалцаж, заамдалцаж автал ******** ах намайг гараараа цохиод, миний дух руу хөлөөрөө өшиглөсөн...Угаалтуур мөргөөд унахдаа толгойндоо гэмтэл авсан.....Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********* хамтаар сууж байтал ******** ах машинтай ганцаараа явж байгаад таарсан. Ингээд ********* ах бид хоёрыг манайхаар очих уу гэхээр нь бид хоёр машинд нь сууж гэрт нь хамт очсон...Тэгээд гэрт нь очоод ********* өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд уух уу гэхээр нь бид гурав хувааж ууцгаагаад морь мал яриад суусан...Тэгээд байж байтал ********** ах намайг архи дарс уулаа энэ тэр гээд загнаж байсан. Мөн ********** найз намайг архи их ууж байна гээд байхаар нь жоохон уур хүрээд тухайн архинаас ганц нэг удаа татаад ******** ахын гэрээс би явлаа гээд гараад явсан...********* ах, найз ******* бид гурав байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч **************** 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 460 дугаартай дүгнэлтэд:

1. ********** биед зүүн буглага, зүүг суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 64-65-р хуудас)

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************** 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 459 дугаартай дүгнэлтэд:

1. *********** биед толгойн зүүн хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 74-75-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, *********** биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.  

Тодруулбал шүүгдэгч ********** нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч *********** хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогч ********** биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч ********** нь хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн хайчаар зүүн бугалга хэсэг рүү 1 удаа, зүүн суганы ар хэсэгт 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд "зүүн бугалга, зүүн суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий" хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *************** 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 460 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч ************ хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч *************** биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч ************** гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ************* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******************* нь хохирогч ************* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч ************* нь “...********** нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********* Эрүүгийн  хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************ нь урьд Хэнтий аймгийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн 90-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 96-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 102-107-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339004340120 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн бариултай, бариул хэсэг нь 12 см, ажлын хэсэг нь 10,7 см урттай хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* овогт ********** ********** холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ************** овогт ********** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ********** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн 2339004340120 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн бариултай, бариул хэсэг нь 12 см, ажлын хэсэг нь 10,7 см урттай хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн 2339004340120 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************, **************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.УУГАНБАЯР