Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2021/00555

 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* т холбогдох

28 510 000 төгрөгний үнэ бүхий мал гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлдээ миний бие сумын уугуул иргэн. Бид эцэг, эхээс 4-үүлээ, төрсөн эцэг маань 2007 онд нас барсан. Аавыг нас барснаас хойш том ах Наранхүү нь аав, ээжээс хуваарилж өгсөн хөрөнгийг аваад өрх тусгаарлаж, тусдаа амьдрах болсон. Эгч, дүү бид 3 дундын өмчлөлийн малаа харж, ээж Цэцгийн хамт төрсөн гэртээ амьдардаг байсан. Миний хувьд хэзээ хойно хүнтэй сууж, гэр бүл болоод Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг болсон. Дүү ганц бие байх үедээ ээж, эгч хоёртой хамт амьдардаг байсан. 2020 оны 10 дугаар сараас Ариунаа гэх эмэгтэйтэй ойр дотно харилцаатай болж, улмаар хамт амьдарч эхэлсэн. Ингээд ээж, эгч, дүү бид 4 зөвшилцсөний үндсэн дээрээс эцэг, эхээс үлдээсэн малаа зүс, толгой, эр, эмээр нь ялгаж өөр өөрсдийн нэр дээрх А дансанд хуваарилж авахаар болсон. Үүний дагуу 2020 оны мал тооллогоор миний бие өөрт оногдсон хуваарьт өмч болох 173 толгой малаа өөрийн оршин сууж байгаа ******* сумын 3 дугаар баг дээр тоолуулж суманд тавиул малаар бүртгүүлсэн. Үүнд: Тэмээ 3, адуу 10, үхэр 10, хонь 100, ямаа 50 нийт 173 толгой малыг өөрийн нэр дээр тоолуулсан. Аавыг өөд болсны дараа том ах Наранхүү өрх тусгаарлаж, тусдаа амьдралтай болсон учраас дүү аавыг орлож өнөөдрийг хүртэл өрхийн тэргүүн гэж явдаг. ын хувьд Ариунаа гэх эмэгтэйтэй танилцаж, дотно харилцаатай болсон ч гэсэн өрх тусгаарлаж, албан ёсоор гэр бүл болоогүй учраас өрхийн тэргүүн хэвээрээ, одоо болтол ээж, эгчийн хамт амьдардаг гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Мөн түүний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө дүү т дундын өмчлөлийн малаа хувь тэнцүү хувааж аваад тус тусдаа өсгөөд явъя гэсэн санал гаргасан боловч уг саналыг нь зөвшөөрөөгүй байдаг. Иймд Нарантуяа аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. ыг яагаад дундын өмчлөлийн малаа хуваахгүй гээд байгааг Нарантуяа одоо болтол ойлгодоггүй. Нарантуяа нь ...уг нь бид нэг эцэг, эхийн хүүхдүүд одоо байгаа малаа өөрсдөө л өсгөж, үржүүлж өдий болтол хамт малласан. Үүнийг манай сумын хүмүүс бүгд мэднэ. Нэг эхийн хүүхдүүд байж хэдэн малаас болж бие биетэйгээ муудалцаж, шүүхийн байгууллагад хандаж байгаадаа сэтгэл өвдөж байгаа ч гэсэн нэгэнт дүү тай зөвшилцөж чадахгүй байгаа учраас хуулийн дагуу өөрт ногдох малаа гаргуулахаар шүүхэд хандсан гэдэг. Нэхэмжлэгч Нарантуяа нь аас өөрийн хуваарьт өмч болох 173 толгой малаа нэхэмжилсэн. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх үед хавар болж, мал төллөсөн учраас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 173 толгой малынхаа төллөсөн бодит төл болох унага 2, тугал 3, хурга 35, ишиг 18 нийт 3 760 000 төгрөгийн үнэлгээтэй 58 толгой төл мал нэмж нэхэмжилсэн. Нийт 28 510 000 төгрөгийн үнэ бүхий 231 толгой малыг хариуцагч аас гаргуулж өгнө үү. сумын малын жишиг үнэлгээний дундажаар малаа үнэлсэн. Гэхдээ миний хувьд малаа тоо толгойгоор нь малаар нь авах саналтай байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2007 онд аавыг нас барснаас хойш ээж, эгч, бид 4 дундын өмчлөлийн хэдэн малаа маллаж хамт амьдардаг байсан. Тухайн үед бид одоогийнх шиг их малтай байгаагүй, 3 үхэр, 10 хүрэхгүй адуутай, малжуулах төслөөр авсан 25 хоньтой байсан. 2010 онд Нарантуяа хүнтэй сууж, өрх тусгаарлаж тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үед бид боломжоороо хэдэн малаа хувааж авсан. Түүнээс хойш ээж, бид хоёр гэртээ үлдэж, дундын өмчлөлийн хэдэн малаа өсгөж, өдийг хүртэл үржүүлсэн. Үүнийг нутгийнхан маань бүгд мэднэ. Нарантуяа тусдаа амьдарснаасаа хойш ээж, бид хоёр дээр ирэхээ больсон. Энэ хугацаанд Нарантуяа машин авна гэж үхэр, мал заруулж, надаар малчны зээл хүртэл авахуулсан. Тусдаа амьдарсан цагаасаа хойш байнга л гэрээсээ идэж уухаа зөөж, мөнгөний хэрэг гарвал надаас авдаг байсан. Одоо ч гэсэн авдаг. Нарантуяа нэхэмжлэл дээрээ мал төллөх үеэр ирж байнга тусалдаг байсан одоо ч гэсэн ирж, очоод явдаг гэж худлаа бичсэн байна. Нарантуяа нь мөнгөний хэрэг гарвал ирнэ, эсхүл идэш нь дуусахаар ирдэг байсан, бусдаар бол ажил ихтэй, мал төллөх үеэр огт ирж байгаагүй. Мөн 2020 оны мал тооллогын үеэр надтай зөвшилцөж, өөрийн нэр дээр мал тоолуулсан гэдэг нь худлаа, мал тоолуулж авах талаараа надтай огт ярилцаж, тохироогүй. Намайг байхгүй хойгуур мал тоолуулж авсан байсан. Нарантуяа мал өсөхийн хэрээр саяхнаас л ирж, очоод байдаг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө надтай энэ талаар огт ярилцаагүй. Би шүүх дээр ирж, нэхэмжлэлтэй танилцах үед л мэдсэн. Тиймээс миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нарантуяа нь дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувиа хангалттай авчихсан. Одоо дахиж мал тоолуулж өгч чадахгүй. Нарантуяад зүсэлж өгсөн мал гэж байхгүй учраас ямар малыг өөрийнхөө мал гэж бодож, гарсан төлийг нь нэхэж байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 28 510 000 төгрөгийн үнэ бүхий 231 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Харин хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дундын хөрөнгө болох малаа хувааж 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 3, адуу 10, үхэр 10, хонь 100, ямаа 50, нийт 173 толгой мал миний нэр дээр тоологдсон учир дээрх малыг нэхэмжилж байна, ...дээрх малын тооллогыг үндэслэн 2021 оны төл болох унага 2, тугал 3, хурга 35, ишиг 18, нийт 58 толгой төл малыг нэмж нэхэмжилнэ... гэж тайлбарладаг.

Харин хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...2007 онд аавыг нас барснаас хойш ээж, эгч, бид 4 дундын өмчлөлийн хэдэн малаа маллаж хамт амьдардаг байсан. Тухайн үед бид одоогийнх шиг их малтай байгаагүй, 3 үхэр, 10 хүрэхгүй адуутай, малжуулах төслөөр авсан 25 хоньтой байсан. 2010 онд Нарантуяа хүнтэй сууж, өрх тусгаарлаж тусдаа амьдрахад бид боломжоороо хэдэн малаа хувааж өгсөн, ...2020 оны мал тооллогоор надтай зөвшилцөхгүйгээр өөрийн нэр дээр мал тоолуулсан байсан, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, Нарантуяа нь дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувиа хангалттай авчихсан, одоо дахиж мал тоолуулж өгч чадахгүй. Нарантуяад зүсэлж өгсөн мал гэж байхгүй учраас ямар малыг өөрийнхөө мал гэж бодож, гарсан төлийг нь нэхэж байгааг ойлгохгүй байна... гэж маргадаг.

Хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг судлан үзвэл нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь төрсөн эгч дүү байх бөгөөд эцэг эхээс өвлөгдөн ирсэн малаа ах дүү нараараа хамтран маллаж амьдарч ирсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь дундын өмчлөлийн зүйл болох малаас 2020 оны жилийн эцсийн улсын мал тооллогоор сумын 1 дүгээр багт оршин суух дүү *******ын суурьт тэмээ 3, адуу 10, үхэр 10, хонь 100, ямаа 50, нийт 173 толгой малыг тавиул малаар тоолуулсан болох нь 2020 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэл, Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******г өөрийнх нь зөвшөөрөлгүй нэр дээрээ мал тоолуулсан гэж тайлбарлаж байгаа боловч 2020 оны малын тооллого буруу үндэслэлгүй явагдсан талаар болон өмчлөлийн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй байна.

Мөн ******* нь *******г дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувиа хангалттай авсан учир дахин мал тоолуулах шаардлагагүй гэж тайлбарладаг боловч *******г 2020 оны мал тооллогоос өмнө болон хойно хэдэн толгой малыг хэрхэн яаж зарцуулсныг шүүхэд баримтаар нотолж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч *******ын тайлбараас үзэхэд ******* нь бусад өмчлөгч нарын зөвшөөрлөөр ногдох хэсгээ зарцуулж байсан байх бөгөөд бусад өмчлөгч нарт мэдэгдэхгүйгээр ногдох хэсгээ захиран зарцуулж байсан гэх үндэслэл нөхцөл тогтоогдохгүй байна.

Иймд 2020 оны мал тооллогоор тоологдсон тэмээ 3 /4 настай эр тэмээ 1, 4 настай эм тэмээ 2/, адуу 10 /азарга 1, 3 настай эм адуу 4, 3 настай эр адуу 1, энэ жилийн төл эр 2, эм төл 2/, үхэр 10 /3 настай эм 4, өнгөрсөн жилийн төл эр 1, эм 1, энэ жилийн төл эр 1, эм 3/, хонь 100 /2 настай эм хонь 50, өнгөрсөн жилийн төл эр 15, эм 15, энэ жилийн төл эр 10, эм 10/, ямаа 50 /2 настай эм ямаа 14, өнгөрсөн жилийн төл эр 10, эм 10, энэ жилийн төл эр 9, эм 7/ буюу нийт 173 толгой малыг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч ******* нь 2021 оны төл болох 58 толгой мал нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. ******* нь 2020 оны мал тооллогоор тоологдсон төллөх малыг үндэслэн төл малаа нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2020 оны мал тооллогын бүртгэл дээр бичигдсэн төллөх малын тооноос зөрүүтэй, 2021 оны хавар хэдэн хувьтай төл авсан нь тодорхойгүй байх тул 58 толгой төл малыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 58 толгой төл малыг нэхэмжлэх болсон үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан Малын жишиг үнэлгээг шинэчлэн тогтоох тухай жишиг үнэлгээг баримтлан малаа үнэлснийг хариуцагч ******* маргаагүй тул дээрх үнэлгээг үндэслэхээр шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч *******аас тэмээ 3 /4 настай эр тэмээ 1, 4 настай эм тэмээ 2/, адуу 10 /азарга 1, 3 настай эм адуу 4, 3 настай эр адуу 1, энэ жилийн төл эр 2, эм төл 2/, үхэр 10 /3 настай эм 4, өнгөрсөн жилийн төл эр 1, эм 1, энэ жилийн төл эр 1, эм 3/, хонь 100 /2 настай эм хонь 50, өнгөрсөн жилийн төл эр 15, эм 15, энэ жилийн төл эр 10, эм 10/, ямаа 50 /2 настай эм ямаа 14, өнгөрсөн жилийн төл эр 10, эм 10, энэ жилийн төл эр 9, эм 7/ буюу 24 750 000 төгрөгийн үнэ бүхий 173 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 760 000 төгрөгийн үнэ бүхий 58 толгой төл мал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШЗ2021/01691 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356 810 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 281 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас тэмээ 3 /4 настай эр тэмээ 1, 4 настай эм тэмээ 2/, адуу 10 /азарга 1, 3 настай эм адуу 4, 3 настай эр адуу 1, энэ жилийн төл эр 2, эм төл 2/, үхэр 10 /3 настай эм 4, өнгөрсөн жилийн төл эр 1, эм 1, энэ жилийн төл эр 1, эм 3/, хонь 100 /2 настай эм хонь 50, өнгөрсөн жилийн төл эр 15, эм 15, энэ жилийн төл эр 10, эм 10/, ямаа 50 /2 настай эм ямаа 14, өнгөрсөн жилийн төл эр 10, эм 10, энэ жилийн төл эр 9, эм 7/ буюу нийт 24 750 000 төгрөгийн үнэ бүхий 173 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 760 000 төгрөгийн үнэ бүхий 58 толгой төл мал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356 810 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 281 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ