| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00469/И |
| Дугаар | 138/ШШ2021/00554 |
| Огноо | 2021-08-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2021/00554
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, Сутай овогт т холбогдох
Гэм хорын хохиролд 476 004 /дөрвөн зуун далан зургаан мянга дөрвөн/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 2 найзын хамт такси барих гээд замын хажууд зогсож байтал хариуцагч согтуугаар жолоо барьж яваад хамт явж байсан хүмүүсийг дайрахыг нь дайрч, шүргэхийг нь шүргэж бусдын болоод миний биед гэмтэл учруулсан. Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 753 тоот дүгнэлтээр баруун сарвууны зулгаралт, зүүн шууны няцарсан шарх, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэсэн гэмтлүүд тогтоогдсон. Хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэсэн. Уг хэргийн шүүх хурал болохоос өмнө 800 000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн боловч миний эмчилгээний зардалд хүрэлцээгүй. Би ослоос хойш байнга эмчилгээ хийлгэж, тогтмол эм тариа хэрэглэж байна. Тухайн үед авсан гэмтэл, бэртэл одоог хүртэл бүрэн эдгээгүй. Эрүүгийн шүүх хурал болж Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор тухайн үед ажилгүй байсан хугацааны 4 сарын орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийт 1 680 000 төгрөгийг аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хохирлыг надад төлж барагдуулсан. Одоогийн нэхэмжилж байгаа эмчилгээний зардал нь эрүүгийн шүүх хурлаар шийдсэн зардалд ороогүй. Одоо хариуцагч аас 2021 оны 1 дүгээр сарын 29-нд БОЭТ-д баруун шилбэний компьютер томографийн шинжилгээнд хамрагдсан төлбөр 20 000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр БОЭТ-ийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 57 504 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Шингүнэ эмийн сангаас авсан эм, эмчилгээний хэрэгслийн төлбөр 213 500 төгрөг, 3 дугаар сарын 12-ны өдөр Шингүнэ эмийн сангаас авсан эм, эмчилгээний хэрэгслийн төлбөр 125 000 төгрөг, бензиний төлбөр 60 000 төгрөг буюу нийт 476 004 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх мөнгийг би өөрөө төлсөн учраас Т.аас гаргуулах саналтай байна. Би эмчилгээний зардлаас өөр ямар ч мөнгө нэхэмжлээгүй, зөвхөн эмчилгээний зардлаа л нэхэмжилж байна. Миний хувьд өрх толгойлсон эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, тэтгэвэр, группийн мөнгө гэж улсаас мөнгө авдаггүй. Гэсэн хэдий ч гэсэн би эрүүл саруул, алхаж гишгэж чаддаг байхдаа өдрийнхөө хоолны мөнгийг хэнээс ч гуйхгүй олчихдог байсан. Гэтэл одоо удаан алхаж чадахгүй, ажил хийх боломжгүй болсон. Тиймээс надад хоол хүнс, эм тарианы мөнгөнөөс эхлээд санхүүгийн хувьд маш хүнд байна. Иймд хариуцагч Т.аас 476 004 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...Эрүүгийн шүүх хуралдаанд шууд эмнэлгээс ирж оролцсон учир компьютер томографийн шинжилгээнд хамрагдсан төлбөр 20 000 төгрөг, мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 57 504 төгрөгийг тухайн үед нэхэмжилж чадаагүй гэв.
Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хариуцлагаа бүрэн хүлээсэн. ******* нь тухайн үед гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж миний бие хэлсэн болгоныг нь өгсөн учир гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байсан. Мөн тухайн үед цалин орлогогүй 4 сар болсон гэж 1 680 000 төгрөг нэхэмжилснийг би болон миний өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтгүй, өгөх үндэслэлгүй гэж үзэж байсан ч цаашид гарах эмчилгээндээ хэрэглэх байх гэж ойлгон төлөхийг хүлээн зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 13, 14-ний өдөр уг мөнгийг бүрэн төлсөн. Хэрэг явдал болсны дараа эмчилгээний зардалд бэлнээр 800 000 төгрөг өгсөн. Би энэ хугацаанд нийт 2 540 000 төгрөгийг Ч.******* эмчилгээний зардалд төлсөн. Нэхэмжлэгчийн хувьд биеийн байдал муу, бүрэн эдгээгүй гэж ярьж байгаа боловч магадгүй өөрийнх нь хууч өвчин сэдэрсэн байх магадлалтай. Яагаад гэвэл тухайн үед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь 4 долоо хоногийн дотор бүрэн эдгэх боломжтой гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.т холбогдуулан гэм хорын хохиролд 476 004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж маргадаг.
Хариуцагч Т. нь 2020 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг Мянгатын хорооллын урд талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Ч.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар акт зэргээр тогтоогдож байна. Хариуцагч Т. нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч Т. нь нэхэмжлэгч Ч.******* эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн БОЭТ-ийн баруун шилбэний компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, БОЭТ-д 20 000 төгрөг төлсөн E баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, Шингүнэ эмийн сангаас олгосон зарлагын баримтыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр БОЭТ-ийн баруун шилбэний компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд төлсөн төлбөр 20 000 төгрөг, БОЭТ-ийн мэс заслын тасагт 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хэвтэхдээ төлсөн ор хоногийн төлбөр 57 504 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Шингүнэ эмийн сангаас авсан эм, эмчилгээний хэрэгслийн төлбөр 125 000 төгрөг буюу нийт 202 504 төгрөгийг хариуцагч Т.аар төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Ч.******* нэхэмжилсэн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Шингүнэ эмийн сангаас авсан 213 500 төгрөгийн эм, эмчилгээ нь амбулаториор эмчлүүлэгсдийн картанд бичигдээгүй, эмчийн заавраар авсан болох нь тогтоогдохгүй байна. Мөн 60 000 төгрөгийн бензин авсан гэх Е баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч дээрх баримтуудыг хэн ямар зориулалтаар авсан нь тодорхойгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 273 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ эрүүгийн шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, ...хөнгөн хохирол учруулсан учир 4 сараас дээш хугацааны хохирлыг хариуцахгүй гэж тайлбарладаг.
Т. нь эрүүгийн шүүх хуралдаанаас өмнө эрүүл мэндэд учирсан хохиролд 860 000 төгрөг төлсөн талаар тайлбарладаг боловч одоогийн нэхэмжилж буй эмчилгээний зардал тухайн төлсөн зардалд хамаарсан гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Мөн хариуцагч нь хөнгөн хохирол учруулсан учир 4 сараас дээш хугацааны хохирлыг хариуцахгүй гэх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирол нь гэмт хэрэг гарснаас хойш 4 сарын доторх болон тухайн гэмтлийн улмаас учирсан хохирлууд хамаарч байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Т.аас гэм хорын хохиролд 202 504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 273 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.аас гэм хорын хохиролд 202 504 /хоёр зуун хоёр мянга таван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 273 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 6 725 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА
Г.УРТНАСАН