| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0113/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/123 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/123
2024 05 09 2024/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0113/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********,
Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** ************ холбогдох эрүүгийн 2439000200119 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн хөдөө хэсэг “Өвөр нарийн” гэх газар 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ********** “Адуу бэлчээрээс хөөсөн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархины доргилт, баруун талын нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000200119 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *********** (хх-ийн 10-11, 14-15-р хуудас), гэрч Д.Бямбажавын (хх-ийн 20-21, 24-25-р хуудас), шинжээч *********** (хх-ийн 61-62, 68-69-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч ************ сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоосон баримт (хх-ийн 88-97-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 297 дугаартай дүгнэлт (хх-ийн 46-56-р хуудас),
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 113-118-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000200119 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч *************** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************ нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн хөдөө хэсэг “Өвөр нарийн” гэх газар 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр *************** “Адуу бэлчээрээс хөөсөн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархины доргилт, баруун талын нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *********** “Адуу бэлчээрээс хөөсөн” гэсэн шалтгаанаар маргалдаж ************ нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн нутагт гэртээ байхад нутгийн иргэд *********, эхнэр *********, хүү ********* хамт гэрийн гадаа ирээд машинаасаа бууж ирээд яасан их адуу мал хөөдөг юм гээд ******** намайг мотоциклоос татаж унагаасан босоод иртэл ******** миний хоёр гарыг барьж аваад ********* миний зүүн, баруун шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон... Тэгтэл манай эхнэр гарч ирээд салгасан...баруун нүд цус хурсан... ********* миний нүүр, нүд рүү хэд хэдэн удаа цохисон...Би гомдолтой байна. Эмчилгээний зардал 490,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 14-15-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****** нь ********* нүүр, толгой хэсэг рүү нь 2 удаа цохиод ********** газар уначихсан байх үед нь хэдэн удаа гараараа цохиод байсан ба хажуу талаас нь ********* хүү орж ирээд *********** цээж хэсэг рүү нь цохисон. Тэгээд би очоод та нар яаж байгаа юм бэ бэлчээрээс болж нэгнийгээ алахнээ гээд ********** дагуулаад гэртээ орсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),
Гэрч ********** дахин мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би араас нь очиход ******** дэлгэр мотоциклоос татаж унагаагаад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан...урьд нь би мэдүүлэг өгөхдөө ******** мотоциклоос татаж буулгасан гэж мэдүүлсэн бичвэрийн алдаа гараад буруу бичигдсэн байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Шинжээч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх хохирогчийн биед учирсан гэх хавирганы гэмтэл нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн супернова эмнэлгийн багажны шинжилгээгээр эгэм, өвчүү, хавирга, дал болон сээрний нугалмайн яснуудад илэрхий гэмтэл өөрчлөлтгүй гэж гарсан. Тиймээс хавирганд гэмтэл өөрчлөлтгүй гэж оношлогдсон тул дүгнэлтэд тусгаагүй...Мөн дээрх үзлэг зовиур бусад шинжилгээ нарийн мэргэжлийн эмчийн үзлэг буюу 2023.11.27-ны өдрийн мэс заслын эмчийн үзлэгт онош: тархины доргилт эмч *********** үндэслэж тархины доргилт, нүдний зөөлөн эдийн гэмтэл гэж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 61-62, 68-69-р хуудас),
Хохирогч ********** сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар баримт (хх-ийн 97-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ********* 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 297 дугаартай дүгнэлтэд:
1. *********** биед тархины доргилт, баруун талын нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой.
3. Дээрх тархины доргилт, баруун талын нүдний зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 46-47-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ********** нь хохирогч ******** “адуу бэлчээрээс хөөсөн” гэх шалтгааны улмаас хохирогчийн нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархины доргилт, баруун талын нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал шүүгдэгч *********** нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч ************ хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархины доргилт, баруун талын нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *********** 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 297 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч ************ хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч *********** биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч *********** гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн зүгээс шүүгдэгчийн адууг хөөсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч З.Дэлгэр нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *********** нь хохирогч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба эмчилгээний зардал 490,000 төгрөг болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилсэн байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор тодорхойлсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар"-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэж заасны дагуу хохирогч ************ нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан болох сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар т (хх-ийн 97-р хуудас)-аар тогтоогдож байна.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд “... хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8% байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчийн сэтгэл зүйлд учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзан үзэж гэмт хэрэг гарсан үеийн буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (550,000х5=2,750,000)-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 2,750,000 төгрөгөөр тооцлоо.
Эмчилгээний зардалд: Эрүүл мэндийн үйлчилгээний 30,000, 400,000 төгрөгийн е баримт, замын зардалд 14,000, 14,000 төгрөгийн щ баримтууд нийт 458,000 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ************ хохирогчийн сэтгэцэд учирсан хохирл 2,750,000 төгрөг, эмчилгээний болон замын зардал 458,000 төгрөг нийт 3,208,000 төгрөгийг гаргуулж хохирогч ************ олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (хх-ийн 117-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуулыг харгалзан үзэж шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Дэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2439000200119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ******** ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** *********** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ********** 3,208,000 (гурван сая хоёр зуун найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ********* олгосугай.
6. Эрүүгийн 2439000200119 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР